| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2015/01148/и |
| Дугаар | 155/ШШ2016/00129 |
| Огноо | 2016-01-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2016 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 155/ШШ2016/00129
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би
Нэхэмжлэгч А.Д нэхэмжлэлтэй,
Хариуцагч Г.Б холбогдох,
Зээл 2.000.000 /хоёр сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 155/2015/01148/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 02-р сард Г.Б-д 2.000.000 /хоёр сая/ төгрөг 6 сард бөөнд нь өгөхөөр зээлдүүлсэн юм. Гэтэл 6-р сард өгнө гэсэн хугацаанаас нь хойш 7 сарын хугацаа өнгөрч Г.Б-эс мөнгөө авъя гэсэн өгөхгүй байна. ...Иймд миний зээлдүүлсэн 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг Г.Б-эс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2015 оны 2 сард А.Д-ээс 2 сая төгрөг зээлж авсан ба тухайн зээлж авсан мөнгийг өгөх боломжгүй байсан учраас А.Д-ийн мөнгийг 2016.06.01-нд бөөн өгмөөр байна. Одоогоор 2-уулаа эрхэлсэн ажилгүй, мөн оюутан хүүхдийнхээ төлбөрийг ч төлж чадахгүй байна гэжээ.
Нэхэмжлэгч А.Д- шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч Г.Б- нь нэхэмжлэлийн шаардлага 2 сая төгрөгийг 2016.06.01-ний дотор төлөхийг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Д- нь хариуцагч Г.Б-д холбогдох, зээл 2.000.000 /хоёр сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч Г.Б- нэхэмжлэлийн шаардлага 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 01-ний дотор төлөх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагчийн энэхүү саналыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байх ба бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч А.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40.950 /дөчин мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 20.475 /хорин мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг, хариуцагч Г.Б-эс 20.475 /хорин мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А.Д-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Б-д холбогдох, зээл 2.000.000 /хоёр сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40.950 /дөчин мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 20.475 /хорин мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг, хариуцагч Г.Б-эс 20.475 /хорин мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Д-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ