| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2015/01085/и |
| Дугаар | 155/ШШ2016/00111 |
| Огноо | 2016-01-14 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 155/ШШ2016/00111
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: М- хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ХНЭГСГ-ын захиргаанд холбогдох
Хөх сувд сэтгүүлийн үндсэн төлбөр, алданги, нийт 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 155/2015/01085/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, Ш.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М- хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь БОНХЯам, Х-Э-н голын сав газрын захиргааны дарга Р.Б-тэй 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр MU/M11 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан. Гэрээний гол зорилго нь гэрээ байгуулснаас хойш 1 жилийн хугацаанд Хөх сувд нэртэй 2 сар тутмын сэтгүүлийг М- хязгаарлагдмал хариуцлагатай компани хэвлэх үйлчилгээг үзүүлэх, захиалагчийн хувьд БОНХЯам, Х-Э-н голын сав газрын захиргаа гэрээнд заасан ажлыг хөлсийг төлөхөөр тохиролцсон. Гэрээний нийт үнийн дүнг 6.475.000 төгрөг байхаар гэрээний үнэ төлбөрийн нөхцлийн гэрээний 3 дахь бүлэгт зохицуулсан. Гэрээний явцад тухай бүр нь сэтгүүлийн хуудас, тоо ширхэгт өөрчлөлт орж байсны улмаас хэвлэлтийн үнийг харилцан тохиролцсоны дагуу тогтоон ажиллаж ирсэн. Ээлжит 2014 оны 6-7 дугаар сарын дугаарыг 1 ширхэгийг нь 2.200 төгрөгөөр 1000 ширхэгийг захиалан хэвлүүлж, 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнийг 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан. Төлбөрөөс 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 100.000 төгрөгийг дансаар шилжүүлснээс өөрөөр төлбөр төлөгдөөгүй. Иймд гэрээний 5.8 дахь заалтын дагуу алданги нэхэмжилж байгаа бөгөөд хуульд заасны дагуу үндсэн төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй байх тул алданги 1.050.000 төгрөгийн хамт БОНХЯам, Х-Э голын сав газрын захиргаанаас Хөх сувд сэтгүүлийн үндсэн төлбөр 2.100.000 төгрөг, нийт 3.150.000 төгрөг /гурван сая нэг зуун тавин мянга/-ийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Х-Э голын сав газрын захиргаа нь М- хязгаарлагдмал хариуцлагатай компаниар Хөх сувд сэтгүүл хэвлүүлэхээр тохиролцож гэрээ байгуулсан боловч хариуцагч байгууллага 2014 оны 6-7 дугаар сарын дугаарын төлбөрийг төлөөгүй тул гэрээнд зааснаар алдангийн хамт үндсэн төлбөрөө гаргуулахаар нэхэмжилж байгаа. Шүүх хуралдааны явцад хариуцагч байгууллага 3.150.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Х-Э голын сав газрын захиргаа шүүхэд гаргасан тайлбартаа: М- хязгаарлагдмал хариуцлагатай компанитай Х-Э голын сав газрын захиргаа 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр MU/M11 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан. Энэхүү гэрээг тухайн үед манай байгууллагын даргаар ажиллаж байсан Н.Б байгуулсан. Тухайн үед ажиллаж байсан Н.Б дарга хэвлэл мэдээлэл, маркетинг хариуцсан мэргэжилтэн Ш.Б нар энэ сэтгүүлийг хэвлүүлж, борлуулах ажлыг хариуцна, төсөвт хамааралгүй гэсэн учир манай байгууллагын 2014 оны санхүүгийн тайлан орлогод авч тусгаагүй бөгөөд Ш.Б-ийн Хотгойд Амирлан Төрийн бус байгууллагын дансаар сэтгүүлийн мөнгө орж ирсэн байсан. Дээрх Хөх сувд сэтгүүлд Д сав газрын захиргаа, Ш голын сав газрын захиргаанууд болон сав газруудад хамрагдах сумдаас Хөх сувд сэтгүүлийг авах хүсэлтэй байгаа сэтгүүлийн тоогоор нь нийлүүлж, төлбөрийг нь нэхэмжилж байсан. Хөх сувд сэтгүүлийн тооцоо, төлсөн төлбөрийг Ш.Б хариуцан ажиллаж байсан. 2014 оны 6-7 дугаар сарын дугаарыг 1 ширхэгийг нь 2.200 төгрөгийн үнэтэйгээр 1.000 ширхэгийг захиалан хэвлүүлж, 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнийг 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан. 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 100.000 төгрөг төлсөн. Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргаа нь БОНХАЖЯамны харъяа төсвийн байгууллага ба өөрийн орлого байхгүй, батлагдсан төсвөөр ажилладаг. 2014, 2015 оны төсөвт ном хэвлэл авах зардал байхгүй байсан бөгөөд Хөх сувд сэтгүүлийн төлбөрийг нэмэлт санхүүжилтээр Эгийн голын усан цахилгаан станцаас хөрөнгө оруулалт авч шийдвэрлэх төлөвлөгөөтэй байсан боловч одоог хүртэл санхүүжилт хийгдээгүй байгаа учир манай байгууллагаас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, Ш.П нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь М- хязгаарлагдмал хариуцлагатай компанитай Хөх сувд сэтгүүл хэвлүүлэхээр гэрээ байгуулж ажиллаж байсан бөгөөд төлбөр төлөх боломжгүй байсан учир тус сэтгүүлийн үндсэн төлбөр 2.100.000 төгрөгийг төлөөгүй байсан. Одоо алданги 1.050.000 төгрөгийн хамт нийт 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөг нэхэмжилж байгаа тул төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч М- хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч ХНЭГСГ-ын захиргаахолбогдох Хөх сувд сэтгүүлийн үндсэн төлбөр, алданги, нийт 3.150.000 /гурвсан сая нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай хэргийн шүүх хуралдаанд хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж 65.350 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М- хязгаарлагдмал хариуцлагатай компани Хөх сувд сэтгүүлийн үндсэн төлбөр, алданги, нийт 3.150.000 /гурвсан сая нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Х-Э голын сав газрын захиргаа хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж 65.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА