Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 150/шш2024/00226

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

     Хүсэлт гаргагч: * аймгийн * сумын *-р багт оршин суух, * овогт * /РД:*/-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

 

     Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *, гэрч *, гэрч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Би 1972 оны 6 сарын 9-нд төрсөн. Миний бие нь Увс аймгийн Тариалан сумын * нэгдэлд мал маллаж байгаад 1992-1993 оны хооронд өөр ХХК-д шилжсэний улмаас тэтгэврээ тогтоолгож чадахгүй байдалд хүрээд байна. Увс аймгийн Тариалан сумын * нэгдэл 1992.04.1-ний өдрөөс 258 малчны * ХХК-д шилжүүлсэн. Одоо үйл ажиллагаа явуулдаггүй. Увс аймгийн архиваас тухайн үетэй холбоотой бичиг баримт олдохгүй байна. Иймд намайг Увс аймгийн Тариалан сумын Алтан тээл ХХК-д 1 жил 8 сарын хугацааг сэргээн тогтоож өгнө үү...” гэжээ.

 

Хүсэлт гаргагч * шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Малчнаар 50 настай тэтгэвэрт орохоор  сумын нийгмийн даатгалын байцаагчид хандсан боловч 2 жил дутаад энэ оны 7 сард 2 жил нь болсон. 7 сард нийгмийн даатгалын байцаагч бичиг баримтуудыг бүгдийг нь аваад тэтгэврээ хүлээж байсан. 9 сард тэтгэвэр орохгүй болохоор нь асуусан аймгаас тушаал авч ир гэхээр нь аваачиж өгсөн. 10 дугаар сард мөн тэтгэвэр ороогүй. Дахиж залгаад асуусан таны 1992 оны 04 сараас 1993 оны хооронд * нэгдлээс * компанид шилжсэн тушаалаа авах хэрэгтэй байна гэж хэлсэн. Намайг Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчин байхад  1992 оны 4 сараас эхлээд Туяа нэгдлийг 2 баг болгоод Алтантээл компани руу шилжүүлсэн. Тэр хоорондох тушаалыг авч ирэх гэсэн Увс аймгаас тушаал гарч ирээгүй. Тэр тушаал гарч ирэхгүй болохоор шүүхэд хандсан юм...” гэв.

 

Хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч * нь ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргагчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

 

Хүсэлт гаргагч* нь 1992 оны 04 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Увс аймгийн Тариалан сумын Алтантээл компанид хоньчноор ажиллаж байсан болох нь:

 

Шүүх хуралдаанд:

 

Гэрч *ын өгсөн: “...Би 1990 оноос эхлээд *тай хамт ажиллаж эхэлсэн. Увс аймгийн Тариалан сумын * нэгдэлд хамт ажиллаж байгаад 1992 оны 4 сараас *компанид шилжсэн. Өмнө нь * нэгдэлд малчнаар ажиллаж байсан...” гэв.

 

Гэрч *ийн өгсөн: “...Би*тай 1993 онд *аймгийн * сумын 1 дүгээр бригадад айл гэр болсон малчин хүмүүс. 1997 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд шилжиж ирсэн. * 1992 оны 04 сард * компани руу шилжсэн. Өмнө нь бид 2 хамт нэг бригадад ажиллаж байсан тул бие биеэ мэддэг байсан...” гэв.

 

- Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 372 дугаартай цалингийн тодорхойлолт /хх-ийн 7-р хуудас/,

- Увс аймаг Тариалан сумын * нэгдлийн ерөнхий хорооны даргын 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 110 дугаартай “Ажлаас чөлөөлж өөр байгууллагад шилжүүлэх тухай” тушаал /хх-ийн 10-12-р хуудас/,

- 1991 оны малын хөдөлгөөний бүртгэл /хх-ийн 8-р хуудас/,

- 1992 оны цалингийн хүснэгт /хх-ийн 9-р хуудас/,

- Хүсэлт гаргагчийн 1991 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 62-64-р хуудас/,

- Гэрч *ийн 1992 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 59-60-р хуудас/,

- Гэрч *ын 1991 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 57-р хуудас/ хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

1994 он, 1995 оны Увс аймгийн Архивын тасгаас малчинд олгох малын тооны лавлагаа /хх-ийн 14-19-р хуудас/, мал тооллогын баримтууд /хх-20-33 хуудас/  нь * овогтой *ийн ажилласан байдалтай холбоотой баримтууд байх тул хэрэгт хамааралтай гэж үзэх үндэслэлгүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнээгүй болно.

 

Хүсэлт гаргагч *гийн ажилд томилогдсон тушаал нь байхгүй буюу гаргаж өгөх боломжгүй байгаа ч гэрчийн мэдүүлэг, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн бичилт, өөр байгууллагад шилжүүлсэн тушаал, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн тодорхойлолт зэргийг үндэслэхэд ажиллаж байсан байдал нь нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *гийн ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

            Дээрх байдлуудыг дүгнээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *гийн Увс аймгийн Тариалан сумын * компанид 1992 оны 04 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч *гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар * овгийн*  /РД:*/-г Увс аймгийн Тариалан сумын * компанид 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг  хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч *гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ДЭЛГЭРСАЙХАН