Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2016 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 155/ШШ2016/00105

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хаймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Н-т холбогдох,

Дүрэмт хувцасны үнэ 171.042 /нэг зуун далан нэгэн мянга дөчин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 155/2015/01165/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаймгийн Цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээЦагдаагийн газарт ажиллаж байгаад 2007 онд ажлаас чөлөөлөгдсөн ба Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын 916-ийн 916.8.2-т заасны дагуу хувцасны эдэлгээний зөрүү 171.042 /нэг зуун далан нэгэн мянга дөчин хоёр/ төгрөгийг төлөөгүй тул уг төлбөрийг манай байгууллагад гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагдаагийн Ерөнхий газрын санхүү, хангамжийн газраас 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 9в-407 дугаартай хуучин загварын дүрэмт хувцасны төлбөрийг барагдуулах шаардлагагүй, данс бүртгэлээс хасч устгал хийлгэх тухай албан бичиг ирүүлсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүхэд гаргасан тайлбартаа: 2010 оны хавар 5, 6 сарын үед манай зуны амбаарт байсан 2 авдартай хувцаснууд амбаартайгаа шатсан... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаймгийн Цагдаагийн газар нь хариуцагч Д.Н-т холбогдох, дүрэмт хувцасны үнэ 171.042 /нэг зуун далан нэгэн мянга дөчин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Х аймгийн Цагдаагийн газар нь улсын төсөвт байгууллага ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Д.Н- т холбогдох дүрэмт хувцасны үнэ 171.042 /нэг зуун далан нэгэн мянга дөчин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Х аймгийн Цагдаагийн газар татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                  Г.ДАВААХҮҮ