| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Балжирхүүгийн Энхтайван |
| Хэргийн индекс | 126/2015/0037/З |
| Дугаар | 126/ШШ2016/0027 |
| Огноо | 2016-08-24 |
| Маргааны төрөл | Газар, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 126/ШШ2016/0027
| 2016 оны 08 сарын 24 өдөр | Дугаар 126/ШШ2016/0027 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
|
|
|
|
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа, шүүгч Д.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Д.Б*****************-ын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад холбогдох,
"Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 дугаар захирамжийг илт илт хууль бусад тооцуулах тухай" шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б***************** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Энхболд, гуравдагч этгээд Л.М***************** , гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Б.О***************** , иргэдийн төлөөлөгч А.Н***************** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь;
Нэхэмжлэгч Д.Б***************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ; Миний бие Д.Б***************** нь 2011 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1-д заасны дагуу Улсын тусгай хамгаалалттай газар болох Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт байрлах Хөвсгөл аймгийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүс нутаг болох Жанхайн ам нэртэй газар аялал жуулчлалын зориулалтаар ашиглах хүсэлтээ холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлэн Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанд гаргасан юм.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2-т заасны дагуу Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны даргын 2011 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1/151 тоот албан бичгээр миний хүсэлт болон түүний талаарх саналаа Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд уламжилсны дагуу Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/381 тоот тушаалаар Д.Б***************** надад Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт орших Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Жанхайн ам нэртэй газарт 1.0 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрийг гаргасан. Үүний дагуу Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2014/95 тоот гэрчилгээг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр олгож, уг газрыг ашиглах гурвалсан гэрээг байгуулсан.
Гэтэл надад ашиглуулахаар олгосон дээрх газрыг иргэн Л***************** гийн Мөнхболдод хаваржааны зориулалтаар ашиглуулахаар Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 тоот захирамжийг гаргасан байна. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга өөрийн бүрэн эрхээ хэтрүүлэн гаргасан дээрх захирамжаас болж би уг газартаа үйл ажиллагаа явуулж болохгүй байдалд хүрээд байна.
Энэ байдлыг мэдээд миний бие 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Засаг даргад хандан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар гомдол гаргахад уг гомдлын хариуг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 01/208 тоот албан бичгээр шүүхэд ханд гэсэн хариу өгсөн болно.
Иймд тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн гаргасан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар 06-ны өдрийн А/97 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү ... гэжээ.
Нэхэмжлэгч Д.Б***************** хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: ... Холбогдох хууль тогтоомжид зааснаар сумын Засаг дарга нь Тусгай хамгаалалттай газар нутагт ямар нэгэн зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах эрхгүй байна. Иймд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Газар ашиглуулах тухай 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 тоот захирамжийг илт хүчин төгөлдөр бус болохыг зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б***************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Б*****************-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцож, түүний Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 тоот захирамжийг илт хууль бусад тооцож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг дэмжин оролцож байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар хотын иргэн Д.Б***************** нь Хөвсгөл аймгийн Улсын тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын журмаар 1 га газар эзэмшүүлэх хүсэлтийг Монгол улсын Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу шат шатны байгууллагад 2012 оны 4 дүгээр сараас эхэлж гаргасан байдаг. Энэ хүсэлтийг Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу Тусгай хамгаалалттай газрын захиргааны дарга Д***************** т газар эзэмших хүсэлтээ гаргасан байдаг. Хуульд зааснаар Д***************** уг хүсэлтийг хүлээж аваад байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгал Орчин Ногоон Хөгжлийн яамны сайд, Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын захиргаанд уламжлах ёстой. Энэ үйл ажиллагаа журмын дагуу явагдсан байдаг. Өөрөөр хэлбэл хуульд зааснаар Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа байхгүй бол тухайн сумын Засаг даргад хүсэлтээ гаргана гэж байгаа. Үүнд хуулийн нарийвчилсан зохицуулалт үйлчилж байгаа. Хөвсгөлийн Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа нь 1998 онд байгуулагдсан. Тийм учраас хуульд заасны дагуу Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд хүсэлтээ гаргасан. Хэрвээ маргаан бүхий газар нь тусгай хамгаалалттай газарт хамаарахгүй бол Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад газар эзэмших хүсэлтээ гаргах ёстой байсан байдаг. Хүсэлт нь цааш уламжлагдаад Байгал Орчин Ногоон Хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай газрын дарга Т.Эрдэнэцэцэг гэдэг хүний тушаалаар энэ газарт та нар байгал орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэ, кадастрын зураглалаа хийлгэ гэсний дагуу 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр инженер М.П***************** гэдэг хүн кадастрын зураглал үйлдэж, үүний дагуу Байгал Орчин Ногоон Хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай газрын захиргаанд очиж тэндээс 94 хуудастай байгал орчны аялал жуулчлалын бааз байгуулах төслийн байгал орчны нарийвчилсан үнэлгээг гаргасан. Энд их хөдөлмөр зүтгэл, цаг хугацаа орсон. Үүнийг үнэлж 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр БОНХЯ-ны сайдын тушаал гарсан. Уг тушаалын хавсралтын долдугаарт Д***************** овогтой Батжаргалд Хөвсгөл аймгийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд Жанхайн ам гэх газарт аялал жуулчлалын зориулалтаар 1 га газрыг олгосон. Ингээд хууль ёсны эзэмшигч болж 2015 оны 5 дугаар сард ирэхэд уг газарт Чойжамц овогтой Ц***************** , Л***************** овогтой Мөнхболд нарын хүмүүс аялал жуулчлалын зориулалтаар байшин барилга барьчихсан байсан. Яагаад ийм асуудал болов гэж миний авсан газар дээр дураараа байшин барьчихсан байна гэж эхлээд Цагдаагийн байгууллагаар шалгуулсан байдаг. Цагдаагийн байгууллага энэ асуудлыг шалгаад дураараа аашилсан гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй байна, газрын маргаантай асуудал тул шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн байдаг. Түүний дагуу гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэх журмаар аймгийн Засаг дарга Л.Ц***************** гаргасан. Аймгийн Засаг даргад гаргасан гомдлын хариуг аймгийн ГХБХБГ-ын дарга Ц***************** өгсөн байдаг. Үүнийг үл зөвшөөрөн Захиргааны хэргийн шүүхэд 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээж аваад 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр захиргааны хэргийн шүүгчийн 196 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн. Захиргааны хэрэг үүсгэн захиргааны хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч талаас Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 тоот захирамжийг хүчингүйд тооцож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн анхны шаардлагыг өөрчилж, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр А/97 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тооцож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх хүсэлтийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Энэ хүсэлтийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагын дагуу анхан шатны шүүх хурал болж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай шийдвэрийг гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.О***************** ийн давж заалдах гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд 171 дугаартай магадлал гаргасан. Магадлалаар нэгдүгээрт гуравдагч этгээд Л.М***************** , Ч.Ц***************** нар нь анх газар эзэмших өргөдөл бичихдээ өвөлжөө хаваржааны зориулалтаар газар өгөөч гэсэн хүсэлт гаргасан байдаг. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын захирамжид Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутагт өвөлжөө, хаваржааны зориулалтаар Л.М***************** , Ч.Ц***************** нарт газар олгохоор хавсралтын 7, 8 дугаар заалтад дурдаж нэр зааж өгсөн байдаг. Гэтэл магадлалд гуравдагч этгээд Л.М***************** , Ч.Ц***************** нар нь тухайн газарт олон жил мал маллаж амьдарч байгаа юм уу, энэ газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхийг шалгаж тодруул гэсний дагуу гэрчээр Д.Э*****************-ыг 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байцаасан байдаг. Энэ хүн байгал орчны байцаагч ажилтай. Хяналт тавьж ажиллахыг БОНХЯ-ны сайдын тушаал, Тусгай хамгаалалттай газар нутгийн даргын тушаалаар хяналт тавьж ажиллахыг Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын дарга Д***************** т үүрэг болгосон. Энэ үүргийн дагуу Д***************** өөрийн ажилтнуудаа томилж Л.М***************** , Ч.Ц***************** , нарын газарт хяналт тавьж, Д.Б****************-д хууль ёсны дагуу олгосон эсэхийг шалгасан байдаг. Гэтэл газар дээр нь амралтын газрын зориулалттай байшин барьчихсан байсан. Тэр газарт нэг ч удаа мал аваачаагүй гэдгийг гэрч Д.Э***************** гэдэг хүн 5 дугаар сарын 19-ний өдрийн мэдүүлгээрээ нотолсон. Энэ мэдүүлэг нь хоёрдугаар хавтасны 23 дугаар хуудсанд бий. Магадлал ингэж биелсэн. Уг газрыг Хөвсгөлийн байгалийн цогцолборт газар, Хатгал тосгоны эдэлбэр газар, Алаг-Эрдэнэ сумын нутгийн алинд нь хамаарч байгаа юм бэ гэдгийг шинжээчийн дүгнэлтээр нарийвчлан тогтоо гэсэн. Ингэж нарийвчлан тогтоохын тулд эрх бүхий байгууллагаас мэргэжлийн шинжээч томилж, 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр комиссийн дүгнэлт гарсан. Энэ комиссийн дүгнэлтээр Ч.Ц***************** , Л.М***************** , Д.Б***************** нарын маргаж байгаа газар нь Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд хамаарч байна гэсэн. Өөрөөр хэлбэл тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсэд орж байна гэсэн хариу албан ёсоор гарсан. Үүнээс өмнө хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх шатанд Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, Барилга Хот Байгуулалтын газрын мэргэжилтэн Х.Идэр гэдэг хүнийг шинжээчээр томилж шүүгч Ж.Ганчимэг өөрөө очиж үзлэг хийж бодит байдалд ямар хуу байна вэ гэдгийг судалсан. Энэ газарт малын хаваржаа баригдаагүй, амралтын газар баригдсан гэрэл зургийн үзүүлэлтүүд бий. Энэ гэрэл зургийн үзүүлэлтүүд нь хавтаст хэргийн нэгдүгээр хавтасны 14 дүгээр хуудсанд байгаа. Мөн үзлэгийн тэмдэглэл хэрэгт авагдсан байна. 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хийгдсэн үзлэгийн тэмдэглэл нэгдүгээр хавтасны 139 дүгээр хуудсанд бүрэн эхээрээ байгаа. Өөрөөр хэлбэл уг газрыг хаваржааны зориулалтаар ашиглах зорилго байхгүй, амралтын газрын зориулалтаар байшин баригдсан байдаг. Ч.Ц***************** гийн хаваржааны зориулалтаар авсан газар бодит байдалд нийцэхгүй байна. Үүнийг гэрэл зургийн үзүүлэлт, үзлэг хийсэн тэмдэглэл давхар нотолж байдаг. Гуравдагч этгээд Ч.Ц***************** анх тайлбар өгөхдөө Засаг даргын захирамжаар 2008 онд энэ газрыг авчихсан байсан. 2012 онд Засаг даргын захирамжаар сунгасан гэсэн тайлбар өгсөн байдаг. Гэтэл энэ нь бодит байдалд нийцдэггүй. Яагаад гэвэл баримттай танилцчихаад ийм хандлага гаргаж байгаа. 2008 оны Засаг даргын захирамж гэдэг нь Ч.Ц***************** гийн нөхөр Засаг дарга асан З.Батдорж гэдэг хүн Ч.Ц***************** гийн нэр дээр олгосон байдаг. Эхний энэ захирамж нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн байна гэж Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ц****************-ын 2009 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 138 дугаартай захирамжаар Жанхайн сайр гэх газар олгосон Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон байдаг. Энэ хүчингүй болгосон захирамжийг З.Батдорж, Ч.Ц***************** , Л.М***************** нар аймгийн Засаг даргын 138 дугаар захирамжид давж заалдах гомдол гаргаагүй. Тийм учраас эдгээр хүмүүс уг газрыг эзэмших эрхгүй болчихсон. Гэтэл энэ 138 дугаартай аймгийн Засаг даргын захирамж хүчин төгөлдөр байгаа. Гэтэл үүнийг үл тоож Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга Ч.Хуншагай гэдэг хүн 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдөр аймгийн Засаг даргаас илүү эрхийг эдэлж дахин Л.М***************** , Ч.Ц***************** нарт уг газрыг дахин олгочихсон байдаг. Ингэж дураараа аашилж хууль бус захирамж гаргасан. Гуравдагч этгээд Л.М***************** Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад өргөдөл гаргахдаа ээж аав минь өндөр настай, хаваржааны газар хүссэн өргөдөл гаргасан байдаг боловч уг өргөдөлдөө 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1/609 гэсэн /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/ Л.М***************** од газар олгосон А/97 дугаартай захирамжтай хамт хавсаргачихсан байдаг. Нэг хуудсанд өвөлжөө хаваржааны зориулалтаар газар олгохыг хүссэн байхад Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ц**************** юу гэсэн хариу өгсөн бэ гэхэд Л.М***************** од аялал жуулчлалын зориулалтаар газар олгож өгөөч гэж хүсээд БОНХЯ-ны сайдад хандсан байдаг. Энэ нь бодит байдалд нийцэхгүй байна. Эдгээр хүмүүс хуурамч нотлох баримт бүрдүүлж байсан байна гэдгийг нотолж байгаа үзүүлэх нотлох баримт юм гэж үзэж байна. Нэг хуудсанд өвөлжөө хаваржааны зориулалтаар газар олгож өргөдлийн дагуу сумын Засаг дарга нь газар олгочихсон байхад аймгийн Засаг дарга өвөлжөө хаваржааны зориулалтаар биш аялал жуулчлалын зориулалтаар газар олгоно уу гэсэн байдаг. Л.М***************** аялал жуулчлалын зориулалтаар газар олгохыг хүссэн тохиолдолд яах вэ гэхэд аялал жуулчлалын зориулалтаар авах кадастрын зураглал үйлдэх ёстой. Аялал жуулчлалын зориулалтаар газар авах хүсэлтээ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанд өргөдлөө дамжуулж өгөх ёстой. Хамгаалалтын захиргаа байгаа нөхцөлд Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд өргөдлөө гаргах учиртай. Гэтэл сумын Засаг даргад өргөдлөө өгчихсөн байдаг. Хэрвээ Хамгаалалтын захиргаа байхгүй бол Засаг даргад өргөдлөө өгч болно. Иргэний хуульд маргаан шийдвэрлэхдээ илүү нарийвчилсан хуулийн зохицуулалтыг хэрэглэж маргааныг шийдвэрлэх ёстой. Тийм учраас Д.Д.Б*****************-ын 2 жил 4 сарын хугацаанд Хөвсгөл аймгийн байгалийн цогцолборт газрын захиргаанд хандсан, БОНХЯ сайд болон уг яамны Тусгай хамгаалалттай газрын удирдлагын газартай харьцаж нарийвчилсан үнэлгээ хийлгэж шалгалтанд тэнцсэн, аялал жуулчлалын баазын зураг төслийг гаргасан энэ бүх хөдөлмөр хууль ёсны дагуу хийгдсэн. Ийм учраас Л.М***************** , Ч.Ц***************** нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, Д.Б****************-д газрыг олгож, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 тоот захирамжийг илт хууль бусад тооцож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Гомдол гаргагч Д.Б***************** нь тус суманд огт мэдэгдэлгүй Хөвсгөлийн тусгай хамгаалалтын захиргаанаас санал авч хууль бус шийдвэр гаргуулсан нь бусдын эзэмшиж буй газартай давхцаж байгаа тул бид санал өгөөгүй болно. Ер нь энэ мэт зөрчил ганц нэг биш олон байгаа нь сумын Засаг даргын бүрэн эрхэд халдсан гэж үзэж байна. Бусдын нутаг дэвсгэрт дур мэдэн давхцуулж газар олгосон Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглуулах тухай 2014/95 тоот гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Л.М***************** шүүхэд гаргасан тайлбартаа: ... Л***************** гийн Мөнхболд миний бие ... өөрийн төрсөн эцэг Л.Л***************** , эх Б.Мягмаржав нар нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багт өндөр настны тэтгэвэр тогтоолгон аж төрж байгаа тул миний бие гэр бүлийн хамтаар хавар, зуны урин дулаан улиралд нутаг орондоо эрүүл агаарт, уламжлалт аргаар мал аж ахуйг эрхлэн аж төрөх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, мөн зүйлийн 18 хэсэгт түр оршин суух газраа чөлөөтэй сонгох, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан иргэний эрхээ хуулийн дагуу эдлэн тус маргаан бүхий нэгж газарт 2013 оноос хойш ил тод, шударгаар амьдарч ирсэн.
Тухайн газарт 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 дугаар захирамж, газар ашиглах 0007051 дугаартай гэрчилгээгээр хаваржааны зориулалтаар хууль ёсны ашиглах эрх олгогдож, газрын төлбөрийг цаг хугацаанд нь Алаг-Эрдэнэ сумын ЗДТГ-аар дамжуулан орон нутгийн төсөвт төвлөрүүлсээр ирсэн. Тухайн газарт 2013 оны 06 дугаар сард хашаа байшин барьж ашиглалтад оруулан 3 жил гаруй хугацаанд одоог хүртэл ашиглаж байна.
Гэтэл миний ашиглаж байгаа газарт давхцуулан газар ашиглуулах шийдвэр гарч маргаан үүссэн тухай 2015 оны 05 сард мэдсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлага, холбогдох баримттай танилцаад уг маргааны гол эх үндэс болсон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/381 дугаартай тушаал нь хэд хэдэн хуулийн заалтыг ноцтойгоор зөрчин гарсан болохыг дараах үндэслэлээр тайлбарлаж байна.
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан төрөөс газрын талаар баримтлах зарчим шударга ёс, тэгш байдлыг хангах зарчим алдагдсан. Тухайн маргаан бүхий газарт миний бие дур мэдэн үйл ажиллагаа явуулж эхлээгүй бөгөөд нутаг дэвсгэрийн хувьд харьяалах Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэх зорилгоор хаваржааны зориулалтаар газар ашиглах хүсэлтээ гаргаж хуулийн дагуу шийдвэрлүүлсэн нь нэхэмжлэгчийн маргах эрх үүссэн эрхийн акт гарахаас цаг хугацааны хувьд 2 жил орчмын өмнө байгаа нь шударга ёс, тэгш байдлын зарчимд нийцэх бөгөөд цаг хугацааны хувьд хойно гарч газар ашиглах эрхийг дордуулсан төрийн байгууллагын буруутай шийдвэр нь шударга ёс, тэгш байдлын зарчмыг алдагдуулсан, гуравдагч этгээдийн хууль ёсны эрхийг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл болсон.
2. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан ... Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна ... гэсэн заалтыг ноцтойгоор зөрчсөн. Учир нь миний бие тухайн нэгж талбар бүхий газрыг ашиглах хүсэлтийг 2012 оны 10 дугаар сард Алаг-Эрдэнэ сумын ЗДТГ-ын газрын даамалд бүртгүүлэн Засаг даргад гаргасныг тус сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 дугаар захирамжаар олгож Газар ашиглах 0007051 дугаар бүхий эрхийн гэрчилгээгээр баталгаажуулсан тул тухайн газрыг ашиглах эрх нэхэмжлэгчээс өмнө үүссэн болохыг төрийн байгууллагаас гаргасан шийдвэр холбогдох баримтууд тодорхой нотолж байна.
Нэхэмжлэгч Шадав Д***************** ы Батжаргал нь 2011 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт байрлах Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс нутаг болох Жанхайн ам нэртэй газар аялал жуулчлалын зориулалтаар ашиглах талаар холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлэн Хатгал тосгон дахь Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын захиргаагаар уламжлан Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд хүсэлт гаргасан гэх боловч тухайн асуудлыг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2014/95 дугаартай гэрчилгээ олгон шийдвэрлэсэн байгаа нь гуравдагч этгээд миний газар ашиглах эрх үүссэн өдрөөс хойш даруй 1 жил 11 сарын дараа болсон үйл ажиллагаа байна. Өөрөөр хэлбэл төрийн холбогдох байгууллагад иргэн, байгууллага газар эзэмших, ашиглах хүсэлтээ гаргаснаар тухайн газрыг эзэмших, ашиглах эрх үүсэхгүй бөгөөд хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан байвал хуулиар эрх олгосон төрийн байгууллагын шийдвэр, гэрээ, гэрчилгээгээр баталгаажуулсны дараа газар эзэмших, ашиглах эрх үүсэх нь зүйд нийцнэ.
3. Тусгай хамгаалалттай газрын нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Төрийн захиргааны төв байгууллага нь байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүсэд иргэнд газар ашиглуулах тухай шийдвэрийг гаргахдаа хамгаалалтын захиргаа болон сумын Засаг даргын саналыг үндэслэн гаргана. Өөрөөр хэлбэл тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын бүсэд газар ашиглах асуудал нь Газрын тухай хуулийн холбогдох заалт зарчимд үндэслэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулагдах бөгөөд газар ашиглуулах шийдвэр гаргуулахдаа харьяалах нутаг дэвсгэрт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлж байгаа сумын Засаг даргын саналыг аваагүй байгаа нь дээрх хуулийн нөхцөл дурдсан заалтад нийцээгүй байна. Дээрх байдлаас үзвэл Монгол Улсын байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/381 дугаар тушаал гарахдаа Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын саналыг хууль журамд заасны дагуу огт аваагүй зөвхөн Хатгал дахь Улсын тусгай хамгаалалттай захиргааны саналыг авч шийдвэрлэсэн байгаа нь дурдсан хуулийн заалтыг зөрчсөн байна.
4. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д иргэн газар ашиглах тухай хүсэлтийг Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах хүсэлтийг гаргах талаар зохицуулж өгсөн байдаг. Гэтэл нэхэмжлэгч газар ашиглах хүсэлтийг дээрх хуулийн заалтад дурдсан журмыг баримтлаагүй болох нь түүний нэхэмжлэлд дурдсан нэхэмжлэлийг товч утгаас тодорхой харагдаж байна. Тодруулбал газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянан шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тодорхойлох, түүнийг байгуулахдаа Газрын тухай хуулийн 32, 33.1.2, 33.2, 34.1-34.5-д заасан журмыг баримтлаагүй байна.
5. Нэхэмжлэгчийн тайлбарт ... Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2014/95 тоот гэрчилгээг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр олгож, уг газрыг ашиглах гурвалсан гэрээ байгуулах талаар дурджээ. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д ... Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна ... гэсэн заалт одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна. Гэтэл энэ талаар буюу нэхэмжлэлд дурдсан шийдвэр /БОНХЯ-ын Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2014/95 тоот гэрчилгээ/ гарсан талаар талуудтай гэрээ байгуулах үүргийг хэрэгжүүлж байгаа харьяалах сумын Засаг даргад мэдэгдээгүй байгаа нь гэрээ байгуулах эрхийг хуулиар тусгайлан олгосон сумын Засаг даргын бүрэн эрхэд халдсан үйлдэл болсон гэж үзэх үндэслэл бүхий байна.
Иймд Шадав Д.Б*****************-ын Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хангахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Л.М***************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тухайн газрыг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 дугаартай захирамжаар газар ашиглах 00705640 дугаартай эрхийн гэрчилгээгээр хаваржааны зориулалтаар ашиглах эрх олгогдож газар ашигласны төлбөрийг жил бүр орон нутгийн төсөвт төвлөрүүлж ирсэн. Би 2012 онд тухайн газрыг авч 2013 оны 6 дугаар сард хашаа барьсан. 2014 онд өөрийн амьдрах гурван байшин барьж 3 жил ашиглаж байна. 2013 онд намайг хашаа барьж байхад маргаагүй байж хэзээ хойно ийм маргаан үүсгээд байгаа. Д.Б****************-д газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгосон БОНХЯ-ны сайдын 2009 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 102 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандсан байгаа. Энэ нэхэмжлэл шүүхийн шатанд явж байгаа. Би тэр үед Алаг-Эрдэнэ сумын харъяат байсан. Одоо Улаанбаатар хот руу шилжсэн. Намайг хаваржаа бариагүй байшин барьсан гэж байх шиг байна. Мал маллаж байгаа хүн заавал гэрт амьдрах стандарт байх ёстой юм уу. Би хавар 6 дугаар сар гэхэд тэнд очиж зусдаг. Тусгай хамгаалалттай газарт амьдарч байгаа гэдгээрээ мал маллах эрхээ хасуулах ёсгүй. Өвөлжөө, хаваржаагаа эзэмших эрхгүй болчихоод байгаа юм уу. Сумын Засаг даргын бүрэн эрхэд өвөлжөө, хаваржааны газрыг олгох эрх хамаарч байгаа. Би аялал жуулчлалын зориулалтаар газар авах байсан бол Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд хандах байсан байх. Би тэнд өвөлжөө, хаваржааны малын саравч барьчихсан байгаа. Мал төллөсний дараа очдог. Тэнд мал төллүүлэх нөхцөлгүй хүйтэн сэрүүн уур амьсгалтай. Би өтөг бууцнаасаа гарах үедээ тэнд очдог гэв.
Гуравдагч этгээд Ч.Ц***************** шүүхэд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багийн иргэн Чойжилсүрэн овогтой Ц***************** миний бие 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн сумын Засаг даргын №94 дугаар захирамжаар тус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Жанхайн сайрын баруун эрэгт 1 га газрыг хаваржаа, зуслангийн зориулалтаар авсан бөгөөд 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн сумын Засаг даргын А/97 дугаар захирамжаар өмнөх газраа баталгаажуулсан болно. Ийм байсаар байтал иргэн Л.М***************** ын газар Ардагийн ам нэртэй координатын хувьд давхацсан тул хоёул хоорондоо бага зэрэг маргаж байгаад эвлэрч талбайгаа хуваан авч тохирсон байгаа билээ. Миний газар гэж бараг байхгүй болоод байх шиг одоо 0.4 га болсон. Бид газартаа 2 ширхэг муурын байшин барьсан ба зун хавар гэр бүл найз нөхөдтэйгээ очиж амардаг. Би төрийн албанд ажилладаг, тэтгэврийн нас ойртож байгаа тул тэтгэвэрт гараад саалийн ганц хоёр үнээтэй суух зорилготой байгаа юм. Гэтэл одоо болохоор Д***************** ы Батжаргал гэдэг нөхөр яамнаас зөвшөөрөлтэй гээд маргаж байгаа юм байна. Иймд миний бие гуравдагч этгээдээр уг хэрэгт татагдан ороод хавтаст хэрэгтэй танилцаж байхад дараах зүйлүүд анхаарал татаж байна. Үүнд:
1. Сумын Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хүсэлт гаргахдаа хууль бус гэсэн байна. Үүнийг би тайлбарлахдаа Д.Д.Б*****************-ын яамнаас авсан гээд байгаа зөвшөөрөл нь өөрөө хууль бус, МУ-ын ТХГН-ийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх заалт, мөн 37 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж харин яамны зөвшөөрлийг хүчингүй болгож өгнө үү хэмээн эрхэм шүүгч нарт хүсэх байна.
2. Газрын кадастрын зураг нь Хөвсгөл аймгийн Хатгал сум Жанхайд гэж 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөр Геоценоз ХХК-ны инженер М.Пүрэвхүүгээр гаргуулсан байна. Энэ нь: а/ Хатгал сум гэж байхгүйг хүн бүхэн мэдэх байх. Харин 1470 км2 газар нутагтай Хатгал тосгон бий.
б/ Жанхай гэдэг газар Хатгал тосгонд хамааралгүй Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн газар нутаг билээ.
в/ Газар ашиглах гэрээ нь тосгоны захирагчтай байгуулсан байгаа нь өөрөө хууль бус гэж үзэж байна. Учир нь тосгоны захирагчид ийм эрх Монгол Улсын ямар нэг хуульд байхгүй ба бусдын нутаг дэвсгэрт бусдаар гарын үсэг зуруулсан нөхөд ямар аргаар юу өгч үгсэн хуйвалдаж байгааг хянан шалгуулах ёстой газарт нь хандах, хардах эрхтэй гэж бодогдоно ... гэжээ.
Иргэдийн төлөөлөгч, А.Н***************** гаргасан дүгнэлтдээ: Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаагаар дамжуулан Д.Б***************** нь газар эзэмшиж, ашиглах гэрчилгээ авсан. Гуравдагч этгээд болох Л.М***************** , Ч.Ц**************** нар нь сумын Засаг даргаас газар эзэмших гэрчилгээ авч 3 ширхэг шовгор, 1 торх, 1 ширхэг дутуу барьсан торх байгаа нь нотлох баримтаар нотлогдож байна. Үүнээс үзэхэд Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга нь эрх мэдлээ хэтрүүлэн газар олгосон байна. Энэ нь тусгай хамгаалалтын газар нутгийн хязгаарт орж байгаа баримт нотолгоотойгоо байна гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б***************** нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцадзахиргааны актыг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь дээрх захиргааны актын хавсралтын 7-д Л.М***************** од, 8-д Ч.Ц***************** д гэсэн холбогдох заалтуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэж шийдвэрлэлээ.
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А-381 дүгээр тушаалаар иргэн Д.Б****************-д Хөвсгөлийн байгалийн цогцолбор газар болох Алаг-Эрдэнэ сумын Жанхайн ам гэх газарт аялал жуулчлалын зориулалтаар 1 га газрыг 5 жилийн хугацаагаар,
Мөн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 дугаар захирамжаар иргэн Л.М***************** од Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар баг, Ардагийн ам гэх газарт хаваржааны зориулалтаар 1 га газар, иргэн Ч.Ц***************** д Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар баг, Жанхайн сайр гэх газарт хаваржааны зориулалтаар 1 га газрыг тус тус ашиглах эрхийг олгожээ.
Нэхэмжлэгчээс Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга өөрийн бүрэн эрхээ хэтрүүлэн Л.М***************** , Ч.Ц***************** нарт хаваржааны зориулалтаар газар ашиглуулах захирамж гаргаснаас болж уг газартаа үйл ажиллагаа явуулж болохгүй байдалд хүрээд байна гэж,
Хариуцагчаас Тухайн маргаан бүхий газар нь аялал жуулчлалын бүс, Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багт хамаардаг. Миний хувьд Хатгал тосгоны эдэлбэр газрыг тосгоны төвийн хэсэг гэж ойлгож байгаа. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахдаа хамгаалалтын захиргаа болон Засаг даргаас хоёулангаас нь зөвшөөрөл авах ёстой гэж,
Гуравдагч этгээд нараас Уг газрыг ашиглах эрх нэхэмжлэгчээс өмнө үүссэн. Нэхэмжлэгч нь газар ашиглуулах шийдвэр гаргуулахдаа сумын Засаг даргын саналыг аваагүй гэж тус тус тайлбар гарган маргаж байна.
Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах болон улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг шинэчлэн тогтоох тухай 18 дугаар тогтоолын 2-ийн 1/-д Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хилийн заагаас Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон болон Ханх сумын төвийн эдэлбэр газрыг чөлөөлж, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Ханх сумын зарим хэсгийг хамруулан уг байгалийн цогцолбор газрын хилийн заагийг 1 дүгээр хавсралтаар шинэчлэн тогтоосон байна.
Хариуцагчийн зүгээс Хатгал тосгоны эдэлбэр газрыг тосгоны төвийн хэсэг гэж ойлгож байгаа гэх бөгөөд улмаар Хатгал тосгоны захирагч нь өөрийн нутаг дэвсгэрт хамаарахгүй байгалийн цогцолбор газарт Д.Б****************-д газар ашиглах зөвшөөрөл олгосон байгааг хүчингүй гэж маргаж байгаа. Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хилийн заагаас Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон болон Ханх сумын төвийн эдэлбэр газрыг чөлөөлж, харин Хатгал тосгоны эдэлбэр газрыг бүхэлд нь, Ханх сумын эдэлбэр газрыг бүхэлд нь байгалийн цогцолборт газрын хилийн заагаас чөлөөлөөгүй, мөн Хатгал тосгоны эдэлбэр газрын хэмжээг шинэчлэн тогтоогоогүй байна.
Хатгал тосгон нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд харьяалагддаг ба тосгоны эдэлбэр газрыг Хөвсгөл аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 65 дугаар тогтоолоор /хэргийн 1 дэх хавтасны 172-173 дугаар хуудас, хэргийн 3 дахь хавтасны 38 дугаар хуудас/ баталж, энэхүү тогтоол одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 10/354 тоот албан бичиг /Хэргийн 3 дахь хавтасны 36 дугаар хуудас/, гэрч Б.Г**************** ын мэдүүлэг /Хэргийн 1 дүгээр хавтасны 168-169 дүгээр хуудас/, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 102 дугаар тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын даргын 2009 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 7/1020 тоот албан бичиг /Хэргийн 1 дэх хавтасны 175-176 дугаар хуудас/, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 08/3088 тоот албан бичиг /Хэргийн 3 дахь хавтасны 20 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А-381 тушаалаар иргэн Д.Б****************-д Алаг-Эрдэнэ сумын Жанхайн аманд олгосон 1.0 га газар, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 дугаар захирамжаар иргэн Л.М***************** од Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар баг Ардагийн аманд олгосон 1 га газар, иргэн Ч.Ц****************-д Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар баг Жанхайн сайрт олгосон 1 га газар нь тус тус давхцаж байгаа болох нь шинжээч Х.И**************** 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Иргэн Д.Д.Б*****************-ын газартай иргэн Л.М***************** ын газар давхацсан бөгөөд 6327,3 м.кв газар давхацсан байна. 2015 оны байдлаар Д.Д.Б*****************-ын газартай иргэн Ч.Цэцэгээгийн газар 2723,5 м.кв хэмжээгээр давхацсан байна. Иргэн Д.Батжаргал, Л.М***************** , Ч.Ц**************** нарын газар давхацсан байгаа бөгөөд иргэн Д.Батжаргал, Л.М***************** нарын газар нь 6327,3 м.кв давхцаж байна. Иргэн Ч.Цэцэгээгийн газар нь Л.М***************** ын газартай 679,4 м.кв хэмжээгээр давхацсан байна гэх дүгнэлт, гэрч Г.Ц****************-ын Жанхайн ам, Ардагийн ам, Жанхайн сайр гэдэг газар нь нэг газрын нэр юм гэх мэдүүлэг, хэргийн оролцогчдын тайлбар зэргээр нотлогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Д.Батжаргал, гуравдагч этгээд Л.М***************** , Ч.Ц**************** нарын дээрх газрууд нь Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд, мөн Хөвсгөл аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 65 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Хатгал тосгоны туслах аж ахуйд олгосон нутгийн хилийн цэс дотор багтаж байгаа болох нь 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт, газрын зургууд зэргээр тогтоогдож байна. /Хэргийн 3 дахь хавтасны 10-13, 38, 41 дүгээр хуудас/
Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Д.Б***************** Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх олгохдоо Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д зааснаар Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа болон Хатгал тосгоны захирагчийн саналыг авсан болох нь Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1/151 тоот албан бичиг, Хатгал тосгоны захирагчийн 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1/281 тоот албан бичиг /Хэргийн 2 дахь хавтасны 130-131 дэх тал/ зэргээр тогтоогдож байна.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д энэ хуулийн 21.3.2-д зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн ...-д эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах гэж, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ... өвөлжөө, хаваржаа... гэсэн ерөнхий хуваарийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган батална гэж, 52 дугаар зүйлийн 52.7-д Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг ... хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно гэжзааснаас үзэхэд сумын Засаг даргын газар эзэмшүүлж, ашиглуулах шийдвэр гаргах эрх нь Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас бусад газар нутагт хамаарч байна.
Улсын тусгай хамгаалалттай газар нутагт бусдад газар ашиглуулах эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс ... газраас иргэнд газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сумын Засаг даргын саналыг үндэслэн гаргана... гэж заасан тул сумын Засаг дарга зөвхөн... саналаа зохих байгууллагад хүргүүлэх эрхтэй болно.
Түүнчлэн гуравдагч этгээд Л.М***************** , Ч.Ц**************** нар нь тухайн газарт олон жил суурьшиж, мал маллаж амьдарсан нь тогтоогдохгүй, уг газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа нь шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн үеэр авч бэхжүүлсэн гэрэл зургууд /Хэргийн 1 дэх хавтасны 139-141 дэх хуудас/, гуравдагч этгээд нарын тайлбар, гэрч Д.Э****************-ны Л.М***************** нь 2014 оны зунаас эхлэн гурван шовгор байшин, жижиг дүнзэн торх барьж 2015 онд байшингаа дээвэрлэсэн. Ч.Ц**************** нь 2013 оны намраас эхлэн хоёр шовгор байшингийн торх барьж эхэлсэн. Л.М***************** , Ч.Ц**************** нар нь Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын энэхүү Жанхайн ам, Жанхайн сайр, Ардагийн ам, Ардагийн сайр гэж нэрлээд байгаа газарт уламжлалт аргаар мал маллаж ирсэн нутгийн иргэд биш ... гэх мэдүүлэг /Хэргийн 3 дахь хавтасны 27-28 дугаар тал/, Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 64 тоот албан бичгийн хавсралт болох Жанхай чиглэлийн байнгын оршин суугч малтай иргэдийн судалгаа /Хэргийн 3 дахь хавтасны 30-31 дүгээр тал/, гуравдагч этгээд Л.М***************** , Ч.Ц**************** нарын байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /Хэргийн 3 дахь хавтасны 18, 34 дүгээр тал/ зэргээр тогтоогдож байна.
Д.Б****************-д Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А-381 дүгээр тушаалаар Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг, Жанхайн ам гэх Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт 1.0 га газрыг аялал жуулчлалын чиглэлээр 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгож, Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2014/95 дугаартай гэрчилгээг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгч, улмаар Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагч Б.Г**************** , Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Л.Д***************** нар нэхэмжлэгч Д.Батжаргалтай 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ байгуулсныг Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар баталсан байх тул нэхэмжлэгч нь Тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах эрхтэй болжээ.
Харин гуравдагч этгээд Ч.Цэцэгээ, Л.М***************** нарт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 52 дугаар зүйлийн 52.7-д заасныг үндэслэн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг Ардагийн ам, Жанхайн сайр гэх газарт хаваржааны зориулалтаар 5 жилийн хугацаагаар 1 га газар ашиглах эрх олгож, гэрчилгээ бичиж өгчээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Л.М***************** , Ч.Ц**************** нарын газар ашиглах эрх түрүүлж үүссэн тул Д.Д.Б*****************-ын газар ашиглах эрх хүчингүй гэж маргаж байгаа боловч гуравдагч этгээд Л.М***************** , Ч.Ц**************** нарт тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь:
Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга нь 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 дугаар захирамждаа Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-ын ... бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах, 52 дугаар зүйлийн 52.7-ын Өвөлжөө, хаваржааны доорх газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно гэх заалтуудыг үндэслэсэн байна.
Энэхүү Газрын тухай хуульд заасан сумын Засаг даргын газар эзэмшүүлж, ашиглуулах шийдвэр гаргах эрх нь Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас бусад газар нутагт хамаарах эрх бөгөөд харин Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах эрхийг тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль-аар шийдвэрлэнэ.
Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино,
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд Энэ хуулийн зорилт нь ... газар нутгийг тусгай хамгаалалтанд авах, ашиглах ... хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж тус тус заажээ.
Харин Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн ... заалтыг хэрэглэхээр заасан ба Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зорилтуудаас харахад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль нь илүү нарийвчилсан зохицуулалтыг агуулж байх тул тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах харилцаанд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг хэрэглэнэ.
Төрийн захиргааны төв байгууллага нь ... байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, ... газраас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргахаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д заасан байна.
Харин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар ... сумын ... Засаг дарга нь тусгай хамгаалалттай газар нутгийн талаар 1/ тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, 2/ өөрийн нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг улсын тусгай болон орон нутгийн хамгаалалтанд авах талаар санал боловсруулж зохих байгууллагад уламжлах, 3/ байгалийн нөөц газар, дурсгалт газрын хамгаалалтыг эрхлэх гэсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
Ийнхүү Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29, 36 дугаар зүйлд зааснаас үзвэл тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах шийдвэр гаргах эрхийг гагцхүү Төрийн захиргааны төв байгууллагад олгосон ба сумын Засаг даргад олгоогүй байна.
Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах шийдвэр гаргах эрхийг сумын Засаг даргад тусгайлан олгоогүй байхад Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга нь 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 дугаар захирамжаар гуравдагч этгээд Л.М***************** , Ч.Ц**************** нарт Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газар нутагт хаваржааны зориулалтааргазар ашиглуулахаар шийдвэрлэсэн байх тул хуулиар эрх хэмжээ олгогдоогүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан илт хууль бус захиргааны акт болжээ гэж үзэх үндэслэлтэй.
Нэгэнт сумын Засаг дарга нь Тусгай хамгаалалттай газар нутагт ямар нэгэн зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах эрхгүй учир Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Газар ашиглуулах тухай 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 тоот захирамж нь илт хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ
Гуравдагч этгээд нарын зүгээс эхэлж газар ашиглах эрх үүссэн гэх боловч гэрч Д.Э****************-ны Л.М***************** нь 2014 оны зунаас эхлэн гурван шовгор байшин, жижиг дүнзэн торх барьж 2015 онд байшингаа дээвэрлэсэн. Ч.Ц**************** нь 2013 оны намраас эхлэн хоёр шовгор байшингийн торх барьж эхэлсэн гэх мэдүүлэг болон хэргийн 2 дахь хавтаст авагдсан Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1/151 тоот албан бичиг, 2012 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн газрын байршлын кадастрын зураг, Хатгал тосгоны захирагчийн 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1/281 тоот албан бичиг, МУ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны ерөнхий шинжээчийн 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 6/2170 тоот албан бичиг, Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт зэрэг хэргийн 2 дахь хавтас авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.Б***************** нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох зөвшөөрөл авахаар 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сар хүртэл баримт материал бүрдүүлж байсан болох нь нотлогдож байгааг дурдах нь зүйтэй байна.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа ... бусдын нутаг дэвсгэрт дур мэдэн давхцуулж газар олгосон Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглуулах тухай 2014/95 тоот гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн байх боловч хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн эсрэг сөрөг нэхэмжлэл гаргахыг хориглодог ба хариуцагчийн дээрх тайлбарыг сөрөг нэхэмжлэл гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн гуравдагч этгээд Ч.Ц**************** шүүхэд гаргасан тайлбартаа ... Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-381 дугаар бүхий Д.Б****************-д Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглуулахаар гарсан тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөн тул хүчингүй болгож өгнө үү... гэж байгаа боловч үүнийг бие даасан шаардлага гэж үзэх үндэслэлгүй байна.
Учир нь бие даасан шаардлага гаргаж байгаа гуравдагч этгээд нь нэхэмжлэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээх ба түүний бие даасан шаардлага нь нэхэмжлэлд тавигдах шаардлагыг хангасан байвал зохино. Гэтэл гуравдагч этгээдийн дээрх тайлбараас үзэхэд бие шаардлагын шинжийг агуулаагүй байна.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга, гуравдагч этгээд Л.М***************** , Ч.Ц**************** нар нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-381 дугаар бүхий тушаал нь тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзвэл захиргааны акт гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны харьяалах захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн106.1,106.3, 106.3.2,106.3.12 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Д.Б*****************-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 дугаар захирамжийн хавсралтын 7-д Л.М***************** од, 8-д Ч.Ц***************** д гэсэн холбогдох заалтуудыг илт хууль бус болохыг тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б****************-д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭНХТАЙВАН
ШҮҮГЧ Б.БОЛОРМАА
ШҮҮГЧ Д.САРАНГЭРЭЛ