Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 02034

 

 

 

 

 

 

 

 

 

С.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/02781 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Аын хариуцагч Ц.Зд холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулж, 26 406 557 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:. Хариуцагч нь Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, эмнэлгийн 4 дүгээр гудамж, 282б тоот хаягт байрлах 108 м.кв талбайтай газар эзэмших эрхийг шилжүүлэн авахдаа нэхэмжлэгчээс цаашид хүүхдийн тэтгэлэг авахгүй гэж тохирсон боловч үүнийгээ зөрчиж, нэхэмжлэгчийг гомдоосон. Тэрээр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дээрх газрыг бусдад худалдсан гэсэн учраас тухайн газрын зах зээлийн үнэлгээг хөндлөнгийн этгээдээр тогтоолгоход 16,910,000 төгрөг болсон. Нэхэмжлэгч С.А, хариуцагч Ц.З нар 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 08659 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу гэр бүлээ цуцлуулж, С.А нь 3 хүүхдийнхээ тэтгэлэг сар бүр төлөхөөр болж, мөн 68,582,720 төгрөгийн дундын хөрөнгийг хариуцагчид Ц.Зд шилжүүлж өгөхөөр тус тус шийдвэрлэсэн. Тус материал Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжсэний дараа зохигчид эвлэрч нэхэмжлэгч нь дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг авахгүй, мөн нэмж газар байшинг шилжүүлж өгсөн, харин хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй байхыг хариуцагч тал зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Гэтэл хариуцагч Ц.З нь тохиролцсон зүйлүүдээ нэхэмжлэгч С.Ааас авчихаад тохирсноосоо буцаж хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн. Иймд, хариуцагчаас нэхэмжлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн ногдох хэсэгт 9,496,558 төгрөг болон мөн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн газар шилжүүлэх тухай гэрээний дагуу шилжүүлсэн газрын үнэ 16,910,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын тухай хуульд зааснаар газрыг зөвхөн гэрээ, гэрчилгээгээр эзэмшдэг бөгөөд хариуцагч нь маргаж байгаа газрын эзэмших эрхийг бусдад шилжүүлэхээр гэрээ, хэлэлцээр байгуулсан хэдий ч эзэмших эрхийн гэрчилгээ гараагүй байна. Мөн 554 м.кв талбайтай 8 айлын сууцны талаар ямар үндэслэлээр маргаж байгаагаа тодорхой дурдаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Баянзүрх дүүргийн маргаан бүхий газрыг 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 423 дугаартай захирамжаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан. Гэтэл энэ газрыг нэхэмжлэгч С.А нь бэлэглэсэн гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Газрын харилцаа дууссан байхад бэлэглээд байна гэж ойлгож байна. Нөгөөтэйгүүр үүнийг өмнөх шүүхийн маргаанаар шийдвэрлэх ёстой асуудал байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа мөнгөн дүнгээр тайлбарлаж байгаа боловч шаардлагын үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байна. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-д заасныг үндэслэн хариуцагч Ц.Заас 9,496,558 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Аад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16,910,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг үндэслэн хариуцагч Ц.Зын гаргасан нэхэмжлэгч С.Аад холбогдох хүүхдийн тэтгэлэгт 7,441,542 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 166,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг үндэслэн нэхэмжлэгч С.Ааас шинжээчийн зардал 270,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Ц.Зд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд: Анхан шатны шүүх холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарлаж, зохигч нарын маргаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны байх шаардлагыг зөрчжээ. Дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг “...нэхэмжлэгч С.Ааас хариуцагч Ц.Зд холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулж, 26.406.558 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан...5 гишүүнд хуваахад нэг хүнд 17.145.680 төгрөг ногдож байгаа учраас нэхэмжлэгч С.Аад ногдох хувийг талууд хэрхэн шийдвэрлэсэн талаарх үйл баримтыг дүгнэх шаардлагатай болж байна... ”-т гэж дурджээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэг “Нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч гэж эрх, хууль ёсны аширхол нь хөндөгдсөн этгээдийг хэлэх бөгөөд С.А нь гэрлэлт цуцлах шүүхийн шийдвэрийн төлбөрөө шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тохиролцож төлсөн. Тухайлбал, нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, шүүхийн шийдвэрт тооцуулсан мөнгийг гаргуулахаар нэхэмжлэх бөгөөд 9.496.558.00 төгрөгийн асуудал нь өмнө нь шүүхийн шийдвэрээр дүгнэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд тохиролцож шийдвэрлэсэн байхад үндэслэлгүй хөрөнгөжсөн тул буцаан шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн. Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарлахдаа хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж маргаагүй буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлаагүй зэрэг буюу талуудын маргаагүй үйл баримтад дүгнэлт хийж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь шийдвэр хууль ёсны байх шаардлагад үл нийцнэ. Иймд хариуцагч Ц.Заас 9 496 558 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Аад олгож гэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч С.А нь хариуцагч Ц.Зд холбогдуулан Бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулж, 26 406 557 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 101/ШШ2015/08659 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1044 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 10 сарын 13-ны өдрийн 001/ХТ2016/01031 дугаар тогтоолоор С.А, Ц.З нарын гэрлэлтийг цуцлаж, 3 хүүхдийг эх Ц.Зын асрамжид үлдээж, эцэг С.Ааас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын хөрөнгийн үнийг 85 728 400 төгрөгөөр тогтоон С.Аад үл хөдлөх хөрөнгийг үлдээж, түүнээс 68 582 720 төгрөг, охин А.Баярцэцэгийн хадгаламжид байсан 7 649 122 төгрөг, нийт 76 231 842 төгрөгийг гаргуулж эхнэр, хүүхдүүдэд нь олгохоор шийдвэрлэсэн байна./1хх-6-12,13-16/

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор 85 728 400 төгрөгийн үнэ бүхий гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн нэг гишүүнд ногдох хувийг 17 145 680 төгрөг хэмээн тогтоосон гэх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийг зөрчөөгүй.

Нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын дагуу нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэгийн 4 дүгээр гудамж, 282 тоот хаягт байрлах 554 м.кв талбайтай газар бүхий 8 айлын нийтийн орон сууцын өмчлөгчөөр үлдэж, хариуцагчид 76 231 842 төгрөгийг өгөх ёстой хэдий ч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 74 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч, төлбөр төлөгч нар харилцан тохиролцож, дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч Ц.Зын өмчлөлд  шилжүүлсэн./2хх-20-24/

Талууд харилцан тохиролцохдоо хариуцагч Ц.З нь нэхэмжлэгч С.Ааас авах ёстой 76 231 842 төгрөгийн төлбөр болон 3 хүүхдийнхээ тэтгэмжийг авахгүйгээр оронд нь С.Аад үлдэх учиртай дээрх үл хөдлөх хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авах, энэ үндэслэлээр эвлэрэн хэлэлцэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 161.1, 16.1.3-т зааснаар дуусгавар болгосон нь хэрэгт авагдсан өргөдөл, тогтоол, зохигчдын тайлбараар нотлогдсон./1хх18,21,163/

Гэтэл хариуцагч Ц.З нь тохиролцоог зөрчиж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гарган 3 хүүхдийн ирээдүйд авах тэтгэлэгийг авахаар буюу дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж, С.Ааас хүүхдүүдийн тэтгэлэг төлүүлэх ажиллагааг үргэлжлүүснээр нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч нь 3 хүүхдийн тэтгэлэгийг төлж байна. /1хх-17, 164,166/

Эдгээр нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт зааснаар өөрийн шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй гэх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болно. Нэхэмжлэгчийн 26  406 557 төгрөгийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас харахад тэрээр бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохоос илүүтэй бусдад шилжүүлсэн хөрөнгөө шаардсан гэж шүүх дүгнэсэнийг буруутгах боломжгүй юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Хариуцагч нь уг хөрөнгийг бусдад худалдсан болох нь хэрэгт авагдсан худалдах худалдан авах гэрээ, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ болон зохигчдын тайлбараар тогтоогдсон./2хх-25,26-28/ Иймээс үнийг гаргуулах нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2 дах хэсэгт нийцнэ.

Харин дээрх гэр бүлийн гишүүдын хамтран өмчлөх дундын хөрөнгийн үнийг буюу 85 728 400 төгрөгийг гаргуулахдаа гэр бүлийн 5 гишүүнд хуваасны нэхэмжлэгчид ногдох хэсгээс тооцсон болон нэхэмжлэгчийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2015/08659 тоот шийдвэрээр төлөх үүрэгтэй 76 231 842 /68 582 720+7 649 122/ төгрөгийн төлбөрийг хасч тооцсон нь зөв болжээ.

Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, эмнэлгийн 4 дүгээр гудамж, 282б тоот хаягт байрлах 108 м.кв талбайтай газрын үнийг буюу 16 910 000 төгрөгийг шаардахдаа “... цаашид хүүхдийн тэтгэлэг авахгүй гэж тохирсон боловч үүнийгээ зөрчиж, нэхэмжлэгчийг гомдоосон ...” гэх үндэслэл заасан ч зохигчид шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохдоо уг газрын эзэмших эрхийг шилжүүлэх талаарх нөхцөлийг хамааруулаагүй тул шүүх тухайн шаардлагатай холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, нөхцөл байдлыг хэрэгт авагдсан  нотлох баримтад харьцуулан үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 9  496 558 төгрөгийг гаргуулан шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/02781 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167 000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                              ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

                                                                                                     Б.НАРМАНДАХ