Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 125

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч Э.Халиун,

Хохирогч С.Эрхэмбаяр,   

Шүүгдэгч Д.Ж /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ач хариад овогт Далхсүрэнгийн Жамъяанжавт холбогдох эрүүгийн 1709025740407 дугаартай хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Мийтинг” бааранд хамгаалагч ажилтай, ам бүл 4, эх ахын хамтаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар баг 14 дүгээр гудамж 11 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүрэг 17 дугаар хороо 1 дүгээр байрны 67 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. Ач хариад овогт Далхсүрэнгийн Ж, /РД:РЭ94041550/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Ж нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд шилжих шөнө 02 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мийтинг” бааранд үйлчлүүлж байсан хохирогч С.Эрхэмбаярыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож улмаар түүний биед “1 шүдний сулрал, завжинд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй …” гэв.

Хохирогч С.Эрхэмбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Тухайн өдөр найз Лхагвасүрэнтэй явж байхад найз Лхагвасүрэн нэг залуутай мөрлөлцөөд дараа нь тэр залуу эргэж ирээд манай найзтай муудсан. Тэгээд би тэр залууг “чи болио” гээд холдуулсан. Тэгээд байж байтал тэр залуу дахин ирээд маргалдахаар нь дахиад “болио” гээд холдуулах гэсэн чинь хамгаалагч залуу ямар ч үгийн зөрүүгүй намайг цохьсон. Тэгээд намайг баарнаас хөөж гаргасан. Баарнаас гараад түцний хажууд зогсож байхад гарч ирээд “хоёулаа тохиръё” гээд байсан. “Чи яаж тохирох гээд байгаа юм бэ” гэхэд “би чамайг дахиад нэг цохъё, чи намайг 2 удаа цохичих” гээд байсан. Тэгтэл цагдаа маргааш цагдаагийн хэлтэс дээр очоод гомдолтой бол өргөдөл гаргаарай гэж хэлсэн. Би энэ залуугийн ажил дээр очоод томографийн зураг авахуулах гэсэн юм мөнгө өгчихөө гэсэн чинь шүүхээр явъя гэж өөрөө хэлсэн. Одоо томографийн зураг авахуулах хэрэгтэй байгаа. Энэ хүнд зураг авахуулах мөнгө өгвөл гомдолгүй…” гэв.

Эрүүгийн 1709025740407 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Д.Ж нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...би “Мийтинг” бааранд 2017 оны 5 дугаар сараас хойш хамгаалагчаар ажиллаж байгаа. Тухайн өдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө 04 цагийн үед бааранд хамгаалагчийн ажлаа хийгээд байж байхад текний хажууд нэг найзтайгаа зогсож байсан ба тухайн залуу нь нэг залуутай маргалдаад зодолдсоныг нь салгаад байж байхад араас нь зодуулсан гээд байгаа залуу нь орж ирээд хэрүүл хийгээд байсан юм.Тэгээд тухайн залууг заамдаад маргалдахаар нь би очоод тухайн залууг “чи одоо больчихооч” гээд баруун гараараа нүүр рүү нь нэг удаа алгадсан юм. Тэгээд тухайн зодуулсан гээд байсан залууг нь гаргаад өргөдөл өгсөн залуугаас нь уучлалт гуйсан. Тухайн залуу гарч яваад цагдаагийн албан хаагч нартай ороод ирсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

          Хохирогч С.Эрхэмбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шөнө 02 цаг 30 минутын орчим өөрийн найз Лхагвасүрэнгийн хамт “Мийтинг” баар руу орсон тухайн орох үед манай найз Лхагвасүрэн нь нэг залуутай мөрлөлцсөн тухайн үедээ тоогоогүй орсон тэгээд ширээн дээр сууж байтал мөрлөлцсөн залуу буцаж орж ирээд ширээн дээр ирээд бид 2 руу агсраад байхаар нь би тэр залууг “одоо боль” гэж хэлээд тэр залууг нь цаашаа түлхтэл тус баарны хамгаалагч гэх залуу ирээд миний зүүн завьж руу гараараа цохьсон тэгэхээр нь би “яагаад намайг цохиж байгаа юм” гэхэд “чамайг цохихоор яадаг юм” гээд “гар” гээд гадаа гаргасан тэгээд би цагдаад дуудлага өгсөн ба ирсэн цагдаа нь маргааш өргөдлөө өг гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹14669 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. С.Эрхэмбаярын биед 1 шүдний сулрал, завжинд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
  4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

Д.Жын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 18 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 19 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Ж нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд шилжих шөнө 02 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мийтинг” бааранд хамгаалагчийн ажил үүрэг гүйцэтгэж байхдаа тус бааранд үйлчлүүлж байсан хохирогч С.Эрхэмбаярын бусадтай маргалдсан зүй бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь 1 шүдний сулрал, завжинд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Жын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Эрхэмбаярын мэдүүлэг, ШШҮХ-ийн шинжээчийн №14669 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Тодруулбал шүүгдэгч нь хохирогч С.Эрхэмбаярыг зодож гараараа нүүрэн тус газар нь цохисноо өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь цохиж гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид цохиулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Д.Жийн “…бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, бусадтай маргаан үүсгэснээ зогсоосонгүй…” хэмээн шаардлага тавьж С.Эрхэмбаярыг зодож хөнгөн гэмтээсэн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын биеэ зөв авч явах нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Жт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Д.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорыг саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.

Шүүх хуралд хохирогч С.Эрхэмбаяраас бичгээр гаргасан хүсэлтэд “Д.Ж нь миний биед учирсан хохирлыг 3 хоногт төлж барагдуулна гэсэн тул бид хоёр эвлэрч байна” /хх-ийн 45/ гэсэн тул шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй ба хохирогчоос нэхэмжилсэн баримтгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа.

    Хохирогч С.Эрхэмбаяр нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээв.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Ж нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон              

                                                                                                                   ТОГТООХ нь:

            1. Ач хариад овогт Далхсүрэнгийн Жамъяанжавыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, нэхэмжилсэн баримтгүй тул бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч С.Эрхэмбаяр нь өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Жт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН