Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ216/00126

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Ё.М нэхэмжлэлтэй

Хариуцагч: А.Д-д холбогдох

Машины үнэ 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2016/00049/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ё.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А.Д-тэй пургон машины наймаа хийж, 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 3.000.000 /гурван сая/ төгрөг өгнө гэсэн юм. Гэтэл өгнө гэсэн өдрөөс хойш 1 жил 4 сарын хугацаа өнгөрч, Д-гээс мөнгөө авъя гэхээр өгөх боломжгүй байна гэх болсон. Иймд миний авах машины үнэ 3.000.000 /гурван сая/ төгрөгийг Д-гээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Д- шүүхэд гаргасан тайлбартаа: А.Д- миний бие Ё.Маас 2014 оны 8 сард УАЗ пургон автомашиныг 2.800.000 төгрөгөөр тохирч худалдан авсан. Мөнгийг нь өгөөгүй. Одоо Ё.Мын нэхэмжилж байгаа 3.000.000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Иймд Ё.Мд машины үнэ 3.000.000 /гурван сая/ төгрөгийг төлнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ё.М нь хариуцагч А.Д-д холбогдуулан машины үнэ 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 62.950 төгрөг төлөхөөс илүү 7.250 төгрөг төлсөн байх ба түүний урьдчилан төлсөн 70.200 төгрөгөөс 38.725 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.Д-гээс 31.475 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч Ё.Мд олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ё.М машины үнэ 3.000.000 /гурван сая/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч А.Д- хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 201оны 12 дугаар сарын 22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгөөс 38.725 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.Д-гээс улсын тэмдэгтийн хураамж 31.475 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА