| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/ШШ2016/00124 |
| Дугаар | 155/ШШ2016/00124 |
| Огноо | 2016-01-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 155/ШШ2016/00124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг Ерөнхий шїїгч Л.Эрдэнэбат даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: О.М-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ш.Х-т холбогдох
Байрны үнэ, засварын хөлсөнд нийт 19.765.750 /арван есөн сая долоон зуун жаран таван мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.М-, хариуцагч Ш.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Харуул овогт Бавуугийн Түмэндэмбэрэл /РЮ-53092011/ шүїх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.М- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 7 дугаар сард DES телевизээр байр зарна гэсэн зар явж байсны дагуу холбогдож очоод М сумын *** тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг очиж үзээд худалдан авахаар болж эхлээд Хын эхнэр уулзаад төлбөрийг 30 хувь өгчих үлдсэн мөнгийг болно биз гэсний дагуу эхний ээлжинд 10.000.000 төгрөг, дараа нь 3.000.000 төгрөг, мөн 1.000.000 төгрөг нийт 14.000.000 төгрөг өгөөд үлдэгдэл 19.000.000 төгрөгийг гэрээн байгуулан дараа өгөхөөр тохиролцож сард 4.000.000 төгрөг өгч байхаар болсон. Гэтэл Х нь байрны гэрчилгээгээ өгөхгүй харилцан тохиролцсон ёсоор мөнгөө авахгүй өдөр болгон нэхээд дарамтлаад байгаа тул уг байрыг авахгүй болсон юм.
Иймд бэлэн өгсөн 14.000.000 төгрөг, байранд хийсэн засварын 5.765.750 төгрөг, нийт 19.765.750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэл гарсан боловч бид хоёр хооронд хийсэн албан ёсны гэрээ байхгүй тул засварын мөнгө болох 5.765.750 төгрөгөө багасгаж 2.882.875 төгрөг бүгд 16.882.875 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ш.Х шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: О.М- нь үйлдвэр үйлчилгээ явуулах гэсэн юм гэж ирж уулзсан. Би байраа 35 сая гэхэд 33.000.000 төгрөгөөр авъя гээд байхаар нь харилцан тохиролцож бэлнээр 10.000.000 төгрөг, 3.000.000 төгрөг, 1.000.000 төгрөг, нийт 14.000.000 төгрөг аваад үлдэгдэл 19.000.000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 10.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 25-нд 9.000.000 төгрөгийг өгөхөөр болсон. Худалдан авахаар болж засвар хийчихээд одоо болохоор наймаа буцах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Харин одоо үлдэгдэл 19.000.000 төгрөгөө гаргуулан авна. Би уг үл хөдлөх эд хөрөнгөө О.М-т худалдаж, шилжүүлсэн болох нь мөнгө авч, түлхүүр өгснөөр нотлогдох тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч О.М- нь хариуцагч Ш.Хаас бэлэн өгсөн 14.000.000 төгрөг, байранд хийсэн засварын 5.765.750 төгрөг, нийт 19.765.750 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагаас засварын мөнгө болох 5.765.750 төгрөгөө багасгаж 2.882.875 төгрөг, бүгд 16.882.875 /арван зургаан сая найман зуун наян хоёр мянга найман зуун далан тав/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна.
Нэхэмжлэгч О.М- нь хариуцагч Ш.Хаас хүсэл зоргийн илэрхийлэл болох Мөрөн сумын 7 дугаар багийн 1-р хэсэгт байрлах 112 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар амаар тохиролцож урьдчилгаа болох 14.000.000 төгрөгийг хүлээлгэн өгч уг байранд засвар хийсэн болох нь шүүх хуралдаанд оролцсон зохигчдын тайлбар, мэдүүлэгээр нотлогдож байна.
Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийж болохоор хуульд заасан байх хэдийч үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах нөхцөлийн хувьд гэрээг бичгээр байгуулах ба үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох атал талууд бичгээр байгуулаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байх тул нэхэмжлэгч О.М- нь хариуцагч Ш.Х нарын хүсэл зоргийн илэрхийлэл болох Мөрөн сумын 7 дугаар багийн 1-р хэсэгт байрлах 112 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах аман хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж үзлээ.
Талуудын хооронд амаар тохиролцсон худалдах, худалдан хэлцэл нь нэгэнт хүчин төгөлдөр бус тул талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй байх тул хариуцагч Ш.Хаас 14.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.М-т олгох, харин нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Мөрөн сумын 7 дугаар багийн 1-р хэсэгт байрлах 112 м.кв үл хөдлөх эд хөрөнгөнд засвар хийсэн болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх боловч хэргийн 9-12, 16 хуудсанд авагдсан баримтаар 1.050.600 төгрөгний засварын төлбөрийг гаргуулж нэхэмжлэгч О.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.832.275 төгрөгийг хэрэгсэхгүй болгох Учир нь:
Хэргийн 4-8, 13-15 хуудсанд авагдсан зарлагын баримтуудад худалдан авагчийн нэр, хүлээн авагч гарын үсэг зураагүй ба хэн авсан нь тодорхойгүй, тамга тэмдэг нь гаргацгүй, он сар өдөр байхгүй, хүлээлгэн өгсөн эд хариуцагч гарын үсэг зураагүй, нэг тамга, тэмдэг дарагдсан атлаа зарлагын баримтны байгууллагын нэр гэх хэсэгт нь Баян-Сүмбэр, БНД гэж өөр өөр нэр бичсэн, зөрүүтэй,
Мөн хэргийн 18-20, 23-24 хуудсанд тодорхойлолтууд авагдсан байх боловч тухайн хүмүүстэй ямар гэрээний дагуу, ямар ажил үйлчилгээ авсан, үзүүлсэн нь тодорхойгүй гэрээ хийснээ нотлож чадахгүй байна.
Иймд хариуцагч Ш.Хаас бэлнээр өгсөн 14.000.000 төгрөг, засварын төлбөрт 1.050.600 төгрөг, нийт 15.050.600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.832.275 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч Ш.Х нь шүүх хуралдаанд ....үл хөдлөх эд хөрөнгөө О.М-т худалдаж, шилжүүлсэн.... гэж тайлбарлах боловч Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж,
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн эх хувь, эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана гэж тус тус заасан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-1723003440 дугаартай гэрчилгээгээ худалдсан, шилжүүлсэн талаараа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, бусдад шилжүүлээгүй байх ба хариуцагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй худалдсан, шилжүүлсэн гэдгээ нотлож чадахгүй байна.
Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д өмчлөх эрх шилжсэнийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг эрхээ шилжүүлж байгаа болон түүнийг шилжүүлэн авч байгаа этгээдийн аль нь ч гаргах эрхтэй гэж заасан байх боловч харин хариуцагч Ш.Х нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-1723003440 дугаартай гэрчилгээгээ 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өөрийн нэр дээрээ авсан байгаа нь ойлгомжгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256.378 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Хаас 232.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д зааснаар хариуцагч Ш.Хаас 15.050.600 /арван таван сая тавин мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас засварын 1.832.275 /нэг сая найман зуун гучин хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөг буюу үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256.378 /хоёр зуун тавин зургаан мянга гурван зуун далан найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Хаас улсын тэмдэгтийн хураамжинд 232.950 /хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.М-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ