Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/344

 

           

 

 

 2023              3             30                                       2023/ДШМ/344   

Б.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Энхболд,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч М.Цэнгүүн, Д.Эрдэнэцэцэг,                  нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/117 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч М.Цэнгүүн, Д.Эрдэнэцэцэг нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Б.Бд холбогдох 2002005060292 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

******** овгийн Б.Б, 19** оны ** дугаар сарын *-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эдийн засгийн мэдээлэл зүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэл-эрх зүй мэргэжилтэй, “******” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны * тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:**00000000/;

Шүүгдэгч Б.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 441 дүгээр нээлттэй хорих ангийн ахлах нягтлан бодогч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү, үйлдвэр хөрөнгө оруулалтын дарга, хурандаа О.Шагдарсүрэнгийн баталсан 2019, 2020 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа аймаг, нийслэл дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих анги, салбар нэгжийн дээд байгууллагад төвлөрүүлэх дотоод орлогын төлөвлөгөө гэсэн баримт бичгийн биелэлтийг хангах үүднээс “Т Т” ХХК-иас гэрээний дагуу хоригдлын хөдөлмөрийн хөлсөнд 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн 11.628.600 төгрөгөөс “Ш Х” ХХК-иас 6.380.000 төгрөг, “А О” ХХК-иас 2.320.000 төгрөг, “Х Б” ХХК-иас 1.820.000 төгрөгийн өр төлбөрөөс тус тус чөлөөлөгдөх нөхцлийг бүрдүүлэн давуу байдал бий болгож “Т Т” ХХК-нд гэрээний дагуу ажилласан нэр бүхий хоригдлуудын 10.520.000 төгрөгийн хөдөлмөрийн хөлсийг олголгүй хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жил хүртэл хугацаанд төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь шүүхээс оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийн хамт ирүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 441 дүгээр нээлттэй хорих ангийн хоригдлын 11, 12 дугаар сарын цалин, захилгын бараа 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэсэн хаягтай материал 1 хавтас 129 хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 441 дүгээр нээлтэй хорих ангийн 2019 оны 4 дүгээр сарын улирлын санхүүгийн тайлан 1 хавтас 69 хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 441 дүгээр нээлттэй хорих ангийн хоригдлын цалин хөлсний материал 1 хавтас 25 хуудас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчоор тогтоогдсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...441 дүгээр нээлттэй хорих ангид 2014 онд “Х Б” ХХК, “Ш Х” ХХК, “А О” ХХК гэх 3 аж ахуй нэгжээс авлага, суллагдсан нэр бүхий хоригдлуудад өгөх өглөг байсан. Би 441 дүгээр нээлттэй хорих ангид 2017 онд ахлах нягтлан бодогчоор шилжин томилогдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас өр авлага, хоригдлуудад төлөх өглөгийг дансаар хаасан. Энэ авлага, өглөг хаасан үйлдэлд 2022 онд хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиуд зөрчсөн гэж сахилгын арга хэмжээ авагдсан. Дахиад яг энэ зөрчил дээр эрүүгийн хэрэг үүсч шалгагдсан тул өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн.

Нэг үйлдэл дээр би 2 арга хэмжээ авагдаж байна. Зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн, маргасан зүйл байхгүй. Би байгууллагад болон хэн нэгэнд хохирол учруулаагүй. Миний гаргасан үйлдэл нь гэмт хэрэг мөн эсэхийг би хэлж мэдэхгүй, гэхдээ байгууллагын авлагыг хаасан гэдгээ хэлж, хүлээн зөвшөөрч байгаа. Давж заалдах шатны шүүх миний хэргийг тал бүрээс нь хянаж шийдэж өгнө үү, мөн шүүхээс надад нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хассаныг багасгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэнгүүн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Бгийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэмээн тайлбарлаж, хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгөхийг хүссэн боловч анхан шатны шүүх “...Дээрх гэмт хэрэг нь нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг үйлдэгддэг бөгөөд санхүүгийн анхан шатны баримтыг зориудаар зассан, санхүүгийн тайланд хуурамч бичилт хийснийг үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэдэгт хамааруулан авч үзэх үндэслэлгүй” хэмээн дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Өөрөөр хэлбэл, шүүх Б.Бгийн гэм буруугийн талаар тайлант хугацаанд уг өглөгийг хоригдлуудад бараа олгосон гэж буцаан 10.520.000 төгрөгийг хий суутган авах зэргээр хуурамч бичилт хийх замаар”, “...Улмаар 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дээрх 3 компани гэрээний үүргээ биелүүлээгүй, өр төлбөрөө өгөөгүй байхад өгсөн мэтээр хуурамч бичилт хийсэн тайланд тусгасан, “...Б.Б нь хорих 441 дүгээр ангид ахлах нягтлан бодогчоор ажиллаж байгаа байдлаа ашиглан бусдаас авах ёстой байсан авлагыг мэдсээр байж авсан мэтээр хуурамч бичилт хийж тайланд тусгасан” хэмээн дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй болсон.

Б.Бг ажиллаж байгаа байдлаа ашиглан, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэхээс илүүтэйгээр бусдын гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлсөн санхүүгийн тайланг хуурамчаар үйлдсэн, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасныг зөрчиж, мэргэжлийн алдаа гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Б.Бг бусдын гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/117 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан давж заалдах гомдол гаргаж байна.

Миний үйлчлүүлэгч Б.Бг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэм буруутай тооцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэснийг үндэслэн хэргийг тал бүрээс бүрэн шалгаагүй байхад буюу гэм буруутайд тооцох хангалттай баримтууд бүрдээгүй байхад гэм буруутайд тооцсон ба анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэснийг зөрчиж, илт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан “Бодит бүртгэл аудит” ХХК-ийн гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 21/12 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 2018 оны жилийн эцсийн үлдэгдэлд хорих ангиас суллагдсан гэх хоригдлуудад өгөх өглөг байгаагүй гэж дүгнэсэн байдаг. Хэрвээ өглөг байгаагүй бол авлага ямар байдлаар гарсан болох нь ойлгомжгүй байхад хэргийн гол зангилаа болсон энэ асуудлыг нягталж шалгаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл зөрчигдсөн байна.

Анхан шатны шүүх Б.Бг Хорих 441 дүгээр ангид ахлах нягтлан бодогчоор ажиллаж байгаа байдлаа ашиглан бусдаас авах ёстой байсан авлагыг мэдсээр байж авсан мэтээр хуурамч бичилт хийж тайланд тусгасан үйлдлээрээ бусдад давуу байдлыг бий болгожээ гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүгдэгч Б.Б нь бусдад буюу “Ш Х” ХХК, “А О” ХХК, “Х Б” ХХК зэрэг байгууллагуудад давуу байдал олгосон гэх үйлдэлд Б.Бгийн хувьд эдгээр байгууллагуудад давуу байдал бий болгох ашиг сонирхол байгаагүй ба санаатайгаар эдгээр компаниудад давуу байдал олгоогүй, өр үүсэх үед хорих 441 дүгээр ангид ажиллаж байгаагүй, дээрх байгууллагуудыг эрэн хайх, шүүхэд нэхэмжлэл гаргах, татварын байгууллагад хандах зэрэг ажиллагаа хийж байсан, тухай компаниудиас хэн нэгнийг таньж мэдэхгүй, уулзаж учирч байгаагүй, харин Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ирүүлсэн удаа дараагийн албан бичиг, шаардлагуудыг үндэслэн гэмт хэрэг үйлдэх санаа зорилгогүйгээр Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтууд зөрчсөн болох нь аудитын дүгнэлт, шинжээчийн тайлбар болон бусад баримтаар нотлогдсон байна.

Б.Б нь дээд шатны байгууллагаас ирүүлсэн удаа дараагийн шаардлага, албан бичгийн хэрэгжилтийг хангах, байгууллагынхаа эрх ашгийг хамгаалах зорилгоор ахлах нягтлан бодогчийн хувьд хуурамч бичилт хийсэн болохоо удаа дараа үнэн зөвөөр тайлбарласан, Батзаяагийн энэхүү үйлдэл нь нийтийн эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйлдэл биш гэж үзэж байна.

Шүүгдэгч Б.Б нь “Ш Х” ХХК, “А О” ХХК, “Х Б” ХХК зэрэг компаниудын авлагыг хаасан хуурамч бичилт хийсэн гэж шинжээч Х.Ундарга дүгнэсэн бөгөөд энэхүү хуурамч бичилт хийсэн үйлдэлдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн з/102 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл хүлээсэн байна. Ийнхүү нэг төрлийн зөрчилд сахилгын арга хэмжээ авагдаж, давхар эрүүгийн эрүүгийн хариуцлага хүлээсэн байна.

Иймд гэм буруутай нь нотлох баримтаар эргэлзээгүй тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч Б.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч болон 2 өмгөөлөгчийн тайлбарууд зөрүүтэй. Тухайлбал, нэг нь ял шийтгэлийг хөнгөрүүлэх, нэг нь зүйлчлэлийг өөрчилж өгнө үү, мөн нэг нь хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбаруудыг гаргаж байна. Шүүгдэгч Б.Б нь мөрдөн байцаалтын шатнаас “бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, зассан” гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогддог. Өмгөөлөгч М.Цэнгүүн мэргэжлийн хариуцлагыг ухамсарлахгүйгээр алдаа гаргаад засвар, өөрчлөлт оруулсан гэж яриад байх юм. Алдаа гэж хэлэхгүй, санаатай засварлаж нэр бүхий 3 компанийг мөнгөө өгөөгүй байхад өгсөн мэтээр баримт бүрдүүлээд тухайн компаниудад давуу байдал бий болгосон нь тогтоогдсон. Прокуророос 2020 онд 441 дүгээр хорих ангид шалгалт орсны дараа 2019 онд үйлдсэн үйлдлийнх нь дагуу 2021 онд иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт бичиг баримтыг хөөцөлдөж явсан боловч олдохгүй байсан гэж амаар л хэлж байсан. Бодит үр дүн ерөөсөө гараагүй. Тэгээд хэрэг шалгагдах явцад бичиг баримтыг нь хайгаад үзэхэд дараа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын газрын архивт байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга нь тухайн хоригдлуудыг ажиллуулсан, тэр мөнгөө буцааж ав, ажлаа хий гэсэн хууль ёсны үүрэг, даалгавар, чиглэл өгсөн. Шүүгдэгч Б.Б даргын өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ хэрэгжүүлэхгүйгээр хойрго хандаж, өөрийн ажлыг хөнгөвчлөх зорилгоор бусдад давуу байдал бий болгож, бичиг баримтыг санаатай хуурамчаар үйлдсэн. Дараа нь орлогоо ялтнуудын хоолонд зарцуулсан гэж тайлбарладаг. 3 компанид давуу байдал олгосон гэж үзэх хууль зүйн үндэслэл бий болсон. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 441 дүгээр нээлттэй хорих ангийн ахлах нягтлан бодогч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Т Т” ХХК-иас гэрээний дагуу хоригдлын хөдөлмөрийн хөлсөнд 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн 11.628.600 төгрөгөөс “Ш Х” ХХК-иас 6.380.000 төгрөгийг, “А О” ХХК-иас 2.320.000 төгрөгийг, “Х Б” ХХК-иас 1.820.000 төгрөгийг тус тус төлсөн санхүүгийн баримт бүрдүүлж, уг компаниудыг төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцлийг бүрдүүлэн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Л.Бийн “...“Х Б” ХХК, “Ш Х” ХХК, “А О” ХХК-иуд 2014 оны зун манай хорих ангитай гэрээ байгуулан хоригдол авч ажиллуулаад хоригдол ажиллуулсан гэрээнд заасан мөнгөө дутуу өгсөн учраас өглөг, авлага үүсч 2014 оны жилийн эцсийн балансад авлага болон тусгагдсан байгаа. ... “Х Б” ХХК 1.820.000 төгрөг, “Ш Х” ХХК 6.380.000, “А О” ХХК 2.320.000 төгрөгийн өглөгтэй байсан учир балансад бүртгэсэн байгаа. ...10.500.000 төгрөгийг хоригдлуудын цалин болгож өгөх ёстой юм. Хэн гэдэг хоригдолд хэдэн төгрөгийн цалин өгөх ёстой байсан нь 2014 оны ялтны нэрийн дансны өглөг гэсэн дансанд хүн тус бүрээр нь бүртгэгдсэн байгаа. ...” /1хх 23/,

гэрч Ц.Мны “...Нийслэлийн прокурорын газар дээр ирж Отгонсүрэн прокурортой уулзаж тайлбар өгөх үед хоригдлын цалин бодсон хуудас гаргаж ирээд “энэ ямар учиртай хүмүүс вэ” гэж асуухаар нь баримтыг хартал огт танихгүй хүмүүсийн нэр бичээд ард нь цалин бодоод олгочихсон, гарын үсэг зурчихсан 1 хуудас материал үзүүлсэн. Тэгэхээр нь би нягтлан Батзаяагаас “энэ ямар учиртай хүмүүс болон ямар учраас цалин бодсон” гэж асуухад хэсэг хугацаанд юм хэлэхгүй суугаад байсан. Гэтэл прокурор дахин нэг бичиг гаргаж ирээд “үүнийг үздээ” гэж хэлэхээр нь хартал манай үйлдвэрт ажилладаг байсан хоригдлуудын нэр байсан. Эхний гаргаж ирсэн, дараагийн бичиг хоёрыг тулгаж үзэхэд нэрүүдийг нь өөрчилсөн боловч бодогдсон цалингууд нь ижил байсан. Тэр үед Батзаяа “2019 оны эцэст ерөнхий газрын санхүүгийн албаны дарга Шагдарсүрэнгээс 2019 онд өглөг, авлага үүсгэхгүйгээр санхүүгийн жилээ дуусга гэсэн утгатай бичиг ирсэн учраас авлагатай байсан гурван компаниас мөнгө аваад энэ хоригдлуудын цалинг өгсөн мэтээр харагдуулах гээд ийм юм хийчихсэн юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “энэ 10 сая төгрөг хаанаас гарч ирсэн мөнгө вэ” гэж асуухад “та бид хоёр авлагатай байсан гурван компанийг олж өгнө үү гэсэн тоотыг Баянзүрх дүүргийн шүүхэд явуулсан. Хариу өгөөгүй учраас бланс тушаах болчихоод өглөг, авлагагүй харагдуулах гээд гурван компаниас мөнгө авч цалин олгосон мэтээр биччихсэн байгаа” гэж хэлсэн. ...” /2хх 42/,

гэрч О.Ш “...Хоригдолд өгөх ёстой цалинг дээд газарт орлого болгон төвлөрүүл гэсэн үүрэг чиглэл өгсөн зүйл байхгүй. Тэгээд ч энэ асуудал нь хуулиараа болохгүй. Хоригдлын цалинг хэрэв ерөнхий газарт өгсөн бол тухайн нягтлан бодогчийн өөрийнх нь Нягтлан бодох бүртгэлийн хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Тэгээд ч дээд газарт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөө нь хатуу, хөдөлж болохгүй тоо биш юм. ...” /2хх 108/,

шинжээч Х.Уын “...тус ангийн 100900012502 тоот төрийн сангийн харилцах болох ялтны нэрийн дансны өглөг 2019 оны эхний үлдэгдэл нийт 31 хоригдлын нийт 946.806.89 төгрөгийн өглөгтэй байсан боловч эхний үлдэгдлийг засаж нийт 68 хоригдолд нийт 10.476.329 төгрөг, 3 байгууллагад 1.152.271 төгрөг, нийт 11.628.600 төгрөгийн өглөг үүсгэж зассан байсан. ...“Т Т” ХХК-иас 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр орж ирсэн 11.698.600 төгрөг болох хоригдлуудын ажлын хөлсийг тус ангийн нягтлан бодогч нь хуулгыг засаж Ш Х ХХК-иас 6.380.000 төгрөг, Х Б ХХК-иас 2.320.000 төгрөг, А О ХХК-иас 1.820.000 төгрөгийн авлагыг тус тус хааж бичсэн хуурамч бичилт хийсэн байна. ...” /3хх 151/,

шүүгдэгч Б.Бгийн “...Жил бүрийн эцэст дээд байгууллагаас гурван газрын өглөг, авлагыг барагдуулах талаар чиглэл өгдөг байсан тул 2019 оны жилийн эцэст гурван байгууллагын хаяг тодорхойгүй, өглөг авлага үүссэнээс хойш 5 жил өнгөрсөн байсан учраас мухардалд хүрээд “Х Б” ХХК 1.820.000 төгрөг, “Ш Х” ХХК 6.380.000 төгрөг, “А О” ХХК 2.320.000 төгрөг, нийт 10.520.000 төгрөгийг орж ирсэн мэтээр гурван компанийн өглөгийг хааж, 2019 оны жилийн эцсийн тайланд тусгаж, уг 10.520.000 төгрөгийг нэр бүхий 70 хоригдолд дэлгүүрийн бараа авч өгсөн гэж нэрсийн жагсаалтыг гаргаж хаасан. ...” /3хх 162/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн б/610 тоот тушаал /1хх 32/,

ялтныг аж ахуй нэгж, байгууллагад хөлсөөр ажиллуулах гэрээ /2хх 58-60, 61-63, 64-66/,

хорих 441 дүгээр нээлттэй хорих ангийн 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн “Х Б” ХХК, “Ш Х” ХХК, “А О” ХХК-иуд руу явуулсан албан бичгийн хуулбарууд /2хх 67-68/,

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрүүд /6хх 19-31/,

ахлах нягтлан бодогч Б.Бгийн бичсэн илтгэх хуудас /2хх 69/, “А О” ХХК-ийн хүсэлт /2хх 70/, “Ш Х” ХХК-ийн хүсэлт /2хх 71/, авлага өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл /2хх 82-84/, тооцооны үлдэгдлийн баталгаа /2хх 85-87/, авлага өглөгийн судалгаа /2хх 89/, 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 5 дугаартай мөрдөгчийн магадлагаа /3хх 29-35/, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 21/12 дугаар шинжээчийн дүгнэлт /3хх 175-184/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б “...нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хассаныг багасгаж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэнгүүн “...бусдын гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг “...гэм буруутай нь нотлох баримтаар эргэлзээгүй тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол ...” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.

“Нийтийн албан тушаалтан” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-т заасан албан тушаалтан, байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг ойлгох бөгөөд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч хамаарахаар хуульчилжээ.

“Урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгох бөгөөд давуу байдал бий болгосныг Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “...албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” гэж зааснаар тодорхойлно.

Шүүгдэгч Б.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 441 дүгээр нээлттэй хорих ангийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа “Т Т” ХХК-иас 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тус байгууллагын дансанд орж ирсэн 11.698.600 төгрөгөөс “Ш Х” ХХК-иас 6.380.000 төгрөгийн, “Х Б” ХХК-иас 2.320.000 төгрөгийн, “А О” ХХК-иас 1.820.000 төгрөгийн тус тус авлагыг хааж хуурамч бичилт хийсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл болжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 441 дүгээр нээлттэй хорих анги нь шүүхэд хандаж “Х Б” ХХК-иас 1.820.000 төгрөг, “А О” ХХК-иас 2.320.000 төгрөг төлүүлэх шийдвэр гаргуулсан, харин “Ш Х” ХХК-иас 6.380.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

Хавтас хэрэгт нотлох баримтаар авагдсан /6хх 19-31/ шүүхийн шийдвэрүүд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 441 дүгээр нээлттэй хорих анги нь “Х Б” ХХК-иас 1.820.000 төгрөгийн, “А О” ХХК-иас 2.320.000 төгрөгийн,  “Ш Х” ХХК-иас 6.380.000 төгрөгийн тус тус авлагатай байсныг нотлохын зэрэгцээ шүүгдэгч Б.Б нь тухайн албан тушаалд томилогдох цаг хугацаанд буюу 2017 онд дээрх компаниудын өр төлбөрийн асуудлыг шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой байжээ.

Шүүгдэгч Б.Бгийн дээрх үйлдлээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 441 дүгээр нээлттэй хорих ангид “Ш Х” ХХК-иас 6.380.000 төгрөг, “Х Б” ХХК-иас 2.320.000 төгрөг, “А О” ХХК-иас 1.820.000 төгрөг тус тус төлөхгүй байх нөхцөл байдал бодитой үүссэн, түүнчлэн дээрх компаниудад хөдөлмөр эрхэлсэн хоригдлууд ажлын хөлсөө авч чадаагүй байна.

Яллах дүгнэлтэд, хэргийн үйл баримтыг “... “Т Т” ХХК-нд гэрээний дагуу ажилласан нэр бүхий хоригдлуудын 10.520.000 төгрөгийн хөдөлмөрийн хөлсийг олголгүй хохирол учруулсан ...” гэжээ.

 “Т Т” ХХК-нд гэрээний дагуу ажилласан нэр бүхий хоригдлуудын ажлын хөлсийг олгох ажлыг хорих 441 дүгээр анги хуульд нийцүүлэн шийдвэрлэх боломжтой, түүнчлэн шүүхийн шийдвэрээр зарим компаниудаас төлбөрөө авах боломжтой байх тул 10.520.000 төгрөгийн хөдөлмөрийн хөлсийг олголгүй хохирол учруулсан гэж тусгасан хэргийн үйл баримтыг өөрчилсөн болно.

441 дүгээр хорих ангийн албан тушаалтаны хариуцлагагүй үйлдлээс болж зарим компаниас төлбөр авах асуудлыг шийдвэрлэх цаг хугацааг удаашруулснаас болж, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгч Б.Бгийн бусдад давуу байдал олгосон үйлдэлд “Ш Х” ХХК-иас авахаар байсан 6.380.000 төгрөгийг хамааруулсан нь хууль зүйн үндэслэлтэй.   

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан “хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах” талаар гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүх гэм буруутай этгээдэд тусгай ангид заасан үндсэн болон эрх хасах ял оногдуулахдаа шударга ёсны зарчмыг харгалзан үзнэ.

Дээрх үндэслэлээр шүүгдэгч Б.Бгийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг харгалзан түүний гаргасан “нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хассаныг багасгаж өгнө үү.” гэсэн гомдлыг хүлээн авч, энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/117 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж,

5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэнгүүн, Д.Эрдэнэцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР