| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/0042/и |
| Дугаар | 155/шш2016/00127 |
| Огноо | 2016-01-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 155/шш2016/00127
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,
Нэхэмжлэгч: ХААН банкны Х салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ш.Н холбогдох,
Зээл, зээлийн хүү, торгууль, нийт 3.681.945 /гурван сая зургаан зуун наян нэгэн мянга есөн зуун дөчин тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2016/0042/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХААН банкны Х салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ш овогтой Н нь 2-р сургуульд ажиллаж байхдаа 2013 оны 07-р сарын 05-ны өдөр ХААН банкны Х салбараас 7.000.000 /долоон сая/ төгрөгийн цалингийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай аваад 2015 оны 04 сараас хойш төлбөр хийлгүй хугацаа хэтрээд 267 хоног хонож байна. Зээлийн үлдэгдэл 3.259.685 төгрөг, 88 мөнгө, хүү 393.171 төгрөг, 19 мөнгө, торгуулийн хүү 29.088 төгрөг 02 мөнгө, бүгд 3.681.945 төгрөг 09 мөнгө /Гурван сая зургаан зуун наян нэгэн мянга есөн зуун дөчин таван төгрөг есөн мөнгө/ өрийн үлдэгдэлтэй байна. Иймээс зээлийн гэрээний холбогдох заалтуудын дагуу 3.681.945 төгрөгийг зээлдэгч Ш.Н-аас гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү.
Хариуцагч Ш.Н- шүүхэд гаргасан тайлбартаа: Би ХААН банкны Х салбараас 2013 оны 7 сарын 5-ны өдөр 7.000.000 төгрөгийн цалингийн зээл авсан, одоо зээлийн үлдэгдэл 3.681.945 төгрөгийн үлдэгдлийг төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААН банкны Х салбар нь хариуцагч Ш.Н-д холбогдох, зээл, зээлийн хүү, торгууль, нийт 3.681.945 /гурван сая зургаан зуун наян нэгэн мянга есөн зуун дөчин тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Н- нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 3.681.945 /гурван сая зургаан зуун наян нэгэн мянга есөн зуун дөчин тав/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн энэхүү саналыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ХААН банкны Х салбарын нэхэмжлэлийн шаардлага 3.681.945 /гурван сая зургаан зуун наян нэгэн мянга есөн зуун дөчин тав/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73.862 /далан гурван мянга найман зуун жаран хоёр/ төгрөгийн тавин хувь болох 36.931 /гучин зургаан мянга есөн зуун гучин нэг/ төгрөгийг хариуцагч Ш.Н-аас, улсын орлогоос 36.931 /гучин зургаан мянга есөн зуун гучин нэг/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Х салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Х салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Н-д холбогдох, зээл, зээлийн хүү, торгууль, нийт 3.681.945 /гурван сая зургаан зуун наян нэгэн мянга есөн зуун дөчин тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Х салбарын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Голомт банкны 4901000149 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73.862 /далан гурван мянга найман зуун жаран хоёр/ төгрөгийн тавин хувь болох 36.931 /гучин зургаан мянга есөн зуун гучин нэг/ төгрөгийг хариуцагч Ш.Н-аас, улсын орлогоос 36.931 /гучин зургаан мянга есөн зуун гучин нэг/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Х салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ