| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2024/00232/и |
| Дугаар | 150/шш2024/00222 |
| Огноо | 2024-12-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 150/шш2024/00222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сэлэнгэ аймгийн сум, *р баг,* тоотод оршин суух хаягтай, *овогт * /РД:*/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч * нь шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие *тай 2023 оны 06 сараас хамтран амьдраад, ханилан сууя гээд дундаасаа хүүхэд маань хүртэл төрсөн. 2024 оны 07 дугаар сарын 10-нд Сэлэнгэ аймагт очиж төрж, хүүхэд маань дутуу төрснөөс болж 02 сар гаруй сэхээн амьдрах тасагт байж байгаад Улаанбаатар хотын Эх нялхас руу шилжсэн.Тэгээд 2024 оны 09 дүгээр сарын 12-ний өдөр Улаанбаатар хотод эх нялхсаар бие нь дээрдээд гарсан байдаг. Төрснөөс хойш 2 удаа л над дээр ирсэн. Эмнэлгээс гараад Улаанбаатар хотын Эх нялхас руу хүүхдээ хүргэж өгөөд мөнгө төгрөг олж ирье гээд л таг чиг алга болчихсон, ямар ч холбоо байхгүй. 2024 оны 09 дүгээр сарын 22-ний өдөр санаандгүй байдлаар * хороололд ногоогоо авах гэж яваад эгчийнх нь гадаа таньдаг машин байхаар нь яваад очсон чинь найзтайгаа, 2 хүүхэнтэй дөрвүүлээ сууж байхаар нь би хүүхэд чинь эмнэлгээс гараад ирчихсэн амьсгалын дутагдалтай асуудалтай байна. Чи яагаад гэр орондоо, хүүхэд дээрээ ирэхгүй байгаа юм бэ гэхэд одоо би очно оо гэхээр нь маргалдсаар байгаад гэртээ авчраад хүчээр шахуу 3 хоног байлгаж байгаад хоол, хүнс бэлдээд ирье гээд явсан тэгээд бас л байхгүй. Ээж, аав, эгч нараас нь хаана байгаа талаар болон ямар утсаар холбогдох талаар асуухаар мэдэхгүй гээд огт хэлдэггүй. Би аргаа барсандаа таны хүүхдийг шүүхэд эрэн сурвалжлуулж олуулахаар хүсэлт гаргасан гэдгээ гэрийнхэнд нь хэлсэн байсан. Тэгтэл 2024 оны 12 дугаар сарын 10-ний өдөр над дээр ирж уулзаад хоночхоод салахгүй гэж хэлээд маргааш нь яваад одоо ямар ч холбоогүй алга болсон. *ыг эрэн сурвалжилж, оршин сугаа газрыг нь тогтоож өгнө үү..” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч * нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргажээ.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасны дагуу хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хүсэлт гаргагч * нь “*тай 2023 оны 06 сараас хамтран амьдраад, 2024 оны 07 дугаар сарын 10-нд охин * төрсөн ба төрснөөс хойш 2 удаа ирсэн бөгөөд тэрнээс хойш мөнгө төгрөг олж ирнэ гээд алга болсон. * нь хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү. Үр хүүхдийн өмнө хариуцлага хүлээлгэмээр байна... гэх тайлбарыг гаргажээ.
* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь * оны * дүгээр сарын *-ний өдрийн * дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,
20* оны * дугаар сарын *-нд төрсөн охин *ын төрсний гэрчилгээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд * нь Сэлэнгэ аймаг * сум * гэх газар оршин сууж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байх ба одоо хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байна.
Хүсэлт гаргагч *гийн тайлбарт дурдсанаар * овгийн *ийн * нь (РД:*) регистрийн дугаартай гэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Иймд хүсэлт гаргагч *гийн шүүхэд гаргасан хүсэлт үндэслэлтэй тул “*ыг эрэн сурвалжилж өгнө үү” гэх хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * овгийн *ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН