Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 126/ШШ2016/0028

 

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 126/ШШ2016/0028

Хөвсгөл аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн иргэн Д.Ө**************** /РЗГ**************** /-ын нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Рашаант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэдхолбогдох "Рашаант сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 25 дугаар тогтоолыг хүчингүй болгох, хуульд нийцүүлэн гаргахыг даалгах" шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ө**************** , хариуцагч Хөвсгөл аймгийн Рашаант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг төлөөлж, Хурлын дарга Т.О**************** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, гэрч Д.Н**************** ,   нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн иргэн Д.Ө****************  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сонгуулийн тухай хуулийн дагуу Рашаант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж тойрогт ногдох мандатын тоог тогтоосон. Тоог тогтоохдоо нэгдүгээр багт-5, хоёрдугаар багт-5, гуравдугаар багт-3, дөрөвдүгээр багт-4, тавдугаар багт-4, нийт 21 байхаар тогтоосон. Гэтэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заахдаа сумын хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтаршил, байршил, Засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан дараах байдлаар тогтооно, 10.3.2-т сумын хүн амын тоо 2000-5000 хүртэл бол 21 байхаар заасан. Тус Рашаант сумын хүн ам нь 3677 бөгөөд нягтаршлын буюу Засаг захиргааны анхан шатны нэгжийн бүтцээр нь мандатын тоог хуваарилвал:

Нэгдүгээр багт 3,2 буюу 3 мандат /Хүн амын тоо 562/

Хоёрдугаар багт 4,3 буюу 4 мандат /Хүн амын тоо 751/

Гуравдугаар багт 3,1 буюу 3 мандат /Хүн амын тоо 548/

Дөрөвдүгээр багт 5,6 буюу 6 мандат /Хүн амын тоо 1043/

Тавдугаар багт 4,4 буюу 5 мандат /Хүн амын тоо 773/ тус тус ногдохоор байна. Иймд Рашаант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар гаргасан мандатын тоо хуваарилсан 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 25 тоот тогтоолыг хүчингүй болгож, хуульд нийцүүлэн гаргахыг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Ө****************  шүүхэд гаргасан тайлбартаа: Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар бүлгийн 22 дугаар зүйлийн 22.9 дэх заалтад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг явуулахад тухайн сумын баг тус бүр сонгуулийн тойрог болно гэж заасан. Миний бие Д.Ө****************  Рашаант сумын 4 дүгээр багийн иргэн, 4 дүгээр тойргийн хууль ёсны сонгогч. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар мандатын тоог тогтоовол нэгдүгээр багт 3, хоёрдугаар багт 4, гуравдугаар багт 3, дөрөвдүгээр багт 6, тавдугаар багт 5 мандат хуваарилагдах байтал Рашаант сумын иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 25 тоот тогтоолоор мандат хуваахдаа улсын төрийн өнцгөөс харж хууль бусаар нэгдүгээр багт 5, хоёрдугаар багт 5, гуравдугаар багт 3, дөрөвдүгээр багт 4, тавдугаар багт 4 мандат хуваасан нь иргэн сонгогч миний Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөг хааж байна. Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтад Сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь олонхийн саналаар шийдвэр гаргадаг байгууллага тул 6 төлөөлөл сонгогдох ёстойг 4 болгосон нь гагцхүү иргэний төлөөллөө сонгох эрхийг зөрчиж байна гэжээ.

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн иргэн Д.Ө****************  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Рашаант сумын 4 багийн иргэн, сонгогч хүний хувьд шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Рашаант сумын нийт хүн ам 3677 ба Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.2-т зааснаар 21 төлөөлөгч байх ёстой гэж үзвэл нэг төлөөлөгч ойролцоогоор 175 иргэнийг төлөөлж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд суух ёстой. Гэтэл сонгуулийн нэг тойрог буюу нэг багт байгаа хүний тоонд дүйцүүлж мандатын тоог тогтоогоогүйн улмаас нэгдүгээр багаас сонгогдох төлөөлөгч 112 орчим хүнийг, харин 4 дүгээр багаас сонгогдох төлөөлөгч 260 орчим хүнийг төлөөлөхөөр байгаа нь хууль зөрчиж байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь иргэдээ төлөөлж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд суудаг болохоос биш, газар нутгийг төлөөлж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд суудаггүй юм. Иймд том газар нутагтай багт олон мандат хуваарилах нь иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байна. Хэргийн материалын 34 дүгээр хуудсанд байгаа тойргийн мандатын тоог хуваарилсан хүснэгтийг нотлох баримтаас хасуулах хүсэлтэй байна. Учир нь сумын төвөөс алслагдсан байдал, газар нутгийн хэмжээ зэрэг хуульд байхгүй шалгуураар байр эзлүүлээд түүгээр мандатын тоог тогтоосон байгаа нь хууль бус байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь олонхийн саналаар шийдвэр гаргадаг учраас мандатын тоо, иргэдийн төлөөлөл гэдэг асуудал маш чухал. Рашаант сумын 1, 2 дугаар баг урьд жилүүдэд дандаа ардчилсан намын төлөөлөгч сонгогдож байсан түүхтэй. Одоо байгаа тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн олонх нь ардчилсан намын төлөөлөгч байгаа учраас хүн ам цөөтэй 1, 2 дугаар багийн мандатын тоог хууль бусаар нэмэгдүүлж байна. Улс төрийн соёлгүй энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Рашаант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг төлөөлж Хурлын дарга Т.О****************  шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3. Сумын Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан дараах байдлаар тогтооно (УИХурлаас бүтэц, хүн ам газар нутгийн байршлыг харгалзан тогтоосон зохицуулалт бөгөөд сумын ИТХ тэргүүлэгчид хэрхэн мандат хуваарилахыг энэхүү зохицуулалтаар зохицуулаагүй гагцхүү сонгуулийн тухай хуулиар тусгайлан олгосон бүрэн эрх юм)

10.3.2-д сумын хүн амын тоо нь 2000-5000 хүртэл бол 21 төлөөлөгч байхаар хуульд шууд тодорхойлсон зохицуулалт бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 152.1 Орон нутгийн хурлийн Тэргүүлэгчид санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө тус тусын хурлын сонгуулийн тойрогт ногдох мандатын тоог тогтоож, санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд дараах мэдээллийн хамт хүргүүлнэ.

152.1.1. орон нутгийн хурлын төлөөлөгчдийн тоо

152.1.2. тойргийн байршил /план зураг болон бичгэн мэдээллээр/ дугаар

152.1.3. тойрог тус бүрт ногдох мандатын тоо

152.2. нэгэнт байгуулсан тойргийг тухайн ээлжит сонгуулийн дөрвөн жилийн хугацаанд өөрчлөхийг хориглоно ... гэсэн хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд Рашаант сумын ИТХ-ын тэргүүлэгчид мандатын тоог хуваарилсан нь хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй болно.

Нөгөө талаар Рашаант сумын иргэдийн төлөөлөгчдийн тойргийн мандатын тоог тогтоохдоо газар нутгийн байршил, баг орон нутгийн онцлогийг харгалзан тогтоосон болно. Үүнд:

  1.     1 дүгээр баг 5 мандат, нийт газар нутгийн 43000 га газрыг хамарсан 164 өрх, 562 хүн амтай, сумын төвөөс 50 км
  2.     2 дугаар баг 5 мандат, нийт газар нутгийн 64000 га газрыг хамарсан 197 өрх, 751 хүн амтай, сумын төвөөс 40 км
  3.     3 дугаар баг 3 мандаттай, нийт газар нутгийн 49881 га газрыг хамарсан 157 өрх, 548 хүн амтай, сумын төвөөс 8 км
  4.     4 дүгээр баг 4 мандат, нийт газар нутгийн 971 га газрыг хамарсан 307 өрх, 1034 хүн амтай, сумын төв
  5.     5 дугаар баг 4 мандат, нийт газар нутгийн 40400 га газрыг хамарсан 228 өрх, 773 хүн амтай, сумын төвөөс 20 км

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь мандатын тоог хуваарилахдаа:

Нэгд: Газар нутгийн хэмжээ, байршил, алслалт, сонгогчдыг сонгуульд идэвхтэй, зардал чирэгдэлгүй, иргэн бүрийн сонгох эрхээ эдлэх боломжийг хангах, сумын төвөөс алслагдмал багийн иргэдийг төлөөлөх төлөөллийг сайжруулах.

Хоёрт: Засаг захиргааны нэгж, түүний алслалт, байршил, хүн амын тоог харгалзан өөрийн бүрэн эрхийн дагуу гаргасан хуульд заасан мандатын тоог зөрчилгүй хуваарилсан.

Нэхэмжлэгч Д.Ө**************** ын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдохгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ямар эрх ашгийг нь зөрчсөн талаар, яаж хохирч байгаа талаар тодорхой дурдаагүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдохгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангаагүй, нэхэмжлэгч Д.Ө****************  нь Рашаант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд энэ талаар ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй, гаргасан баримт хэрэгт байхгүй байгаа нь шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, урьдчилан шийдвэрлүүлэх журмаар шийдвэрлүүлэх боломжтой байгаа зэргээр нэхэмжлэлийг буцаах нь зүйтэй юм. Иймд Д.Ө**************** ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Рашаант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг төлөөлж Хурлын дарга Т.О****************  болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Рашаант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хамтын шийдвэр гаргадаг бөгөөд хууль дээдлэх зарчмыг баримтлан ажилладаг. Сонгуулийн тойрог байгуулж мандатын тоог хуваарилахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.2-т заасан тоог зөрчөөгүй, Сонгуулийн тухай хуулийн 152 дугаар зүйлийн 152.1, 152.1.3-т заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Тэргүүлэгчдийн олонхын буюу 80 саналаар мандатын тоог баталсан. Рашаант сумын 1, 2 дугаар баг нь газар нутгийн хэмжээгээр хамгийн том, малчид уул, жалгын аманд тархан суудаг, хамгийн захын айл гэхэд сумын төвөөс 78-79 километрын цаана байгаа. Би өөрөө сая аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшээд 1, 2 дугаар багийн айлуудаар бүтэн тойроход 3-4 өдөр зарцуулж байсан. Алслагдмал багийн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэхэд хүндрэлтэй, цаг хугацаа их ордог. Өнгөрсөн сонгуулийн хугацаанд 1 дүгээр багаас сонгогдсон хоёр төлөөлөгчийн нэг нь жирэмсний амралтаа авч 4 удаагийн хуралдаанд ирээгүй. Энэ мэтчилэн алслагдсан багийн иргэдийн төлөөлөл цөөн байх нь төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд сөргөөр нөлөөлж байна. Зөвхөн хүн амын тоог харгалзах нь хангалтгүй. Харин сумын төв буюу 4 дүгээр багийн нутаг дэвсгэр харьцангуй бага 971 га газар учраас сумын төвд оршин суугаа иргэдтэй уулзалт хийх, тэдэнд төрийн үйлчилгээг хүргэхэд амар хялбар байдаг. Сонгуулийн тухай хуулийн 152 дугаар зүйлд мандатын тоог тогтоох эрхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгосон, харин мандатын тоог тэгж тогтооно, ингэж тогтооно гэж хуульд заагаагүй. Алслагдмал багийн иргэдийн төлөөллийг олон болговол тэдний идэвх сайжирч зардал чирэгдэлгүй, иргэн бүр сонгох, сонгогдох эрхээ эдлэх боломж бүрдэх зэрэг ач холбогдолтой. Алслагдмал багийн иргэдтэй төлөөлөгч тэр бүр очиж уулзах боломж муутай байдаг учраас иргэдийн зүгээс төлөөлөгчөөс чи юу хийсэн юм бэ гэж их асуудаг, тэдэнд мэдээлэл хүрдэггүй. Мөн сумын төвд оршин суудаг иргэдээс алслагдмал багт очиж нэр дэвшдэг, харин хөдөөний малчин хүн сумын төвд ирж нэр дэвшдэггүй зэргийг харгалзан алслагдмал багт мандатын тоог нэмсэн. Төрийн үйлчилгээг алслагдмал багийн иргэдэд хүртээмжтэй хүргэхийн тул тэдний төлөөллийг нэмэгдүүлэх зорилгоор мандат хуваарилсан. Нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн 2012 оны мандатын тоог тогтоож байсан тогтоол, тэмдэглэлийг нотлох баримтаас хасуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Гэрч Д.Н****************  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хөвсгөл аймгийн Рашаант сумын нэгдүгээр баг 43000 га, хоёрдугаар баг 64000 га, гуравдугаар баг 49881 га, дөрөвдүгээр баг 971 га, тавдугаар баг 40400 га газар нутагтай. 2006 онд багийн Засаг дарга нартай ярилцаж байгаад багийн хилийн заагийг тогтоож, масштабын аргаар газар нутгийн хэмжээг тогтоосон. Энэ хэмжээг албан ажилдаа хэрэглэж байгаа. Багийн хил заагийг нарийвчлан тогтоосон албан ёсны тогтоол шийдвэр байхгүй. Нэгдүгээр багийн төвөөс сумын төв хүртэл 50 км, хоёрдугаар багийн төвөөс сумын төв хүртэл 40 км, гуравдугаар багийн төвөөс сумын төв хүртэл 8 км, тавдугаар багийн төвөөс сумын төв хүртэл 20 км зайтай бөгөөд дөрөвдүгээр баг нь сумын төв юм. Сумын төвийн газар нутгийн хэмжээг 971 га байхаар 1976 онд Ардын Их Хурлаас тогтоосон байдаг юм гэв.

Гэрч Н.О**************** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Рашаант сумын нэгдүгээр баг 562, хоёрдугаар баг 751, гуравдугаар баг 548, дөрөвдүгээр баг 1043, тавдугаар баг 773 хүн амтай. Энэ тоо бол Рашаант сумын албан ёсны статистик мэдээний тоо баримт бөгөөд 2015 оны жилийн эцсийн тоо юм. Сумын хүн ам, малын тоог жил бүрийн эцсээр нэгтгэж сумын төрийн сангийн ажилтан статистик мэдээг хариуцан ажилладаг гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь;

Хөвсгөл аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн иргэн Д.Ө****************  нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан"Рашаант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 25 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, хуульд нийцүүлэн гаргахыг даалгах" шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж Рашаант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 25 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Рашаант сумын Нэгдүгээр багт 3 мандат, Хоёрдугаар багт 4 мандат, Гуравдугаар багт 3 мандат, Дөрөвдүгээр багт 6 мандат, Тавдугаар багт 5 мандат байхаар тойрог тус бүрт байх мандатын тоо тогтоохыг даалгах-ыг хүссэн байна.

Маргаан бүхий захиргааны акт болох Хөвсгөл аймгийн Рашаант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 25 дугаар тогтоол нь захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар бий болгосон бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр байх бөгөөд нэхэмжлэгч Рашаант сумын 4 дүгээр багийн иргэн Д.Ө**************** ын субьектив эрхийг хөндөөгүй боловч түүний хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна гэж үзлээ.

Рашаант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 25 дугаар тогтоолоор[1] Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.2 дахь заалт, Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх заалтыг тус тус үндэслэн 1 дэх заалтаар Рашаант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоог 21 байхаар тогтоож, 2 дахь заалтаар тойргийн план зургийг хавсралтаар баталж, 3 дахь заалтаар тойрог тус бүрт ногдох мандатын тоог тогтоохдоо Тээл буюу нэгдүгээр багт 5 мандат, Талын ус буюу хоёрдугаар багт 5 мандат, Энх тал буюу гуравдугаар багт 3 мандат, Цэнгэл буюу дөрөвдүгээр багт 4 мандат, Их Ац буюу тавдугаар багт 4 мандат байхаар хуваарилсан байна.

Нэхэмжлэгчийн зүгээс Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9-д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг явуулахад тухайн сумын баг тус бүр нь сонгуулийн тойрог байхаар заасан бөгөөд тойрог тус бүрт ногдох мандатын тоог тогтоохдоо хүн амын тоог харгалзаагүй, харин газар нутгийн хэмжээ, сумын төвөөс алслагдсан байдалтай уялдуулж мандат хуваарилсан нь буруу гэж,

Хариуцагчийн зүгээс газар нутгийн хэмжээ, байршил, алслалт, сонгогчдыг сонгуульд идэвхтэй зардал чирэгдэлгүй иргэн бүрийн сонгох эрхээ эдлэх боломжийг хангах, сумын төвөөс алслагдмал багийн иргэдийг төлөөлөх төлөөллийг сайжруулах, засаг захиргааны нэгж түүний алслалт, байршил, хүн амын тоог харгалзан өөрийн бүрэн эрхийн дагуу гаргасан хуульд заасан мандатын тоог зөрчилгүй хуваарилсан гэж маргаж байгаа.

Рашаант сумын Тээл буюу нэгдүгээр баг 562 хүн ам, 43000 га газартай, багийн төвөөс сумын төв хүртэл 50 км зайтай, Талын ус буюу хоёрдугаар баг 751 хүн ам, 64000 га газартай, багийн төвөөс сумын төв хүртэл 40 км зайтай, Энх тал буюу гуравдугаар баг 548 хүн ам, 49881 га газартай, багийн төвөөс сумын төв хүртэл 8 км зайтай, Цэнгэл буюу сумын төв болох дөрөвдүгээр баг 1043 хүн ам, 971 га газартай, Их-Ац буюу тавдугаар баг 773 хүн ам, 40400 га газартай, багийн төвөөс сумын төв хүртэл 20 км зайтай болох нь гэрч Н.Оюунжаргал, Д.Н****************  нарын мэдүүлэг, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байгаа ба нэхэмжлэгч, хариуцагч нар энэ талаар маргаагүй байна.

Түүнчлэн хариуцагч Хөвсгөл аймгийн Рашаант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь тойрог тус бүрт ногдох мандатын тоог тогтоохдоо хүн амын тоогоор ихээс бага руу, газар нутгийн хэмжээгээр ихээс бага руу, сумын төвөөс алслагдмал байдлаар ихээс бага руу тус тус дугаарласан байх ба эдгээр дугааруудыг хооронд нь нэмж гарсан дүнгээр хамгийн бага коэффицент бүхий багаас эхлэн мөн 1-ээс 4 хүртэл тоогоор дугаарлаж, хамгийн бага дугаартайгаас эхлэн нэгдүгээр багт 5 мандат, хоёрдугаар багт 5 мандат, гуравдугаар багт 3 мандат, дөрөвдүгээр багт 4 мандат, тавдугаар багт 5 мандат бүхий тойрог байхаар хуваарилсан[2] ажээ.

Хариуцагч Рашаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь Сонгуулийн тухай хуулийн 152 дугаар зүйлийн 152.1-д Орон нутгийн хурлын Тэргүүлэгчид ... тус тусын хурлын сонгуулийн тойрогт ногдох мандатын тоог тогтоож, ... сонгуулийн хороонд дараах мэдээллийн хамт хүргүүлнэ: ... 152.1.3.тойрог тус бүрт ногдох мандатын тоо гэж заасныг баримтлан сумын тойрог тус бүрт ногдох мандатын тоог тогтоохдоо Монгол Улсынзасаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.2-т заасан сумын хүн амын тоо 2000-5000 хүртэл бол 21 гэснийг зөрчөөгүй боловч мөн хуулийн 10.3-т Сумын Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан ... тогтооно гэснийг зөрчсөн байна үзлээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т Сумын Хурлын төлөөлөгчдийн тоог

а/ хүн амын нягтрал байршил

б/ засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан тогтоохоор,

Сонгуулийн тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.4-д Орон нутгийн хурлын сонгуулиар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тогтоосон тооны төлөөлөгчийг нэг, эсхүл хэд хэдэн мандаттай тойргоос сонгохоор тус тус заасан.

Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь Сонгуулийн тухай хуулийн 152 дугаар зүйлийн 152.1.3-т зааснаар тойрог тус бүрт ногдох мандатын тоог тогтоохдоо Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.2-т заасан 21 төлөөлөгчийн тоонд багтаах ба мөн хуулийн 10.3-т заасан ... хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан тогтоох ёстой бөгөөд хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзах талаарСонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9-д Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг явуулахад тухайн сумын баг тус бүр нь сонгуулийн тойрог болно, 151 дүгээр зүйлийн 151.4-д Орон нутгийн сонгуулиар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тогтоосон тооны төлөөлөгчийг нэг, эсхүл хэд хэдэн мандаттай тойргоос сонгоно гэж заасан байна.

Гэтэл хариуцагч Рашаант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид ньзөвхөн засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан үзэж, харин хүн амын нягтрал байршлыг харгалзаагүй байх ба хуульд заагаагүй багийн төвийн алслалт, газар нутгийн хэмжээ зэрэг үзүүлэлтийг харгалзаж мандатын тоог тогтоосон нь хууль бус байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзах гэсэн заалттай Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9, 151 дүгээр зүйлийн 151.4 дэх заалтыг уялдуулан авч үзвэл хүн ам аль засаг захиргааны нэгжид илүү нягтарч байршсан байгаагаас хамаарч нэг, эсхүл хэд хэдэн мандаттай тойрог байгуулна гэсэн утга санаагаар хууль тогтоогчийн хүсэл зоригийг тайлбарлаж болохоор байна.

Нэхэмжлэгч Д.Ө****************  Рашаант сумын нийт хүн ам 3677 ба Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.2-т зааснаар 21 төлөөлөгч байх ёстой гэж үзвэл нэг төлөөлөгч ойролцоогоор 175 иргэнийг төлөөлж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд суух ёстой. Гэтэл сонгуулийн нэг тойрог буюу нэг багт байгаа хүний тоонд дүйцүүлж мандатын тоог тогтоогоогүйн улмаас нэгдүгээр багаас сонгогдох төлөөлөгч 112 орчим хүнийг, харин 4 дүгээр багаас сонгогдох төлөөлөгч 260 орчим хүнийг төлөөлөхөөр байгаа нь хууль зөрчиж байна гэж маргасныг үндэслэлтэй гэж үзлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 1-д Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ, 2-т Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ... мөн, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Нутгийн өөрөө удирдах байгууллага нь дараахь тогтолцоотой байна: 9.1.2. сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэж тус тус зааснаас үзвэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь төрийн удирдлагыг орон нутагт хэрэгжүүлэгч бус харин нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага юм.

Иймд хариуцагч, түүний өмгөөлөгч нарын ... төрийн үйлчилгээг алслагдмал багийн иргэдэд хүртээмжтэй хүргэхийн тул тэдний төлөөллийг нэмэгдүүлэх зорилгоор мандат хуваарилсан гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэдэг нь иргэдийн төлөөлөгчдөөс бүрдсэн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болохоос биш, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага биш юм.

Харин Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 1-д сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга хэрэгжүүлнэ, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч мөн гэснээс үзвэл төрийн үйлчилгээг алслагдмал багийн иргэдэд хүртээмжтэй хүргэх үүргийг Засаг дарга хариуцахаар байна.

Дээр дурсанчлан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь иргэдээ төлөөлж буй нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага тул түүний уг сурвалж, анхдагч субьект нь тухайн сумын нийт иргэд бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаарОрон нутгийн хурлын сонгууль нь нутгийн өөрөө удирдах байгууллагыг орон нутгийн иргэд өөрсдийн төлөөлөгчдөөр бүрдүүлэх үндсэн арга мөн юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага ... үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтална, Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Сонгууль зохион байгуулах төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага сонгуулийн үйл явцыг зохион байгуулах, түүнд оролцохдоо дараах зарчмыг баримтална: 5.1.1.хууль дээдлэх, 5.1.3.шударга ёсыг сахих, 5.1.7.энгийн ойлгомжтой байх гэж заасан байх ба Рашаант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 25 дугаар тогтоолын 3 дахь заалтаар тойрогт мандат хуваарилсан байдлаас үзэхэд жишээлбэл Рашаант сумын нэгдүгээр багийн тойргоос сонгогдох нэг төлөөлөгч ойролцоогоор 112 иргэний төлөөлөл болохоор байхад дөрөвдүгээр багийн тойргоос сонгогдох нэг төлөөлөгч ойролцоогоор 260 иргэний төлөөлөл болохоор байгаа нь ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдлын зарчмыг зөрчиж, ойлгомжгүй байдал үүсгэсэнбайна.

Учир нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг сонгож байгуулахад иргэн бүр ардчилсан, шударга, тэгш байдлаар оролцох хууль зүйн зарчим байгаа авч харилцан адилгүй тооны иргэдийн төлөөлөл болж буй төлөөлөгчид сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдохоор байна. Гэтэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчхуралдаанд оролцохдоо нь адил тэгш эрхтэй, саналын ижил эрхтэйгээр хуралдаанд оролцдог тул нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага дахь иргэдийн төлөөлөл, тэдний санал шударга, тэгш байдлаар илэрхийлэгдэх, ардчилсан ёс хэрэгжих боломжгүй юм.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Сонгуулийн тухай хуулиудад хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан нэг, эсхүл хэд хэдэн мандаттай тойрог байхаар хуульчилсан бөгөөд хүн амын тархан суурьшсан байдал, газар нутгийн алслалт зэргийг харгалзан илүү олон мандат хуваарилах талаар хуульд заагаагүй байна.

Өөрөөр хэлбэл тойрог тус бүрт ногдох мандатын тоог тогтоохдоо хүн амын тоогоор ихээс бага руу, газар нутгийн хэмжээгээр ихээс бага руу, сумын төвөөс алслагдмал байдлаар ихээс бага руу дугаарлаж, эдгээр дугааруудыг хооронд нь нэмж гарсан дүнгээр хамгийн бага коэффицент бүхий багаас эхлэн мөн 1-ээс 4 хүртэл тоогоор дугаарлажхамгийн бага тоогоор илэрхийлэгдсэн багт хамгийн олон мандат хуваарилах[3] талаар хуульд заагаагүй байна.

Хариуцагч Рашаант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 25 дугаар тогтоолоор хүн амын нягтрал багатай багт харьцангуй олон мандат хуваарилсны улмаас хүн амын нягтрал ихтэй багт ногдох мандатын тоо багасах нөхцөл байдалд хүргэсэн ба энэ нь хүн ам ихтэй багийн иргэдийн сонгох, сонгогдох эрх болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад төлөөллөөрөө дамжуулан оролцох эрхийг хязгаарлахаар байна. Иргэд аль багт амьдарч байгаагаас үл шалтгаалан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад төлөөллөөрөө дамжуулан оролцох эрх нь тэгш, шударга хэрэгжих ёстой учраас нэхэмжлэгч Рашаант сумын 4 дүгээр багийн иргэн Д.Ө**************** ын хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран гуравдугаар зүйлийн 2-т зааснаар Хурлын тогтоол -ыг тус тус нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөнө гэж заасан тул Хуралд сонгогдох төлөөллийн асуудал нь иргэдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр байна.

Хариуцагч Рашаант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь тойрогт ногдох мандатын тоог тогтоохдоо хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийг харгалзан нэг, эсхүл хэд хэдэн мандаттай байхаар тогтоох байтал хуульд заагаагүй газар нутгийн хэмжээ, сумын төвөөс алслагдсан байдал зэргээр нь дугаарлаж тойрогт ногдох мандатын тоог тогтоосон байх тул Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т Сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно гэх заалтыг зөрчсөн байна.

Эрх зүйт төрийн үед хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болдог ба энэ нь орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад нэгэн адил хамаатай. Нийтийн эрх зүйн субьект нь хуулиар олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ хуульд заагаагүй арга хэрэглэх эрх байхгүй бөгөөд зөвшөөрөгдөөгүй бүхэн хориглогдох нийтийн эрх зүйн зарчимбайдгийг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Ө****************  нь шүүх хуралдааны явцад хэргийн 34 дэх хуудсанд байгаа хариуцагчаас нотлох баримтаар эх хувиар нь гаргаж өгсөн тойргийн мандатын тоог хуваарилахдаа баримталсан аргачлалыг харуулсан хүснэгтэн мэдээллийг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т зааснаар хэргийн оролцогч нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагчаас эх хувиар нь ирүүлсэн дээрх нотлох баримт нь хариуцагч Рашаант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тойрогт ногдох мандатын тоог хэрхэн тогтоосон болохыг харуулж байгаа хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой, хуулиар зөвшөөрөгдсөн баримт байна гэж үзлээ.

Мөн хариуцагчийн зүгээс 2012 оны мандатын тоо тогтоож байсан тогтоол, тэмдэглэлийг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан бөгөөд Рашаант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны мандатын тоо баталж байсан тогтоол, тэмдэглэл нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байх тул үнэлээгүй болно.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.14-т зааснаар тухайн Хурлыг гадаад, дотоодод төлөөлөх нь Хурлын даргын нийтлэг бүрэн эрх тул Т.О**************** ийг Рашаант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гэж үзсэн бөгөөд Т.О**************** ийг Хурлын даргаар сонгож баталсан тогтоол нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа боловч Рашаант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 10 дугаар тэмдэглэл, 25 дугаар тогтоол зэргээр Т.О****************  тус сумын Хурлын дарга болох нь тогтоогдож байгаа ба хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй болохыг дурдъя.

Нэхэмжлэгч Д.Ө****************  нь Рашаант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 25 дугаар тогтоолыг хүчингүй болгох, хуульд нийцүүлэн гаргахыг даалгах шаардлага гаргасан боловч маргаан бүхий захиргааны акт болох Рашаант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1, 2, 4 дүгээр заалтын талаар маргаагүй, эдгээр заалтууд нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул маргаан бүхий захиргааны актаас зөвхөн тойрог тус бүрт ногдох мандатын тоог тогтоосон 3 дахь заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангалаа. Мөн хариуцагчийн хуульд заасан журмын дагуу тойрогт ногдох мандатын тоог тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болох нь дээр дурдсанаар тогтоогдож байх тул хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан Рашаант сумын нэгдүгээр багт 3 мандат, хоёрдугаар багт 4 мандат, гуравдугаар багт 3 мандат, дөрөвдүгээр багт 6 мандат, 5 дугаар багт 5 мандат байхаар тойрог тус бүрт ногдох мандатын тоог тогтоохыг хариуцагч Хөвсгөл аймгийн Рашаант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгаж шийдвэрлэлээ.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангаагүй талаар маргаж байгаа боловч Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2-т Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно гэж заасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Дээд шатны захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргах эрхтэй тул нэхэмжлэгч Д.Ө**************** ыг шууд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Рашаант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ө**************** од олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.13 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.3.2, Сонгуулийн тухай хуулийн 152 дугаар зүйлийн 152.1, 152.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу Хөвсгөл аймгийн Рашаант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 25 дугаар тогтоолын тойрог тус бүрт ногдох мандатын тоог тогтоосон 3 дахь заалтыг хүчингүй болгож, Рашаант сумын нэгдүгээр багт 3 мандат, хоёрдугаар багт 4 мандат, гуравдугаар багт 3 мандат, дөрөвдүгээр багт 6 мандат, 5 дугаар багт 5 мандат байхаар тойрог тус бүрт ногдох мандатын тоог тогтоохыг хариуцагч Хөвсгөл аймгийн Рашаант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэнийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Рашаант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 35 100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ө**************** од олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ

 

 

 

 


[1] Хэргийн 3 дугаар хуудас

[2] Хэргийн 34 дүгээр хуудас

[3] Хэргийн 34 дүгээр хуудас