Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/342

 

 

           

 

2023             03             30                                        2023/ДШМ/342                                                                 

А.М, М.Ц нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Эрдэнэзаяа,

хохирогч “ТБК ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.Т, түүний өмгөөлөгч А.Зоригтбаатар,

шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү,

шүүгдэгч М.Ц, түүний өмгөөлөгч С.Батнасан,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/62 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Ц, түүний өмгөөлөгч С.Батнасан, шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар А.М, М.Ц нарт холбогдох 2205022912200 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ******* овгийн А.М, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “*******” ХХК-д редактор ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** дугаар гудамжны *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:**00000000/;

2. ******** овгийн М.Ц, 19** оны ** дүгээр сарын **-ний өдөр ***** аймагт төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Хангайн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:**00000000/;

Шүүгдэгч А.М нь “ТБК ” ХХК-ийн харьяа “С Б” барьцаалан зээлдүүлэх төвийн салбарын эрхлэгчээр ажиллах хугацаандаа тус салбарын эрхлэгч М.Цтэй бүлэглэн албан тушаалын байдлаа ашиглаж, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд 40 ширхэг хуурамч шаргал өнгийн төмөр гинж, бугуйвч зэргийг “Хар хорин” худалдааны төвөөс худалдан авч, бичиг баримтаа хаяж гээгдүүлсэн иргэдийн иргэний үнэмлэх болон бусад бичиг баримтыг ашиглан, уг хуурамч 40 ширхэг эд зүйлсийг зээлийн гэрээний барьцаа болгож, зээлийн гэрээ байгуулан их хэмжээний буюу нийт 186.440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: А.М, М.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.М, М.Ц нарыг бүлэглэж “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших” гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Мийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.Цийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар А.М, М.Ц нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч А.М, М.Ц нарын цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мөөс 31.240.000 төгрөг, М.Цээс 108.200.000 төгрөг тус тус гаргуулан хохирогч байгууллага “ТБК ” ХХК-д олгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдсан 33 ширхэг шаргал өнгийн хуурамч металл эд зүйлсийг устгаж, /РД:**00000000/ БГ, /РД:**0000000/ Ж.О, /РД:**0000000/ Г.Г, /РД:**0000000/ Д.У нарын 4 ширхэг иргэний үнэмлэх, Э.С Е1123665 дугаартай 1 ширхэг гадаад паспортыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн баримт бичгийг зохих байгууллагад шилжүүлэхийг даалгаж, шүүгдэгч М.Цийн бага насны хүүхэд болох /РД:**00000000/, С.У, /РД:**00000000/, П.У нарын асран хамгаалахыг М.Цийн төрсөн эх /РД:**00000000/, Ц.Эд хариуцуулж, М.Цийн хүүхдүүдийн асран хамгаалах харгалзан дэмжигчтэй холбоотой маргаан үүсвэл РД:**00000000/, С.У, ]/РД:**00000000/, П.У нарт асран хамгаалах, харгалзан дэмжигч тогтоохыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.М, М.Ц нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие мөрдөн байцаалтын шатанд ямар ч маргах зүйлгүйгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч талын нэхэмжилсэн хохиролд өөрийн боломжоороо унаж буй автомашинаа шилжүүлэн 7.500.000 төгрөгийн хохирол төлсөн. Хохирол төлбөрөө бүрэн барагдуулахыг хүсэж хичээсэн боловч 2022 оны 06 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сарын 18 хүртэл 7 сарын хугацаанд жирэмсэн байсан бөгөөд ажил хийх боломжгүй, 2022 оны 07 дугаар сард хүндрэлтэй төрсөн. Өндөр настай эх, 7 настай хүү маань байдаг. Бага насны хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон эх зэргээс шалтгаалан төлж амжаагүй билээ. Цаашид хохирлоо бүрэн барагдуулахаа амлаж байна. Эрхэм шүүгчид та бүхэн шүүгдэгч миний хувийн байдал, эрүүл мэнд, гэм буруугаа анхнаасаа ямар ч маргаангүй хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулахаа амлаж буйг минь болон бага насны хоёр хүүхдийн минь ирээдүйн амьдрал, хүүхдүүддээ ганц хоногийн өмнө ч болов очихсон хэмээн бодож буй эхийн сэтгэлийг, мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс надад оногдуулсан 4 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхээс надад оногдуулсан ял шийтгэлийг эс зөвшөөрч, доорх зайлшгүй шалтгаануудын үндсэн дээр тулгуурлаж гомдол гаргаж байна.

1. Юуны өмнө шүүх болон шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна.

2. Миний бие анхан шатны шүүхээс тогтоосон 70.740.000 төгрөгийн учруулсан хохирлоос 40.800.000 төгрөг буюу нийт хохирлын 60 гаруй хувийг өнөөдрийн байдлаар төлж барагдуулсан ба 29.940.000 төгрөгийн хохирол төлөх үлдсэн. Гэхдээ миний учруулсан 15 гэрээний 70.740.000 төгрөгийн хохирлоос 12.520.000 төгрөгийг би ашиглаагүй. Хэдийгээр миний бие гэрээг нь үүсгэж, бас миний гарын үсгээр үйлдсэн боловч мөнгийг нь авч ашигласан хүн нь ... М.Ц юм. Өөрөөр хэлбэл, энэ 12.520.000 төгрөгийн гэрээ нь М.Цийн хэрэгцээ шаардлагаар үүссэн гэрээ. Иймд 12.520.000 төгрөгийг учруулсан хохирлын үлдэгдэл 29.940.000 төгрөгөөс хасч тооцож үнэн зөвийг нь М.Ц бид хоёрын дансны хуулга, бусад холбогдох баримтаар тогтоож нотлоход тусална уу.

3. Компанид М.Ц бид хоёрын учруулсан нийт хохирол 40 гэрээний 186.440.000 төгрөг гэж нотлогдсоныг бид хоёул хүлээн зөвшөөрсөн ба үүнээс дан ганц А.М миний учруулсан хохирол бол 15 гэрээ 59.220.000 төгрөг гэдэг нь анх хэрэг илэрсэн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр компанийн хяналтын багийн шалгалтаар тогтоогдсон ба дараа нь компанийн хуулийн хэлтсээр батлагдаж хэрэгт хавсаргагдсан. Мөн тухайн хавсаргасан баримт дээр би 15 гэрээний 59.220.000 төгрөг нь үнэн зөв болохыг хүлээн зөвшөөрч анхнаасаа хэргээ хүлээж гарын үсэг зурсан.

Яагаад би ингэж 59.220.000 төгрөгийн дүн дээр итгэлтэй байна гэхээр, энэ 15 гэрээний кодоо өдөр бүр ажлынхаа программ дээр код тус бүрээр нь хийж, үнийн дүн, хүү, алданги зэргийг нь хянаж явсан ба сүүлдээ бүр гэрээний код үнийн дүнгээ нэг бүрчлэн цээжээр мэддэг болсон. Үүнийг би өөрийн дансны хуулга бусад холбогдох баримтаар нотлоход бэлэн байна.

4. Хавтас хэргийн материалд миний болон М.Цийн дансны хуулга хавсаргагдаагүй.

5. Шийтгэх тогтоолын 1.2 ба 1.15-д дурдсанчлан хамгийн анх би хуурамч эд зүйл тавьж эхэлсэн нь үнэн ба үүнийгээ анхнаасаа ч хүлээж ирсэн. Гэхдээ зарим нэг эндүү ташаа зүйл дээр залруулга хийхэд М.Ц нь намайг “мөнгөлөг, мөнгөтэй байсан, ... А.Мөөс 4.000.000 төгрөг зээлж байсан, ... 40.000.000 төгрөгийн эд зүйл намайг өөр дээр нь гэрээ үүсгүүлж тавиулж байсан...” гэж шүүх дээр намайг ямар ч ор үндэсгүй илт худал гүтгэж байгаад харамсаж байна.

6. М.Ц бид хоёрын үйлдэл төсөөтэй боловч хам хэрэгтэн гэж хэлэхэд учир дутагдалтай. Учир нь, авч ашигласан гэрээний мөнгө төгрөг тооцоо тус тусдаа юм. Би М.Цийг мөнгөө юунд зарцуулж, юу хийдгийг огт мэдэхгүй. Энэ мэт холбоогүй зүйл дээр прокурорын зүгээс бид хоёрыг хам хэрэг гэж үзэж байгаад харамсаж байна. Иймд миний хэргийг М.Цээс тусгаарлаж шалгахыг хүсч байна. Хохирогч талаас мөн шүүхээс бид хоёрын учруулсан хохирлын дүнг тусгаарлаж тогтоосон.

7. Миний бие өөрийн завшсан мөнгөнөөс зөвхөн койнд оруулж ханш нь 90 хувь унаж мөнгөө авч чадаагүй ба одоо болтол горьдлого тавьж ханшийг нь өсөхийг хүлээж байна. Койноос багахан ашиг олчихоод байгууллагынхаа мөнгийг заавал буцааж хийнэ гэж бодож байснаас зугтаж алга болоогүй. Би ажилдаа үнэхээр дуртай, байгууллагадаа он удаан жил ажиллана гэж хүсдэг байсан.

8. Миний бие ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг. Ээж минь настай хүн, хөл гар муутай, бие султай, надаас өөр асран халамжлах хүн байхгүй тул ээждээ маш их санаа зовниж байна.

9. Үлдсэн хохирлоо маш хурдан хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж барагдуулна гэдгээр амлаж байна.

Энэ бүх байдлыг минь харгалзан үзэж ялыг минь хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү гэж чин сэтгэлээсээ хүсч байна. ...” гэв.

Шүүгдэгч М.Цийн өмгөөлөгч С.Батнасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 6 дахь заалтуудыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Миний үйлчлүүлэгч М.Ц нь А.Мтэй бүлэглэн “ТБК ” ХХК-ийн харьяа “С Б” барьцаалан зээлдүүлэх төвийн салбарын эрхлэгчээр ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд 40 ширхэг хуурамч шаргал өнгийн металл гинж, бугуйвч зэргийг “Хархорин” худалдааны төвөөс худалдан авч, бичиг баримтаа хаяж гээгдүүлсэн иргэдийн иргэний үнэмлэх болон бусад бичиг баримтыг ашиглан, уг хуурамч 40 ширхэг эд зүйлсийг зээлийн гэрээний барьцаа болгож, зээлийн гэрээ байгуулан байгууллагад их хэмжээний буюу нийт 186.440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдааны үеэр мэдүүлсэн мэдүүлгүүддээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Шүүхээс учруулсан хохирлыг хариуцуулахдаа М.Цийн нэрээр гэрээ үүсгэж баталгаажуулсан үнийн дүнгээр тооцож, түүнд 24 гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан дүн болох 115.700.000 төгрөгийг төлөхийг хариуцуулсан. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд, М.Цийн мэдүүлгээр тэрбээр 68.000.000 төгрөгийг өөрөө авч завшсан бөгөөд зөрүү 47.700.000 төгрөгийг түүний нэрээр гэрээ үүсгэж, баталгаажуулан А.М авсан талаар мэдүүлдэг. Гэрч нарын мэдүүлгээр ч А.М эхлээд мөнгө авахуулж байсан талаар дурддаг бөгөөд шүүх хуралдааны явцад А.М ч мэдүүлэхдээ А.М.Цээр гэрээ үүсгүүлж мөнгийг нь авч байсан тохиолдол байгаа талаар дурддаг. Иймд зөрүү 47.700.000 төгрөгийг шүүгдэгч нарт тэнцүү хуваан төлж барагдуулахаар хариуцуулах нь хэргийн бодит байдал, шударга ёсонд нийцнэ. Мөн шүүхээс А.М.Цэд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй талаар дурддаг. Гэвч хэрэгт цугларсан нотлох баримтаар М.Ц нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа өөрийн боломжит байдлаар хохирлоос тодорхой хэсгийг нөхөн төлсөн, үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсоныг дурдах нь зүйтэй. Түүний хувийн байдлын тухайд өөрийн эх Ц.Энхтуяа /өндөр насны тэтгэвэрт байдаг/, бага насны 2 хүүхэд болох 7 настай хүү Сэргэлэнгийн Уранбилэг, 6 сартай охин Пүрэвчулууны Урангоо нарын хамт амьдардаг, ганц бие өрх толгойлсон эмэгтэй бөгөөд түүнд 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэсэнтэй нийцэхгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Мийн өмгөөлөгч Г.Эрдэнэхүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх А.Мийг гэм буруутайд тооцох болон түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Тодруулбал, анхан шатны шүүх шүүгдэгч А.М, М.Ц нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгийг зөвхөн үндэслэж шүүгдэгч нар нь нэг санаа зорилгоор нэгдэн гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэсэн боловч шүүгдэгч нарын мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдоогүй. Нөгөөтэйгүүр, шүүгдэгч М.Цийн өгсөн мэдүүлэг болон түүний өмгөөлөгчийн шүүхэд гаргасан санал, дүгнэлтээс үзэхэд шүүгдэгч М.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хувь тэнцүүлэн нөхөн төлүүлэх зорилгоор дээрх мэдүүлгийг өгсөн гэж үзэх үндэстэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, мөн зүйлийн 8.3 дахь хэсэгт “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүх шийдвэр гаргахдаа энэ хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 16.11, 16.12 дугаар зүйлд заасан нотлох баримтыг ашигласан бол мөн хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр тус тус заасан. Мөн шүүгдэгч А.Мийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан А.Мийн гар бичмэлээр /хх 166/ 59.260.000 төгрөгийг хувьдаа авсан болох нь тогтоогддог бөгөөд энэ баримтыг үгүйсгэж, няцаасан баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх А.Мийн учруулсан хохирлын хэмжээг 70.740.000 төгрөг гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхээс А.Мийг гэм буруутайд тооцсон учир шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг ажлын 5 өдрийн хугацаагаар завсарлуулах хугацаанд шүүгдэгчийн зүгээс хохиролд 25.000.000 төгрөгийг төлж, улмаар хохирлоос нийт 39.500.000 төгрөг төлөгдсөн. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч А.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө бодитой илэрхийлсэн, гэм буруугаа ухамсарлаж, үйлдсэн хэрэгтээ өгч байгаа дүгнэлт зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзээгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй гэж үзэж байна. Иймд хэргийн зүйлчлэл болон шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Хохирогч “ТБК ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрээр шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн үйлдэлд байж болох хөнгөн ял шийтгэл оногдуулсан. Шүүгдэгч нар нь нэг удаагийн үйлдэл биш, А.М 16, М.Ц 24 удаагийн үргэлжилсэн үйлдлээр гэмт хэргийг үйлдсэн. Манай байгууллагад нийт 186.440.000 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс М.Ц өнөөдрийн байдлаар 24 гэрээний 115.700.000 төгрөгөөс 7.500.000 төгрөгийг барагдуулсан, 108.200.000 төгрөгийн хохиролтой байна. А.Мийн хувьд 16 гэрээний 70.740.000 төгрөгийн хохирол учруулснаас тодорхой хэмжээний хохирол, төлбөрийг барагдуулсан. Өнөөдрийн байдлаар 29.940.000 төгрөгийн хохиролтой байгаа. Манай байгууллага санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ хоёртой адилхан ажилладаг 200 орчим ажилтан байна. Энэ гэмт хэрэг яаж шийдэгдэхээс хамаарч цаашид бусад ажилчид ийм гэмт хэрэг үйлдэх үү, үйлдэхгүй юу гэдэг нь нэг талаас сургамж болно гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бүлэглэж үйлдсэн. Үйлдлийн тухайд хуурамч эд зүйлийг олж аваад ашигладаг, хуурамч эд зүйлийг хайж олдог. Бусдын бичиг баримтыг ашиглаж эхлээд өөрсдөдөө зээл гаргадаг. Сүүлдээ нэг нэгнийхээ эрхийг ашиглаад бие биедээ зээл гаргаж өгдөг болсон. Гэмт үйлдлээ нуун далдлах зорилгоор хяналт шалгалт хүрч ирэхэд зээлийн гэрээг хаасан төлөвт шилжүүлдэг. Хяналт шалгалт явсны дараа зээлийн гэрээг буцаагаад нээлттэй байдал руу шилжүүлдэг. Мөн барьцаанд авсан хуурамч эд зүйлийг шалгуулахгүйн тулд лацдаж, битүүмжилдэг. Лацыг холбогдох ажилтнаас хулгайлж авдаг асуудлууд яригддаг. Анхан шатны шүүх дээрх 2 шүүгдэгчийн үйлдлүүдэд тохирсон ял оногдуулсан. Хохирол төлбөрийн тухайд нэгэнт өөрсдөө зээлийн гэрээг үүсгэх эрхтэй учраас үүсгэсэн зээлийн гэрээний дагуу төлбөрийг хариуцах ёстой. Хоорондоо мөнгөө хэрхэн шилжүүлсэн эсэх асуудал нь хохирогч байгууллага болоод шүүхийн шийдвэрийн үндэслэлд нөлөөлөхгүй. 12.450.000 төгрөг гэдэг ч юм уу хоорондоо шилжүүлсэн мөнгөний гүйлгээ, үйл явдлын урьдчилсан байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй. Гол асуудал хаанаас яригдаж байна гэхээр магадгүй М.Ц, А.М нар энэ гэрээг үүсгээд нөгөө хүндээ мөнгө өгөөгүй байсан бол энэ асуудал яригдахгүй. Нэгэнт өөрийнхөө эрхийг ашиглаад зээлийн гэрээ үүсгээд хүнд мөнгө олгох боломжийг нь бүрдүүлээд гэмт хэргийг хамтарч үйлдэж байгаа учраас үүсгэсэн гэрээний дагуу хохирлыг барагдуулах нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “...Шүүгдэгч нар хохиролд маргаад байгаа боловч дансаар 12.520.000 төгрөг, 47.700.000 төгрөг шилжүүлсэн баримт хэрэгт авагдаагүй. Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох 16 гэрээ, 24 гэрээгээр гарын үсэг зурж, шилжүүлж авсан байдлаар нь учруулсан хохирлыг шүүхээс М.Ц 108.200.000 төгрөг, А.М 56.240.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон учраас тухайн хохирлыг байгуулсан гэрээний дагуу төлж барагдуулах нь зүйтэй гэж прокурорын зүгээс үзэж байна.  Маргаад байгаа 12.520.000 төгрөг, 47.700.000 төгрөгийг мэдүүлэгтээ нэг нэгэндээ шилжүүлж өгсөн гэж байгаа боловч дансаар юм уу, бичгээр нэг нэгэндээ шилжүүлж өгсөн гэх  нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй. Тийм учраас гэрээ байгуулж баталгаажуулж авсан гэрээний дагуу учруулсан хохирлыг төлүүлэхээр заасан шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Гэрч Болормаа, Гэрэлмаа нарын мэдүүлгээр мөнгийг гаргуулж авсан гэж яриад байна. Гэрч нарын мэдүүлгээр М.Ц, А.М нар нь гэрээ байгуулаад өгөөч гэж гуйсны дагуу мөнгө гаргаад шүүгдэгч нарт өгдөг байсан болохоос биш, М.Цийн байгуулсан гэрээгээр А.М аваад А.Мөөс шилжүүлж авсан гэх мэдүүлэг хавтас хэрэгт авагдаагүй. Нотлох баримтуудаар энэ гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон. 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 19/32 дугаар, 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 15/06  дугаар хөдөлмөрийн гэрээнүүдээр шүүгдэгч нар нь “ТБК ” ХХК-ийн харьяа “С Б” барьцаалан зээлдүүлэх төвийн салбарын эрхлэгчээр хөдөлмөрийн гэрээ байгуулж, томилогдож ажилд орсон байдаг. Тухайн байгуулсан гэрээгээр зээлийг гаргах, хаах, үргэлжлүүлэх зэрэг бүх эрх хэмжээг салбарын эрхлэгчийн тушаалаар М.Ц, А.М нар хүлээн авсан байдаг. Тэр эрхийнхээ дагуу нийт 40 зээлийн гэрээг байгуулж, хуурамч эд зүйл барьцаанд тавьж мөнгийг шилжүүлж авсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирлыг тэнцүү хэмжээгээр хувааж төлүүлэх боломжгүй. Гэрээний дагуу хохирлыг барагдуулах нь үндэслэлтэй. Шүүгдэгч М.Ц, А.М нарын гэмт хэрэг үйлдсэн арга, учруулсан хохирлоос нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан үзэж шүүхээс тохирсон ялыг оногдуулсан. Улсын яллагчийн зүгээс 7 жилийн хорих ял санал болгосон, шүүхээс 3 болон 4 жилийн хорих ял оногдуулсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Шүүгдэгч А.М, М.Ц нар бүлэглэн “ТБК ” ХХК-ийн харьяа “С Б” барьцаалан зээлдүүлэх төвийн салбарын эрхлэгчээр тус тус ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд 40 ширхэг хуурамч шаргал өнгийн төмөр гинж, бугуйвч зэргийг “Хар хорин” худалдааны төвөөс худалдан авч, бичиг баримтаа хаяж гээгдүүлсэн иргэдийн иргэний үнэмлэх болон бусад бичиг баримтыг ашиглан, уг хуурамч 40 ширхэг эд зүйлсийг зээлийн гэрээний барьцаа болгож, зээлийн гэрээ байгуулан их хэмжээний буюу нийт 186.440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Тгийн “...2021 оны 8 дугаар сараас 2022 оны 6 дугаар сар хүртэл нийт 40 ширхэг гэрээ үүсгэж, барьцаа хөрөнгөө хуурамч эд зүйл байршуулж зээл гарган уг мөнгийг өөрсдөө хувьдаа авсан нь илэрсэн. ...Тухайн үед байгууллагын тооллого хийгээд мөн эд зүйл жинхэнэ хуурамчийг шалгах үед илэрсэн. ... М.Ц, А.М нар нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Манай байгууллагаас нийт 40 гэрээний 186.440.000 төгрөгийг нөхөн төлүүлмээр байна. ...” /1хх 13/,

гэрч Л.Бийн “...Эхлээд А.М гинж, бугуйвч тавиулдаг байсан. Сүүлд М.Ц мөн адил гинж, бугуйвч тавиулдаг байсан. Эхлээд 3 сая гаран төгрөгөөр тавиулж байгаад дараа нь 5 сая гаран төгрөгөөр тавиулдаг байсан. Намайг энийг тавиад өгөөч гэдэг л байсан. ... Би тухайн эд зүйлсийг хуурамч гэдгийг мэдээгүй, би мөнгө авч байгаагүй. ...Надад өөр хүний бичиг баримт өгөөд энэ хүний нэрийг бичиж байгаарай гэсэн. ...” /1хх 15/,

гэрч Б.Ггийн “...Эхлээд А.М анх эд зүйл оруулж ирээд “энийг та тавиад өгөөч” гэхээр нь би өөрийнхөө бичиг баримтаар тавьж өгөөд бэлэн мөнгө өгөхөөр нь би ажлаас нь гараад А.Мд буцааж өгдөг байсан. ...Дараа нь М.Ц яг ийм үйлдлээр мөнгө авдаг байсан. ...Би тусалж байсан болохоос бэлэн мөнгө огт авч байгаагүй. ...Би ойролцоогоор 10-20 удаа үйлчлүүлж байсан. Дандаа гинж, бугуйвч тавьдаг байсан. Тухайн эд зүйлсийг хуурамч, жинхэнэ гэдгийг ялгаж чадахгүй. ...Сүүлдээ М.Ц нь их олон удаа орж ирэх болсон. ...” /1хх 17/,

гэрч Д.Аийн “...Намайг А.М 2022 оны 6 дугаар сард паспортаа аваад ирээч гэхээр нь би өөрийнхөө паспортыг ажил дээр нь аваачиж өгч байсан. Тухайн үед юунд ашиглах гэж байгааг асуугаагүй. ...хуурамч эд зүйл ажиллаж байсан ломбардандаа тавьж мөнгө завшсан гэж сонссон. ...” /1хх 19/,

гэрч А.Агийн “...2022 оны 6 дугаар сард надад гинж өгөөд “энийг манай ажил дээр аваачиж тавиад өгөөч” гэж хэлж байсан ба тухайн гинжийг аваад ажил дээр нь очиход М.Ц эгч өөрөө авдаг байсан. ...Дараа нь дахиад “мөнгөний хэрэг гарчихлаа, энийг дахиад тавиад өгөөч” гээд өмнө нь тавиулж байсан шиг адилхан гинж тавиулж байсан. Эхний гинжийг 3 сая гаран төгрөгөөр, дараагийн гинжийг мөн 3 сая гаран төгрөгөөр тавиулж байсан. ... Би тухайн гинжнүүдийг хуурамч гэдгийг мэдээгүй. Би хуурамч жинхэнэ эсэхийг ялгаж мэдэхгүй. ... М.Ц эгч надад нэг ч төгрөг өгч байгаагүй. ...” /1хх 21/,

гэрч Ц.Эийн “...М.Ц надад хэлэлгүй бичиг баримт авч яваад миний нэр дээр ломбарданд эд зүйл барьцаанд тавьж байсан. ...Сүүлд баригдаад миний бичиг баримтыг ашиглаад эд зүйл тавьж байсан гэж хэлсэн. ...” /1хх 23/,

гэрч С.Цийн “...салбар хариуцсан эрхлэгч нарыг төв рүү дагуулж яваад хуулийн зөвлөх, удирдлагуудтай уулзуулахад хамаатан садан, таньдаг хүмүүс, мөн олсон бичиг баримтыг ашиглан хүмүүсээр хуурамч эд зүйл барьцаанд тавиулдаг байсан талаар салбарын эрхлэгч А.М, М.Ц нар нь өөрсдөө хэлээд нийт 40 хүний зээлийн гэрээг ялгаж, өөрсдөө тавьсан хүмүүсийн гэрээг ялгасан. Тухайн үед барьцаа шалгагч нар эд зүйлсийг шалгахад хуурамч эд зүйлс гарч ирсэн талаар дараа нь хэлсэн. ...” /1хх 25/,

гэрч Ч.Сийн “...Эд зүйлсээ шалгатал зарим эд зүйлс нь хуурамч байсан нь илт байсан ба тухайн эд зүйлийн барьцааг харахад дандаа 2 саяас дээш өндөр дүнтэй бараанууд байсан. Тэгээд энэ тухайгаа төв оффис руугаа хуурамч эд зүйл их гарч байна гэж хэлсэн. ...Нийт 33 ширхэг хуурамч эд зүйлс гарч ирсэн. ...” /1хх 27/,

гэрч Б.Өийн “...7 ширхэг эд зүйл байхгүй, 33 ширхэг нь хуурамч эд зүйлс байсан. Тэгээд бид хоёр хуулийн зөвлөхтэй уулзаж салбар хариуцсан эрхлэгч нарыг авч яваад хуулийн зөвлөх, удирдлагуудтай уулзуултал 40 ширхэг гэрээг хуурамчаар хамаатан садангийн хүмүүсийн иргэний үнэмлэх, хажуу хөрш үсчингийн үнэмлэх, мөн гаднаас олсон бичиг баримтыг ашиглан хуурамч эд зүйлсийг барьцаанд тавьсан талаар өөрсдөө хэлсэн. Тэгээд манай хуулийн зөвлөх цагдаад хандсан. ...” /1хх 29/,

шүүгдэгч А.Мийн “...Хар хорин худалдааны төвөөс хуурамч шаргал өнгийн хүзүүний гинж, бугуйвч аваад хажуу талд ажилладаг зүс таних үсчин Б, Г, Бээжин барааны эгч О гэдэг хүмүүсээр өөр хүний хаясан гээсэн бичиг баримтыг бариулж оруулаад хуурамч эд зүйлээ тавиулж зээл авдаг байсан. ...М.Ц нь сүүлдээ ломбарданд хуурамч эд зүйл тавиулаад өөрөө мөнгөө авдаг байсан. ...Тухайн үед М.Ц нь хүний хаясан гээсэн бичиг баримтыг энд тэндээс олж авч бас л үсчин Б, Г, Бээжин барааны эгч О, мөн миний мэдэхгүй 2-3 үсчингээр тавиулдаг байсан. ...” /2хх 27/,

шүүгдэгч М.Цийн “...2021 оны 11 сард хуурамч эд зүйлсийг хажуу талын үсчин Гаар дамжуулан тавьж эхэлсэн. ...А.М надад хуурамч эд зүйл хүний хаясан бичиг баримтыг ашиглаад тавьж болдог гэж хэлсэн. ...Дандаа бугуйвч, гинж тавьдаг байсан. Яагаад гэвэл дараа нь шалгалт ирвэл ялгаж авахад амар гээд гинж, бугуйвч тавьдаг байсан. Бид хоёр нийт 186.440.000 төгрөгийн зээл гаргуулан авсан. ...” /2хх 37/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүгдэгч А.М, М.Ц нарыг “ТБК ” ХХК-ийн харьяа “С Б” барьцаалан зээлдүүлэх төвийн салбарын эрхлэгчээр томилсон тушаалууд /1хх 145, 163/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 3741 дүгээр шинжээчийн дүгнэлт /1хх 33-41/, барьцаат зээлийн гэрээ, гэрээний дэлгэрэнгүй /1хх 65, 67, 69, 71, 73, 74, 76, 77, 79, 80, 82, 83, 85, 86, 88, 89, 92, 93, 95, 96, 98, 99, 101, 102, 104, 105, 107, 108, 110, 111, 113, 114, 116, 117, 119, 121, 123, 124, 126, 128/, зээлийн хүснэгт /1хх 164-165/, А.М, М.Ц нарын бичгээр гаргасан хүсэлтүүд /1хх 166-168/, тээврийн хэрэгсэл хүлээн авсан акт /2хх 86/, кассын орлогын ордер /2хх 94/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Ц “...бага насны хоёр хүүхэдтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 4 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгч А.М “...12.520.000 төгрөгийн гэрээ нь М.Цийн хэрэгцээ шаардлагаар үүссэн, 12.520.000 төгрөгийг учруулсан хохирлын үлдэгдэл 29.940.000 төгрөгөөс хасаж тооцож, үнэн зөвийг М.Ц бид хоёрын дансны хуулга, бусад холбогдох баримтаар тогтоох, хавтас хэрэгт миний болон М.Цийн дансны хуулга хавсаргагдаагүй, миний хэргийг М.Цээс тусгаарлаж шалгуулах, хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгч М.Цийн өмгөөлөгч С.Батнасан “...47.700.000 төгрөгийг шүүгдэгч нараар тэнцүү хувааж хариуцуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгч А.Мийн өмгөөлөгч Г.Эрдэнэхүү “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ...хэргийн зүйлчлэл болон шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Шүүгдэгч А.М, М.Ц нар нь “ТБК ” ХХК-ийн харьяа “С Б” барьцаалан зээлдүүлэх төвийн салбарын эрхлэгчээр тус тус ажиллах хугацаандаа буюу 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хооронд А.М нь 16 гэрээнд гарын үсэг зурснаар 70.740.000 төгрөгийг,  М.Ц нь 24 гэрээнд гарын үсэг зурснаар 115.700.000 төгрөгийг тус тус хувьдаа авч завшсан нь зээлийн гэрээнүүд, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, “ТБК ” ХХК-ийн гаргаж өгсөн зээлийн гэрээнд нэг бүрчлэн тулгалт хийсэн баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч А.М, М.Ц нар нь хэн алиныхаа хуурамч гэрээ байгуулах, зээлийн гэрээний барьцаанд хуурамч эд зүйл тавих үйлдлийг дэмжих байдлаар бие биедээ гэмт хэрэг үйлдэх нөхцлийг бүрдүүлэн өгч байснаараа үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн гэмт хэрэг үйлдэж байжээ.

Шүүгдэгч А.М, М.Ц нар нь “ТБК ” ХХК-ийн харьяа “С Б” барьцаалан зээлдүүлэх төвийн салбарын эрхлэгчээр тус тус ажиллаж байхдаа бүлэглэн их хэмжээний хөрөнгө завшсан, уг гэмт хэргийг үйлдэхдээ албан тушаалын байдлаа ашигласан байх тул тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хамтран оролцогч бүр нэг санаа зорилгод нэгдсэн эсэхийг тогтоосны эцэст тухайн гэмт хэргийн улмаас үүссэн хор уршгийг аль нэг нь учруулснаас үл хамааран үйлдлийг нэгтгэн зүйлчилж, хохирлыг нөхөн төлүүлэхдээ хувь тэнцүүлэн хуваах, эсхүл тогтоогдсон байдлаас хамаарч тухайн шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэдэг.

Шүүгдэгч А.М, М.Ц нарын тус бүрийн үүсгэсэн зээлийн гэрээний үнийн дүнд үндэслэж хохирол төлбөрийг шүүгдэгч тус бүрээс өөр өөр гаргуулахаар заасан нь үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Мийг 3 жил, шүүгдэгч М.Цийг 4 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, уг ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч А.М нь анхан шатны шүүхээс гаргуулахаар заасан 31.240.000 төгрөгийн хохирлоос 1.300.000 төгрөг төлсөн байх тул энэ талаар магадлалд дурдаж байна.

Шүүгдэгч А.М, М.Ц нарын үйлдэлд “эд хөрөнгийн эрх завших” шинж байхгүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулав.

Иймд шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, шүүгдэгч А.М, М.Ц, өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, С.Батнасан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч А.М, М.Ц нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 71 хоног тус бүрийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/62 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтыг “Боржигон овогт Алтанцэцэгийн А.М, Бадрах овогт Мөнхбаатарын М.Ц нарыг бүлэглэж “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч А.М, М.Ц, өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, С.Батнасан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч А.М нь анхан шатны шүүхээс гаргуулахаар заасан 31.240.000 төгрөгийн хохирлоос 1.300.000 төгрөгийг давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө төлснийг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М, М.Ц нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 71 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР