| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2024/00191/и |
| Дугаар | 150/шш2024/00220 |
| Огноо | 2024-12-11 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 150/шш2024/00220
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч * аймгийн * сумын *-р багт оршин суух, * овогт * /РД:*/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *аймгийн * сумын *-р баг хаягт байрлах, *д холбогдох,
*д холбогдох Сэлэнгэ аймгийн Сайхан сумын * даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/* дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эргүүлэн тогтоолгох, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын шимтгэлийг тооцуулж, нөхөн төлүүлэх, олгогдоогүй эмнэлгийн хуудсаар олгох тэтгэмжийг тооцуулж, олгуулах, Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу олгодог 3 жилийн тэтгэмжид нөхөн хамруулахыг даалгуулах тухай маргаантай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч */цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү /ҮД:0966/, хариуцагч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч * шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...* би Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийг үндэслэн ажлаас үндэслэлгүй халагдсан, үүний улмаас Эрүүл мэндийн салбарт тасралтгүй ажилласан хугацаа тасалдсаны улмаас Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу 2024 онд авах байсан төрийн үйлчилгээний ажилтанд олгодог тэтгэмжээс хасагдсан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй хохирч байгаа тул өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гомдлоо * сумын маргаан таслах гурван талт хороонд 2024 оны 7 дугаар сарын 29-ны өдөр гаргасан юм. Гэтэл надад 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 02 /115 дугаартай албан тоотоор тус суманд хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй гэсэн шалтгаанаар гомдлыг шүүхээр шийдвэрлэж өгнө үү гэсэн утга бүхий албан тоотыг нэхэл дагал болгож, шаардуулж байж өгсөн тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.
Би * онд АШУИС төгсөж * их эмчээр томилогдон ирснээс хойш эрүүл мэндийн байгууллагад их эмчээр тасралтгүй ажилласан. Хэсэг хугацаанд өөр аймагт ажиллаж байгаад *аа эргэн ирж, *эмнэлэгт их эмч, ерөнхий эмч, эмчээр 2015 оноос эхлэн 2022 онуудад ажилласан. 2022 оны 7 сарын 28-нд Солонгос улс руу явах болсон тул *аас албан ёсоор 9 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаагаар чөлөө авч явсан. Солонгос улсад очоод биеийн эрүүл мэнд гэнэт муудсан ба үзлэг оношилгоо хийлгэхэд хөхний хорт хавдраар өвчилсөн байсан тул Монголдоо ирж * болон *д яаралтай хагалгаанд орж хагалгааны дараа 8 удаагийн хими, 25 удаагийн туяа, шарлага эмчилгээ хийлгэж, эмнэлгийн магадалгаатай байсан. Энэ талаар *, Хүний нөөцийн ажилтан нарт танилцуулсан. Гэтэл намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 80дугаар зүйлийн 80.1.4 заалтыг үндэслэн захиргааны санаачилгаар хууль зөрчин ажлаас халсан тул шүүхэд хандаж байна. Миний хувьд хагалгаанд орсны дараа амбулаториор болон хэвтэж эмчлүүлсэн эмнэлгийн хуудсыг ХСҮТ-өөс*-д цахимаар илгээсэн. Энэ талаар мөн * утсаар хэлж мэдэгдэж байсан болно. * нь намайг сүүлийн 3 сарын хугацаанд ажиллаагүй учир лист олгохгүй гэсэн учир би хувиараа Нийгмийн даатгалаа төлсөн үүний үр дүнд Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгох эрх 2023 оны 5 сард нээгдсэн. Би ХМК шийдвэрээр хөдөлмөрийн чадвараа алдалтаа тогтоолгосон энэ хугацаанд ч ажлын байр хадгалагдаж, боломжтой тохиолдолд хөнгөн ажлын байраар хангах хуулийн зохицуулалттай байдаг Би сар бүр эмнэлгийн болон эмчилгээний материалаа, актаа явуулж 6 сар буюу 180 хоногийн актаа сунгуулж байсан. Миний 180 хоногийн актыг Хөтөлийн эрүүл мэндийн төвөөс баталгаажуулан олгож байсан Би ** нарт эмнэлгийн бичиг баримт карт материалаа явуулж актаа хугацаанд нь 30, 30 хоногоор сунгуулж байсан. 2022 оны 9 сард хагалгаанд орсноос хойш 2024 оны 02 сарын 15 хүртэл тасралтгүй эмнэлгийн хяналтад эмчилгээ хийлгэж байсан. Гэтэл намайг өвчний учир эмнэлгийн магадалгаатай /акттай /байх хугацаанд буюу 2022 оны 10 сарын 21-ны өдөр 6/ 84 дугаартай тушаал гарган Хөдөлмөрийн тухай хуулийн 60.1.2 дугаар зүйлийг зөрчин хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан байна. / ХЧА хувь ч тогтоолгоогүй байхад/ Надад ажлаас халах талаар урьдчилж мэдэгдээгүй халагдсан тушаалыг ч надад танилцуулаагүй гардуулж өгөөгүй учир гомдолтой байна.
Намайг хууль зөрчин ажлаас халснаар Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу 3 жил тутамд олгодог тэтгэмж авах эрх ч мөн зөрчигдсөн. Би ажлаас халагдсан болохоо тэтгэмжид хамрагдахаар 2024 оны 5 дугаар сард материал бүрдүүлж өгөх үедээ л мэдсэн. Намайг ажлаас халснаар миний *т ажилласан хугацаа тасарч байна. Би тушаалаа гардаж авъя гэж өөрөө шаардаж байж энэ оны 7 сарын 4-ны өдөр шуудангаар илгээснийг мөн сарын 10-ны өдөр хүлээн аваад Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 т заасан хуулийн хугацаанд буюу 30 хоногт багтаан гомдлоо * сумын ХМЗ гурван талт хороонд хуулийн хугацаандаа гаргасан болно.
Намайг ажлаас халах тушаал гаргасан 2022 оны 10 сарын 21-нд би хагалгааны дараах хими туяа эмчилгээ хийлгэж эмнэлгийн магадалгаатай байсан болохоор ажлын байр хэвээр хадгалагдах хугацаанд /хөдөлмөрийн чадвар алдалтын хувь ч тогтоолгоогүй байсан/ намайг ажлаас үндэслэлгүй халсан тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гомдол гаргаж байна.
Иймд намайг өвчтэй эмчийн магадалгаатай байх хугацаанд мэдсээр байж Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дах заалтуудыг зөрчин үндэслэлгүйгээр ажлаас халсан ЭМТ-ийн даргын 2022 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн Б/84 дугаартай тушаалыг хүчингүйд тооцон, ажилд эргүүлэн тогтоож, Эрүүл мэнд Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, олгогдоогүй эмнэлгийн хуудсаар олгох тэтгэмжийг олгуулж, Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу олгодог 3 жилийн тэтгэмжид нөхөн хамруулахыг Сайхан сумын ЭМТөвд даалгаж, миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч *шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагуудыг бүгдийг нь хүлээн зөвшөөрч байна..., * даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/84 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эргүүлэн тогтоолгож, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын шимтгэлийг тооцуулж, нөхөн төлүүлэх, олгогдоогүй эмнэлгийн хуудсаар олгох тэтгэмжийг тооцуулж, олгуулах, Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу олгодог 3 жилийн тэтгэмжид нөхөн хамруулахыг даалгуулах энэ бүх шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Дээрх шаардлагыг 2025 оны 1 дүгээр сарын 20-ны дотор биелүүлнэ...” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлголоо хэлэх зүйлгүй...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч * нь *д холбогдуулан *даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/84 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулж ажилд эргүүлэн тогтоолгох, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын шимтгэлийг тооцуулж, нөхөн төлүүлэх, олгогдоогүй эмнэлгийн хуудсаар олгох тэтгэмжийг тооцуулж, олгуулах, Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу олгодог 3 жилийн тэтгэмжид нөхөн хамруулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон.
Шүүх хуралдаанд хариуцагч * шүүхэд бичгээр гаргаж өгсөн тайлбартаа:
Нэхэмжлэгч *ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Үүнд:
-2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/84 тоот тушаалыг хүчингүйд тооцуулах,
-Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцуулж олгуулах,
-Олгогдоогүй эмнэлэгийн хуудсаар олгох тэтгэмжийг тооцуулж олгох,
-Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу олгодог 3 жилийн тэтгэмжид тооцож олгуулах, нөхөн хамруулах асуудлыг шийдвэрлүүлэх гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна
Дээрх шаардлагыг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны дотор биелүүлнэ...” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар “...нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана...” гэж хуульчилжээ.
Шүүх хуралдааны шатанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч “...2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/84 тоот тушаалыг хүчингүйд тооцно, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцуулж олгох, эрүүл мэндийн тухай хуулийн дагуу олгодог 3 жилийн тэтгэмжид тооцож олгуулах, нөхөн хамруулах асуудлыг шийдвэрлүүлэх, олгогдоогүй эмнэлгийн хуудсаар олгох тэтгэмжийг тооцуулж олгуулах, дээрх шаардлагыг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны дотор биелүүлнэ...” гэсэн хариуцагчийн тайлбараар нотлогдож байна.
Иймд шүүх *ийн нэхэмжлэлтэй, хариуцагч * даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/84 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулж ажилд эргүүлэн тогтоолгох, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын шимтгэлийг тооцуулж, нөхөн төлүүлэх, олгогдоогүй эмнэлгийн хуудсаар олгох тэтгэмжийг тооцуулж, олгуулах, Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу олгодог 3 жилийн тэтгэмжид нөхөн хамруулахыг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар шүүх хуралдааны шатанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч *өөс 35,100 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон:
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч *ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/84 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулж ажилд эргүүлэн тогтоолгох, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын шимтгэлийг тооцуулж, нөхөн төлүүлэх, олгогдоогүй эмнэлгийн хуудсаар олгох тэтгэмжийг тооцуулж, олгуулах, Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу олгодог 3 жилийн тэтгэмжид нөхөн хамруулахыг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар шүүх хуралдааны шатанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч Сайхан сум дахь эрүүл мэндийн төвөөс 35,100 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч *нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ шүүхийн тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН