Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2024/01124

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2024/01124

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... дүгээр багийн ..... дугаар гудамжны ..... тоотод оршин суух, А  Н-ийн Л  (...........................)-ын ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 155/2024/01237/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Нэхэмжлэгч Н.Л  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.Нэхэмжлэгч Н.Л  нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.Л  нь Завхан аймгийн Их-Уул суманд 1957 онд Н-ийн  ууган хүүхэд болон мэндэлсэн бөгөөд Их-Уул сумын 8 жилийн дунд сургуульд суралцаж, 7 дугаар анги төгссөн. Сургуулиас гараад Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдэлд 1973 оны 6 дугаар сарын 20-ны өдөр илгээлтийн эзэн болж малчнаар ажиллаж эхэлсэн билээ. Түүнээс хойш тус сум нэгдэлдээ 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан юм. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэн, зарим тамга тэмдэг нь дарагдаагүй, аймгийн архиваас ажлаас чөлөөлсөн тушаал олдоогүй зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Би 1975 оноос 1978 оны хооронд Ардын армийн 126 дугаар ангид 3 жилийн хугацаат цэргийн алба хаасан.

Иймд Н.Л  миний Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдэлд 1973 оны 6 дүгаар сарын 20-ны өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд, 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

1.2.Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдэлд 1973 оноос 1975 он хүртэл малчнаар ажиллаж байгаад, хугацаат цэргийн албанд татагдсан. Цэргээс 1978 онд халагдаж ирээд үргэлжлүүлэн тус нэгдэлдээ малчнаар ажилласан. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтрийн бичилт, ажилд орсон, гарсан тушаал олдохгүйгээс миний улсад ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна. 1975 оны цалингийн баримт миний нэрээр гараагүй, 1975 онд ажиллаж байсантай холбоотой тушаал байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагаа дараахи байдлаар багасгаж байна.

Иймд Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдэлд 1973 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1974 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

2.Нэхэмжлэгчээс ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд гаргасан нотлох баримтууд:

-БНМАУ Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн зөвлөлийн даргын 1973 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн №11 дугаартай:3.Н-ийн Л , нас 16, эр, бүгд 100, хонь, ямаа 100, эм хонь, хэнийг дагалдан сурах, эцэг Нацаггэх Ерөнхий боловсролын сургуулиас МАА-н үйлдвэрлэлд шилжин ирэгсэдийг ажилд хуваарилах тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,

-Нэхэмжлэгчид Завхан аймгийн Их Уул сумын Жаргалант нэгдлээс нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

-Завхан аймгийн Архивын тасгаас 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр олгосон тус аймгийн Их Уул сумын Жаргалант нэгдэлд ажиллаж байсан Н-ийн Л ын цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Н.Л ын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа зэрэг баримтууд,

2.1.Хүсэлт гаргагчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

          -Гэрч: Р.П-ийн  шүүхэд өгсөн мэдүүлэг.

          2.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

-Н.Л ын Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,

-Н.Л ын регистрийн карт 037, ХААТР-1 маягт,

-Н.Л ын хаягийн хуудас 7 маягт зэрэг болно.

ҮНДЭСЛЭХ нь:

3.Нэхэмжлэгч Н.Л  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба тэрээр ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байна.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж заасан ба нэхэмжлэгч Н.Л  нь шаардах эрхтэй.

5.Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Л  оролцож, Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдэлд 1973 оны 6 дүгаар сарын 20-ны өдрөөс 1974 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Үүнийг нэхэмжлэлийн үндэслэл өөрчлөгдөөгүй, харин шаардлагаа тодруулан, багасгасан гэж үзнэ.  

5.1.Нэхэмжлэгч Н.Л  нь Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдэлд 1973 оны 6 дүгаар сарын 20-ны өдрөөс 1974 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь тухайлбал:

-БНМАУ Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн зөвлөлийн даргын 1973 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн №11 дугаартай:3.Н-ийн Л , нас 16, эр, бүгд 100, хонь, ямаа 100, эм хонь, хэнийг дагалдан сурах, эцэг Нацаггэх Ерөнхий боловсролын сургуулиас МАА-н үйлдвэрлэлд шилжин ирэгсэдийг ажилд хуваарилах тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,

-Нэхэмжлэгчид Завхан аймгийн Их Уул сумын Жаргалант нэгдлээс нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

-Завхан аймгийн Архивын тасгаас 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр олгосон тус аймгийн Их Уул сумын Жаргалант нэгдэлд ажиллаж байсан Н-ийн Л ын цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Н.Л ын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,

-А  Н-ийн Л ын Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 1 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), 

-А  Н-ийн Л ын Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гаргаж ирүүлсэн Хаягийн хуудас №7 маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан) зэрэг бичгийн баримтуудаар тус тус тогтоогдлоо.

Мөн хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Р.П-ийн :...Н.Л  нь Завхан аймгийн Их Уул сумын Жаргалант нэгдэлд 1973 оноос 1975 он хүртэл малчнаар ажиллаж байгаад, хугацаат цэргийн албанд татагдсан. Тэрээр цэргийн албанаас 1978 он халагдаж ирээд, үргэлжлүүлэн 1992 он хүртэл тасралтгүй малчнаар ажилласан...гэх мэдүүлгээр давхар нотлогдлоо.

6.Дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан байх тул нотлох баримтаар үнэлж, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд тодруулан багасгасан шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хэрэгт Завхан аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/2114 дугаартай:...1974-1975, 1978-1991 оны нэгдлийн даргын тушаалд томилсон, чөлөөлсөн, ээлжийн амралт, шагнал урамшуулал олгосон тухай тушаал олдохгүй байна...гэх тодорхойлолт, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн:...Н-ийн Л  БХЯ-ны сайдын 1975.05.14-ний өдрийн н/155 дугаар тушаалаар Завхан аймгаас 1975.05.19-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 126 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1978.06.08-ны өдрийн н/137 дугаар тушаалаар 1978.06.20-ны өдөр 308805 дугаарын цэргийн батлахтай халагдсан...гэх Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг баримтууд авагдсан ба хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог  болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан  А  Н-ийн Л  (...........................)-ын Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдэлд 1973 оны 6 дүгаар сарын 20-ны өдрөөс 1974 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДАВААХҮҮ