| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2015/01212/и |
| Дугаар | 155/ШШ2016/00133 |
| Огноо | 2016-01-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2016 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 155/ШШ2016/00133
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би
Нэхэмжлэгч: Х Ц хязгаарлагдмал хариуцлагатай компаний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б,
Хариуцагч:Н.Э нарт холбогдох,
1.469.000 /нэг сая дөрвөн зуун жаран есөн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 155/2015/01212/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХЦ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 3-р сарын 09-нөөс 12-ны өдөр хүртэл 50-100 зочид буудлын №202 тоот өрөөнд иргэн Б, Э нар байрлаж байх хугацаандаа архидан танхайрч зүй бусаар авирлан, эд зүйлс эвдлэн, төлбөрөө барагдуулалгүй алга болсон. Б Э нарын манай зочид буудал, ресторанд учруулсан гэм хорын хохирлын хэмжээ нийт 1.469.000 төгрөг болсон. Өрөөний төлбөр 80.000 төгрөг, мини бар болон бусад эд зүйлс 189.000 төгрөг, суултуур 200.000 төгрөг, тааз руу ус алдуулсан 1.000.000 төгрөг. Иймд компаний гэм хорын хохирол 1.469.000 төгрөгийг иргэн Б Э нараас гаргуулан барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Э, Б.Б нар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид нар ХЦ ХХК-ний 50-100 зочид буудлаас нэхэмжилсэн 1.469.000 төгрөгөөс 735.000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХЦ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Н.Э, Б.Б нарт холбогдуулан 1.469.000 /нэг сая дөрвөн зуун жаран есөн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 734.000 /долоон зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийг нэхэмжлэхээс татгалзан, 735.000 /долоон зуун гучин таван мянга/ төгрөгийг хариуцагч Н.Э, Б.Б нар төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагчийн энэхүү саналыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байх ба бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ХЦ хязгаарлагдмал хариуцлагатай компаний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38.453 /гучин найман мянга дөрвөн зуун тавин гурав/ төгрөгийн тал хувь болох 19.226 /арван есөн мянга хоёр зуун хорин зургаа/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Н.Э, Б.Б нараас 735.000 /долоон зуун гучин тав/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 22.190 /хорин хоёр мянга нэг зуун ер/ төгрөгийн тал хувь болох 11.095 /арван нэгэн мянга ерэн тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ХЦ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй 1.469.000 /нэг сая дөрвөн зуун жаран есөн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн зохигч 735.000 /долоон зуун гучин таван мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38.453 /гучин найман мянга дөрвөн зуун тавин гурав/ төгрөгийн тал хувь болох 19.226 /арван есөн мянга хоёр зуун хорин зургаа/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Н.Э, Б.Б нараас 735.000 /долоон зуун гучин тав/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 22.190 /хорин хоёр мянга нэг зуун ер/ төгрөгийн тал хувь болох 11.095 /арван нэгэн мянга ерэн тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ