Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 101/2014/8776/и |
Дугаар | 001/ХТ2016/01121 |
Огноо | 2016-10-28 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2016/01121
А.Цогоогийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 220 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 07 дугаар сарын 25-ний өдрийн 1374 дүгээр магадлалтай,
А.Цогоогийн нэхэмжлэлтэй
“Багануур” ХК-д холбогдох,
патент ашигласны төлбөр 3.031.485.150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч А.Цогоогийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Цогоо, хариуцагчийн төлөөлөгч Д.Ганчимэг, Б.Наранцэцэг, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.
Нэхэмжлэгч А.Цогоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Багануур” ХК-д 1997-2012 онд гидро геологич инженерээр ажиллаж байхдаа 2006 оноос бүтээлээ туршин улмаар 2007 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр “шүүрүүлэх шуудуу” нэртэй шинэ бүтээлийн патент авсан. Патент авсны дараа тухайн үед “Багануур” ХК-ийн захиргаанд лицензийн гэрээ байгуулах төслөө танилцуулж гэрээ хийх санал тавьсан боловч хүлээж аваагүй. Иймд 2007-2015 онуудад миний бүтээлийг ашиглаж олсон орлогын 2 хувь болох 3.031.485.150 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани анх 1978 онд Төвийн эрчим хүчний системийн харъяа дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангах зориулалтаар байгуулагдан одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Уурхайн технологи үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор 1980 оноос эхлэн ил болон далд аргаар ус шүүрүүлтийн ажлыг явуулж эхэлсэн. 2015 оны байдлаар 68-70 ширхэг гүний цооног, 1 ширхэг ил зумфээр жилд 4,0-4,8 сая шоо метр ус зайлуулан ажиллаж байна. Ил аргаар ус зайлуулахдаа карьерын ус илэрсэн түвшинд ус цуглуулах цөөрөм буюу зумф ухаж насосоор усыг соруулж зайлуулан усны түвшинг доошлуулан нүүрсийг хуурайшуулан олборлодог. Ус зайлуулахдаа ил зумфыг зогсолтгүй ажиллуулах зорилгоор шаардлагатай үед шуудуу ухаж холбодог. Энэ арга нь 1980 оноос эхлэн одоог хүртэл ашиглагдаж байна. “Багануур” ХК-нь нэхэмжлэгчийн “Шүүрүүлэх шуудуу” нэртэй шинэ бүтээлийн томъёолол бүхий патентыг ашиглаж байгаагүй. Патентаас харахад “Шүүрүүлэхийн шуудуу” гэсэн нэртэй боловч Оюуны өмчийн газраас ирсэн нотлох баримт дээр хэвтээ хатаалтын хайрганд хүрэх шуудуу гэсэн нэрээр анх хүсэлт тавьж байсан байдаг. ШУТИС-ийн шинжээчийн дүгнэлтээр 2007, 2008, 2011 онуудад “Шүүрүүлэхийн шуудуу”-г “Багануур” ХК ашигласан байна гэж гарсан боловч уулын ажлын төлөвлөгөө тайлан дээр үндэслээд “Шүүрүүлэхийн шуудуу” гэсэн үндсэн нэршлээр шинэ бүтээлээ гаргаж ирсэн байдаг. “Шүүрүүлэхийн шуудуу” гэдэг ерөнхий нэршлийн хувьд уг зүйлийг “Багануур” ХК өмнө ашиглаж байсан, одоо ч ашигласаар байгаа. Нэхэмжлэгчийн хувьд мөхлөгтэй хайрга гэдэг зүйлийг ярьдаг. “Багануур” ХК-иас нэмэлт шинжээч томилуулж Мишээл-Од аудитын дүгнэлтэд 2958 тоот патентыг “Багануур” ХК ашигласан нь тогтоогдохгүй байна гэж гарсан. Нэхэмжлэгч А.Цогоо нь лицензийн гэрээ байгуулахаар албан ёсны хүсэлтийг тавьж байгаагүй, мөн 2958 тоот патентыг томъёоллын дагуу ашиглаагүй, нэхэмжлэгч өөрийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ гүйцэтгэсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 220 дугаар шийдвэрээр: Патентийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1,19.6 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч А.Цогоогийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Багануур” ХК-д холбогдох патент ашигласны төлбөр 3.031.485.150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т зааснаар хариуцагч “Багануур” ХК-ийг ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулийн шинжээчдийн зардал 2.824.550 төгрөгийг Голомт банкны 8115007020 дансанд тушаахыг үүрэг болгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ний өдрийн 1374 дүгээр магадлалаар: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 220 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “19 дүгээр зүйлийн 19.1, 19.6 дахь хэсэгт тус тус зааснаар” гэснийг “16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Нэхэмжлэгч А.Цогоо давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2-т зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч А.Цогоо хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан боловч анхан шатны шүүхийн хэрэглэсэн хуулийн заалтыг өөрчилж шийдвэрийг хэвээр үлдээжээ. Иймд доорхи гомдлыг гаргаж байна. Үүнд:
1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо МУ-ын Патентын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.6 дахь заалтуудыг баримтлан шийдвэрлэжээ. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрхи заалтуудыг агуулгын ялгаагүй 16 дугаар зүйлийн 16.8 дахь заалтаар сольж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсэн. Гэрээ байгуулаагүй нь миний буруу биш, хүний юмыг дураараа ашигласан Багануур ХК-ийн буруу гэж ойлгож байна.
Гзрээ байгуулсан, байгуулаагүй миний зохиож патент авсан шинэ бүтээлийг “Багануур” XX ашигласан нь уул уурхайн мэргэжлийн шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдож байгаа тул МУ-ын Патентын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5 дахь хэсэгт заасны дагуу патент эзэмшигч шинэ бүтээлийг ашиглаж олсон бусад этгээдийн орлогоос зохих хэмжээний төлбөр авах эрхтэй гэсний дагуу иргэн би төлбөр авах хууль зүйн үндэстэй гэж үзэж байна.
Тухайн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад анхан шатны шүүх нь хариуцагч талын хүсэлтээр шинжээч томилж удаа дараа дүгнэлт гаргуулсан. Эхний дүгнэлтээр миний бүтээлийг уул уурхайн мэргэжлийн шинжээчид 2007, 2008, 2011 онуудад “Багануур” ХК нь ашигласан байна гэж гаргасан. Хамгийн сүүлд гаргасан дүгнэлтэнд “Мишээл Од” аудитын компани нь уг бүтээлийг ашигласан эсэхийг тогтоох боломжгүй байна гэсэн утга бүхий, шүүхээс шинжээчид тавьсан асуултад огт хамаагүй “Багануур” ХК-нд илт ашигтай дүгнэлтийг гаргаж ирүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаан дээр миний бие энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, “Багануур” ХК-нд үйлчилсэн байна гэж хэлсэн боловч түүнийг хүлээн аваагүй бөгөөд шийдвэр гаргахдаа зөвхөн аудитын дүгнэлтийг үнэлэн үзсэн. Өмнө нь гаргасан ядаж л 3 жил ашигласан байна /бүтээлийг Багануур ХК нь байнга ашиглаж байгаа/ гэх мэргэжлийн шинжээчийн дүгнэлтийг ямар үндэслэл шалтгаанаар үнэлээгүй тухайгаа шийдвэрт огт тусгаагүй байгаа нь шүүгч хууль зөрчиж, хэргийн баримтуудыг бүгдийг тэгш байдлаар судалж шинжлэхгүйгээр зөвхөн Багануур ХК-нд ашигтай баримтыг үнэлж тэдний талд үйлчилсэн гэж үзэхэд хүргэж байна.
Иймд эдгээр нөхцөл байдлуудыг анхааран үзэж анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.
Нэхэмжлэгч А.Цогоогийн “...шинэ бүтээлийн патент ашигласны төлбөр 3.031.485.150 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч “Багануур” ХК эс зөвшөөрч “...патентыг ашиглаж байгаагүй” гэсэн тайлбар гаргажээ.
Нэхэмжлэгч нь “Багануур” ХК-д 1997-2011 оны хооронд гидрогеологич инженерээр ажиллаж байсан, түүнд 2007 онд “Шүүрүүлэх шуудуу” нэртэй шинэ бүтээлийн патентыг Монгол Улсын нутаг дэвсгэрт 20 жилийн хугацаанд хүчинтэй байхаар олгожээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн “шүүрүүлэх шуудуу” нэртэй технологийг үйл ажиллагаанд ашиглаж орлого олсон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна зохигчдын хооронд патент ашиглах талаар Патентын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар лицензийн гэрээг бичгээр байгуулаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж үзнэ.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч тухайн маргаанд хэрэглэвэл зохих Патентын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8 дах заалтыг хэрэглээгүй байна.
Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ний өдрийн 1374 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Цогоогийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ