| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/01295/И |
| Дугаар | 155/ШШ2024/01224 |
| Огноо | 2024-12-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 155/ШШ2024/01224
| 2024 оны 12 сарын 20 өдөр | Дугаар 155/ШШ2024/01224 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ..... сумын ..... дугаар багийн ..... дугаар гудамжны ..... тоотод оршин суух, Х Б-ийн Ц (_..................)-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 155/2024/01295/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Нэхэмжлэгч Б.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Ц нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт анх жирэмсний амралттай хүний оронд 2006 оны 10 дугаар сард сувилагчаар ажилд орсон. Ингээд сувилагч, үйлчлэгч зэрэг ажлыг хийж байгаад, халдвартын тасгийн сувилагчаар 2007 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс албан ёсоор томилогдож, өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Одоо хортой нөхцөлд ажиллаж байснаар өндөр насны тэтгэвэрт орох гэтэл анх намайг ажилд томилсон тушаал олдохгүйгээс өндөр насны тэтгэвэрт орох нөхцөл бүрдэхгүй байна. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг нь миний тушаалыг нөхөн гаргахгүй гэсэн бөгөөд харин нийгмийн даатгалын хэлтэс нь анх ажилд томилсон тушаал байхгүй учраас миний материалыг хүлээж авахгүй, шүүхэд ханд гэсэн хариуг өгсөн.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 2007 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
1.2.Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2006 онд ажилд орсон. 2007 онд халдвартын тасагт ажиллаж эхлээд өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Гэтэл миний ажилд томилсон тушаал олдохгүй байна.Онцгой нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох гэж байгаа. Тиймээс шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байгаа юм.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 2007 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгчээс ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд гаргасан нотлох баримтууд:
-Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2007 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №138 дугаартай Цалин шинэчлэн тогтоох тухай тушаалын хуулбар,
-Хөвсгөл аймгийн Нэгдсэн эинэлгийн 2007 оны 10-р сарын 01-ний цалин тогтоолтын хуулбар,
-Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/04 дугаартай Ажиллаж байгааг сэргээх тухай тушаалын хуулбар,
-Б-ийн Ц ийн Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
-Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирал Г.О-ын 2024 оны 10 дүгээр сарын 16-ны өдрийн №551 дугаартай албан бичиг,
-Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирал Г.О-ын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №578 дугаартай албан бичиг,
-Ц.Ивээлийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтууд,
2.1.Хүсэлт гаргагчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Гэрч: Ч.С-ийн шүүхэд өгсөн мэдүүлэг.
2.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Б.Ц ийн Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,
-Б.Ц ийн регистрийн карт 073, ХААТР-1 маягт,
-Б.Ц ийн ХААТР-21 маягт,
-Б.Ц ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар тодорхойлолтууд,
- Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр олгосон тус эмнэлэгт ажиллаж байсан Б-ийн Ц-ийн цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.Ц-ийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа зэрэг болно.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч Б.Ц нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба шүүх хуралдаанд Б.Ц биечлэн оролцож, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт 2007 оноос өнөөдрийг хүртэл сувилагчаар ажиллаж байна. Онцгой нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох гэж байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймээс Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт 2007 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласан.
4.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дугаар тушаалаар тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг баталсан бөгөөд тушаалын нэгдүгээр хавсралтын хөдөлмөрийн хүнд нөхцөл буюу 4 дүгээр зүйлийн 4.28-д хурц, архаг халдварт өвчин болон сэтгэцийн эмгэгтэй өвчтөнийг эмчлэн сувилах ажлыг байнга гардан гүйцэтгэдэг, сувилагч, халдварт өвчний сувилахуй гэж заасан.
Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй, даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно хэмээн зохицуулсан.
Нөгөө талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж хуульчилсан.
Дээрх байдлаас үзвэл Б.Ц-ын ажиллаж байсан ажил, албан тушаал нь хөдөлмөрийн хүнд нөхцлийн ажил, мэргэжилд хамаарч байх ба тэрээр ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор хөнгөлттэй нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байна.
Иймээс нэхэмжлэгч нь шаардах эрхтэй тул шүүх шаардлагыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
5.Нэхэмжлэгч Б.Ц нь Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 2007 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл сувилагчаар ажиллаж байсан болох нь тухайлбал:
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2007 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №138 дугаартай Цалин шинэчлэн тогтоох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,
Б-ийн Ц-ийн Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Б.Ц ийн Нийгмийн даатгалын Ерөнхий газар Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтууд,
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр олгосон тус эмнэлэгт ажиллаж байсан Б-ийн Ц-ийн цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.Ц-ийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,
Х Ц ийн И, хүү, 2013 оны 6 сарын 27-нд Хөвсгөл, Мөрөн төрснийг төрсний бүртгэлд 2013 оны 7 сарын 19-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгов гэх Төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Х Б-ийн Ц ийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 1 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан)
Х Б-ийн Ц ийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 21 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан) зэрэг бичгийн баримтуудаар тус тус тогтоогдлоо.
6.Мөн хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Ч.С нь...Би Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдварийн тасагт 2005 оны 5 дугаар сараас хойш их эмчээр ажиллаж эхэлсэн. Намайг ингэж ажилласнаас хойш 2005 онд Б.Ц нь Халдвартын тасагт сувилагчаар ажилд орж байсан.
Тэрээр 2005 оноос өнөөдрийг хүртэл сувилагчаар тухайн тасагтаа ажиллаж байна...гэх мэдүүлгийг өгсөн ба дээрх мэдүүлэг нь хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр олгосон архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.Ц ийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа гэх баримтанд халдварт, В.Ж тасгийн эрхлэгч, С.Ч эмчлэгч эмч, Ц .Б сувилагч гэх баримттай тохирч байна.
7.Дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан байх тул нотлох баримтаар үнэлж, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд тодруулсан шаардлагыг хангаж шийдвэрлэв.
8.Хэрэгт Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирал Г.О-ын ын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №578 дугаартай: ...Б-ийн Ц (..................) нь Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 2007 оны 5 дугаар сараас 2024 оны 11 дүгээр сар хүртэл ажиллаж байгаа нь үнэн болно. Б.Ц ийг анх томилсон тушаал байхгүй тул нөхөн гаргах боломжгүй. Энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх саналтай байнагэх, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/04 дугаартай:нэг. Халдвартын тасгийн сувилагчаар Б.Ц ийг 2007.07.01-нээс ажиллаж байсныг сэргээсүгэйгэх Ажиллаж байгааг сэргээх тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны №551 дугаартай:Б-ийн Ц (..................) нь Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 2007 оны 7 дугаар сараас хойш 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажиллаж байгаа нь үнэнэ болногэх тодорхойлолт зэрэг баримтууд авагдсан ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х Б-ийн Ц (..................)-ийн Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 2007 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ