| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2017/0866/Э |
| Дугаар | 25 |
| Огноо | 2017-12-25 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,
нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
улсын яллагч Н.Анхбаяр,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Сүрэнхорлоо, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо,
шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Цид холбогдох 2017 2400 0379 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо ГАБ 4 дүгээр гудамж 6 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Бүргэдэй овогт Б.Ц.
/Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.Ц нь 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 12 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачууртын замд Хүлэмжийн буудал дээр 96-62 УНУ улсын дугаартай Нуundai HD-270 /миксер/ маркийн автомашин жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан.."явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө"... гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 7 настай Б.Содномгалсанг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр хэргээ ярьсан учир одоо нэмж ярих зүйлгүй.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Сүрэнхорлоо мэдүүлэхдээ: “Би маш их гомдолтой байна. Миний хүүгийн эмчилгээний зардалд нийт 24 сая төгрөгийн зардал гарсан. Энэ мөнгөө нэхэмжилж авмаар байна.” гэв.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 7126 дугаартай шинжилгээ /1хх-57/, замын цагдаагийн албаны шинжээчийн 329 дугаартай дүгнэлт /1хх-65-66/, насанд хүрээгүй гэрч С.Ган-Өлзийгийн өгсөн мэдүүлэг /1хх-33/, гэрч Ц.Баяржаргалын өгсөн мэдүүлэг /1хх-35/, гэрч М.Энх-Амгалангийн өгсөн мэдүүлэг /1хх-37/, шүүгдэгч Б.Цийн өгсөн тайлбар /1хх-23/, Баянзүрх дүүргийн 85 дугаар дунд сургуулийн тодорхойлолт /1хх-32/, гэрч Б.Мөнхтөрийн өгсөн мэдүүлэг /1хх-42/, гэрч Б.Мөнхтөрийн өгсөн мэдүүлэг /1хх-44/, Б.Мөнхтөрийн оршин суугаа газрын тодорхойлолт /1хх-48/, “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн эмнэлгийн тодорхойлолт, эмчилгээ, хяналтын төлөвлөгөө /1хх-105-107/, өвчний түүх /1хх-109-121/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1хх-136/, хохирлын баримтууд /1хх-142-162/, Б.Цаас хохирогч Б.Содномгалсанд төлсөн эмчилгээний зардлын баримтын тооцоо /1хх-163-166/, Б.Содномгалсангийн өвөр Монголын анагаах ухааны их сургуулийн харъяа эмнэлэгт эмчлүүлж буй эмчилгээ болон холбогдох бусад зардлын баримтын жагсаалт /1хх-179-218/, Б.Содномгалсангийн эмчилгээний болон Хятад улс руу явсан зардлын баримтын жагсаалт /1хх-223-250/, Б.Цийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх-13-14/, “Бат бэх ремикон” ХХК-ний тодорхойлолт /2хх-24/, шүүгдэгч Б.Цийн ял шалгах хуудас /2хх-16/, шинээр хохирол нэхэмжилсэн баримт 9 хуудас, гэрэл зургийн үзүүлэлт 6 ширхэг зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ц нь 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 12 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачууртын замд Хүлэмжийн буудал дээр “96-62 УНУ” улсын дугаартай Нуundai HD-270 /миксер/ маркийн автомашин жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан.."явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө"... гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 7 настай Б.Содномгалсанг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сүрэнхорлоогийн өгсөн “...2017 оны 5 дугаар сарын 23-ны 12 цаг 35 минутанд манай 2 хүүхэд Б.Ган-Өлзий, Б.Содномгалсан хоёр гэрээсээ гараад хичээлтэй гээд явсан юм. Өдөр 12 цаг 50 минутын орчим том ах нь уйлаад “дүү машинд мөргүүлчихлээ” гэсэн. Тэгээд би осол болсон газар гүйж очиход миний хүү замын хажууд цүнхийг нь дэрлүүлчихсэн цус нь гоожчихсон хэвтэж байсан. Би хүүхдээ хараад 2 цаг гаран шоконд орчихсон. Тэгээд тухайн үед тэрнээс хойш юу болсоныг санахгүй байна.”/ 1хх-30-31/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч С.Ган-Өлзийгийн өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 23-ны өдер 12 цаг 40 минутын орчим хичээлдээ явах гээд төрсөн дүү Б.Содномгалсангийн хамтаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачууртын зам “Хүлэмжийн буудал” дээр автобусанд суух гээд замын ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваад явган хүний гарцан дээр манай төрсөн дүү Б.Содномгалсан баруунаас зүүн чиглэлтэй явж байсан шавар зуурдаг том машинд мөргүүлсэн юм.” /1хх-33/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Ц.Баяржаргалын өгсөн: “…2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 11-12 цагийн хооронд Гачууртын зам “Улаанбаатар Буян” цогцолбор газар орчихоод буцаад зүүнээс баруун тийш явж байтал урд талд явж байсан ланд 200 маркийн машины урд явган хүний гарцан дээр хоёр хүүхэд зам гарах гээд зогсож байсан....Тэгтэл эсрэг талын замд явж байсан том оврын шаврын машин явган хүний зам дээр хашлага даваад автобусны буудал өнгөрөөд зогссон. Тэгээд би машинаасаа буутал замын голд хүүхэд хэвтэж байсан.” /1хх-35/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч М.Энх-Амгалангийн өгсөн: “2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Гачууртаас “Бөхийн өргөө” орох гээд ажлынхаа машинтай гачууртын оршуулганы урд талын зам дээр явж байтал ертөнцийн зүгээр хойноосоо урагш 2 хүүхэд зам гарах гээд зогсож байсан эсрэг талын урсгалаас том оврын миксер машин ирж байсан. Тэгтэл тэр хоёр хүүхдийн биеийн тамирын хувцастай намхан хүүхэд нь гэнэт зам гараад гүйсэн. Тэгтэл миний урд явсан машин зогссон. Эсрэг талын замд явж байсан миксер баруун гар тийшээ шахаад дайвалзаад явсан. Тэгтэл зам гарч явсан хүүхэд тэр машины хойд талын дугуйнд мөргүүлээд эргэлдээд унасан.” /1хх-37/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч Б.Мөнхтөрийн өгсөн: “Надад ослын талаар мэдэх зүйл байхгүй. Хьюндэй миксер маркийн 96-62 УНУ улсын дугаартай автомашин нь манай хүү Мөнх-Эрдэнийн нэр байдаг боловч надад итгэмжлэл хийж үлдээсэн. Манай хүү Мөнх-Эрдэнэ 3 жилийн гэрээгээр Солонго улс руу явсан. Ирэхээр нь би машиныг өөрийн шилжүүлнэ. Би хариуцаж байсан машиныг өөр хүний нэр дээр шилжүүлсэний улмаас осол гарсан учир би иргэний хариуцагчаар оролцохыг зөвшөөрч байна. Би жолоочгүй болчихоод Б.Цаар өөрийнхөө машиныг жолоодуулж байсан юм. Б.Ц тухай машиныг бариад 13 хонож байсан. Осол гаргасан автомашин “Миг” даатгалд хязгааргүй буюу ямар ч жолооч жолоодож болно гэсэн даатгалтай. Ослоос гарсан бүх хохирлыг даатгал хариуцна. Хохирол одоогийн байдлаар төлөгдөөгүй байгаа. Шүүхээс шийдвэрлэгдсэн хойно иргэний нэхэмжлэлийн дагуу төлж барагдуулна. Даатгалаас бас нэхэмжилсэн баримтын дагуу хохирлыг барагдуулна.” /1хх-46/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад Б.Цийн яллагдагчаар өгсөн: “Би явган хүний гарц руу ойртон ирэхдээ хүүхдийг гүйнэ гэж санаагүй болохоор хурдаа хасаагүй шууд чигээрээ явж байтал гарцан дээр байсан хоёр хүүхдийн нэг нь ертөнцийн зүгээс хойноосоо урагшаа чиглэлтэй явган хүний гарцаараа зам руу гүйсэн. Би хүүхдийг хараад шууд тормосоо гишгээд автомашиныхаа жолооны хүрдээ баруун гар тийш дараад замын брожур даваад зогсох үедээ толиндоо хартал хүүхэд автомашины зүүн гар талд байрладаг түлшний савны ойролцоо цохигдоод эргээд газар зам дээр унаж байгаа харагдсан.” /2хх-13-14/ гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний үндэсний төвийн 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн шинжээч эмчийн №7126 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь гэмтлийн эцэс төгсгөлөөс хамаарна.” /1хх-57/ гэх дүгнэлт,
Замын цагдаагийн албаны шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 329 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. "Нyundai-HD 270 маркийн “96-62 УНУ” улсын дугаартай автомашин жолоодон явсан Б.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13 “Явган хүний гарч нэвтрэх”, 13.1. “Явган хүний уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. "Нyundai-HD 270 маркийн “96-62 УНУ” улсын дугаартай автомашин жолоодон явсан Б.Ц нь осол гарах үед автомашиныг зогсоох арга хэмжээ авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.” /1хх-65-66/ гэх дүгнэлт,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-16-21/,
-Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх /1хх-71-99/,
-Хохирол нэхэмжилсэн баримтууд /1хх-136-186/,
-ЦЕГ-ийн мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас /2хх-36/,
-Шүүгдэгч Б.Цийн ял шалгах хуудас /2хх-16/ тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүхээс дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хэсэгт заасан ял шийтгэх оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Цид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Ц нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 3.300.000 төгрөгийг төлсөн болно.
Шүүгдэгч Б.Ц нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байх тул гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр шийдвэрлэв.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж заасан байх бөгөөд мөрдөн байцаалтад иргэний хариуцагч Б.Мөнхтөрийн өгсөн: “….Би хариуцаж байсан машиныг өөр хүний нэр дээр шилжүүлсэний улмаас осол гарсан учир би иргэний хариуцагчаар оролцохыг зөвшөөрч байна. Би жолоочгүй болчихоод Б.Цаар өөрийнхөө машиныг жолоодуулж байсан юм. Б.Ц тухай машиныг бариад 13 хонож байсан. Осол гаргасан автомашин “Миг” даатгалд хязгааргүй буюу ямар ч жолооч жолоодож болно гэсэн даатгалтай. Ослоос гарсан бүх хохирлыг даатгал хариуцна. Хохирол одоогийн байдлаар төлөгдөөгүй байгаа. Шүүхээс шийдвэрлэгдсэн хойно иргэний нэхэмжлэлийн дагуу төлж барагдуулна…./хх-46/ гэх мэдүүлэг өгсөн байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн гэм хорын хохирол, нөхөн төлбөртэй холбоотой зардлаас үлдэх 21.424.148 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хариуцагч Б.Мөнхтөр нь гэм буруутай этгээдээс холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Сүрэнхорлоо нь насанд хүрээгүй хохирогч Б.Содномгалсанд цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй.
Шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгчийн ¹653229 дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Бүргэдэй овогт Б.Цийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Б.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Б.Цид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.
4. Б.Ц нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Ц нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар иргэний хариуцагч Б.Мөнхтөрөөс 21.424.148 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Сүрэнхорлоод олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б.Цийн В ангилалын 653229 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
8. Иргэний хариуцагч Б.Мөнхтөр нь гэм буруутай этгээдээс холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Сүрэнхорлоо цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар Б.Цид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Цид урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
13. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Цид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, Э.ЧИНГИС
ШҮҮГЧ