Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 126/ШШ2016/0030

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн иргэн Бариач Б.Б****************-ын /регистрийн дугаар РК****************  / нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдох,

"Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 23-04-332/06 тоот Улсын орлого болгох тухай акт, 0089800 дугаартай 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 960 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шийтгэвэр зэргийг хүчингүй болгуулж, 1 440 000 төгрөгийн хохирол гаргуулах" шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б****************  , түүний өмгөөлөгч А.Ууганбаяр, хариуцагч Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.У****************  , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б****************   шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Б****************   нь 0241054 тоот мод бэлтгэх эрхийн бичгийн дагуу Бүрэнтогтох сумын Хөх сийг гэх нөхөрлөлөөс 10 м3хэрэглээний мод тээвэрлэхээр 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн орой явж очсон. Хөх сийг гэх нөхөрлөлөөс хэрэглээний мод тээвэрлэхтэй холбогдуулан байгаль хамгаалагч Д.Г****************  уулзаж гарал үүслийн бичиг гаргаж өгөхийг шаардахад гарал үүслийн бичиг дууссан байна гээд мод бэлтгэх эрхийн бичигт Гарал үүслийн гэрчилгээ дууссан тул мод бэлтгэх эрхийн бичигтэй тээвэрлүүлэв гэх утгатай цохолт бичин гарын үсгээ зураад одоо тээвэрлээд явж болно гэж хэлсэн. Би эрх бүхий албан тушаалтны цохолт байхад гарал үүслийн бичиггүй тээвэрлэж болно гэсний дагуу модоо тээвэрлээд явж байтал Бүрэнтогтох сумын Мэргэн гэх газарт Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.У****************   гэх хүн мөн албаны бусад хүмүүсийн хамт таарсан. Байцаагч Б.У****************   баримт бичиг шалгаж гарал үүслийн бичиггүй тээвэрлэсэн гэх шалтгаанаар шууд л акт тогтоож 10 ммодыг улсын орлого болгож, 960 000 төгрөгийн шийтгэвэр бичиж өгсөн.

Би байгаль хамгаалагч Д.Г****************-ын гарын үсэг бүхий цохолтыг үзүүлж анхнаасаа гарал үүслийн бичиггүйгээр тээвэрлэх хүсэл зориг байгаагүй гэдгээ тайлбарлахыг оролдсон боловч намайг огт сонсоогүй, миний тайлбарыг хүлээж аваагүй. Шууд л гарал үүслийн бичиггүй тээвэрлэсэн л бол чиний буруу гээд акт, шийтгэвэр тогтоосон. Бодит нөхцөл байдал, шалтгаан нөхцлийг ч хайрхарч үзээгүй. Би байгаль хамгаалагч буюу хууль хэрэгжүүлдэг, хяналт тавьдаг эрх бүхий албан тушаалтан нь цохолт хийж гарын үсэг зураад, одоо тээвэрлээд яв гэж зөвшөөрөхөөс өөр ямар шийдвэрт итгэх ёстой байснаа ч ойлгохгүй байна. Хуулийн нарийн заалтыг нь ч мэдэхгүй. Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.У****************   шууд хуулийн заалт уншаад акт, шийтгэвэр тавьсан. Бодит нөхцөл байдлаа ч зөв тогтоож чадаагүйн дээр, намайг огт сонсоогүй, миний тайлбарыг авч шийдвэр гаргахдаа анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Би уг асуудлаар Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газарт шийдвэрлүүлэхээр хандсан боловч шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн.

Иймд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.У****************  ын тогтоосон 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 23.04.332/06 тоот Улсын орлого болгох тухай акт, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 0089800 дугаартай 960000 /есөн зуун жаран мянга/ төгрөг төлөхийг шаардсан шийтгэвэр зэргийг хүчингүй болгож, улсын орлогод авсан 600000 төгрөгийн үнэ бүхий 10 мхэрэглээний модыг гаргуулж, намайг хохирол гомдолгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б****************  ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс улсын орлогод хураасан хэрэглээний модыг Бүрэнтогтох сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч нь худалдан борлуулж, улсын орлого болгосон байх тул хэрэглээний модны гоожин буюу эрхийн бичгийн үнэд төлсөн 400 000, тээврийн зардал 300 000, нөхөрлөлөөс худалдан авсан үнэ 100 000 төгрөг, ачуулсан ажилчдын хөлс зэрэг нийт 900 000 төгрөгийн бодит зардлыг буруутай албан тушаалтнаас гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б****************   болон түүний өмгөөлөгч А.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Бүрэнтогтох сумын байгаль хамгаалагчаас хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг аваад эрхийн бичиг дээрээ гарал үүслийн гэрчилгээ дууссан тул мод бэлтгэх эрхийн бичигтэй тээвэрлүүлэв гэсэн цохолт хийлгээд бэлтгэсэн модоо тээвэрлэж явахад байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.У****************   нь тээвэрлэж явсан модыг хураасан. Иймд улсын байцаагчийн торгуулийн хуудсыг хүчингүй болгож өгөхийг хүсч байна. Мод хураагдсанаас хойш машинаа авах гээд очсон чинь модыг маань зарсан байсан. Тиймээс улсын орлогод оруулсан мөнгөн дүнгээр нь хохирлоо гаргуулах саналтай байна.

... Тухайн үед нэхэмжлэгч Б.Б****************   байгаль хамгаалагчаас гарал үүслийн бичиг гаргажөг гэж шаардахад байгаль хамгаалагч Д.Г**************** гарал үүслийн бичиг дууссан гээд эрхийн бичиг дээр нь өөрийн гараар цохолт хийж өгсөн байдаг. Энэ тохиолдолд Бүрэнтогтох сумаас Мөрөн сум руу буюу өөр сум руу тээвэрлэхэд гарал үүсэл гэрчилгээ авах ёстой байсан. Гэтэл тухайн сумын байгаль хамгаалагч Д.Г**************** мод бэлтгэх эрхийн бичиг дээр нь цохолт хийгээд өгсөн байхад бэлтгэсэн модоо тээвэрлээд явж болно гэж хэлсэний дагуу нэхэмжлэгч Б.Б****************   модоо тээвэрлэсэн байдаг. Нэхэмжлэл гаргасны дараа машинаа авах гээд очиход модыг нь улсын орлого болгочихсон байсан. Тиймээс улсын оролгод оруулсан мөнгөн дүнгээр нь буруутай этгээдээс хохирлоо гаргуулахаар нэхэмжилж байгаа юм. Буруутай албан тушаалтан ньБ.У****************   байцаагч юм. Мөрөнгөөс 2 машин явсан байсан. 560.000 төгрөгийн шатахуун хийсэн. Үүнийг 2 машинд хуваахад нэг машины зардал 253.000 төгрөг болж байгаа юм.

Улсын байцаагч хураасан модыг 1.440.000 төгрөгөөр худалдан борлуулсан гэж ярьж байна. Ийм учраас бид нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 1.440.000 төгрөгөөр тооцож бодит хохирлоо гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Б.Б****************  ын шууд санаатай буруутай үйлдэл байсан эсэхийг харах ёстой байсан юм.Д.Г**************** цохолт хийгээгүй байсан бол үүнтэй маргах зүйл байхгүй. Зохих албан тушаалтан нь болно гээд цохолт хийгээд өгсөн байдаг шүү дээ. Нэхэмжлэгч түүнээс гарал үүслийн гэрчилгээ өгөхийг шаардсан ч өгөөгүй байдаг. ... хариуцагчаас 1 440 000 төгрөгийн хохирол гаргуулж, улсын байцаагчийн 23.04.332/06 тоот акт, 0089800 дугаартай шийтгэврийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.У****************   шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нөхөр Б.Б****************   нь 2016 оны 07 дугаар сарын 06-нд мод бэлтгэх эрхийн бичиг аваад тус сумын Сангийн далай багийн нутаг Хөх сайг гэдэг газраас мод бэлтгэхдээ мод бэлтгэх эрх бүхий нөхөрлөлөөр бэлтгүүлээгүй, өөрөө чиргүүлтэй, хоёр ширхэг ЗИЛ-130 маркийн машин буюу 32 м3 багтаамжтай тээврийн хэрэгсэл хэрэглэж, мод цагаалгын трактор, портер маркийн машин, 2 ширхэг хятад хөрөө гэх мэт техник тоног төхөөрөмж, хүн хүч бүхий мод бэлтгэлийн баг Мөрөн сумаас зохион байгуулан үйл ажиллагаа явуулсан нь Ойн тухай хууль зөрчсөн боловч жолооч Б.Б****************  , Б.Б**************** нарт мод бэлтгэх эрхийн бичигтэй гэдэг утгаар нь мод бэлтгэсэн үйл ажиллагаанд нь ямар нэгэн хүндрэл учруулж, арга хэмжээ аваагүй болно.

Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.У****************   би 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр №023 тоот зөрчлийн тухай тэмдэглэл үйлдэхдээ Монгол Улсын Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т ... ойгоос мод бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 33.1-д заасны дагуу олгоно гэснийг, мөн хариуцлага хүлээлгэж 00089800 дугаартай шийтгэврийн хуудас бичиж шийтгэвэр ногдуулахдаа Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.4-т зохих эрхийн бичиггүйгээр ойгоос мод, түлээ бэлтгэсэн, ойн дагалт баялаг ашигласан, түүнчлэн гарал үүслийн гэрчилгээгүйгээр гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан, эсвэл эрхийн бичигт заасан нөхцөл болзлыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар бэлтгэсэн, тээвэрлэсэн зүйл, олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэсэн заалтуудыг үндэслэн тээвэрлэж явсан 10 мхэрэглээний мод олсон орлогыг нь хурааж 960.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан.

Нэхэмжлэгч Б.Б****************   нь нэхэмжлэлдээ ... намайг сонсоогүй, шалтгаан нөхцлийг ч хайхарч үзээгүй, хууль хэрэгжүүлдэг, хяналт тавьдаг эрх бүхий албан тушаалтан нь цохолт хийж гарын үсэг зураад одоо тээвэрлээд яв гэж зөвшөөрсөн гэжээ. Байгаль хамгаалагч Д.Г**************** ийм эрх байхгүй. Нөхцөл байдлыг зөв тогтоож чадаагүйн дээр намайг сонсоогүй гэж гүтгэсэн байгааг танай байгууллага зөвөөр шүүн тунгааж, зохих хуулийн дагуу арга хэмжээ авна гэдэгт итгэж байна.

Зөрчлийн тухай тэмдэглэлийн хуудсанд зөрчил гаргасан этгээдийн тайлбар, шаардлагатай бусад мэдээлэл гэсэн асуултанд хариулах боломжгүй, бичиг үсэг мэддэггүй гэж гүрийгээд гарын үсгээ зураагүй. Мөн шийтгэврийн хуудас, актад гарын үсэг зураагүй.

Миний хувьд Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, түүний бүрэн эрхийн хүрээнд буюу Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор энэ хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасан заалтын дагуу төрийн албан үүргээ гүйцэтгэсэн билээ.

Иймд эрхэм шүүгч та зөрчил гаргасан этгээд буюу албан тушаалаа хэтрүүлэн ашигласан байгаль хамгаалагч Д.Г**************** хуулийг мэргэжлийн үүднээс тайлбарлаж зохих арга хэмжээг авч, зөрчил гаргасан этгээд Б.Б****************  оор торгуулийн арга хэмжээ болох 960.0 мянган төгрөгийг сумын орон нутгийн орлогод оруулж өгөхийг хүсье.

... Б.Б****************   таны хууль зөрчих, асуудалд холбогдох гол шалтгаан нь:

1. мод, модон материал тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээгүй

2. байгаль хамгаалагч Д.Г**************** нь 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 0241054 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг олгохдоо цохолт хийсэн нь таныг гарал үүслийн гэрчилгээгүйгээр манай сумаас Мөрөн сум руу их хэмжээний мод тээвэрлэх санаа төрүүлсэн. Энэ нь таныг Монгол Улсын Ойн тухай хууль зөрчих нөхцлийг бүрдүүлсэн гэдгийг танд олон удаа зөвлөсөн шүү дээ.

3. албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж хууль бусаар мод бэлтгэх эрхийн бичигт цохолт хийсэн байгаль хамгаалагч Д.Г**************** нь Монгол Улсын ямар ч сайд дарга нарын эдлээгүй эрхийг эдэлж нэхэмжлэгч Б.Б****************  ыг хохироосон юм.

4. нэхэмжлэгч Б.Б****************   та ч гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материал тээвэрлэж болохгүй гэдгийг мэдэж байгаа.

5. Б.Б****************   нь тухайн үед хамт явсан ХӨВ 34-08 дугаартай ЗИЛ-130 маркийн машинтай жолооч Б.Б**************** гэдэг иргэнээр 10 м3 хэрэглээний модыг 024155 дугаар бүхий мод бэлтгэх эрхийн бичгээр тээвэрлэж явсныг Б.Батбаярт арга хэмжээ авах гэтэл миний мод байгаа юм гээд арга хэмжээ авахуулаагүй тул Б.Батбаярын мод гэж үзээд торгуулийн арга хэмжээ авах шаардлагатай юм байна гэж нэхэмжлэлийн утга агуулгаас олж мэдлээ.

Иймд албан тушаалаа хэтрүүлэн ашигласан байгаль хамгаалагч Д.Ганбатыг гуравдагч этгээдээр татан шалгаж 0241054, 0241055 дугаартай мод бэлтгэлийн эрхийн бичигт цохолт хийж хууль зөрчсөн асуудлыг тогтоон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.У****************   шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: . Би хуульд заасны дагуу арга хэмжээ авсан. Нэхэмжлэгчийг цохолт хийсэн Д.Г**************** холбогдуулж нэхэмжлэл гаргах ёстой байсан гэж бодож байна. Ойн тухайн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.4, 47 дугаар зүйлийн 47.2.4 дэх заалтад мод, модон материалыг гарал үүслийн бичиггүйгээр тээвэрлэсэн тохиолдолд олсон орлогыг хурааж, улсын орлгод оруулна гэж заасны дагуу хураасан. Би хууль хэрэгжүүлж ажилласан гэж бодож байна.

Гарал үүслийн бичиг байсаар байтал өгөөгүй нь байгаль хамгаалагч Д.Г****************-ын буруу. Нэгэнт хуульд заасан үүргээ биелүүлээгүй хэрэглэгчийн буруу мөн байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч өмнө нь миний гарын үсэггүй гарал үүслийн бичигтэй мод тээвэрлэж яваад надтай таарч байсан удаатай. Тухайн үед би анхааруулаад өнгөрч байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаандгаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь;

Мөрөн сумын 13 дугаар багийн иргэн Б.Б****************   Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдуулан "Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 23.04.332/06 тоот Улсын орлого болгох тухай акт, 0089800 дугаартай 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 960 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шийтгэвэр зэргийг хүчингүй болгуулж, улсын орлогоос 600 000 төгрөгийн үнэ бүхий 10 м3 хэрэглээний модыг гаргуулах" шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 10 м3 хэрэглээний модны үнэ буюу 900 000 төгрөгийн бодит хохирлыг гаргуулахыг хүссэн байна.

Улмаар шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 23.04.332/06 тоот Улсын орлого болгох тухай акт, 0089800 дугаартай 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 960 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шийтгэвэр зэргийг хүчингүй болгуулж, 1 440 000 төгрөгийн хохирол гаруулахыг хүссэн байна.

Нэхэмжлэгч Б.Б****************   нь 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Бүрэнтогтох сумын байгаль хамгаалагч Д.Г****************-с [1] 0241054 дугаартай Мод бэлтгэх эрхийн бичиг-ийг зохих журмын дагуу авч 10 м3 хэрэглээний мод бэлтгэхээр болжээ.

Б.Б****************   2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Мод бэлтгэх эрхийн бичиг авахдаа Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ авахыг хүссэн боловч Бүрэнтогтох сумын байгаль хамгаалагч Д.Г**************** Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ дууссан гэх шалтгаанаар олгоогүй болох нь гэрч Д.Г****************-ын ... Б.Б****************   гоожингоо авахдаа гарал үүслийн гэрчилгээ авъя гэсэн. Тэгэхээр нь би гарал үүслийн гэрчилгээний үнэт цаас дуусчихсан байна гэж хэлээд түр зуур Бүрэнтогтох сумын төв ортол модоо тээвэрлээрэй гэж хэлсэн. Тэгээд мод бэлтгэх эрхийн бичгийн булан дээр Гарал үүслийн гэрчилгээ дууссан тул мод бэлтгэх эрхийн бичигтэй тээвэрлүүлэв гэж бичсэн ... гэх мэдүүлэг[2], нэхэмжлэгч Б.Б****************  ын байгаль хамгаалагч Д.Г****************-с  гарал үүслийн гэрчилгээ олгохыг шаардахад тэрээр гарал үүслийн гэрчилгээ дуусчихсан гэж хэлээд мод бэлтгэх эрхийн бичгийн булан дээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлүүлэв гэж бичиж өгөөд одоо болсон, модоо тээвэрлээд яв гэж хэлсэн гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.

Гэвч тухайн үед Бүрэнтогтох сумын байгаль хамгаалагч Д.Г****************-ын гар дээрх Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ дуусаагүй, 14 ширхэг гарал үүслийн гэрчилгээний үлдэгдэлтэй байсан болох гэрч М.Болормаагийн Бүрэнтогтох сумын байгаль хамгаалагч Д.Г**************** нь 2016 оны 07 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд 2016 оны хагас жилийн тайлангаа өгөхөөр аймгийн Байгаль орчин, аялал, жуулчлалын газар дээр ирсэн байсан. Тайлангийн үлдэгдлээр 14 ширхэг гарал үүслийн гэрчилгээ байгаль хамгаалагч Д.Г**************** байсан гэх мэдүүлгээр[3] тогтоогдож байна.

Ойн тухай хуулийн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д ... аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, 34 дүгээр зүйлийн 34.4-д Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно гэж тус тус заасан байна.

Мөн Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д ... эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгох журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж заасан бөгөөд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А-153 дугаар тушаалаар Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам-ыг баталжээ.

Нэхэмжлэгч Б.Б****************  ын байгаль хамгаалагч Д.Г**************** эрх бүхий албан тушаалтны цохолт байхад гарал үүслийн бичиггүй тээвэрлэж болно гэсний дагуу модоо тээвэрлээд явсан. Би байгаль хамгаалагч буюу хууль хэрэгжүүлдэг, хяналт тавьдаг эрх бүхий албан тушаалтан нь цохолт хийж гарын үсэг зураад одоо тээвэрлээд яв гэж зөвшөөрөхөөс өөр ямар шийдвэрт итгэх ёстой байснаа ч ойлгохгүй байна гэж тайлбарлаж байгааг зөвтгөх үндэслэлгүй байна.

Учир нь аливаа иргэн ойгоос зохих журмын дагуу бэлтгэсэн модоо өөр, аймаг сум руу тээвэрлэхдээ Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.4, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-153 дугаар тушаалын 6.4-д Тухайн модыг хэрэглэгч хүртэл тээвэрлэхэд гарал үүслийн гэрчилгээ дагалдах бөгөөд ачсан модтой хамт байхад хүчинтэй гэж заасны дагуу Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээтэйгээр тээвэрлэх үүрэгтэй.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлд 1.Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ:

1)Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх гэж,

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгчийн хууль тогтоомж мэдэхгүй байсныг болон гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн үйлдлийг зөвтгөх боломжгүй байна.

Харин нэхэмжлэгч Б.Б****************   нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-153 дугаар тушаалаар батлагдсан Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам-ын 6.2-т Гарал үүслийн гэрчилгээний олголтод ... аймаг, нийслэлийн Байгаль орчны газар, байгаль орчны хяналтын улсын байцаагч хяналт тавина гэж заасны дагуу байгаль хамгаалагч Д.Г****************-ын Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйн талаар сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч болон аймгийн байгаль орчны газарт гомдол гаргаж болох байтал ийнхүү гомдол гаргаагүй байна.

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газрын дарга П.Ганболд 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 23-4-332/06 тоот Хяналт шалгалтын удирдамжийг баталсны дагуу тус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.У****************   төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, Мөрөн сумын 13 дугаар багийн иргэн Б.Б****************  ын 10 м3 хэрэглээний модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлж, 10 м3 хэрэглээний модыг хурааж, түүнийг 960 000 төгрөгөөр торгосон нь хууль зөрчөөгүй байна.

Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т ... байгаль орчны хяналтын улсын байцаагч ... ойн тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна, 47.2.4-т ... гарал үүслийн гэрчилгээгүйгээр гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг тээвэрлэсэн ... бол хууль бусаар ... тээвэрлэсэн зүйл, олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний ... төгрөгөөр торгох гэж заасан байх тул байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.У****************   нэхэмжлэгч Б.Б****************  ын 10 м3 хэрэглээний модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж явсан модыг хурааж, түүнд 960 000 төгрөгийн торгууль ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9-д Мэргэжлийн хяналтын улсын байцаагч дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 10.9.1-д хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих, 10.9.8-д хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг таслан зогсоох ..., 10.9.12-д хуульд заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулах гэж зааснаас үзвэл хариуцагч Бүрэнтогтох сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч нь хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд тогтоомжид нийцүүлэн шийдвэр гаргажээ.

Хариуцагч байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.У****************   шүүхэд гаргасан тайлбартаа байгаль хамгаалагч Д.Ганбатыг гуравдагч этгээдээр татан шалгаж 0241054, 0241055 дугаартай мод бэлтгэлийн эрхийн бичигт цохолт хийж хууль зөрчсөн асуудлыг тогтоон шийдвэрлэж өгнө үү гэсэн байх боловч нэхэмжлэлийн шаардлагын улмаас байгаль хамгаалагч Д.Г****************-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй тул түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.

Мөн Д.Г****************-ын 0241054, 0241055 дугаартай мод бэлтгэлийн эрхийн бичигт цохолт хийж хууль зөрчсөн эсэх асуудал нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, цаашид Д.Г****************-ын дээрх үйлдэл нь аливаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл тухайн этгээд энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байх тул шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Хариуцагч Б.У****************   шүүхэд гаргасан тайлбартаа зөрчил гаргасан этгээд Б.Б****************  оор торгуулийн арга хэмжээ болох 960.0 мянган төгрөгийг сумын орон нутгийн орлогод оруулж өгөхийг хүсье гэсэн байх боловч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д зааснаар улсын байцаагч нь хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, ...биелэлтийг хангуулах бүрэн эрхийг хэрэгжүүлдгийн хувьд акт, шийтгэврийнхээ биелэлтийг хариуцна гэдгийг дурдъя.

Нэхэмжлэгч Б.Б****************   шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 1 440 000 төгрөгийн хохирол гаргуулж, улсын байцаагчийн 23.04.332/06 тоот акт, 0089800 дугаартай шийтгэврийг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн боловч дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчБ.Б****************  ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.4, 47 дугаар зүйлийн 47.2.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б****************  ын "Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 23-04-332/06 тоот Улсын орлого болгох тухай акт, 0089800 дугаартай 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 960 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шийтгэвэр зэргийг хүчингүй болгуулж, 1 440 000 төгрөгийн хохирол гаргуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ