| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/00017/и |
| Дугаар | 155/ШШ2016/00125 |
| Огноо | 2016-01-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 155/ШШ2016/00125
Зохигч эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: О.О нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Н-д холбогдох
Үндсэн зээл 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, зээлийн алданги 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөг, нийт 2.250.000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 155/2016/00017/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Н нь 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр сарын хугацаатай 1.500.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж авсан. Г.Н нь зээлийн хүүг 3 сар төлөөд 2015 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл үндсэн зээл болон зээлийн хүүг төлөхгүй утсаар болон биечлэн уулзахад одоо мөнгийг төлье, хөдөөнөөс мөнгө ирнэ тэгэхээр нь өгье гэх мэтээр янз бүрийн шалтаг тоочиж, төлөхгүй байгаа тул Иргэний хуульд заасны дагуу зээлийн гэрээний хүү, алданги үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу алдангийг 750.000 төгрөгөөр тооцож байна. Иймд Г.Н-аас үндсэн зээл 1.500.000 төгрөг, зээлийн алданги 750.000 төгрөг, нийт 2.250.000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Н миний бие Б.Огээс 150.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээл авсан нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа үндсэн зээл 1.500.000 төгрөгийг хүү 500.000 төгрөгийн хамт нийт 2.000.000 төгрөгийг 2016 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгч Б.Отэй ярилцаж эвлэрсэн болно. Иймд зээл, зээлийн хүү бүгд 2.000.000 төгрөгийг 2016 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгч Г.Нэргүйбайгалд төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Н-иас үндсэн зээл 1.500.000 төгрөг, алданги 750.000 төгрөг, нийт 2.250.000 төгрөг нэхэмжилсэн боловч Г.Нтай ярилцан тохирч зээл, зээлийн алдангид нийт 2.000.000 төгрөгийг 2016 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор авахаар тохирч эвлэрсэн болно. Иймд зээл, алданги бүгд 2.000.000 төгрөгийг 2016 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор Г.Н-иас авахыг зөвшөөрч эвлэрсэн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Г.Нд холбогдуулан үндсэн зээл 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, зээлийн алданги 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөг, нийт 2.250.000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Н үндсэн зээл 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, алданги 500.000 /*таван зуун мянга/ төгрөг, нийт 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг нэхэмжлэгч Б.Од өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн тухай тайлбарыг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50.950 төгрөгийн тал хувь болох 25.475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Н-иас 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 46.950 төгрөгийн тал хувь 23.475 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч Б.Од олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Огийн нэхэмжлэлтэй Г.Нд холбогдох үндсэн зээл, алданги, нийт 2.250.000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай хэргийн зохигч үндсэн зээл, алданги, нийт 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг өгөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50.950 төгрөгөөс 25.475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Н-иас 23.475 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА