| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0020/Э |
| Дугаар | 35 |
| Огноо | 2018-01-04 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Байгалмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Номин,
Улсын яллагч Б.Байгалмаа,
Шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч М.Түмэннаст,
Хохирогч Д.Үнэнбат, түүний өмгөөлөгч Б.Нарандолгор,
Гэрч Б.Мөнхтуул,
Шинжээч Ө.Сарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хорин хоёрынхон овогт Д.Цд холбогдох эрүүгийн 1711005960278 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч, Хорин хоёрынхон овогт Д.Ц, Монгол Улсын иргэн, 1987 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Завхан аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зүтгүүрийн техникч мэргэжилтэй, Улаанбаатар төмөр зам зүтгүүрийн депод машинист ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 105 байрны 121 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, .....................................
Шүүгдэгч Д.Ц нь 2017 оны 8 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гандирс” хотхоны хажууд хохирогч Д.Үнэнбатыг хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Цээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр өөрийн эхнэр Б.Мөнхтуулыг гадуур дэмий тэнээд яваад байхаар нь хаагуур юу хийгээд яваад байгааг мэдэх гээд машин аваад гарахаар нь араас нь дагаад явсан. Гэтэл Чингэлтэй дүүргийн нутаг Их дэлгүүрийн зүүн талд манай эхнэр машинтайгаа ирээд зогссон. Би холоос ажиглаад харж байхад цаанаас нь Приус 30 загварын автомашин ирээд зогссон. Уг машинаас нэг залуу гарч ирээд манай эхнэртэй дотно харилцаатай харагдаж байсан. Тэгээд миний уур хүрээд тэр хоёрыг цаашаа явж байхаар нь тэр залуугийн араас нь хөлөөрөө жийсэн. Тэгээд нөгөө залуу эргэж хараад чи юун хүн бэ гээд надтай маргалдаад заамдаад авсан. Тэгэхээр нь би Мөнхтуулын нөхөр нь байна гэхэд миний уруул, дух хэсэгт цохисон” гэсэн мэдүүлэг /хх-35х/,
Шүүгдэгч Д.Цээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Манай эхнэр ойрын үед жаахан гадуур дотуур яваад байхаар нь тэр орой араас дагаад явтал Их дэргүүрийн зүүн хойно Гандирсын тэнд нэг приус маркийн машинтай нэг залуу ирээд тэр 2 цаашаагаа хараад тэврэлдээд явж байхаар нь миний уур хүрээд тухайн үед үед бачимдаад тэр залуугийн араас өшиглөсөн. Гэтэл хохирогч Үнэнбат эргэж хараад намайг цохин дух уруул хэсэгт гэмтэл учруулсан. Тэгээд удалгүй намайг ажлаас дуудаад Зүүнхараад очсон хойгуур араас залгаад энэ хохирогчийг гэмтээсэн байна гэж хэлсэн. Гэтэл энэ хохирогч надаас 10 сая төгрөг нэхэмжилсэн. Тэгээд би чамайг цохиогүй байхад наад нэхсэн мөнгийг чинь өгч чадахгүй гэж хэлсэн. Гэтэл намайг нотариат руу чирээд байхаар нь би маргааш уулзъя гэж хэлтэл тэгье гээд тэгээд маргааш нь Мөнгөнгүүр эмнэлгийн гадаа 3 залуутай ирээд намайг цагдаа руу авч явна гээд байхаар нь би явахгүй гэтэл эмзэг эрхтэн лүү өвдөглөсөн” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Д.Үнэнбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2017 оны 8 сарын 25-ны өдөр 23 цаг 40 минут орчимд манай найз охин Мөнхтуул над руу залгаад Их дэлгүүрийн хажуу талын Гандирсын хажууд хүрээд ир би тэнд зогсож байна гэж хэлэхээр нь би яваад очсон юм. Намайг очиход манай найз охин Мөнхтуул 81-63 УНҮ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирчихсэн зогсож байсан. Би машинтайгаа явж очоод зогсоол дээр машинаа тавьчихаад өөдөөс нь яваад очиход манай найз охин ямар удаан явдаг юм бэ хайраа гэж хэлэхээр нь явсаар байгаад ирлээ гэж хэлсэн. Тэгээд байж байхад хойноос нэг залуу үсэрч орж ирээд миний гар луу өшиглөсөн. Би тэгэхээр нь тэр залууд хандаж чи хүн андуураад байгаа юм биш үү гэж хэлэхэд үгүй би та хоёрыг харсан шүү мэдэж байна гэж хэлсэн. Тэгтэл манай найз охин битгий зодолдоорой гэж хэлээд намайг тэврээд авахаар нь хэрэлдээд байж байгаад 2 удаа толгой хэсэг рүү нь алгадсан юм ..Тэгээд тэндээс шууд гэмтэл явсан юм. Гэмтлийн эмнэлэгт очоод үзүүлсэн. Эмч гараараа яасан юм бэ гэж асуухаар нь хана цохьсон юм гэж хэлсэн юм. Тэгэхэд эмч худлаа яриад байна гадны нөлөөтэй хугарал байна гэж хэлэхээр нь би их дэлгүүрийн дэргэд хүнд өшиглүүлчихсэн юм гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-11х/ ..Анхтуул наад залуу чинь Мөнхтуулын урьд нь амьдарч байсан залуу нь байна гэж хэлсэн ..Уг гэмтлийг Цогтгэрэл гэх залуу миний баруун гарт хөлөөрөө өшиглөсөн юм. Тэгээд уг гэмтэл учирсан ..Гартаа өшиглүүлсний дараа миний баруун гар атгаж болохгүй эвгүй болчихсон байсан юм” гэсэн мэдүүлэг /хх-14х/,
Хохирогч Д.Үнэнбатаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Б.Мөнхтуул намайг Гандирсын тэнд хүрээд ир гэсэн. Тэр үед бид 2 үерхдэг байсан. Тэгээд намайг үнсье гэж байтал энэ залуу ирээд шууд үсрээд гар луу цохисон. Тэгээд нэг хартал энэ Цогтгэрэл Б.Мөнхтуулыг машины өрүүл мөргүүлээд миний машин би машинаа авъя гээд орилоод байхаар нь би очоод боль гээд гарыг нь бариад авсан. Тэгээд миний гар өвдөөд Анхтуулын машинтай гэмтэл ороод зураг авахуул гэсэн тэгээд ортол Мөнхтуул зодоон болсон гэж хэлээд хэрэгггүй гэхээр нь хана мөргөсөн гэж хэлтэл эмч худлаа хэлээд бай гээд маргааш ир гээд явуулсан. Тэгээд би аавдаа хэлтэл аав маань Цогтгэрэлтэй уулзаад Мөнгөнгүүр эмнэлэгт үзүүлэхээр болоод тэгээд очоод үзүүлтэл хэвт гэнээ 2 сая гаран төгрөгний эмчигээний зардал болно гэнээ гэж хэлтэл чи тэр цагдаадаа өг гээд яваад өгсөн. Тэгээд цагдаа дээр очоод мэдүүлэг өгсөн, эмнэлэгт нэг ч ирээгүй Мөнхтуул л ирдэг байсан” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Мөнхтуулаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Шөнийн 23 цагийн орчим Гандирсын тэнд найзтайгаа бас Үнэнбаттай уулзаад Үнэнбат тамхи татах гээд машин луу гаа эргээд хартал араас Цогтгэрэл хойд хэсэг рүү нь жийсэн. Тэгээд Үнэнбат Цогтгэрэлийг цохисон би салгасан” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Мөнхтуулаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 23 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүрэгт байрлах Гандирс төвийн урд талын автомашины зогсоол дээр Үнэнбат гэдэг залуутай юм яриад зогсож байхад надтай хамтран амьдарч байсан Цогтгэрэл баруун урд талаас гарч ирээд араас нь жийсэн юм. Үнэнбатыг жийхээр нь хойшоогоо ухраад чи хэн юм бэ? хүн андуураад байгаа юм уу гэж асуухад Цогтгэрэл би Мөнхтуулын нөхөр байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-18х/,
Гэрч Э.Анхтуулаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2017 оны 8 сарын 25-ны өдөр би найзууд болох О.Анударь, Г.Анударь, Болор-Эрдэнэ нарын хамтаар Улсын их дэлгүүрийн зүүн талд Гандирс гэдэг үйлчилгээний төвд байж байгаад 23 цаг өнгөрч байсан байх яг цагаа сайн мэдэхгүй байна, гарч ирэхэд гурван хүн зууралдаад чанга чанга орилоод байж байсан. Би юун хүмүүс юм бол гэж бодоод хартал манай найз болох Мөнхтуул байж байсан. Намайг Мөнхтуул хараад өөдөөс алхаж ирэхдээ гараараа цаашаагаа цаашаагаа гэж хэлээд зангаад байхаар нь өөдөөс нь явж очоод уулзсан юм. Би Мөнхтуулаас юу болсон талаар асуухад Үнэнбаттай байхад Цогтгэрэл хүрээд ирлээ гэж хэлсэн. Би Мөнхтуулын хамт Үнэнбат, Цогтгэрэл дээр очиход Цогтгэрэл Мөнхтуултай хэрэлдээд машин руугаа явцгаасан юм. Би Үнэнбатаас яасан юу болсон гэж асуухад би Мөнхтуултай юм яриад зогсож байхад хажуу талаас энэ залуу үсэрч орж ирээд над руу дайраад өшиглөчихлөө гэж хэлээд баруун гараа үзүүлсэн. Би баруун гарыг нь хартал алганы яс хэсэг нь дээшээгээ товоогоод хавдчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-20х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 10992 тоот шинжээчийн дүгнэлтэд:
“1. Д.Үнэнбатын биед баруун гарын алганы 4-р яс их биеэр зөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэжээ /хх-23х/,
Шинжээч Ө.Сарангэрэлээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Үнэнбатын биед учирсан гэмтэл нь өшиглөх, цохих аль алинд нь үүсэх боломжтой боловч миний үзсэн хүний хувьд баруун гарын 4 дүгээр яс их бие нь хугараад зөрсөн байна. Энэ нь өшиглөх үед илүүтэй үүсгэгдэх боломжтой. Их биеэр зөрсөн хугарал нь мохоо зүйлийн их хүчтэй үйлчлэлийн улмаас учрах боломжтой юм” гэсэн мэдүүлэг /хх-31х/,
Шүүгдэгч Д.Цийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-37/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 38/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Д.Ц нь 2017 оны 8 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гандирс” хотхоны хажууд хохирогч Д.Үнэнбатыг хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Д.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгч Д.Цээс хохирлын 2.970.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Үнэнбатад олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд буюу 2018 оны 3 дугаар сарын 4-ний дотор төлүүлэх, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.