Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2023/ДШМ/388

 

 

 

 

 

 

З.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.З даргалж, шүүгч Ц.Оч, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Батсүх,

шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 2023/ШЦТ/35 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарын гаргасан давж заалдах гомдлуудаар З.Бт холбогдох эрүүгийн 2210011731399 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Х овгийн Зийн Б, 1993 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эмэг эх, дүү нарын хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/.

            Шүүгдэгч З.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “З” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-ийн худалдагчаар ажиллаж байх хугацаандаа 50.249.800 төгрөгийн орлогыг хувьдаа завшиж, Л.Год их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: шүүгдэгч З.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Х овогт Зийн Быг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч З.Быг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Баас 50.249.800 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Год олгож шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч З.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хурал болохоос өмнө 2022 оны 11 дүгээр сард 30.000.000 төгрөгийн хохирол учруулсан хэргээр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтэст гомдлын дагуу шалгагдаж байх хугацаандаа тус хэргийг хариуцсан прокурор болох Ч.Түмэн-Өлзийд дээрх хоёр хэргийг нэмж нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч хүлээн авалгүй дордуулсан. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж, хохирлоо бүрэн төлөхөө илэрхийлж байна. Иймд холбогдсон дээрх 2 хэргийг нэмж нэгтгэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв..

            Шүүгдэгч З.Бын өмгөөлөгч Б.Тэнгис давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгч болон өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт, гэм буруугийн хувьд ямар нэг маргаан байхгүй. З.Бын тухайд одоо Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж байхдаа 30.000.000 төгрөгийг хувьдаа завшиж хохирол учруулсан” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа юм байна. Тухайн гомдол гаргагч нь 2022 оны 11 дүгээр сард цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, улмаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж, одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа болно. Миний үйлчлүүлэгчийн хувьд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлоо хэрхэн төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. З.Б нь хуулийн мэдлэггүйн улмаас хэрэгт шалгагдаж байгаа талаараа мэдэгдэж чадаагүй байна. Түүний хэргийг тус тусад нь шийдвэрлэх нь эрх зүйн байдлыг нь дордуулж байгааг анхаарч үзнэ үү. Иймд З.Бт холбогдох хэргийг нэмж нэгтгэн шийдвэрлүүлэх шаардлагатай тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор С.Батсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж нэмж нэгтгэх зохицуулалт байгаа учраас энэ хүрээнд шийдвэрлүүлэх саналтай. Яллагдагчаар татах тогтоол байгаа ч гэсэн энэ хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдэх эсэх нь тодорхойгүй, прокурорын шатанд байгаа тул мэдэхгүй байна. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болгож байгаа нотлох баримт нь сүүлд гаргаж ирсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед энэ нотлох баримт авагдаагүй байсан тул үндэслэлгүй баримт байна. Анх хэргийг шалгах үед шүүгдэгч эрх зүйн байдлаа дээрдүүлэхийн тулд энэ асуудлыг хэлсэн гэж байгаа боловч нотлох баримт байхгүй. Энэ нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэж оролцогчдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ерөнхий ангид заасан хэм хэмжээгээр шийдвэрлэх бүрэн боломжтой . ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч З.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “З” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-ийн худалдагчаар ажиллаж байх хугацаандаа 50.249.800 төгрөгийн орлогыг хувьдаа завшиж, Л.Год их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Л.Гын “...2016 оноос “Теди” төвийн лангуун дээр З.Быг худалдагчаар ажиллуулж байсан ба 2019 оноос хөдөлмөрийн гэрээ байгуулан Зайсангийн салбар дээр ажиллуулж байсан. 2021 оны 9 дүгээр сарын 16-наас 2022 оны 4 дүгээр сарын хооронд итгэл эвдэн олон тооны компьютер болон дагалдах хэрэгслийг завшиж авсан нь өөрийн өргөдөл болон тооллогоор батлагдсан болно. Уг хугацаанд нийт 50.249.800 төгрөгийн үнэ бүхий барааг завшсан нь илэрсэн болно. ...Үүнд: 4.590.000 төгрөгийн “Макбүүк про”, 5.390.000 төгрөгийн “Айпад про”, 1.240.000 төгрөгийн “Айватч”, 910.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг “Бит бадс”, 3.450.000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг “Айрпод”, 159.900 төгрөгийн 30 ваттын адаптер, 89.900 төгрөгийн “Тайпси” залгуур, 3.990.000 төгрөгийн “Айпад про”, 4.780.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг “Айпад айр”, 4.490.000 төгрөгийн “Макбүүк про”, 5.090.000 төгрөгийн “Макбүүк про”, 960.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг “Пенсил”, 140.000 төгрөгийн “Тайдси адаптер”, 7.580.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг “Макбүүк Айр”, 7.390.000 төгрөгийн “Макбүүк про”, нийт 50.249.800 төгрөгийн үнэ бүхий барааг ... З.Б нь ... борлуулаад өөрийн дансаар мөнгийг авдаг байсан мөн бараагаар авсан байхыг үгүйсгэхгүй. ...” /1хх 46-47/,

З.Бын яллагдагчаар өгсөн “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Би дээрх эд зүйлсийг авсан үнэн. Тухайн үед “Бет” дээр тоглоод алдсан юм. ...” /2хх 228/ гэсэн мэдүүлгүүд,

Хөлсөөр ажиллуулах гэрээний хуулбар /1хх 13-15/, Л.Гын З.Бт бараа хүлээлгэн өгч хүлээн авч байсан тухай гар бичвэр бүхий дэвтрийн хуулбар /1хх 20-31/, хохирогчийн гаргаж өгсөн тэмдэглэл бүхий дэвтэрт хийсэн үзлэг /1хх 32-34/, “Э” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гаргасан 4/04 дугаартай аудитын дүгнэлт /1хх 70-90/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч З.Быг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Түүнчлэн анхан шатны шүүхээс аудитын дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтад үндэслэн хохирогч Л.Год учирсан бодит хохирлыг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч З.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Бын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч З.Быг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Бт оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч З.Б нь “...Шүүх хурал болохоос өмнө 2022 оны 11 дүгээр сард 30.000.000 төгрөгийн хохирол учруулсан хэргээр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтэст гомдлын дагуу шалгагдаж байх ... ба холбогдсон хоёр хэргийг нэмж нэгтгэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч З.Бын өмгөөлөгч Б.Тэнгис “...З.Бын тухайд одоо Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж байхдаа 30.000.000 төгрөгийг хувьдаа завшиж хохирол учруулсан” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа юм байна. ...Түүний хэргийг тус тусад нь шийдвэрлэх нь эрх зүйн байдлыг нь дордуулж байна. ...З.Бт холбогдох хэргийг нэмж нэгтгэн шийдвэрлүүлэх шаардлагатай тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Шүүгдэгч З.Бын өмгөөлөгч Б.Тэнгисээс Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2310000330468 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолоор шүүгдэгч З.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тухай тогтоолын хуулбарыг тус шүүх хуралдаанд гаргаж өгсөн байна.

Дээрх баримт нь анхан шатны шүүхэд хэрэг хэлэлцэх үед хэлэлцэгдээгүй хэдий ч шүүгдэгч З.Быг яллагдагчаар татсан эрүүгийн 2210011731399, 2310000330468 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” буюу нэг төрлийн гэмт хэрэг байх бөгөөд дээрх хоёр эрүүгийн хэрэгт Хан-Уул дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол үйлджээ.

Гэхдээ анхан шатны шүүх хуралдаан 2023 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн шийтгэх тогтоолд хэргийн холбогдогч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэх өдрийн өмнөх өдөр буюу 2023 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн прокурорын газраас З.Быг эрүүгийн 2310000330468 дугаар хэрэгт яллагдагчаар татагджээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч З.Баас анхан шатны шүүх хуралдаанд өөр гэмт хэрэгт шалгагдаж байгаа талаар хэлж байсан гэх боловч энэ талаарх нотлох баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй, түүний өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн яллагдагчаар татах тухай тогтоол нь цаг хугацааны хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш үйлдсэн баримт байх тул анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт өгөх боломжгүй, шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна.” гэж тус тус хуульчилснаас үзвэл шүүгдэгч З.Бын холбогдсон нэг төрлийн гэмт хэрэг тус бүрийг шүүхээр хянан шийдвэрлэж, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үр дагавартай.

Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлсэн.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, давж заалдах шатны шүүхэд хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн 2023/ШЦТ/35 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бын 2023 оны 01 дүгээр сарын 9-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 92 /ерэн хоёр/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ,

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ