| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/ШШ2016/00120 |
| Дугаар | 155/ШШ2016/00120 |
| Огноо | 2016-01-15 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2016 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 155/ШШ2016/00120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шүүх хуралдааныг шїїгч Б.Отгонбямба даргалж, шїїх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н.Д- нэхэмжлэлтэй
Хариуцагч: Г.Л- холбогдох
Талийгаач Э.Ганхуягийн үл хөдлөх эд хөрөнгийг өвлөн, өмчлөлдөө шилжүүлэх тухай нэхэмжлэлийг 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч Н.Д, хариуцагч Г.Л нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Д шїїхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие одоогийн Г.Лонжид тоотод 1989 онд шинээр газар авч, хашаа барьж, 1992 онд сууцны байшин, 1996 онд талх нарийн боовны цех барьсан. Би өөрийн хашаа байшинг нэхэмжилж анхан шатны шүүхэд хандаж, надад тодорхой хувийг олгуулахаар шийдэж, би давж заалдсан. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Улсын бүртгэлийн Лонжид, Л.Энхбаясгалан, Г.Пүрэвдаш нарт олгосон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь хуурамч байх тул би одоо өөрийн хүү Э.Ганхуяг нас барсан хэдий ч өвлөх эрх нь надад үлдэх ёстойг давж заалдах шатны шүүх шийдвэртээ дурьдсан байх тул уг хашаа байшинг миний өмчлөлд шилжүүлж олгож өгнө үү. Г.Лоос *** тоотод байгаа газар, хашаа сууцны байшинг Э.Ганхуягийн өвлөгчөөр өвлүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү Э.Ганхуяг нь 1999 онд Г.Лыг дагуулж ирээд хамт амьдарна гэхэд нь манайх амьдарч байсан хашаа байшингаа суллаж өгөөд нүүсэн. Уг байшинг манай нөхөр Эрдэнэбилэг барьж 1992 онд ашиглалтанд оруулж байсан. Мөн хашаандаа талхан цехийн байр барьж үйл ажиллагаа явуулж байсан. Хүү Э.Г Г.Л нар хамт амьдарч байх хугацаандаа таарамж муутай байсан бөгөөд миний хүүг байнга зодож, хөөдөг байсан. Мөн намайг бас Г.Л нь зодож, мэдрэл муутай, сэтгэцтэй өвчтэй гэж элдвээр хэлдэг байсан бөгөөд сая миний сэтгэцийн байдал тогтоолгохоор хүсэлт гаргаж дүгнэлт гаргуулсан. Миний хүү зуурдаар нас барсан. Бид хүү Г-аа хашаа, байшингаа шилжүүлж өгөөгүй байхад Г.Л хуурамч бичиг баримт бүрдүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авч өөрийн төрсөн дүү Г.Пүрэвдаш, дагавар охин Г.Энхбаясгалан болон өөрийн нэрийг оруулсан байсан. Тэгэхдээ Гончигийн Пүрэвдаш, Лонжидийн Энхбаясгалан нарын овгийг Ганхуягийн гэж өөрчилж бичүүлсэн нь улсын бүртгэлийн ажилчидтай хуйвалдаж авсан гэж үзэж байна. Г.Л манайд ирэхдээ бага охин Энхбаясгалан 2 нас хүрсэн байсан бөгөөд миний хүүгийн хүүхэд биш, түүнийг нас барсны дараа хуурамчаар Ганхуягаар овоглож төрсний гэрчилгээ авсан байсан. Энэ их зальтай хүн. Иймд дээрх хүмүүс Э.Ганхуягийн өвлөгч биш, би ганцаараа өвлөгч учраас өөрийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 36-5 тоотод байрлах газар, хашаа, байшин буюу үл хөдлөх эд хөрөнгийг миний өмчлөлд шилжүүлж өгнө үү. Тус хашаа байшинг үнэлсэн 7.312.600 төгрөгийн албан ёсны үнэлгээг зөвшөөрч байна гэв.
Хариуцагч Г.Л шүүхэд гаргасан тайлбартаа: Би талийгаач нөхөртэйгээ 10 гаруй жил хамт амьдарч байх хугацаандаа дундаасаа нэг хүүхэдтэй болж, хамтын хүч хөдөлмөрөөрөө одоо амьдарч байгаа үл хөдлөх хөрөнгийг бий болгосон. Миний нөхөр Ганхуяг бид 2 гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй хамтран амьдарч байгаад нөхөр маань 2012 онд нас барсан. Талийгаач нөхөр маань нас барахаасаа өмнө биеийн эрүүл мэнд нь эрс муудаж бид эмчилгээ хийлгэхээр өөрсдийн хамтран эзэмшдэг үл хөдлөх хөрөнгөө Гео Эрдэнэ банк бус санхүүгийн байгууллагад 1.800.000 төгрөгийг зээлж барьцаалсан байсан. Тус байгууллагаас зээлсэн мөнгөөр би нөхрийнхөө эмчилгээнд зарцуулсан боловч нөхрийн маань бие сайжраагүй нас барсан. Би уг зээлийн төлбөрийг бүгдийг нь ажил хөдөлмөр хийж байж 2013 онд төлж дуусгасан. Нөхөр маань нас барахад би түүний зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг нь өөр дээрээ шилжүүлэн авч үүргийг гүйцэтгэсэн. Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 973 дугаартай шиййдвэрээр бидний хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэсэн. Би охин Энхбаясгалан, хүү Пүрэвдаш нарын хамт *** тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг талийгаачтай хамт хамтран эзэмшдэг байсан. Талийгаач нас барахад уг эд хөрөнгөөс талийгаачид оногдох хувийг би, түүний охин, миний хүү нар өв залгамжлах эрхтэй. Хуульд зааснаар өв нээгдсэн байгаа. Нэхэмжлэгч Н.Д нь талийгаачийн ээж мөн боловч өв залгамжлах эрхтэй гэж үзэхгүй байна. Хэрэв Н.Д нь өв залгамжлахыг хүсч байгаа бол мөн талийгаачийн амьд ахуйдаа зээл авсан өрөөс төлөлцөх ёстой. Миний хүүхдүүдийнхээ хамт эзэмшдэг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг болон бүртгэлийг хууль бус гэж хүчин төгөлдөр бусад тооцуулахаар Дарь 2014 оны 7 сард Захиргааны хэргийн 18 дугаар шүүхэд хандаж байсан боловч тус шүүхээс түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байсан. Иймд Н.Дарийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би талийгаач нөхөр Ганхуягтай 1996 онд танилцаж, 1999 онд гэр бүл болон 15 жил хамт амьдарсан. Бидний дундаас охин Энхбаясгалан 1999 онд төрсөн. Хадмууд амьдарч байсан Мөрөн сумын 5 дугаар багийн 36-5 тоот хашаанд бэр эгч Танягаас шургааган шаамал байшингийн торх худалдан авч, талийгаач нөхөр Э.Ганхуяг бид хоёр өөрсдөө хамтын хүчээр байшингаа барьж гэр оронтой болоод одоо болтол амьдарч байна. Манай нөхөр элэгний өвчтэй болсон тул эмчлүүлэх зорилгоор банкнаас зээл авч эмчилгээ хийлгэсэн боловч 2012 онд нас барж, би хоёр өнчин хүүхдийн хамт өрх толгойлон үлдэж банкнаас авсан зээлээ өөрөө төлж барагдуулсан. Манай хадам ээж яагаад ганцхан өөрийгөө өвлөгч гээд байгаад гайхаж байна. Бид ч гэсэн адилхан өвлөгч. Г.Пүрэвдаш миний хүүхэд бөгөөд би өөрийн эцгийн нэрээр төрсний гэрчилгээ авсан ба талийгаач амьд байхдаа Пүрэвдашийг миний хүүхдээс ялгаа юу байх вэ гэж ярилцаад өөрийнхөө нэрээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр хүртэл нэрийг нь бүртгүүлсэн байгаа. Эд хөрөнгө үнэлсэн буюу 7.312.600 төгрөгийн үнэлгээн дээр маргахгүй. Талийгаач нөхөр Э.Ганхуяг урд өмнө нь гэр бүлтэй байсан учир бид гэрлэлтээ батлуулах боломжгүй байсан бөгөөд түүнийг нас барсны дараа хамтын амьдралтай байсан байдлаа шүүхээр тогтоолгосон. Улсын бүртгэлийн хэлтэс тэр шүүхийн шийдвэрийг үндэслэн охин Энхбаясгалангийн овгийг Ганхуяг болгон өөрчилсөн. Шүүхээр хүүхдийн эцэг тогтоолгох шийдвэр гараагүй. Талийгаач нөхөр Э.Ганхуягтай олон жил хамт амьдарсан учир бид ч гэсэн өвлөгч мөн. Иймд хадам ээж Н.Дарийн хашаа байшинг өөрийн өмчлөлд авна гэснийг зөвшөөрөхгүй, би хоёр хүүхдийн хамт амьдрах газар байхгүй, өөрийн гэр орноо өгөхгүй гэв.
Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч Г.Лод холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг өвлөн, өмчлөлдөө шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар шаардах эрхтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Н.Д талийгаач Э.Ганхуягийн хууль ёсны өвлөгч нь би ганцаараа мөн, хариуцагч нь Н.Д Э.Ганхуягийн өвлөгч биш, үл хөдлөх эд хөрөнгө бидний дундын
өмч учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Талийгаач Эрдэнэбилэгийн Ганхуягийн төрсөн эх Н.Д болох нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн РЭ70050679, эцгийн эцэг /эх/-ийн нэр Алтангэрэл, нэр Эрдэнэбилэг, овог Питай эхийн эцэг /эх/-ийн нэр Намжим, нэр Дарь, РЭ45050461 нарын гэр бүлд 1970/05/06-нд төрөх төрөхөд төрүүлсэн хүү Эрдэнэбилэгийн Ганхуягийг 1970/06/06-нд Хөвсгөл аймгийн Хатгал сумын 80-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа гэх бичилттэй 35/18/000309 тоот лавлагаа, Э.Ганхуяг 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нас барсныг 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 6701000264 дугаарт бүртгэсэн болох нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 35/18/000308 тоот нас барсны гэрчилгээний лавлагаа, зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар /1 дүгээр хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас/,
Хариуцагч Г.Л, талийгаач Э.Ганхуяг нар хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй тухай Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн Тус хэлтсийн иргэний баримтын архивт Питай овогтой Эрдэнэбилэгийн Ганхуяг нь Онход овогтой Гончигийн Лонжидтой гэрлэсэн гэрлэлтийн бүртгэлийн хаатр-15 маягт байхгүй гэх 1/258 тоот тодорхойлолтоор тогтоогдож байх ба 1999 оноос хамтран амьдарч байсан нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Г.Л, талийгаач Э.Ганхуяг нарыг хамтын амьдралтай байсан тухай тогтоосон 973 дугаартай шийдвэрийн хуулбар, Хөвсгөл аймаг дахь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас 2004 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр олгосон Монгол улсын иргэн Питай Э.Г ХӨ 8193438, РЭ70050679, Мэргэд Г.Л ХӨ8203340, РБ73122708, Питай Г.Пүрэвдаш РЛ95072016, Питай Г.Энхбаясгалан РЭ99080445 Мөрөн сумын 5 дугаар баг, 36 дугаар гудамж, 05 тоот /42кв.м/ амины орон сууц, /28 кв.м/ үйлдвэрлэлийн зориулалттай барилга хууль ёсны өмчлөгч мөн гэх бичилттэй 0074429 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар /1 дүгээр хавтаст хэргийн 27, 100 дугаар хуудас/ тус тус тогтоогдож байна.
1999 оны 8 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Л.Энхбаясгалан хариуцагч Г.Л, 1995 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Пүрэвдаш Гончиг гэсэн нэрээр тус тус овоглодог болох нь Л.Энхбаясгалангийн Г 454 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Лонжидын Энхбаясгаланг 1999 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 454-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тухай 00/002483 тоот лавлагаа, Гончигийн Пүрэвдашийг 1997 оны 5 дугаар сарын 07-нд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 63-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тухай 00/002485 тоот лавлагаа, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын тамгын газраас олгосон Г 63 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний баримтын архивт Онход овгийн Гончигийн Пүрэвдаш /РЛ95072016/-д ургийн овог, эцэг, эхийн нэр, нэр өөрчилсний бүртгэлийн ХААТР-13 маягт байхгүй гэх лавлагааны мэргэжилтний тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 104, 17, 18 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 37, 114 дүгээр хуудас/ зэргээр нотлогдлоо.
Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Г.Л, талийгаач Э.Ганхуяг нарыг хамтын амьдралтай байсан тухай тогтоосон 973 дугаартай шийдвэрийг үндэслэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын бүртгэгч хууль зөрчин Л.Энхбаясгалангийн төрсөн эцгээр талийгаач Э.Ганхуягийг тогтоож, түүний нэрээр овоглон 0000945560-454/159 дугаартай төрсний гэрчилгээг олгосон нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 00/000068 дугаартай эцэг тогтоосон тухай лавлагаа, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Мөрөн сумын 2013 оны эцэг тогтоолтын бүртгэлийн 159 дүгээр бүртгэлийн материал бүрдүүлбэрт эх Лонжидын хүүхдээ төрсөн эцгээр овоглох хүсэлт, мөн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 973 тоот шүүхийн шийдвэрийг үндэслэн эцэг тогтоолт хийсэн болно гэх 1/989 тоот албан бичиг, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхэд 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр иргэн Г.Л талийгаач нөхөр Э.Ганхуягтай хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор хүсэлт гаргаж байсан ба эцэг тогтоолгох хүсэлт гаргаж байгаагүй болно гэх 1/498 тоот албан бичиг зэргээр тогтоогдож байх тул талийгаач Э.Ганхуягийг охин Л.Энхбаясгалангийн төрсөн эцгээр тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байна. /1 дүгээр хавтаст хэргийн 103 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 111, 112, 117 дугаар хуудас/
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй, 520.1.1-д Нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэж заажээ.
Талийгаач Э.Ганхуягтай хариуцагч Г.Л хууль ёсоор гэрлээгүй, хамтран амьдарч байсан, охин Л.Энхбаясгалан, хүү Г.Пүрэвдаш нар өөр овогтой, үрчлэлт хийгдээгүй байх тул хуулинд зааснаар Э.Ганхуягийн хууль ёсны өвлөгч биш, харин Н.Д нь хүү Э.Ганхуягийн өвлөгч мөн бөгөөд түүнд ногдох эд хөрөнгийг өвлөх эрхтэй.
Г.Л, Э.Ганхуяг нарын амьдарч байсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 36 дугаар гудамжны 05 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Г.Л, Э.Г Л.Энхбаясгалан, Г.Пүрэвдаш нар бүртгэгдсэн болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас 2004 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр олгосон 0074429 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2013 оны 3 дугаар сарын 28-ний өдрийн 1/500 дугаартай ...Эрхийн улсын бүртгэлийн Y-1723001964 дугаартай бүртгэгдсэн Мөрөн сумын 5 дугаар баг, 35 дугаар гудамж, 5 тоотод байрлах 42кв.м талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн Э.Ганхуяг /РЭ-70050679/, Н.Лонжид /РБ-73122708/, Г.Пүрэвдаш /РЛ-95072016/, Г.Энхбаясгалан /РЭ-99080445/ нар бүртгэлтэй байна... гэх албан бичиг, Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/76 дугаартай ...2004.01.19-ны өдөр Эрхийн улсын бүртгэлийн Y-1723001964 дугаарт бүртгэгдсэн байна. Ингэж бүртгэхдээ мэдүүлэг гаргагчийг Питай овогт Эрдэнэбилэгийн Ганхуяг хамтран өмчлөгчид Мэргэд овогт Гончигийн Лонжид, Питай овогт Ганхуягийн Пүрэвдаш, Питай овогт Ганхуягийн Энхбаясгалан гэж гаргасан байна. Гэрчилгээ авахыг хүссэн өргөдөлд ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт гэж гаргажээ...2004 оны 01 дүгээр сарын19-ний өдөр дээрх иргэдийн нэр дээр өмчлөх эрхийн 0074429 дугаартай гэрчилгээ олгогдсон байна... гэх албан бичиг, 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Мөрөн сумын газрын албанаас олгосон Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0262729 дугаартай гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 482 дугаартай гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг баримтаар нотлогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 94, 99, 100-102/
Хэдийгээр нэхэмжлэгч Н.Д хүү талийгаач Э.Ганхуягийн хууль ёсны өвлөгч ганцаараа мөн боловч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 36 дугаар гудамжны 05 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Г.Л, Э.Г Л.Энхбаясгалан, Г.Пүрэвдаш нар бүртгэгдсэн, Г.Л, Э.Ганхуяг нар хамтран амьдарч байсан тул дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ гаргуулж авах эрхтэй.
Зохигчид үл хөдлөх хөрөнгийн үнэлгээн дээр маргаангүй, хөрөнгө үнэлсэн тухай тайланг хүлээн зөвшөөрч байгаа тул хамтран өмчлөх дундын хөрөнгө болох сууцны байшин 3.876.800 төгрөг, тамбур 619.000 төгрөг, хашаа 247.300 төгрөг буюу нийт 4.743.100 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 4 хувааж, нэг хүнд 1.185.775 төгрөг ногдож байх тул Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 36-05 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг Г.Л, Л.Энхбаясгалан, Г.Пүрэвдаш нарын өмчлөлд үлдээж, талийгаач Э.Ганхуягт оногдох 1.185.775 төгрөгийг түүний эх Н.Дд олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 36-05 тоотын 513.9 м2 талбай бүхий 2.569.500 төгрөгийн үнэлгээтэй газрыг өвлүүлэх болон худалдах эрх үүсэхгүй.
Учир нь: Гэр бүлийн хэрэгцээний газар эзэмших эрхийн гэрчилгээ нь талийгаач Э.Ганхуягийн нэр дээр 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн №0262729 дугаартай гэрчилгээ олгосон боловч уг газрыг өмчлөөгүй болох нь 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Мөрөн сумын 5 дугаар багийн 36-5б тоот 442.7м2 газар нь өмчлөгдөөгүй болно гэх 4/24 тоот тодорхойлолтоор тогтоогдож байх тул тус газрыг захиран зарцуулах, худалдах, зарах эрхгүй ба шүүх газрын асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд 4.743.100 төгрөгийн үнэлгээтэй Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 36-05 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгөөс талийгаач Э.Ганхуягт оногдох 1.185.775 төгрөгийг хариуцагч Г.Лоос гаргуулан хууль ёсны өвлөгч Н.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.126.825 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч Н.Дарийн шүүх хуралдаанд Мөрөн сумын 5 дугаар багийн 36-05 тоотод байрлах хашаа байшинг миний нөхөр барьж, бид хүүхдүүдийн хамт амьдарч байгаад хүү Ганхуяг, Лонжид нарыг хамт амьдрахаар ирэхэд суллаж өгсөн, түүнээс шилжүүлж өгөөгүй, худалдаагүй байхад Лонжид хуурамч бичиг баримт бүрдүүлэн уг хашаа байшинд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж авсан байна гэж тайлбарлаж байх боловч уг маргааны талаар Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаартай хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх тул Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 0074429 дугаартай, газар эзэмших эрхийн 0262729 дугаартай тус тус гэрчилгээг хуурамч гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 1 дүгээр хавтаст хэргийн 5, 7-16, 21-24, 26, 28, 30, 40-48, 54-61, 69-73, 79, 81, 95-96 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 10-12, 16, 19-34, 38-47, 49-67, 72-73, 107-110, 113, 115, 119-171, 174-175, 178-188, 191-197 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь тухайн хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй, нэг баримт 3-5 хувь байх тул үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Дариас 7.312.600 төгрөгийн нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж болох 131.951 төгрөгийг нөхөн гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Г.Лоос 1.185.775 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж болох 33.008 төгрөгийг гаргуулан Н.Дд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-д зааснаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 36-05 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгөөс талийгаач Э.Ганхуягт оногдох 1.185.775 /нэг сая нэг зуун наян таван мянга долоон зуун далан тав/ төгрөгийг хариуцагч Г.Лоос гаргуулан хууль ёсны өвлөгч Н.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.126.825 /зургаан сая нэг зуун хорин зургаан мянга найман зуун хорин тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Дариас улсын тэмдэгтийн хураамж 131.951 /нэг зуун гучин нэгэн мянга есөн зуун тавин нэг/ төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулан, хариуцагч Г.Лоос 33.008 /гучин гурван мянга найман/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Дд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА