Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 126/ШШ2016/0029

 

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 126/ШШ2016/0029

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     
     

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ш.Д**************** , Б.Г**************** нарын нэхэмжлэлтэй;

 Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 59 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага  бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Д**************** , Б.Г**************** , хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг төлөөлж, Хурлын дарга З.Н**************** , хариуцагчийн өмгөөлөгч А.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгирйн Хатгал тосгоны иргэн Ш.Д**************** , Б.Г**************** нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны иргэд нь өнгөрсөн дөрвөн жилд тухайн үеийн сонгуулийн хуулийн заалтаас хамаарч сумынхаа иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэг ч төлөөлөлгүй 4 жилийн нүүр үзлээ. Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох тойрог, мандатын тоог тогтоох тухай 59 дүгээр тогтоол нь дараах хуулиудыг зөрчиж сонгогчдын эрхийг зөрчиж байна гэж үзэж байна.

1.Мандатын тоог хуурилахдаа Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан сумын хурлын төлөөлөгчийн тоог хүн амын нягтрал, байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан тогтооно гэсэн заалтыг үндэслэж, хэрэглээгүй цөөн хүн амтай тойрогт олон мандат, олон хүн амтай тойрогт цөөн мандат хуваарилсан байна. Хүн амын тоо сонгогчдын байршлаас харахад хүн амын нягтрал нь Алаг-Эрдэнэ сумаасаа Хатгалд илүү нягтрал суурьшилтай байгаа юм. Сумын сонгуулийн насны байнга оршин суугчид 4081 иргэнд 27 төлөөлөгч байна гэхэд нэг төлөөлөгчид 4081:27=151 сонгогч ноогдож байна. Тэгвэл хатгал тосгонд 2089=(51,19%) сонгогч байгаа учраас 2089:151=14 төлөөлөгч, Алаг-Эрдэнэ суманд 1992=(48.81%) 1992:151=13,1 буюу 13 төлөөлөгч тус тус оногдохоор тооцоо гарч байна. .... Эндээс харвал тойрог нь нэгээс эхлээд хэдэнч мандаттай байж болно. Өөрөөр хэлбэл сонгогчдын тоотой харьцуулж мандатын тоог тогтооно гэсэн санаа илэрхий байгаа юм. Гэтэл энэ тогтоолд 241 сонгогчтой нэг мандатанд ердөө 61 сонгогч ногдож байгаа Алаг-Эрдэнэ сумын 3-р тойрогт 4 мандат хуваарилж байгаа мөртлөө 2089 сонгогчтой Хатгал тосгоны 6-р тойрогт ердөө 7 мандат хуваарилж нэг мандатанд 298 сонгогч ногдохоор болгож байгаа нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал хууль дээдлэх, төрийн үйл ажиллагааны нэг үндсэн зарчим алдагдаж байна.

2.Сонгуулийн тухай хуулийн 151.4 дэх Орон нутгийн сонгуулиар Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирлагын тухай хуулиар тогтоосон тооны төлөөлөгчийг нэг, эсхүл хэд хэдэн мандаттай тойргоос сонгоно гэсэн заалтыг үндэслэн хэрэгжүүлж мандатын тоог тогтоох ёстой байтал уг заалтыг үндэслэлгүй төлөөлөгчийн тоо, мандат хуваарилсан байна.

3.Дээрх шийдвэрийг гаргахдаа сонгуулийн хуульд заагаагүй, байхгүй 151.1.4 гэсэн заалт үндэслэн мандатыг тоог тухайн сумын багийн нийт тоонд тэгш хуваан хуучин сонгуулийн хүчингүй болсон заалтын аргачлалыг ашигласан гэж үзэж байна.  

4.Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн үндсэн зарчим, 8.1 дэх Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтална. Гэсэн болон мөн хуулийн 8.2-т заасан Нутгийн өөрөө удирдах ёс нь чөлөөт сонгуулиар сонгогдсон төлөөлөгчтэй, түүнд тайлагнадаг гүйцэтгэх байгууллагатай тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх зүйн бодит чадвар мөн гэсэн зарчимыг илт зөрчсөн гэж үзэж байна. Иймд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 59 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч Б.Г**************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ИТХ-ын Тэргүүлэгчийн 59 дүгээр тогтоолын 2 дугаар заалт нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 10.3-т  Сумын Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан дараах байдлаар тогтооно гэж заасан хуулийн заалтыг зөрчсөн байгаа юм. Сонгогчдод мандатын тоог тогтоохдоо хүн амын нягтаршлын тоог харгалзаагүй тогтоосон. Өнгөрсөн сонгуульд Алаг-Эрдэнэ сум аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2 мандатай оролцсон. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  8 дугаар зүйлийн 8.2-т Нутгийн өөрөө удирдах ёс нь чөлөөт сонгуулиар сонгогдсон төлөөлөгчтэй, түүнд тайлагнадаг гүйцэтгэх байгууллагатай, тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх зүйн бодит чадвар мөн гэж заасан заалтыг зөрчсөн. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дахь хэсэгт заасан үндсэн зарчмыг зөрсөн байна гэж үзэж байна. Хатгал тосгон болон Алаг-Эрдэнэ сумын насанд хүрсэн иргэдийн тоог тооцож үзэхэд өнгөрсөн сонгуулийн байдлаар шилжиж ирээгүй иргэдийн тоог оролцуулахгүйгээр Хатгал тосгонд 2089 сонгуулийн насанд хүрсэн хүн байгаа. Энэ нь Алаг-Эрдэнэ сумын нийт сонгогчийн 51.19 хувийг эзэлж байгаа юм. Алаг-Эрдэнэ сумын сонгуулийн насны иргэдийн тоо нь 1992 байгаа ба нийт сонгогчийн 48.81% юм. Ингээд 4081 сонгогчийг 27 мандатаа хуваахад нэг төлөөлөгчид оногдох сонгогч нь 151 болж байгаа итгэлцүүр гарч байгаа юм. Энэ итгэлцүүрийг сум, тосгоны тухайд авч үзэхэд Хатгал тосгон буюу 6 дугаар тойрогт 14 төлөөлөгч, Алаг-Эрдэнэ сумын тойрогт 13 төлөөлөгч оногдохоор байна. Тиймээс хууль бусаар гарсан захиргааны актын 2 дах заалтыг  хүчингүй болгож өгнө үү гэв.

 Нэхэмжлэгч Ш.Д****************  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 59 дүгээр тогтоолын 2 дугаар заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Уг тогтоолын 1 дэхь заалттай бол маргахгүй байна. Маргаан бүхий актыг хүчингүй болгуулах үндэслэл нь тус тогтоол нь Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар тойрогт хуваарилах мандатыг тоог Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан заалтыг хэрэгжүүлээгүй. Энэ хуулийн заалтыг хэрэгжүүлээгүйгээс  болоод Алаг-Эрдэнэ сумын 1 мандатад 61 хүн ногдож байхад Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар тойрогт 298 сонгогч ногдож байх жишээтэй, тэгш бус байдал байна. Энэ нь иргэдийн эрх, тэгш байдал хөндөгдөж байгааг харуулж байна.  Иймд хууль бусаар гарсан 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 59 дүгээр тогтоолын 2 дугаар заалтыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга З.Н****************  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд холбогдох тайлбарыг үүгээр хүргүүлж байна.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.3 дах заалтад сумын хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын няграл байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан тогтоох бөгөөд сумын хүн амын тоо нь 5000-9000 хүртэл бол 27 төлөөлөгч байхаар заасан байна. Дүгнэж харвал нийт сонгогдох төлөөлөгчдийн тооны хувьд маргаан байхгүй гэж үзэж байна.

Уг олгосон тооны төлөөлөл, мандатыг хэрхэн хуваах асуудлын хувьд: Тэргүүлэгчид санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө тус тусын хурлын сонгуулийн тойрогт ногдох мандатын тоог тогтоож, санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороонд дараах мэдээллийн хамт хүргүүлнэ. Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9-д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийг явуулахад тухайн сумын баг тус бүр нь сонгуулийн тойрог болно. Сонгуулийн тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.4 дэх хэсэгт Орон нутгийн хурлын сонгуулиар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тогтоосон тооны төлөөлөгчийг нэг, эсхүл хэд хэдэн мандаттай тойргоос сонгоно Уг хуулийн заалтыг үндэслэн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар тойрогт ногдох мандатын тоог тогтоосон. Сонгуулийн тухай хуулинд баг гэж зааснаас тогон гэж заасан заалт байхгүй. Мөн сандатын тоог тогтоохдоо хүн амын тоо, сонгогчдын тоог үндэслэнэ гэж заасан заалт байхгүй. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 6 багтай гэж үзэж нэг баг, нэг тойрогт 4 мандатаар тооцож, 6 баг, 6 тойрогт тус бүр 4 мандатаар тооцож 24 мандат, үлдсэн 3 мандатыг сонгогчийн тоог харгалзан 6 дугаар багт нэмж өгсөн. Үүнийг хуулийн дагуу мандатыг тогтоосон гэж үзэж байна. Сонгуулийн хуулинд тосгон гэсэн нэр томъёо байхгүй, харин сонгогчдын сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэж 3 мандатыг нэмэж тавьж өгсөн.  Сонгуулийн тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.4 дэх хэсэгт Орон нутгийн хурлын сонгуулиар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тогтоосон тооны төлөөлөгчийг нэг, асхүл хэд хэдэн мандаттай тойргоос сонгоно. Дүгнэж харвал дээрхи хуулийн дагуу Алаг-Эрдэнэ сумын 6 баг нь 6 тойрог болохоор байгаа бөгөөд тухайн 6 тойргоос 27 төлөөлөгчийг сонгох  хуулийн зохицуулалттай байна. Тосгоны эрх зүйн байдлын хувьд авч үзвэл:

  1. Монгол улсын Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно,
  2. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т тосгон нь 500-15000 оршин суугчтай, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, аялал жуулчлал, амралт, сувилал, тээвэр, худалдаа зэрэг салбарын аль нэг хөгжсөн, өөрийн удирдлага бүхий суурин газар
  3. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хот, тосгон нь засаг захиргааны хувьд оршин байгаа тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт харьяалагдахаар заасан.

Дүгнэж харвал Хатгал тосгон нь Алаг-Эрдэнэ сумын тосгон боловч удирдлага зохион байгуулалтын хувьд захирагчаа тосгоны ард иргэдээс шууд сонгодог, оршин суугчдын хуралтай, захирагчийн зөвлөлтэй байдаг бөгөөд удирдлагаа хэрэгжүүлэх арга хэлбэр нь сумаас өөр юм.

Ийм учраас сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчид бүрэн эрхийнхээ хүрээнд тойрогт ногдох мандатын тоог тогтоохдоо сонгогчдын сонгох сонгогдох эрхийг хангаж багуудын иргэдийн оролцоог тэгш хангах зарчмыг баримтлан тогтоосон гэж үзэж байна. Сонгуулийн тухай хуулийн дагуу тойрогт ногдох мандатын тоог тогтоосон тул дээрхи үндэслэлүүдийг харгалзан үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга З.Н****************  шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 59 дүгээр тогтоолоор мандатын тоог тогтоосон. Бид нар хуулийн дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Сонгуулийн тухай хуулийн 152.1, 151.4,  22.9 дэх хэсэгт заасан заалтыг баримталж тойрогт хуваасан мандатын тоог тогтоосон. Нэхэмжлэгч талаас Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан заалтыг зөрчсөн гэж тайлбарлаж байна. Энэ хуулийн заалтыг барих шаардлагагүй гэж үзэж байна.  Алаг-Эрдэнэ сум 6500 орчим хүн амтай. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч А.Ууганбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Г**************** , Ш.Д****************  нар нь тосгоны иргэдийн эрх ашгийг хөндөж байна гэж нэхэмжлэл гаргасан байна. Хатгал тосгоны иргэдийн ямар эрх ашгийг хөндсөн бэ гэдгийг тодруулах шаардлагатай. Монгол Улсын Засаг захиргаа нь аймаг, сум, хот, тосгонд хуваагддаг. Тосгоны эрх зүйн байдал нь Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулагддаг.  Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан иргэдийг тосгоны иргэд гэнээ гэж зохицуулсан байдаг. Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-т Сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтад сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт хаягийн бүртгэл бүхий сонгогчийн нэр, эцэг /эх/-ийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг гэсэн дарааллаар бүртгэх ба сонгогчийг оршин суугаа газрын хаягийн дагуу бичнэ гэсэн зохицуулалтаас харахад Хатгал тосгоны иргэд Алаг-Эрдэнэ сумын ИТХ-ын төлөөлөгчдийг сонгоход оролцохгүй. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зохицуулалтыг Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн зохицуулалттай хольж ойлгож болохгүй. 4081 хүнд ногдох сонгогчийн тоо нь 27 байна. Түүнээс хатгал тосгоны сонгогч нь 2089 байдаг. 2089 сонгогч бол Хатгал тосгоны захирагчаа сонгох иргэдийн тоо юм.  Алаг-Эрдэнэ сумын ИТХ-ын төлөөлөгчөө сонгох сонгогчдийн тоо нь 1992 байна. Хатгал тосгоны төлөөлөгчид Алаг-Эрдэн сумын төлөөлөгчийг сонгоход оролцох эрхгүй.  Хатгал тосгон нь Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар захирагчийг тосгоны иргэд сонгоно гэж заасан байдаг. Тиймээс тосгоны иргэдийн эрх ашгийг хөндсөн зүйл байхгүй. Үүнтэй нэгэн адил жишээ авахад  Хатгал тосгоны иргэд тосгоны төлөөлөө сонгоод Алаг-Эрдэнэ сумын иргэд сумынхаа төлөөллийг сонгоод явах боломжтой. Нутгийн өөрөө удирдах байгууллага ёсоор Хатгал тосгон, Алаг-Эрдэнэ сум нь тус тусдаа статустай оршин суугч нь тусдаа байдаг. Тухайлбал Төв аймгийн нутаг дэвсгэрт байдаг Улаанбаатар хот бий. Улаанбаатар хотын иргэд Төв аймгийн иргэдийн тоонд ордоггүй. Энэ утгаараа Улаанбаатар хотын иргэд Төв аймгийн Нутгийн өөрөө удирдах байгууллагыг сонгоно гэдэг зарчим үйлчилж болохгүй. Энэ нь өөрөө тусдаа хуулиар зохицуулагдаж байгаа харилцаа юм. Хатгал тосгон 14 мандат авна гэдэг нь Нутгийн өөрөө удирдах байгуулагын тогтолцоонд оролцож байна гэсэн үг юм. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн зохицуулалтыг барьж Хатгал тосгоны эрх ашиг хөндөгдөж байна гэдэг нь буруу ойлголт юм. Энэ хуулийн зохицуулалтыг ойлгохгүйгээр нэхэмжлэл бичсэн байна. Тиймээс Алаг-Эрдэнэ сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 59 дүгээр тогтоол Хатгал тосгоны иргэдийн эрх ашгийг хөндөөгүй. Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал  нь хуульд заагаагүй байхад 7 мандат өгсөн байгаа нь Хатгал тосгоны иргэдийн эрх

 

 

ашгийг дээрдүүлсэн шийдвэр гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 9 дүгээр баг, Хатгал тосгоны захирагч Б.Г**************** , оршин суугч  Ш.Д****************  нар нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан "Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 59 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай" шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 59 дугаар тогтоол нь захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар бий болгосон бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр байх бөгөөд нэхэмжлэгч Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг, Хатгал тосгоны захирагч Б.Г**************** , Ш.Д****************  нарын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна гэж үзлээ.

Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор   Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9, 151 дүгээр зүйлийн 151.1.4, 152 дугаар зүйлийн 152.1 дэх заалтыг тус тус үндэслэн 1 дэх заалтаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг сонгох тойргийг тогтоож, 2 дахь заалтаар тойрогт оногдох мандатын тоог тогтоохдоо:

Нэг. Алаг-Эрдэнэ суманд: а/. Шувуут 1-р багт 4 мандат, Цагаанбэлчир 2-р багт  4 мандат, Яргис/доод бутгаст/ 3-р багт 4 мандат, Баясгалан /Цагаанбургас/ 4-р багт 4 мандат, Манхан 5-р багт 4 мандат,

Хоёр: Хатгал тосгонд:

е/ Цахир /Чулуут/ 6-р багт 7 мандат байхаар тогтоосон байна.

Нэхэмжлэгч нараас: Мандатын хуваарилахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний  удирдлагын тухай тухай 10 дугаар зүйлийн 10.3-т- Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан тогтооно гэсэн заалтыг үндэслээгүй цөөн хүн амтай тойрогт олон мандат, олон хүн амтай тойрогт цөөн  мандат хуваарилсан буюу хүн амын нягтрал нь Алаг-Эрдэнэ сумаасаа Хатгал нь илүү нягтрал суурьшилтай байгаа гэж,

Хариуцагчаас:  Хатгал тосгон нь Алаг-Эрдэнэ сумын тосгон боловч удирдлага зохион байгуулалтын хувьд захирагчаа тосгоны ард иргэдээс шууд сонгодог, оршин суугчдын хуралтай, захирагчийн зөвлөлтэй байдаг бөгөөд удирдлагаа хэрэгжүүлэх арга хэлбэр нь сумаас өөр юм. Ийм учраас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид бүрэн эрхийнхээ хүрээнд тойрогт ногдох мандатын тоог тогтоохдоо сонгогчдын сонгох, сонгогдох эрхийг хангаж багуудын иргэдийн оролцоог тэгш хангах зарчмыг баримтлан тогтоосон хэмээн тус тус маргаж байна.

Хариуцагч Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь Сонгуулийн тухай хуулийн 152 дугаар зүйлийн 152.1-д Орон нутгийн хурлын Тэргүүлэгчид ... тус тусын хурлын сонгуулийн тойрогт ногдох мандатын тоог тогтоож, ... сонгуулийн хороонд дараах мэдээллийн хамт хүргүүлнэ: ... 152.1.3.тойрог тус бүрт ногдох мандатын тоо гэж заасныг баримтлан сумын тойрог тус бүрт ногдох мандатын тоог тогтоохдоо Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.3-т заасан сумын хүн амын тоо 5000-9000 хүртэл бол 27 гэснийг зөрчөөгүй боловч мөн хуулийн 10.3-т Сумын Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан ... тогтооно гэснийг зөрчсөн байна үзлээ. Тухайлбал:

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум нь 6470 хүн амтай бөгөөд үүнээс Хатгал тосгон буюу 6 дугаар баг нь 3223, үүнээс сонгуулийн насны иргэд 2156, харин бусад баг 1-5 дугаар баг нь 3247 хүн амтай буюу сонгуулийн насны 2199 иргэдтэй болох нь Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1/301 тоот албан бичиг, Хатгал тосгоны захирагчийн албаны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 3/238 тоот албан бичгээр нотлогдож байх тул энэхүү хүн амын тоо, нягтралыг харгалзан 27 мандатыг  тэгш, хуульд нийцүүлэн шударгаар хуваарилах байх зарчмыг мөрдлөгө болговол зохино.

Иймээс Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид  нь өөрийн сумын хүн амын нягтрал аль багт илүү байгааг харгалзан  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасны дагуу Сумын Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан үзэж, мандатын тоог хуульд нийцүүлэн тогтоогоогүй хууль зөрчсөн болох нь тогтоогдож байна.

Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь Сонгуулийн тухай хуулийн 152 дугаар зүйлийн 152.1.3-т зааснаар тойрог тус бүрт ногдох мандатын тоог тогтоохдоо Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.3-т заасан 27 төлөөлөгчийн тоонд багтаах ба мөн хуулийн 10.3-т заасан ... хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан тогтоох ёстой бөгөөд хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан хуульд нийцүүлэн тогтоож шийдвэрлэвээс хууль зүйд нийцэж,  иргэд хуульд заасны дагуу сонгох, сонгогдох эрхээ бүрэн, шударгаар, тэгш эдлэх эрхийн баталгаа хангагдах, иргэдийн хууль ёсны ашиг сонирхол хангагдах нөхцөл боломж бүрдэх үндэслэл болох юм.

Гэтэл хариуцагч Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь зөвхөн засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан үзэж, харин хүн амын нягтрал байршлыг харгалзаагүй байх ба Хатгал тосгон нь Алаг-Эрдэнэ сумын тосгон боловч удирдлага зохион байгуулалтын хувьд захирагчаа тосгоны ард иргэдээс шууд сонгодог, оршин суугчдын хуралтай, захирагчийн зөвлөлтэй байдаг бөгөөд удирдлагаа хэрэгжүүлэх арга хэлбэр нь сумаас өөр юм гэж үзэж байгаа нь хууль бус байна.

Өөрөөр хэлбэл Хатгал тосгоны захирагчийн алба төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага бөгөөд 6 дугаар баг, Хатгал тосгон нь Алаг-Эрдэнэ сумын засаг захиргааны нэгж тул тосгоны сонгуулийн эрх бүхий иргэд нь өөрийн харьяаллын сумын нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг сонгох бүрэн эрхтэй бөгөөд тосгонд оршин суудаг гэх үндэслэлээр сонгуульд сонгогдох, сонгох эрхээ хязгаарлуулах үндэслэл болохгүй болно.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д Хот, тосгон нь засаг захиргааны хувьд оршин байгаа тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт харьяалагдана гэж зааснаар Хатгал тосгоныг Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаар тогтоолоор Хатгал тосгоныг Алаг-Эрдэнэ сумын нэг баг болгосноор тус сум 6 багтайгаар шинээр зохион байгуулагдсан байна.

 Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь иргэдээ төлөөлж буй нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1-д  зааснаар Орон нутгийн хурлын сонгууль нь нутгийн өөрөө удирдах байгууллагыг орон нутгийн иргэд өөрсдийн төлөөлөгчдөөр бүрдүүлэх үндсэн арга мөн тул тухайн сумын нийт иргэд  буюу Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон, 6 дугаар багийн иргэд нь энэ сонгуульд сонгох, сонгогдох эрхтэй.

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага ... үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтална, Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Сонгууль зохион байгуулах төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага сонгуулийн үйл явцыг зохион байгуулах, түүнд оролцохдоо дараах зарчмыг баримтална: 5.1.1.хууль дээдлэх, 5.1.3.шударга ёсыг сахих, 5.1.7.энгийн ойлгомжтой байх гэж заасан байх ба сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 59 дугаар тогтоолын 2 дахь заалтаар тойрогт мандат хуваарилсан байдлаас үзэхэд ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдлын зарчмыг зөрчиж, маргаан үүсгэсэн байна.

Учир нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг сонгож байгуулахад иргэн бүр ардчилсан, шударга, тэгш байдлаар оролцох хууль зүйн зарчим байгаа боловч харилцан адилгүй тооны иргэдийн төлөөлөл болж буй төлөөлөгчид сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдохоор байна.

Хариуцагч Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 59 дүгээр тогтоолын 2 дахь заалтаар хүн амын нягтрал багатай багт харьцангуй олон мандат хуваарилсны улмаас хүн амын нягтрал ихтэй багт ногдох мандатын тоо багасах нөхцөл байдалд хүргэсэн ба энэ нь хүн ам ихтэй багийн иргэдийн сонгох, сонгогдох эрх болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад төлөөллөөрөө дамжуулан оролцох эрхийг хязгаарласан байна. Иргэд аль багт амьдарч байгаагаас үл шалтгаалан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад төлөөллөөрөө дамжуулан оролцох эрх нь тэгш, шударга хэрэгжих ёстой учраас нэхэмжлэгч Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагч болон 6 дугаар багийн иргэн Ш.Д****************  нарын хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран гуравдугаар зүйлийн 2-т зааснаар Хурлын тогтоол -ыг тус тусын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөнө, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 2-т зааснаар тосгоны захирагч нь харьяалах засаг захиргааны нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй тул Хуралд сонгогдох төлөөллийн асуудал нь тосгоны иргэдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр байна.

Хариуцагч Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь тойрогт ногдох мандатын тоог тогтоохдоо хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийг харгалзан нэг, эсхүл хэд хэдэн мандаттай байхаар тогтоох байтал хуульд заагаагүй үндэслэлээр тойрогт ногдох мандатын тоог тогтоосон байх тул Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т Сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч нар нь Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 59 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгох тухай шаардлага гаргасныг хангах үндэслэлтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 35100 /гучин таван мянга нэг зуун төгрөг/ гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.3.3, Сонгуулийн тухай хуулийн 152 дугаар зүйлийн 152.1, 152.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг  хангаж Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 59 дугаар тогтоолын Тойрогт  ногдох мандатын тоог тогтоосон 2 дахь заалтыг хүчингүй болгож, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 35100 /гучин таван мянга нэг зуун төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ЭНХТАЙВАН