Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2018/0030

 

 

2018 оны 01 сарын 10 өдөр           

Дугаар 221/МА2018/0030

Улаанбаатар хот

Н.Г-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч Н.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 788 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын дагуу Н.Г-ийн нэхэмжлэлтэй, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргад холбогдох захиргааны хэрийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар 27.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” А/81 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын Н.Г-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мөн тушаалын 2 дугаар хавсралтын Н.Г-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Цаг уур, орчны шинжилгээний газрын Удирдлага, төлөвлөлт, санхүү, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгаж, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/61 дүгээр тушаалыг хүчингүй болгожээ.

Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг заасныг тус тус баримтлан хууль бусаар албан тушаал бууруулсан цалингийн зөрүү 1,006,826 /нэг сая зургаан мянга найман зуун хорин зургаа/ төгрөг, ажлаас халагдсанаас хойшхи ажилгүй байсан хугацааны цалинд 5,297,021 /таван сая хоёр зуун ерэн долоо мянга хорин нэг/ төгрөгийг хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргуулж, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар: Цаг уур, орчны шинжилгээний газрын 2016 оны 09 сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” А/81 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтын Н.Г-т холбогдох хэсгийг хүчингүй болгосон тухайд:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг буюу 10 дахь талд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт нь төрийн албан хаагчийн орон тоо нь хасагдсан буюу огт байхгүй болсон тохиолдолд захиргааны санаачлагаар албан тушаалаас нь бууруулах зохицуулалт биш бөгөөд “...цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжүүлэх, дахин мэргэшүүлэх, нэг удаагийн тэтгэлэг олгох зэргээр төрийн албан хаагчид эдлүүлэх баталгааг олгосон зохицуулалт гэж ойлгохоор байна” өөрөөр хэлбэл хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга 2016 оны 09 сарын 08-ны өдрийн А/81 тушаалын 2 дугаар хавсралтын Н.Г-т холбогдох хэсэгт баримталсан хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, эрх зүйн зөрчилтэй актыг гаргасан байна гэжээ. Хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу “... хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байр”-аар хангаж улмаар тухайн албан тушаалын чиг уургийн дагуу мэргэшуулэх зорилгоор өөрт нь зориулж, 3 сарын хугацаатай дадлагажуулах хетелбер гарган хэрэгжуулж, тууний цаашнд ажиллах баталгааг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч нь 2017 оны 05 сарын 04-ний өдөр өнөөдөр хүртэл ажил үүргээ гүйцэтгэж байна.

Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай “Улсын дээд шүхийн 2010 оны 08 тогтоолд: “ ...мөн зүйлийн 27.2.4-т заасан “...орон тоо хасагдсан ...” гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2006 оны 33 тогтоолын 15.1.1-д зааснаар ойлгоно” гэжээ. Гэтэл анхан шатны шүүх хууль болон тогтоолд зааснаас өөрөер тайлбарлан хэрэглэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-д заасан хуулийг буруу хэрэглэсэн алдаа гэж үзэж байна. Мөн А/81 тушаал нь 1, 2 гэсэн хавсралттайгаар гарсан. 2 дахь хавсралт эрх зүйн зөрчилтэй гэж шүүх дүгнээд байгаа юм уу, аль эсхүл А/81 тушаалыг эрх зүйн зөрчилтэй акт гэд дүгнээд байгаагийн аль нь болох нь тодорхойгүй ойлгомжгүй байдлаар дүгнэж хэргийг шийдвэрлэсэн.

Цаг уур, орчны шинжилгээний газрын Удирдлага төлөвлөлт, санхүү хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгасан тухайд:

Н.Г нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д заасны дагуу батлагдсан “Удирдлага төлөвлөлт, санхүү хамтын ажиллагааны хэлтсийн даргын ажлын байрны тодорохойлолтод заасан албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлэхэд мэргэжил, мэргэшилийн хувьд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа түүнийг шууд болон шалгаруулан трмилох хуульд заасан зохицуулалтыг зөрчин ажиллаж байгаагүй, томилогдоогүй ажил албан тушаалд хууль бус томилгоо хийлгэхээр даалгаж шийдвэрлэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 05 сарын 04-ний өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/61 тушаалыг хүчингүй болгосон тухайд:

Анхан шатны шүүх “хариуцагчаас гаргасан зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэн эсэхийг харгалзан үзэхгүйгээр халсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна”, “...Н.Г-ийг Цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтнээр томилсон шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд маргаж байх хугацаанд сахилгын шийтгэл оногдуулан нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашгийг хөндсөн шинэ захиргааны акт гаргасан нь буруу байна” гэж дүгнэжээ. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зуйлийн 34.2-д заасны дагуу үнэлж чадаагүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлж улмаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байна.

Н.Г-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 43.3, 107 дугаар зүйлийн 107.4, 107.5, Төрийн албаны хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, "Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай" хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 8 дугаар зүйлийн 8.3, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3 дахь заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 30-ны өдрийн 788 дугаартай шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д зааснаар хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Н.Г-оос “Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” А/81 дүгээр тушаалын Н.Г-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсантай адил албан тушаал болох Цаг уур, орчны шинжилгээний газрын Удирдлага, төлөвлөлт, санхүү, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгах, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/61 дүгээр тушаалыг хүчингүй болгож, хууль бусаар албан тушаал бууруулсан цалингийн зөрүү болон ажлаас халагдсанаас хойших ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

1. Цаг уур, орчны шинжилгээний газрын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан тус газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/81 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар нэр бүхий албан хаагчдыг албан тушаалаас нь чөлөөлөхөд Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байсан[1] Н.Г багтжээ. Мөн тушаалын 2 дугаар хавсралтаар албан хаагчдыг албан тушаалд томилоход нэхэмжлэгчийг албан тушаал бууруулж тус газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтний[2] албан тушаалд томилсон байна.

Хариуцагчаас нэхэмжлэгчийг албан тушаал бууруулсан үндэслэлээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай” А/32 дугаар тушаал, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/81 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн өмнө ажиллаж байсан Захиргаа хамтын ажиллагааны хэлтэс нь Удирдлага төлөвлөлт, санхүү, хамтын ажиллагааны хэлтэс болсон бөгөөд уг хэлтсийн даргын албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлэхэд Н.Г нь мэргэжил, мэргэшлийн хувьд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг үндэслэн төрийн албан хаагчийн баталгааг хангаж өөр ажил албан тушаалд шилжүүлсэн гэж маргадаг.

Цаг уур, орчны шинжилгээний газрын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/81 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар уг агентлагийн шинээр батлагдсан бүтцэд нийт албан хаагчдыг шилжүүлэн ажиллуулахын тулд бусад албан хаагчтай хамт нэхэмжлэгч Н.Г-ийг чөлөөлсөн байх тул уг актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг шүүх хууль болон тогтоолд зааснаас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн гэх боловч нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь шинээр бий болсон Удирдлага, төлөвлөлт, санхүү, хамтын ажиллагааны хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт болон тус агентлагийн үйл ажиллагааны стратеги зэрэг баримтад агуулгын хувьд хэвээр хадгалагдан үлдсэн, уг ажлын байрны чиг үүрэг нь нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг дээр санхүүгийн чиг үүрэг нэмэгдсэн байгаагаас дүгнэвэл нэхэмжлэгчийн ажлын байрны бүтэц (чиг үүрэг) хасагдсан гэж үзэх үндэслэл биш юм. Тухайн чиг үүргийг хэрэгжүүлж буй албан тушаалын ажлын байр хариуцагч байгууллагын зохион байгуулалтын бүтцээс хасагдаагүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар албан тушаалын орон тоо хасагдсан гэж үзэхгүй харин зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн байна.  

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдсан үлдсэн бол түүнийг өөрийнх нь өмнө эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг шилжсэн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар зохицуулсан байхад хариуцагчаас нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн Удирдлага, төлөвлөлт, санхүү, хамтын ажиллагааны хэлтсийн даргад томилолгүй өмнө нь тус газарт ажиллаж байгаагүй албан хаагчийг томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан төрийн албан мэргэшсэн, тогтвортой байх зарчимд нийцээгүй байна.  

2. Хариуцагчаас 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/61 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан тухайд:

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь нотлогдоогүй, нэхэмжлэгчийг Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалд томилсон шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд маргаж байх хугацаанд сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу байна.

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 788 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                     Ц.ЦОГТ