Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2023/ДШМ/331

 

 

 

 

 

  2023        3        28                                2023/ДШМ/331

            

    Д.Мд холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Я.Болортуяа,

шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Г.С,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/112 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.М-н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2006034160673 дугаар хэргийг 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

З овгийн  Д.М, .......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, .............. тоотод оршин суух, /РД: ............/,

Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 251 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.

Шүүгдэгч Д.М нь 2019 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт автомашин засварын үйлчилгээ явуулдаг байсан хашаандаа байхдаа Ж.Нын эзэмшлийн 04-80 УАА улсын дугаартай, “Kia Bongo Frontier” маркийн тээврийн хэрэгслийг засварлахаар авсан боловч автомашиныг бусдад зарж борлуулаад өгье гэж хэлэн бусдыг хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон Ж.Нын эзэмшлийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилдээ авч 5.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр фейсбүүк дэх “Тэгш дэвшил” нэртэй хаягаар “маш сайн чанарын цутгамал хуванцар шон үйлдвэрлэж худалдана. 8х8= үнэ 8000, 10х10=үнэ 10.000, өндөр 2 метр, наранд гулзайхгүй, хөлдөх, мал шөргөөх, лантуугаар нүдсэн ч хугарахгүй, илжрэхгүй, зэврэхгүй. 86045418” гэх зураг бүхий нийтлэлийг оруулж, улмаар 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр бүх хашааг нийлүүлэх талаар харилцан тохиролцож, үйлдвэрлэл явуулаагүй нөхцөл байдлыг нууж, захиалсан хашааг хүргэж өгөх гэж байгаа мэтээр бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар хашааны урьдчилгаа болгож 6.000.000 төгрөгийг өөрийн нэрээр Хаан банкинд эзэмшдэг 5018070552 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 122 дугаар хороололд Д ХХК-д хуванцар шон нийлүүлнэ гэж тус компанийн захирал А.Б-г хуурч, төөрөгдөлд оруулж, гэрээ байгуулан улмаар 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Д ХХК-д Худалдаа хөгжлийн банкны 405095659 тоот данснаас шилжүүлсэн 20.000.000 төгрөгийг “Тэгш дэвшил” ХХК-ийн “Голомт” банкны 1405130422 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр баримт бичиг, эд зүйл ашиглаж буюу “Худалдах, худалдан авах гэрээ”, “Тэгш дэмшил” ХХК гэх тэмдэг зэргийг ашиглаж, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” төвийн гадна хохирогч иргэн Я.Бтай 5 дугаартай хуурамч “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, “1 ширхэг хашааны шонг 8.000 төгрөгөөр тооцож, 1.000 ширхэг хашааны шон 8.000.000 төгрөгөөр зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч “урьдчилгаа” гэж 3.000.000 төгрөгийг бэлнээр авч залилсан,

А ХХК-ийн менежер Э.Мтай 15 хоногийн хугацаанд 8.000.000 төгрөгөөр 1000 ширхэг хуванцар шон хийж өгөхөөр тохиролцож, бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн хооронд 4 удаагийн гүйлгээгээр Э.Мгийн эзэмшлийн Төрийн банкны 150400181832 тоот данснаас шилжүүлсэн 3.200.000 төгрөг, А ХХК-ийн Хаан банкны 5675291001 тоот данснаас шилжүүлсэн 300.000 төгрөг, 5679067864 тоот данснаас шилжүүлсэн 500.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5018070552 тоот дансаар шилжүүлэн авч залилсан, нэр бүхий 5 иргэнд нийт 38.100.000 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.М-г үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.М-г 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Мд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.М-н цагдан хоригдсон 153 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Мэс 38.100.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Над 5.100.000 төгрөг, Д.Жд 6.000.000 төгрөг, Д ХХК-д 20.000.000 төгрөг, Я.Бд 3.000.000 төгрөг, Э.Мд 4.000.000 төгрөгийг тус тус олгож, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Д.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг хэргийн мөрдөн байцаалтын явцад миний мэдүүлгийг хэрэгсэж, бодитойгоор үүссэн нөхцөл байдлыг нягтлан шалгах ажил хийгдээгүй, үйлдвэр явагдаж байсан хаяг байршил дээр нэг ч удаа очоогүй боловч үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч нь ганц хүн байдаг, мөн хаягийн бүртгэл дээрээ үйл ажиллагаа явуулаагүй учраас үйлдвэрлэл бодит байдлаар явуулаагүй гэх дүгнэлтийг гаргаж, түүндээ зориулж албан ёсны бус мэдүүлгийг утгачилан найруулж нотлогдлоо хэмээн үзсэн. Хэдийгээр мөрдөн шалгах ажлын явц болон дүгнэлт ингэж гарсан боловч би өөрт холбогдох гэм буруу, хохирол гомдлыг ямар ч маргаангүй хүлээн зөвшөөрч, шүүх ажиллагааг сунжруулахгүй маргаж мэтгэлцэх зүйлгүй түргэн шуурхай шийдэхэд өөрийн зүгээс өмгөөлөгчгүй оролцоход бэлэн гэдгээ удаа дараа мэдэгдэж, өмгөөлөгчгүй оролцсон. Шүүх хуралдаанд өгсөн тайлбарыг мэтгэлцэж оролцсон гэж үзсэн учир миний эрх зүйн байдал дордсон, 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн цагдан хоригдож, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 156 хоногийг 153 хоног гэж тооцож, шүүх хуралдаанд өгсөн тайлбар мэдүүлэг бичгийн хэлбэрт буухдаа утга санаа гол агуулга үлэмж алдагдсан. Нийт хохирлын дүнгээс төлөгдсөн 1500 нэгжийг огт дурдаагүй, тооцоогүй орхисон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ялыг эдлүүлэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн шүүх дүгнэсэн гэх мэт олон зүйлд гомдолтой байна. Би гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч ухамсарлан ойлгосон, тэтгэврийн өндөр настай аав болон тархины хавдартайн улмаас 80 хувь группт байдаг ээжийгээ асран халамжилж хамт амьдардаг, бусдад учруулсан хохирлыг богино хугацаанд бүрэн төлж барагдуулах боломжтой байдал зэргийг харгалзан үзэж миний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг ашиглаж, 2021 оны 7 дугаар сарын Өршөөл үзүүлэх тухай хууль, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд хамруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хамгийн хүнд, дээд хэмжээгээр шийтгүүлсэн 3 жилийн хорих ялыг өөрчилж өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч Д.М-н өмгөөлөгч Г.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч нь 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Д ХХК-ний захирал Б гэх хүнээс 20.000.000 төгрөг зээлсэн үйлдлүүдийг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдуулж өгнө үү. Бусад үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү. Шийтгэх тогтоолын 12 дугаар хуудаст давхардуулж бичсэн байсныг засаж залруулж өгнө үү. Мөн миний үйлчлүүлэгч Д.М-н хувийн байдлыг харгалзаж, төрсөн эх нь өвчтэй, хэвтэрт байгааг харгалзаж өгнө үү. Ашигтай загварын гэрчилгээ нь гарсан байгаа. Ашигтай загварын гэрчилгээ авахын тулд 500.000 төгрөг төлдөг, авч чадахгүй байгаа. Тийм учраас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлд зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.

Прокурор Я.Болортуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Д.Мэс гаргасан давж заалдах гомдолтой танилцахад эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж, Өршөөл үзүлэх тухай хууль хамруулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг өөрчилж өгнө үү гэсэн байна. Хяналтын прокурорын зүгээс дээрх давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Д.Мд холбогдох хэргийг хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсон. Улсын яллагчийн зүгээс яллагдагч Д.Мд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргасан. Ийнхүү саналын дагуу анхан шатны шүүхээс 3 жилийн хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байгаа. Анхан шатны шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Д.М гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас өмгөөлөгч аваагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах зорилгогүй, түргэн шуурхай шийдвэрлүүлэх зорилготой өмгөөлөгч аваагүй гэж тайлбарлаж байна. Гэтэл шүүгдэгч Д.Мд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгч авах эрхтэй гэдгийг тайлбарлаж, эрхийг нь хангасан. Шүүгдэгч Д.М мөрдөн шалгах ажиллагааны үе шат болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа, ямар гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралд оролцож байгаагаа сайн ухамсарласан. Шүүх хуралдааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол, төлбөрөө нөхөн төлөх талаараа илэрхийлсэн боловч хохирол, хор уршгаа хэрхэн төлөх талаарх асуудлыг хэлэлцсэн. Гэтэл улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл буюу залилах гэмт хэрэг үйлдсэн нэр бүхий 5 хохирогчид холбогдуулан үлэмж хэмжээний хохирол буюу 38.100.000 төгрөгийн хохирол учруулсан байна гэж дүгнэсэн. Шүүгдэгчийн зүгээс тухайн хуванцар шон үйлдвэрлэж байсан, үргэлжлүүлэн хохирол ял биечлэн эдлэхгүйгээр цааш үйлдвэрлэлээ хийвэл хохирогч нарын хохирол, хор уршгийг төлөх боломжтой гэдэг зүйл ярьдаг. Ийм учраас хохирол, хор уршгийн асуудал, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэрэг нь хоорондоо зөрүүтэй нөхцөл байдал байгаа гэж үзэж байна. Мөн Өршөөл үзүүлэх тухай хууль, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж, 3 жилийн хугацаатайгаар хорих ял оногдуулах саналыг гаргасан байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс Д.М-н төрсөн эхийн эрүүл мэндийн байдал хүнд, хохирол, төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх асуудлыг ярьж байна. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанаар хохирол, төлбөрөө хэрхэн төлөх талаарх баримтаа шүүхэд гаргаж ирүүлээгүй. Хэргийн үйл баримтаас үзэхэд 2019 оноос 2022 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдэл байгаа. Гэтэл шүүгдэгч Д.М 2022 онд сэжигтнээр баригдсан. Энэ хугацаанд ямар нэг байдлаар оргон зайлсан нөхцөл байдал үүсэж, эрэн сурвалжлах ажиллагаа явагдсан. Мөн шүүгдэгч Д.М-н төрсөн эхээс мэдүүлэг авахад хаана, ямар ажил хөдөлмөр эрхэлдэг болох, хаана байгаа нь тодорхойгүй нөхцөл байдал тогтоогдсон. Шүүгдэгчийн хувийн байдлыг түүний төрсөн эхийн биеийн байдалтай холбож үзэх нь хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдөл буюу хуванцар шон үйлдвэрлэнэ гэж их хэмжээний мөнгийг удаа дараа залилаж авсан байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Д.М нь 2019 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт автомашин засварын үйлчилгээ явуулдаг байсан хашаандаа байхдаа Ж.Нын эзэмшлийн 04-80 УАА улсын дугаартай, “Kia Bongo Frontier” маркийн тээврийн хэрэгслийг засварлахаар авсан боловч автомашиныг бусдад зарж борлуулаад өгье гэж хэлэн бусдыг хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон Ж.Нын эзэмшлийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилдээ авч 5.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр фейсбүүк дэх “Тэгш дэвшил” нэртэй хаягаар “маш сайн чанарын цутгамал хуванцар шон үйлдвэрлэж худалдана. 8х8= үнэ 8000, 10х10=үнэ 10.000, өндөр 2 метр, наранд гулзайхгүй, хөлдөх, мал шөргөөх, лантуугаар нүдсэн ч хугарахгүй, илжрэхгүй, зэврэхгүй. 86045418” гэх зураг бүхий нийтлэлийг оруулж, улмаар 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр бүх хашааг нийлүүлэх талаар харилцан тохиролцож, үйлдвэрлэл явуулаагүй нөхцөл байдлыг нууж, захиалсан хашааг хүргэж өгөх гэж байгаа мэтээр бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар хашааны урьдчилгаа болгож 6.000.000 төгрөгийг өөрийн нэрээр Хаан банкинд эзэмшдэг 5018070552 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 122 дугаар хороололд Д ХХК-д хуванцар шон нийлүүлнэ гэж тус компанийн захирал А.Б-г хуурч, төөрөгдөлд оруулж, гэрээ байгуулан улмаар 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Д ХХК-д Худалдаа хөгжлийн банкны 405095659 тоот данснаас шилжүүлсэн 20.000.000 төгрөгийг “Тэгш дэвшил” ХХК-ийн “Голомт” банкны 1405130422 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр баримт бичиг, эд зүйл ашиглаж буюу “Худалдах, худалдан авах гэрээ”, “Тэгш дэмшил” ХХК гэх тэмдэг зэргийг ашиглаж, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” төвийн гадна хохирогч иргэн Я.Бтай 5 дугаартай хуурамч “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, “1 ширхэг хашааны шонг 8.000 төгрөгөөр тооцож, 1.000 ширхэг хашааны шон 8.000.000 төгрөгөөр зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч “урьдчилгаа” гэж 3.000.000 төгрөгийг бэлнээр авч залилсан,

А ХХК-ийн менежер Э.Мтай 15 хоногийн хугацаанд 8.000.000 төгрөгөөр 1000 ширхэг хуванцар шон хийж өгөхөөр тохиролцож, бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн хооронд 4 удаагийн гүйлгээгээр Э.Мгийн эзэмшлийн Төрийн банкны 150400181832 тоот данснаас шилжүүлсэн 3.200.000 төгрөг, А ХХК-ийн Хаан банкны 5675291001 тоот данснаас шилжүүлсэн 300.000 төгрөг, 5679067864 тоот данснаас шилжүүлсэн 500.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5018070552 тоот дансаар шилжүүлэн авч залилсан, нэр бүхий 5 иргэнд нийт 38.100.000 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ж.Нын “... 2019 оны 11 дүгээр сард миний эзэмшлийн Kia Bongo Frontier маркийн, 0480 УАА улсын дугаартай бага оврын ачааны машин араандаа орохгүй, тормос муу байхаар нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Да хүрээ захын төв хаалганы замын урд талд байрлах гудамжинд дотроо гражтай хашаанд засуулах гэж аваачиж өгсөн. Тэгээд Д.М гэх хүнд 200.000 төгрөг өгсөн. 10 орчим хоногийн дараа очоод гражны цонхоор харахад машин засагдаагүй хэвээр байсан. Тэгээд Д.М ахын барьдаг утас руу залгахад автомашиныг чинь засч өгнө, зараад өгье гэхээр нь тэг гээд зөвшөөрсөн. Тэгээд гар утсаа салгаад алга болсон. Хааяа холбогдохоороо авах хүн нь удахгүй мөнгөтэй болно гэж хэлсэн. Тэгээд удаан хүлээж байгаад 1 сар орчимын дараа засвар дээр очоод автомашинаа авах гэтэл байгаагүй. Хашааны жижүүрээс асуухад энэ засварын газрын түрээс дууссан, яваад өгсөн гэж хэлсэн. Одоог хүртэл машин ч өгөөгүй, мөнгө ч өгөөгүй. ...” /1хх 40-41/,

Хохирогч Д.Ж-н гэрчээр өгсөн “... Би “Жагро” ХХК-ийн захирал ажилтай бөгөөд тариалангийн хашаа барих шон хайж байтал фэйсбүүк дээр “Тэгш дэвшил” нэртэй хуудсаар “Маш сайн чанарын цутгамал, хуванцар хашааны шон зарна, 8х8=8000 төгрөг, 10х10=10.000 төгрөг, өндөр 2метр, үнэ чанар сайн” гээд 86045418 дугаарын утсыг зар дээр оруулсан байсан. Зарын дагуу утсаар холбогдож Д.М гэх хүнтэй 1 дүгээр эмнэлгийн гадна уулзахад машиныхаа араас 2 ширхэг шон гаргаж ирээд “манай байгууллага өөрийн шонгийн үйлдвэртэй, танай шонг хурдан шуурхай хийж өгнө. 2021 оны 6 дугаар сарын 1-ний өдөр гэхэд 2000 шон бэлэн болгож чадна, урьдчилгаа 6.000.000 төгрөг эхний ээлжинд өгөх хэрэгтэй, нийт 12.000.000 төгрөг болно” гэж хэлсэн. Энэ дагуу Д.Мтэй тохиролцож, өөрийн компанийн данснаас 6.000.000 төгрөгийг М-н Хаан банкны 5018070552 тоот дансруу шилжүүлсэн. Маргааш нь үйлдэрийг нь очиж үзэх гэтэл Налайхад байна, завгүй байна, захиалга ихтэй байна гэх зэргээр үйлдэр лүүгээ явуулдаггүй байсан. Ингээд 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр захиалсан шонгоо авах гэтэл яг одоо ачаад очиж байна, удахгүй хүргэж өгнө гээд утсаа авахаа больж ор сураггүй алга болсон. Тэгш дэвшил гэх үйлдвэрийг хайж Налайх дүүрэгт очтол тийм үйлдвэр огт байхгүй бөгөөд ижил шон үйлдвэрлэдэг нэрийг нь мэдэхгүй залуу “манайх Д.М гэх хүн огт танихгүй, манай нэрийг барьж бусдаас мөнгө залилаад байх шиг байна” гэж хэлсэн. ...” /2хх 26-27/,

Хохирогч М.Цийн “ ... 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр манайх “Тэгш дэвшил” ХХК-тай бараа материал худалдах, худалдан авах гэрээг Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол Норт центрийн 202 тоотод хийсэн. Тухайн гэрээний дагуу хуванцар шон нийлүүлэхээр байсан. Нийт 33.000.000 төгрөгийн хуванцар шон нийлүүлэхээр байсан. Манай байгууллагаас 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр урьдчилгаа 20.000.000 төгрөгийг “Тэгш дэвшил” ХХК-ийн 1405130422 дугаартай “Голомт” банкны данс руу шилжүүлсэн. Урьдчилгаа мөнгө шилжүүлснээс хойш 14 хоногийн дотор 700 ширхэг хуванцар шилжүүлэх байсан боловч тухайн шонг манайд нийлүүлээгүй юм. Тэгээд манайхаас тухайн байгууллага руу шонгоо нийлүүлэх талаар гэрээнд бичигдсэн байсан 86045418, 96662930 дугаарын утаснууд руу залгахад тухайн утас нь холбогдоогүй. Тэгээд гэрээнд заасан “Тэгш дэвшил” ХХК- ийн албан ёсны хаяг руу шуудангаар албан бичиг явуулахад тухайн шуудангаар манай явуулсан албан бичиг буцаж ирсэн. Тухайн хаяг нь дээр “Тэгш дэвшил" ХХК байхгүй байна гэж ирсэн. Анх ирж гэрээ байгуулахдаа “манайх хуванцар шон хийдэг үйлдвэртэй танай төсөлд чинь хуванцар шон нийлүүлье” гэсэн санал тавьсан. Гэтэл одоо хуванцар шон үйлдвэрлэдэг үйлдвэр нь хаана байгаа нь тодорхойгүй, компани нь байхгүй, захирал нь олдохгүй алга болсон байгаа ...” /2хх 116-117/,

Хохирогч Я.Бгийн "... Би 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр фейсбүүк цахим орчинд байж байгаад хашааны хуванцар шон авна гээд зар оруулсан чинь Д.М гэх “хүн хашааны хуванцар шон зарна” гэж надтай холбогдсон. Тэгээд тухайн залуутай 95972832 дугаарын утсаар холбогдоод нэг ширхэг хашааны шонг 8000 төгрөгөөр тооцож, 1000 ширхэг хашааны шон авахаар 8.000.000 төгрөг болж тохиролцсон. Тэгээд би тухайн залуутай Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Оргил төвийн гадна уулзаж гэрээ байгуулаад урьдчилгаа 3.000.000 төгрөгийг бэлнээр тоолж өгсөн. Тэр өдрөөс хойш Д.Мөнх- Эрдэнэ гэх залуу утсаа авахаа болиод худлаа яриад одоог хүртэл миний захиалсан шонг өгөхгүй алга болсон. Нэг л удаа уулзсан тэгэх үедээ бэлэн 3.000.000 төгрөг өгсөн ...” /2хх 187-188/,

Хохирогч Э.Мгийн “... Фейсбүүк дээр “хуванцар шон хийнэ” гэсэн зар байсны дагуу тухайн зар тавигдсан 94041224 дугаар луу холбогдоод хуванцар шон хийх талаар асууж тодруулахад “манайх Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг, өгсөн хуванцар шондоо 3 жилийн баталгаа өгнө гэж хэлсэн”. Тийм болохоор би хуванцар шонг худалдан авахаар болоод 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Доржготов овогтой Д.М тариан талбайг хаших 1000 ширхэг хуванцар шон хийлгэхээр нэг бүрийн үнийг 8000 төгрөгөөр бодож 15 хоногийн хугацаатай хийлгэхээр тохиролцож, нийт үнийн дүн болох 8.000.000 төгрөгийн урьдчилгаа болгож, 40 хувь буюу 3.200.000 төгрөгийг би Дархан-Уул аймагт гэртээ байхдаа Д.Мөнх- Эрдэнэ гэх хүний 5018070552 тоот данс руу интернэт банкаар шилжүүлсэн. Шон хийж байх хугацаанд буюу 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр манай дүү Мөнгөндуулгын 69094885 дугаар руу шон хийж байгаа Д.М гэх хүн залгаад “мөнгө хэрэг болоод байна, 100.000 төгрөг яаралтай шилжүүлчих” гэхээр нь дүү өөрийн данснаас шилжүүлсэн байсан. 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр манай дүү Мөнгөндуулга руу дахин залгаад “мөнгө хэрэг болоод байна, 200.000 төгрөг яаралтай шилжүүлчих” гэхээр нь дүү А ХХК-ийн 5675291007 тоот данснаас шилжүүлсэн байсан. Шонг хүргэж өгөх хугацаа болсон боловч одоог хүртэл шонг өгөхгүй байна. Шонгоо нэхэхэд надад “би танай шонг машин дээр ачсан байна” гэхээр нь “тэгвэл Улаанбаатар хотод буулгачих” гэсэн, гэтэл “үгүй та нар нэмж 2.000.000 төгрөг төл, үгүй бол би та нарын захиалсан шонг өөр хүнд үнэтэй зарна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “тэгвэл шонгоо үлдэгдэл мөнгөө өгнө” гэхэд надад “тийм заваарсан юм байхгүй” гээд намайг загнасан. Налайх дүүрэгт хуванцар шонгийн үйлдвэрийг хайгаад очиход үйл ажиллагаа явуулдаггүй, ганц нэг хугархай шонтой бас ганц нэг тоног төхөөрөмж тавьсан байсан. Харин тухайн төхөөрөмжийг хажуугийн хөнгөн блокийн үйлдвэрийн хүмүүс өрөндөө барьцаанд авсан гэж байсан ...” /2хх 233-234/,

Гэрч Б.Б-ын “... манай гүйцэтгэх захирал Б над руу залгаад хуванцараар юм хийдэг хүн байна гээд надад М-ийн дугаарыг өгсөн. Тэгээд би утсаар холбогдоод 1 дүгээр төрөхийн зүүн талын 16 давхар орон сууцанд очоод Д.Мтэй уулзсан. Надад хуванцараар юм хийдэг гээд хуванцараар хийсэн шон үзүүлсэн. Тэгэхээр нь би модон приусны оронд хэрэглэхээр олонг хийж болох уу гэхэд болно гэсэн. Тэгээд үнэ ханшаа тохироод хийлгэхээр болсон. Би гүйцэтгэх захиралтайгаа яриад энэ болох нь байна, тоо ширхэг, үнэ ханшаа тохироод гэрээгээ хийчих гэж хэлсэн. Манай гүйцэтгэх захирал Б нь Д.Мтэй тохиролцож гэрээ байгуулсан. Тэгээд би нэг удаа М-н үйлдвэрийг Налайхад очиж үзсэн чинь нэг шахдаг машинтай, 2-3 ажилтантай байсан. Тэгэхээр нь чи хурдан гаргаж дийлэхгүй юм биш үү гэсэн чинь өөдөөс шалтаг тоочоод байсан. Гэрээ хийхдээ 20.000.000 төгрөгийн урьдчилгаа өгсөн. ...” /2хх 106/ гэсэн мэдүүлгүүд,

Автомашин техникийн үнэлгээний тайлан /1хх 51/,

“Жагро” ХХК-ийн “Хаан” банкны 5721486845 тоот данснаас 2021 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Д.М-н “Хаан” банкны 50180705552 тоот данс руу 6.000.000 төгрөгийг шилжүүлэг хийсэн баримт /2хх 68/,

Д ХХК-ийн “Худалдаа хөгжлийн банк”-ны 405095659 тоот данснаас 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Тэгш дэвшил” ХХК-ийн “Голомт” банкны 1405130422 тоот данс руу 20.000.000 төгрөгийн шилжүүлэг хийсэн баримт /2хх 135/,

Д ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Б, “Тэгш дэвшил” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М нарын 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 210512001 дугаартай “Бараа материал худалдах, худалдан авах гэрээ”- ний хуулбар /2хх 136-139/,

“Тэгш дэвшил” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М, иргэн Я.Б нарын 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 5 дугаартай “Худалдах худалдан авах гэрээ”-ний эх хувь /2хх 191-194/,

А ХХК-ийн захирал Д.Энхтөр, “Тэгш дэвшил” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М нарын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-ний хуулбар хувь /2хх 217-220/,

Э.Мгийн “Төрийн банк”-ны 150400181832 тоот данснаас Д.М-ийн “Хаан” банкны 5018070552 тоот данс руу 2022 оны 01 дүгээр сарын 26- ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 3.200.000 төгрөгийг шилжүүлэг хийсэн баримт /2хх 222/,

"Ачит буурагчин” ХХК-ийн “Хаан” банкны 5675291007 тоот данснаас Д.М-н “Хаан” банкны 5018070552 тоот данс руу 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 200.000 төгрөгийн шилжүүлэг хийсэн баримт /2хх 223/,

Д.М-н “Хаан” банкны 5018070552 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 249-250, 3хх 1/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.М-г үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.М-н нэр бүхий 5 хүнийг залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.М-г 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан орих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Түүнчлэн шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан байх ба хохирол төлөгдөөгүй байдлыг харгалзан Д.Мд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь тохирсон байх тул шүүгдэгч Д.М-н гаргасан “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна.”,

3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.”,

4 дэх хэсэгт “Шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана.” гэж хуульчилсан.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Д.М-г гэм буруутайд тооцож, түүнд ял оногдуулсан шүүхийн шийдвэрээ “Шүүхийн тогтоол”-ын хэвлэмэл хуудсан дээр гаргасан, тогтоолынхоо тодорхойлох нь хэсгийн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар дүгнэлтдээ “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ял шийтгэлийг биелүүлэн эдлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.” гэж шүүгдэгч Д.Мд холбогдолгүй хуулийн зүйл хэсэг, заалт бичсэн, гэм хорын хохирлыг Иргэний хуулийн холбогдох зүйл хэсэг заалтыг баримтлахдаа шаардлагагүй хэсгийг баримталсан, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон зэрэг нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагуудыг тус тус хангаагүй байна.

Дээрх алдааны зарим нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй;” бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчилд хамаарахаар байгаа тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж зөвтгөх нь зүйтэй.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/112 дугаар шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.М-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Д.М-н 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш давж заалдах шатны шүүх хуралдаан болсон өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 64 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/112 дугаар шүүхийн тогтоолын гарчгийг “Шийтгэх тогтоол” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “ ...Д.М-н цагдан хоригдсон 153 хоногийг ... гэснийг “...Д.М-н цагдан хоригдсон 156 хоногийг ...” гэж,

5 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар ...” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-н 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 64 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                              ШҮҮГЧ                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Б.ЗОРИГ