Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 121

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,

Улсын яллагч Г.Цогтгэрэл,  

Шүүгдэгч Э.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их Монгол овогт Эрдэнэчимэгийн Батнямд холбогдох эрүүгийн 1709007230441 дугаартай хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж 706-38 тоотод оршин суух хаягтай, Туушин зочид буудлын Пример лоунжид тогооч ажилтай, урьд ял шийтгэлгүй, Их Монгол овогт Эрдэнэчимэгийн Б 

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Оранж" караокений гадна иргэн Ц.Золжаргал, Д.Батзаяа, Б.Энхмаа нарыг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Эрүүгийн 1709007230441  дугаартай хэргээс:

Шүүгдэгч Э.Б нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр найзууд болох Баяка, Болорчимэг нарын хамт 1 дүгээр сургуулийн урд талын “Стрийт” лоунжад суугаад виски уусан. Тэгээд тэндээсээ шөнө 00-01 цагийн хооронд гараад “Чонон бөртэ” төвийн “Оранже” караокед ороод сууж байхад надтай хамт байсан найзын найз Бөртэ гээд эмэгтэй ирсэн. Бид нар уг караокед 03 цаг сууж байгаад гараад архиндаа нилээн согтсон учир түцний хажуу талд сууж байхад манай найзуудтай нэг залуу маргалдаад бужигнаад байсан тэрнээс хойш яасныг санахгүй байна. Дараа нь сонсоход Болорчимэг, Бөртэ нарыг хэл амаар доромжилсон гэсэн. Өөр санаж байгаа юм байхгүй. Баяка, Болорчимэг нар нь эхнэр нөхрүүд Солонгос улс руу явчихсан. Холбогдохгүй байж байгаад саяхан Солонгос явсаныг мэдсэн. 2-3 жил ирэхгүй гэсэн. Тухайн өдөр болсон явдлаас хойш намайг фэйсбүүк хаягаасаа хасаад блок хийсэн болохоор холбоо барих боломжгүй байгаа ...” гэсэн мэдүүлэг /хх 24/

 

Хохирогч Ц.Золжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  "…Би 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр найзууд болох Энхмаа түүний нөхөр Батзаяа, Мандах нарын хамт их дэлгүүрийн хажуу талын жижиг хоолны газарт хоол идээд гэрэлт гудамжинд 23 цагаас 03 цаг хүртэл жааз хөгжим сонсож сууцгаасан юм. Тэгээд 03 цагаас нэг дуулчихаад явья гээд 1 дүгээр сургуулийн урд талын караокед орж суугаад 04 цаг 20 минутын орчим гарч ирээд тамхилаад зогсож байтал зүс танихгүй 180 см орчим өндөртэй шар үстэй туранхай залуу ирэнгүүтээ шууд миний хамар руу цохиод авсан чинь хамарнаас цус гараад бөхийж байхад намайг жийж унагаад дээрээс толгой руу дэвсэлсэн. Би тэгээд наад балай амьтнаа аваач гэсэн чинь манай найз Батзаяа тэр залуугийн араас тэврээд авсан чинь бас Батзаяагийн цээж, гарнаас нь хазсан байна лээ, би бол хазахыг нь хараагүй. Би цагдаа дуудаарай гээд орилсон. Би өөрөө цагдаа дуудсан. Тэр залуу дахиад намайг зодох гээд хөөгөөд байсан би тэнд машин тойрч зугатаасан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.Батзаяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Караокед 03-04 цаг хүртэл нэг цагийн хугацаатай дуулж байгаад гарч ирээд Золжаргал такси дуудая гээд дуудлага өгчихөөд хүлээж байх зуураа тамхи татаад зогсож байсан чинь хэдэн залуучууд нөгөө караокенаас гарч ирсэнээ хажуу талд ирж зогсоод нэг шар үстэй залуу учир зүггүй гүйж ирээд жийж унагаад зодоод унасан. Тэгэхээр нь би араас нь гүйж очоод араас нь тэврээд авсан чинь эргэж харангуутаа миний хамар руу эхлээд мөргөсөн. Би 2 гарыг нь биетэй нь холбоод тэвэрчихсэн байсан чинь гэнэт зүүн талын хөхөн дээр час хийсэн. Тэгэхэд цуг явсан найзууд нь болиочээ гээд салгаж авсан. Нэг мэдсэн чинь найзууд нь алга болчихсон нөгөө агсам тавиад танхайраад байсан залуу чинь ганцаараа үлдсэн байсан. Тэгээд цагдаа дуудсан байсан болохоор хүлээгээд зогсож байтал нөгөө залуу над дээр ирээд миний шанаа руу 2, 3 удаа цохиж авахаар нь болно ш дээ чи одоо зүгээр бай гээд цээж рүү нь түлхэж цаашлуулаад байж байхад цагдаа нар ирсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

 

                 Хохирогч Б.Энхмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...тэгээд шөнө дунд ойролцоогоор 2-3 цагийн орчим караокеноос гараад такси дуудчихаад орсон караокенийхоо үүдэнд тамхилаад зогсож байхад хаанаас ч юм нэг газраас хэдэн хүн гарч ирсэн чинь нэг танихгүй залуу ирээд шууд Золжаргалын хамар руу цохиод авсан. Тэгэхээр нь манай нөхөр Батзаяа салгах гээд дундуур нь орсон чинь хоёуланг нь нийлүүлээд зодсон. Тэгэхэд цуг явсан Төрмандах битгий гар хүрээрэй наадах чинь их согтуу байна цагдаа дуудая гээд дуудаад цагдаа нар иртэл бид нараас салаагүй ээлжлээд Батзаяа, Золжаргал 2-ыг зодоод байсан. Би салгах гээд очиход гурван ч удаа намайг түлхэж унагаасан. Би дундуур нь ороод салгах гэхэд миний эрүү рүү цохиж хөхрүүлсэн, нүд хөхөрсөн байсан. Тэр агсам тавиад байсан залууг хамт явсан залуучууд нь салгах гэж ирээд болиулах гэхэд болихгүй байхад нөгөө залууг үгэнд нь орохгүй агсраад хүн зодоод байхаар нь найзууд нь чирээд аваад явсан... намайг Батням түлхэж унагаасан. Тэгэхэд миний биед Батням гэмтэл учруулсан...Би Батням гэх залуугаас эмчилгээний зардлаа нэхэмжилж авсан. Одоо надад болон нөхөр Батзаяа бид 2-ын зүгээс гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй болсон байгаа..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 14, 47-50 дугаар хуудас/,

 

                 Гэрч Т.Төрмандах мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...тэгтэл тэр дунд байсан нэг залуу гэнэт бид нар руу дайраад эхэлсэн чинь найзууд нь болиулаад салгасан. Тэгээд сүүлдээ найзууд нь барахаа болиод яваад өгсөн ба нөгөө залуу бид нар руу ахиж дайраад Золжаргал, Батзаяа хоёрыг зодож улмаар Батзаяагийн эхнэр Энхмааг түлхэж унагаасан. Тэгэхээр нь би анхнаасаа зайгаа авч цагдаад дуудлага өгсөн...эхлээд Золжаргал руу дайрахад Золжаргал арагшаа ухрахдаа газар унасан. Тэгтэл нөгөө залуу дээрээс нь дэвсэж цохиод байсан байх. Батзаяатай зууралдаж өнхөрч байхдаа баахан хазчихсан байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹9380 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...

 

  1. Ц.Золжаргалын биед хамрын ясны хугарал, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…” гэжээ /хх-ийн 21 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹9379 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...

 

  1. Д.Батзаяагийн биед цээж, зүүн шуунд хазагдсан шарх, уруулд язрал, хамар, баруун, зүүн нүдний зовхи, бугалга, өвдөг, бүсэлхийд зулгаралт, баруун даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…” гэжээ /хх-ийн 25 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹9381 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...

  1.  Б.Энхмаа-н биед эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, зүүн хацар, баруун сарвууны алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2.  Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…” гэжээ /хх-ийн 29 дүгээр хуудас/,

 

Гэрч Г.Адъяахүүгийн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/, гэрч Э.Мягмаржаргалын мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 36 дугаар хуудас/, Э.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Э.Б нь согтуурсан үедээ үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Оранж" караокений гадна өөрийн найз нартай архидан согтуурч, сэтгэл хөөрлийн үедээ элдэв зүй бус үйлдэл гарган иргэн Ц.Золжаргал, Д.Батзаяа, Б.Энхмаа нарыг шалтгаангүйгээр зодож тэдгээрийн эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Бын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Золжаргал, Б.Энхмаа, Д.Батзаяа нарын мэдүүлэг, гэрч Т.Төрмандахын мэдүүлэг,  ШШҮХ-ийн шинжээчийн  №9379, ¹9380, ¹9381 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгч Э.Быг олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

          Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нь нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж согтуурсан үедээ зүй бус авир гаргаж, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн байна.

 

Шүүх шүүгдэгч Э.Бд ял оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

Хэрэгт авагдсан хохирогч Ц.Золжаргал, Б.Энхмаа, Д.Батзаяа нараас бичгээр гаргасан хүсэлтэд “эмчилгээний төлбөр болох 2.000.000 төгрөгийг авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 53-55/ гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                           

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Их Монгол овогт Эрдэнэчимэгийн Батнямыг олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

            7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Бд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН