Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 155/ШШ2016/00107

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: М.Э-н

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 155/2015/01141/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч М.Э- нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч М.Э- шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2007 онд Х-аймгийн Т- сумын *** тоотод байрлах газрыг 5*7 хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгийн хамт худалдан авч, 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр авсан. Миний худалдаж авсан сууцны байшин Сангийн аж ахуйн ажилчдын байр байсан бөгөөд хувьчлал явагдахад анх Э  гэх хүн хувьчилж авч байсан юм билээ. Түүнээс хойш хүмүүст дамжигдан худалдсаар хамгийн сүүлд Э болон түүний нөхөр Т  нараас худалдаж аваад 6 жил болж байна. Би тус сууцыг 10*7 харьцаатай болгон томруулж, өвлийн сууц болгосон юм. Одоо тус байшинд эхнэр, хүүхдийн хамт дөрвүүлээ амьдардаг. Энэ хугацаанд тус байшингийн өмчлөлийн талаар ямар нэгэн маргаан гараагүй. Манай байшингийн нөгөө талд мөн өөр айл байдаг. Би байшиндаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авах гэтэл шүүхээр өмчлөгч гэдгээ тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд намайг Х-аймгийн Т- сумын *** тоотод байрлах 10*7 хэмжээтэй, палкан, төмөр дээвэртэй, өвлийн байшин болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч М.Э- нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай хүсэлтийн шаардлага гаргасан ба Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

М.Э- Х-аймгийн Т- сумын *** тоотод байрлалтай, палкан, 10*7 харьцаатай, өвлийн сууцны байшингийн өмчлөгч мөн болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Х-аймгийн Т- сумын Мандал багийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Х-аймгийн Т- сумын М  багийн иргэн М.Э нь тус багийн нутаг дэвсгэрт хувь хэрэглээний газартай, орон сууц дүнз, палк, 7*10м үнэлсэн хөрөнгө байгаа нь үнэн гэх тодорхойлолт, М.Э-н эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 262501 дугаартай гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, сууцны байшингийн гэрэл зургууд, Х-аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Тус аймгийн Т- сумын 1 дүгээр баг, *** тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр иргэн М.Э- /***/ өнөөдрийн байдлаар бүртгэгдээгүй байна гэх 1/33 дугаартай албан бичиг, гэрч Д.Ү-ийн Манай хүү М.Э- Х-аймгийн Т- сумын Мандал багт хуучин улсын өмч байсан цагаан модон байшинд эхнэр, 3 хүүхдийн хамт 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа юм...Өмнө нь Тулга гэдэг хүн амьдардаг байсан. Тэр хүн өмнө нь хэнээс худалдаж авч байсан талаар мэдэхгүй байна. Тулга гэдэг хүнээс авч байсан юм. М.Э- нь Дарханд амьдарч байгаад Т- суманд шилжиж ирээд сумын төвд байрлалтай уг хашаа байшинг худалдан авч байсан. Худалдаж аваад засвар хийж тохижуулан өргөтгөж барьсан. Одоо уг байшиндаа амьдарч байгаа...Дээр үеийн урт ажилчдын байшин байсан юм. Нэг байшинд 2 талаас нь ордог, 2 айл амьдардаг. Түүний голоор нь цонхны дундуур хашааны хамар барьж тусгаарласан байгаа. Нэг хашаатай, талд нь Эрдэнэдалайх, нөгөө талд нь нэг өвгөн амьдардаг... гэх мэдүүлэг, гэрч Б.Эрдэнэжаргалын М.Э- нь Х-аймгийн Т- сумын төвд төв гудамжинд нэг дэлгүүртэй, амьдардаг гэр нь дэлгүүрээс баруун зүгтээ 500 метр орчим зайнд байдаг. Дэлгүүр гэр нь тус тусдаа байдаг...Гэр нь Мандал багт байдаг. Гудамжны баруун талаас 4 дэх хашаа юм. Т-д бол төв гудамжны, эмнэлэг талаас 4 дэх хашаа юм...Сүүлийн 5-6 жилд тус хаягт оршин сууж байгаа...уг хашаа байшинг худалдаж авсан юм. Авсан хойноо залгаа барьж тохижуулсан...Эрдэнэдалайн байшин нь палкаар барьсан, урт 2 айлын орон сууц юм. 2 талаараа ордог, дундуураа ханаар тусгаарлагдсан дээр үеийн байшин... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд Х-аймгийн Т- сумын *** тоотод байрлалтай, палкан, 10*7 харьцаатай, өвлийн сууцны байшингийн өмчлөгч М.Э- мөн болохыг тогтоох үндэслэлтэй юм.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар Х-аймгийн Т- сумын *** тоотод байрлалтай, палкан, 10*7 харьцаатай, өвлийн сууцны байшингийн өмчлөгч нь М.Э мөн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч М.Э-гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ОТГОНБЯМБА