Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2015/0217/З |
Дугаар | 595 |
Огноо | 2016-08-25 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 595
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Боржигон овогт *******ын Б******* /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн Засаг даргад холбогдох,
Гуравдагч этгээд: А******* овогт О*******ын А******* /РД: *******/
Гуравдагч этгээд: А******* овогт О*******ын Х******* /РД: *******/
Нэхэмжлэлийн шаардлага: “...ертөнцийн зүгээр Х.Б*******ийн эзэмшлийн хашааны зүүн талаас 11 метр сунгах, хариуцагчийн орц, гарц гаргах шийдвэр гаргаагүй нь хууль бус болохыг тогтоож, Х.Б*******ийн эзэмшил газрын орц, гарц гаргах шийдвэр гаргахыг хариуцагчид тус тус даалгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч Х.Б*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Золзаяа нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Х.Б******* миний бие 2003 онд Төрийн өмчийн хорооноос зарласан дуудлага худалдаагаар Барилгын цэргийн 047 дугаар ангиас Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Толгойтын 97/3-т байрлах баримт маягт агуулахын объект болон аж ахуйн хашааны 1250 м.кв талбай бүхий газрыг дуудлага худалдааны мөнгийг төлж Төрийн өмчийн хорооны 2003 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 407 дугаар тогтоолын дагуу авсан болно.
Тухайн үед дуудлага худалдаагаар авсан газрын зүүн урд талын хэсэг газрыг “Х******* Од” ХХК-ийн захирал Л.Гэрлээ гэгч мөн дуудлага худалдаагаар авсан байдаг. Гэтэл миний эзэмшил газартаа барьсан байсан модон хашааг “Х******* Од” ХХК-ийн захирал Л.Гэрлээ нь нураан орц гарцыг хааж, миний эзэмшлийн газраас 500 м.кв газрыг өөрийн эзэмшил газартаа оруулан бетонон хашаа барьснаар гадагш зорчин явах орц, гарцгүй болгож бусдын эзэмшлийн газраар дамжиж (Сонгинохайрхан дүүрэгт байрлах Номин худалдааны төвийн агуулах) төлбөр төлж, зорчих болсон нь иргэн миний Монгол Улсын Үндсэн хуульд заасан газар эзэмших эрх болон халдашгүй чөлөөтэй байх, улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих эрхийг зөрчиж байна.
2008 онд Нийслэлийн газрын албанаас миний эзэмшиж буй газарт газар эзэмших эрхийн №0187866 дугаартай шинэчилсэн гэрчилгээг олгохдоо “Х******* Од” ХХК-ийн захирал Л.Гэрлээ нь бетонон хашаа барьсан хэсгээр буюу миний дуудлага худалдаагаар авсан 1250 м.кв газраас 500 м.кв газрыг хасч 750 м.кв газрыг эзэмшүүлэхээр, зорчих орц гарцгүйгээр олгосон бөгөөд энэ асуудлаар миний бие Нийслэл болон дүүргийн газрын албанд удаа дараа хандаж хүсэлт, гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй ба шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн тул уг эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандан энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Ийнхүү 2008 онд газрын гэрчилгээ олгох үед кадастрын зургийг гаргахдаа миний дуудлага худалдаагаар авсан хашааны зүүн талын 500 м.кв талбай бүхий газрыг бетонон хашаа барьсан “Х******* Од” ХХК-ийн захирал Л.Гэрлээгийн эзэмшлийн газрын кадастрын зурагт оруулж, цэг тэмдгийг шилжүүлэн кадастрын зургийг үндэслэлгүйгээр бодит байдлаас өөрөөр буруу хийж бидний зорчих орц гарцыг хаасан нь нэгж талбар бүр өөрийн орц гарцтай байх гэсэн зарчмыг зөрчсөн байна. Энэ нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх бүртгэх ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.
Гэтэл “Х******* Од” ХХК-ийн захирал Л.Гэрлээ нь нас барсан бөгөөд иргэн Х.Б******* миний гадагш зорчих орц, гарц, хууль ёсоор эзэмших 500 м.кв талбай бүхий газарт Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/349 дүгээр захирамжаар иргэн О.Энхбаяр, О.Х******* нарын эзэмшиж буй газарт давхцуулан эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т “Хүсэлт гаргасан нь бусдын эзэмшил, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчиж үйлдэл болжээ.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/349 дүгээр захирамжаар О.Анхбаяр, О.Х******* нарт эзэмшүүлсэн газрын давхцуулан олгосон 500 м.кв газрыг хүчингүй болгож, Төрийн өмчийн хорооны 2003 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 407 дугаар тогтоолоор анх олгосон 1250 м.кв талбайн хэмжээгээр нэхэмжлэгч Х.Б******* надад газар эзэмшүүлэх шийдвэр гарган иргэн О.А*******, О.Х******* нарын эзэмшиж буй газарт гадагш зорчих орц, гарц гаргахыг даалгаж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгч Х.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өөрчлөхдөө:
“...“Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/349 дүгээр захирамжаар иргэн О.А*******, О.Х******* нарт эзэмшүүлсэн газраас давхцуулан олгосон 500 мкв газрыг хүчингүй болгож, Төрийн өмчийн хорооны 2003 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 407 дугаар тогтоолоор анх Х.Б*******ид олгосон 1250 мкв талбайн хэмжээгээр нэхэмжлэгчид эзэмшүүлэх шийдвэр гаргуулж, О.А*******, О.Х******* нарын эзэмшиж буй газарт гадагш зорчих орц, гарц гаргахыг даалгаж, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 485 дугаар захирамжийн Л.Гэрлээ, Х.Б******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг дарга эрх мэдлээ хэтрүүлэн өөрт олгогдоогүй эрх эдэлж 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 485 дугаар захирамжаар 500 м.кв газрыг Л.Гэрлээд олгосон буруутай болохыг хүлээн зөвшөөрүүлэх” тухайн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж “ертөнцийн зүгээр Х.Б*******ийн эзэмшлийн хашааны зүүн талаас 11 метр сунгаж олгохыг, орц гарц гаргахыг хариуцагчид тус тус даалгаж өгнө үү” хэмээн өөрчилж байна” гэв.
Х.Б******* тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр тодруулахдаа:
“...тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “...ертөнцийн зүгээр Х.Б*******ийн эзэмшлийн хашааны зүүн талаас 11 метр сунгах, хариуцагчийн орц, гарц гаргах шийдвэр гаргаагүй нь хууль бус болохыг тогтоож, Х.Б*******ийн эзэмшил газрын орц, гарц гаргах шийдвэр гаргахыг хариуцагчид тус тус даалгуулах” хэмжээн тодруулж байна” гэв.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Төмөрбаатар шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд иргэн Х.Б*******ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж байгаатай холбогдуулан тайлбар гаргаж байна.
Анх 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 485 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутагт агуулахын зориулалтаар 10874 м.кв талбайг эзэмшүүлсэн, 2006 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 85 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний зориулалт өөрчлөн аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн ба 2008 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 380 дугаар захирамжаар талбайн хэмжээг нэмэгдүүлж 23311 м.кв талбай болгон 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн байна.
Иргэн Л.Гэрлээ нь 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нас барсан ба 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн өвлөх эрхийн 17 дугаар гэрчилгээгээр охин болох О.А*******, О.Х******* нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.
Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх талаар хүсэлт холбогдох баримтыг гаргасан ба Нийслэлийн Засаг дарга 2014 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн А/349 дүгээр захирамжаар О.А*******, О.Х******* нарт газар эзэмших эрх шилжүүлэн олгосон.
Улаанбаатар төмөр замын ачаа тээврийн албанаас 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 93/038 дугаар албан бичигт Улаанбаатар төмөр замын Толгойт өртөөгөөр үйлчлүүлдэг “Х******* Од” ХХК-ийн эзэмшлийн салбар төмөр зам нь Улаанбаатар төмөр замтай “Салбар замд вагон тавьж өгөх, татаж авах гэрээ”-тэй ажиллаж байгааг тодорхойлсон байдаг.
Иргэн О.А*******, О.Х******* нарт нэр шилжүүлж эзэмшүүлэхдээ талбай хэмжээг өөрчлөөгүй иргэн Х.Б*******ийн газартай давхцалгүй шийдвэрлэсэн байна.
Орц гарцын асуудлын талаар Газар эзэмших, ашиглахтай холбогдсон гомдол, маргааныг хянан дүгнэлт гаргах ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон газар зохион байгуулалт хийж шийдвэрлэх талаар үүрэг өгсөн боловч хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж гудамж төслийн хүрээнд зам хэрэгжих үед орц гарцыг шийдвэрлэх боломжтой юм.
Анх иргэн Х.Б*******ид 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 485 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгохдоо 750 м.кв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн ба газар эзэмших эрхийг 2008 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 351 дүгээр захирамжаар 15 жилийн хугацаатай сунгаж шийдвэрлэхэд талбайн хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна.
Иймд нэхэмжлэгч Х.Б*******ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв.
Нэхэмжлэгч Х.Б*******ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн болон нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Төмөрбаатар, Б.Алтансүх нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
“...Анх иргэн Х.Б*******, Л.Гэрлээ нарт Нийслэлийн Засаг даргын 2003 оны 485 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг өөрийн хүсэлтийн дагуу шийдвэрлэж газар эзэмших эрхийг баталгаажуулсан болно.
Иргэн Х.Б*******ид Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд 750 м.кв газрыг 5 жилийн хугацаатай барилгын үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмших эрх олгосон бөгөөд уг захирамжийн газар эзэмших хугацааг сунгуулах хүсэлт гаргаж улмаар Нийслэлийн Засаг даргын 2008 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 351 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаатай олгосон байдаг ба дээрх 2003 оны 485 дугаар захирамжийн үйлчлэлийн хугацаа дуусгавар болсон байна.
Иргэн Л.Гэрлээд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд 10874 м.кв газрыг 5 жилийн хугацаатай агуулахыг зориулалтаар газар эзэмших эрхийг баталгаажуулсан, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 85 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаатай сунган баталгаажуулахдаа 2003 оны 485 дугаар захирамжийн Л.Гэрлээд холбогдох заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Анх иргэн Х.Б*******ид 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 485 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгохдоо 750 м.кв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн ба газар эзэмших эрхийг 2008 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 351 дүгээр захирамжаар 15 жилийн хугацаатай сунгаж шийдвэрлэхэд талбайн хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэв.
Гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А******* шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А******* түүний өмгөөлөгч П.А нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Иргэн О.А******* миний бие Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байршилтай, 1843/0103 нэгж талбарын дугаартай, 000494775 дугаар гэрчилгээ бүхий 23311 м.кв талбайтай газрыг өөрийн төрсөн дүү О.Х*******ы хамт 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс өв залгамжлан авсан болно. Энэхүү газрыг бидний ээж Л.Гэрлээ нь Төрийн өмчийн хорооноос зарласан дуудлага худалдаанаас 2003 онд авсан ба түүнээс хойш өөрийн “Х******* Од” ХХК-н үйл ажиллагааг тасралтгүй явуулсаар 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр зуурдаар нас барсан ч өнөөдрийг хүртэл миний бие энэхүү газарт тус компаний үйл ажиллагааг явуулсаар байна.
Нийслэлийн өмчийн харилцааны газраас миний ээж Л.Гэрлээд болон өв залгамжлагч О.А*******, О.Х******* бидэнд тухайн газар эзэмшүүлэхдээ иргэн Х.Б*******ийн газартай ямар нэгэн байдлаар давхардуулан олгогдсон удаа байхгүй юм.
Манай компаний болон газар эзэмшигчдийн зүгээс иргэн Х.Б*******ийн эзэмшлийн газрын орц гарцыг хаан баригдсан зүйл байхгүй бөгөөд энэхүү газар дээр 2003 оноос эхлэн компанийн үйл ажиллагаа явагдаж байх хугацаанд манай газар талбайгаар орц гарц хийж байсан удаагүй. Иргэн Х.Б*******ийн газартай хөршлөх манай газарт төмөр замын ачилт буулгалт, ачаа тээврийн үйл ажиллагаа явагддаг бөгөөд Улаанбаатар төмөр замын Ачаа тээврийн албатай гэрээ байгуулан ажилладгийн хувьд төмөр замын ойр орчны аюулгүй байдлыг гэрээний дагуу хариуцдаг. Төмөр замын тээврийн тухай хууль дүрэмд төмөр замаас хааш хаашаа хамгийн багадаа 120 метрийг аюулгүй бүс гэж үзэх ба энэ орчмын талбайд хувийн эзэмшлийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглодог.
Иймд манай газарт ямар нэгэн орц гаргах боломж байхгүйгээс гадна иргэн Х.Б******* нь түүний өмнөх боломжит орц гарцыг хаан байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцох нь зүйтэй гэж иргэн О.А******* миний бие үзэж байна” гэв.
Гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А******* нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
“Х.Б******* газар эзэмших хүсэлтээ 0.7 га газрын хэмжээгээр гаргаж байсан атлаа өнөөдөр манай газраас авна гэсэн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Орц, гарцын хувьд манай хашаа баригдсанаас хойш Х.Б******* нь орж, гарч нэвтэрч байгаагүй.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Х.Б*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Төрийн өмчийн хорооны 2003 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 407 дугаар тогтоолоор хязгаартай дуудлага худалдааны ялагч П.Цэдэнбалжирт Барилгын цэргийн 047 дугаар ангийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай баримт маягтын барилга байгууламжийн өмчлөх эрхийг шилжүүлж, өмчлөх эрхийн 00364 дугаартай гэрчилгээг 2003 оны 7 дугаар сарын 28-ны өдөр олгосон байна.
Иргэн П.Цэдэнбалжир нь уг баримт маягтын агуулахыг Х.Б*******ид бэлэглэж, 2003 оны 8 дугаар сарын 11-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулсны дагуу Х.Б******* Нийслэлийн газрын харилцааны албанд 2003 оны 8 дугаар сарын 11-ны өдөр “Миний нагац ах Пунцаг овогтой Цэдэнбалжир нь төрийн өмчийн хорооны дуудлага худалдаагаар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Барилгын цэргийн 047 дугаар ангийн харьяанд байсан баримт маягтын агуулахыг авсан билээ. Уг баримт маягтын агуулахыг надад бэлэглэсэн тул 0.7 га газрын зөвшөөрлийг миний нэр дээр өгч миний амьдралд гүн туслалцаа үзүүлнэ үү” хэмээн өөрийн нэр дээр газар эзэмших эрх олгож өгөх хүсэлтийг гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 485 дугаар захирамжаар Х.Б*******ид Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороонд байрлалтай, 750 м.кв газрыг агуулахын зориулалтаар, 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлжээ.
Нэхэмжлэгч Х.Б******* 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн газрын албанд газар эзэмших гэрээг сунгуулах хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2008 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 351 дүгээр захирамжаар иргэн Х.Б*******ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилээр сунгаж, үйлдвэрлэлийн зориулалтаар 750 м.кв газрыг эзэмшүүлж, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0187866 дугаартай гэрчилгээг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр олгожээ.
Мөн иргэн Л.Гэрлээд Төрийн өмчийн хорооны 2003 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар тогтоолоор Барилгын цэргийн 047 дугаар ангийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай CPM №7, 8, 9, 10 агуулахын барилгын өмчлөх эрхийг шилжүүлсэн байна.
Уг тогтоолыг үндэслэн Л.Гэрлээ Нийслэлийн газрын албанд “...өмчлөгдсөн барилгын талбайн ашиглалтын заагийг харгалзан үзэж газрыг баталгаажуулж өгнө үү” хэмээн газар эзэмших хүсэлтийг 2003 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 485 дугаар захирамжаар Л.Гэрлээд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлалтай 10874 м.кв газрыг агуулахын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлжээ.
Нийслэлийн Засаг даргын 2006 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 85 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2003 оны 485 дугаар захирамжийн Л.Гэрлээд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлалтай 10874 м.кв газрын агуулахын зориулалтыг өөрчилж аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн ба Нийслэлийн Засаг даргын 2008 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 380 дугаар захирамжаар уг газрын хэмжээг нэмэгдүүлж, 23311 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 2008 оны 8 дугаар сарын 28-ны өдөр газар эзэмших эрхийн 0190432 дугаартай гэрчилгээг олгосон байна.
Л.Гэрлээ нь 2012 онд авто ослоор нас барсны дараа 2013 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших газрын эзэмших эрхийг О.Х*******. О.А******* нарт өвлүүлж, өвлөх эрхийн 17 дугаартай гэрчилгээг олгосныг үндэслэн гуравдагч этгээд О.А*******, О.Х******* нар Нийслэлийн өмчийн харилцааны газарт “...Л.Гэрлээгийн хууль ёсны өв залгамжлагчид болсон ба ээж маань нас барсан тул 0190432 гэрчилгээний дугаартай газрын эзэмших эрхийг бидний нэр дээр шилжүүлж өгнө үү” хэмээн өөрсдийн нэр дээр газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/349 дүгээр захирамжаар О.Х*******, О.А******* нарт Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай 23311 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 494775 дугаартай гэрчилгээг 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр олгожээ.
Нэхэмжлэгч Х.Б*******ийн “...ертөнцийн зүгээр Х.Б*******ийн эзэмшлийн хашааны зүүн талаас 11 метр сунгахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Х.Б******* 2003 оноос 750 м.кв газрыг эзэмшиж байсан /өөрийн гараар бичсэн хүсэлт, газар эзэмших эрхийн гэрчилгээ г.м/ бөгөөд тухайн газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг холбогдох эрх бүхий албан тушаалтанд гаргаж байгаагүй талаар шүүх хуралдаанд тайлбарласнаас үзвэл 11 метр газрыг О.А*******, О.Х******* нарын эзэмшиж буй 23311 м.кв газартай давхцуулан эзэмшүүлэх үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасны дагуу бусдын эзэмшиж буй газраас өөрт газар эзэмшүүлэхийг шүүхээр шийдвэрлүүлэх үндэслэлгүй, нэхэмжлэгч Х.Б*******ийн одоо эзэмшиж буй газар нь гуравдагч этгээд нарын газартай давхцаагүй болох нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2015 оны 1/772 дугаар албан бичиг, түүний хавсралт болон хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “эзэмшлийн хашааны зүүн талаас 11 метр сунгахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
“...Х.Б*******ийн эзэмшил газрын орц, гарцыг гаргасан шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Дээр дурдсанаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар 2003 оны Төрийн өмчийн хорооны тогтоолын дагуу агуулахын барилгуудыг өмчилж аван, уг үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу эзэмших эрхтэй болсон бөгөөд гуравдагч этгээдийн эзэмшиж байсан 10874 м.кв газрын хэмжээг хариуцагч 2008 онд 23311 м.кв болгон ертөнцийн зүгээр урагшаа нэмэгдүүлж эзэмшүүлэхдээ Х.Б*******ийн эзэмшил газрын орц гарцыг хааж эзэмшүүлсэн нь баримтаар нотлогдож байна гэж үзэв.
Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас 1/772 дугаар албан бичгээр ирүүлсэн “Нийслэлийн 2006-2015 оны газрын кадастрын мэдээллийн сангийн зургийг 2002, 2007, 2010-2013 оны агаарын болон сансрын зурагтай давхцуулсан зураг, шүүхээс хийсэн газрын үзлэг зэргээс үзвэл ертөнцийн зүгээр зүүнээс баруун тал руу автомашинаар зорчин очиход гуравдагч этгээд нарын эзэмшил газрын блокон хашааны цоожтой хаалганы үүдэнд тулж очин автомашины зам дуусах бөгөөд цааш нэвтрэх боломжгүй, урдуураа төмөр замтай газар байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Х.Б*******ийн эзэмшиж буй 750 м.кв газар гуравдагч этгээд нарын эзэмшил газрын баруун талд залгаа орших бөгөөд нэхэмжлэгчийн баруун талд мөн өөр аж ахуйн нэгж буюу “Номинреалтор ХХК” нь төмөр замын ард талын залгаа газрыг /өмнө нь Улаанбаатар импекс ХХК/ Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу эзэмшиж байгаа, түүнчлэн хойд талын газар мөн хашаатай бусдын эзэмшил газарт хамаарч байгаа захирамж, кадастрын зураг, агаарын зургаар тус тус нэхэмжлэгчийн орц, гарц хаагдсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн “... хашаандаа машинтай очих, гарах боломжгүй, баруун талаас бусад этгээдийн газраар дамжин хүрдэг” гэх тайлбар үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгч Х.Б******* нь Нийслэлийн Засаг даргад удаа дараа хандаж, газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглан өөрийн мэдэлд байлгахад шаардлагатай орц, гарц гаргуулахаар хандахад бодит байдал дээр шийдвэрлээгүй талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгаа нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасан газар эзэмшигчийн эрхийг зөрчсөн үйлдэл болжээ.
Нийслэлийн өмчийн харилцааны газраас Х.Б*******ид өгсөн 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 5/2425 дугаартай хариу, 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 5/3273 дугаар Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны албанд хүргүүлсэн “...иргэн Х.Б******* ор, гарц гаргуулах тухай хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад ирүүлсэн, ... дээрх зөрчлийг арилган хариу ирүүлнэ үү” гэх албан бичиг, 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 5/6075 дугаар О.А*******, О.Х******* нарт хүргүүлсэн “орц, гарцны асуудлаа шийдвэрлэн гэрээний үүргээ биелүүлэх” тухай албан бичгийг тус тус хүргүүлж байсан байна.
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт “Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/810 дугаар захирамжаар Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатаар ахлуулсан “Газар эзэмших, ашиглахтай холбогдсон гомдол, маргааныг хянан дүгнэлт гаргах ажлын хэсэг” байгуулагдан 10 дугаар сарын 14-ний өдөр ажлын хэсэг хуралдсан бөгөөд уг хурлаас иргэн Х.Б*******, О.А*******, О.Х******* нарын орц, гарцны асуудлыг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийж шийдвэрлэх талаар үүрэг өгсөн. Иймд маргаан бүхий иргэдийн эзэмшиж буй газрын зам талбай, орц гарц хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд хэрхэн тусгагдсан болон тусгах боломжтой эсэх талаарх мэдээллийг гаргаж өгнө үү” хэмээн Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5/8768 дугаар албан бичгээр хандаж байсан зэргээс үзвэл Х.Б*******ийн орц, гарц хаагдсаныг хүлээн зөвшөөрч, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгахаар албан бичгийг хүргүүлж байсан боловч хариуцагч бодитоор ямар нэгэн арга хэмжээ авалгүй нэхэмжлэгчийн газраа эзэмших эрхийг зөрчин, орц гарцыг шийдвэрлээгүй нь хууль бус үйлдэл болжээ.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл, гомдлын дагуу орц, гарц гаргах шийдвэр гаргаагүй нь хууль бус бөгөөд үүний улмаас нэхэмжлэгч Х.Б*******ийн газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх тул эзэмшил газрын орц, гарцыг гаргасан шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.1-д тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Б*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган хариуцагч Нийслэлийн Засаг дарга Х.Б*******ийн гаргасан өргөдөл, гомдлын дагуу орц, гарц гаргах шийдвэр гаргаагүй нь хууль бус болохыг тогтоон, Х.Б*******ийн эзэмшил газрын орц, гарцыг гаргасан шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг “...ертөнцийн зүгээр Х.Б*******ийн эзэмшлийн хашааны зүүн талаас 11 метр сунгахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Х.Б*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА