Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/343

 

           

 

 

    2023             03         30                                        2023/ДШМ/343

Л.Ст холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтмагнай,

шүүгдэгч Л.С, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/100 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Л.Ст холбогдох 2209021161682 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

****** овгийн Л.С, 19** оны * дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, * дугаар хэсэг, ** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:************/;

Л.С нь 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 11 дүгээр байрны 12 тоотод иргэн М.Агийн биед нь халдаж, эрүүл мэндэд нь эрүүний зүүн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, хоёр бугалга, шуу, гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Л.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.Сыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ст оногдуулсан торгох ялыг хуульд зааснаар 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж, тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шинжээчийн дүгнэлтэд хохирогч М.Агийн биед 5 ил харагдах зулгаралт, хөхрөлт бий болсон байх ба дүгнэлтэд дурдагдсан зүүн эрүүний зулгаралт, хөхрөлт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэжээ. Хууль сануулж авсан хохирогч М.Агийн “Өмнөх өдөр нь сагс тоглож байсан, үүнээс болсон” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэг дээр “...сагс тоглож байхдаа авсан гэмтэл байх...”, “Л.С намайг санаатай зодоогүй, ...гомдол саналгүй” гэх мэдүүлгүүд нь шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан дээрх хөнгөн гэмтлийг Л.С хохирогчид учруулсан гэж үзэхэд эргэлзээ бүхий байдал бий болгож байна.

Хууль сануулснаар мэдүүлэг өгч байгаа хохирогч өөрт учирсан гэмтэл хаанаас авсан талаар эх сурвалжаа тодорхой зааж байгаа мэдүүлэг нь нотолгооны ач холбогдлын хувьд шинжээчийн мэдүүлгээс хэргийн бодит байдлыг тогтооход илүү ач холбогдолтой юм. Хохирогчийн бугалга, духанд учирсан зулгаралт, хөхрөлтийг шүүгдэгчийн зүгээс нэг удаагийн үйлдлээр учруулсан байх боломжгүй, эргэлзээтэй нөхцөл байдал болох нь тодорхой байна. Энэ байдлыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүрэн дүүрэн бодитой тогтоогоогүй ба дээрх эргэлзээ бүхий байдал нь шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байсныг дурдаж байна. Иймд давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж миний үйлчлүүлэгч Л.Ст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Л.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөрдөн байцаалтын явцад М.А нь тухайн хэрэг маргаан болсон өдрийн өмнөх өдөр “найзуудтайгаа сагс тоглосон” гэдгээ надад хэлсэн. Прокурорт өмнөх өдөр нь сагс тоглоод гэмтэл авсныг холбогдогч нараас мэдүүлэг аваад шалгаад өгнө үү гэж удаа дараа хүсэлт тавьсан боловч хэлэлцэж авч үзээгүй. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгчид “өмнөх өдөр нь найзуудтайгаа сагс тоглоод биеийн олон хэсэгт яг адилхан гэмтэл учирсан байна” гэж М.А болон миний бие мэдүүлсэн. Нэг удаагийн санаандгүй үйлдлээр тийм үйлдэл болсон. Тэрнээс бусад өөр газарт нь ямар нэгэн байдлаар гэмтэл учруулахаар санаатай үйлдэл огт хийгээгүй байдаг. Тэр өдөр бид 2 хэрэлдээд, би цохисон үйлдэл байхгүй. Бид 2 хэрэлдэж, маргалдаад “утаснаасаа чатаа харуулчих гээд утсыг нь авах гээд гар сарваахад М.А өндийж таараад нэг удаагийн тийм зүйл” болсон. Тэрнээс бид хоёрын хооронд зодоон болоогүй. Анхан шатны шүүх хуралдааны үед ч эргэлзээ бүхий нөхцөл байдлын талаар мөн ярьж байсан. М.Агийн биед яг адилхан хөл, гар, бугуй, дух, хацар гээд олон газар гэмтэл учирсан байхад яагаад бусад хэсгүүдэд учирсан гэмтэл хэзээ, хаана, юунаас болоод бий болсныг нэг ч удаа асууж тодруулсан, эсхүл гэрчээс мэдүүлэг аваагүй атлаа яагаад нэг удаагийн үйлдэл дээрээс гэмтлийг намайг учруулсан гэж үзэж байгаа юм бэ. Цаг хугацааны хувьд бие дээрх гэмтэл нь өмнөх өдөр учирсан байхад тэр өдрийн үйл явдлын хоорондох цаг хугацааны хувьд маш ойрхон буюу хэзээ, хаана, аль гэмтэл нь бий болсон нь эргэлзээ бүхий нөхцөл байдалтай байна. Тэгэхээр нэг удаагийн санаандгүй үйлдлээс болоод тухайн хөнгөн гэмтэл учирсан юм уу, эсхүл хавсраад учирсан юм уу, аль эсхүл өмнөх өдөр нь учирсан гэмтэл нь тэр өдрийн үйлдэлтэй давхацсан үйл явдал болсон уу гэдэг дээр эргэлзээ бүхий байна. Тухайн үйлдлээс болж М.Агийн биед хөнгөн гэмтэл учраагүй гэж үзэж байгаа. Тийм учраас эргэлзээ бүхий нөхцөл байдал байгаа тул сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, намайг гэм буруугүйд тооцож өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Цогтмагнай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Л.С хамтран амьдрагч М.Агийн эрүүл мэндэд санаатайгаар хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Л.С нь 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 11 дүгээр байрны 12 тоотод иргэн М.Агийн биед халдаж, эрүүл мэндэд нь эрүүний зүүн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, хоёр бугалга, шуу, гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч М.Агийн “...Л.С намайг урьд хуурч, араар тавьж байсан талаар хэлээд миний хоолойг гараараа багалзуурдаад миний гар утсыг шалгая гээд гар утсыг булаацалдаж байх хооронд миний зүүн талын шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохьсон. ... Л.С намайг зодож байх хугацаанд хажууд хүн байхгүй байсан. ... Л.С гаднаас орж ирээд өмнө гар утасны чат уншсанаа яриад хэл амаар доромжлоод намайг боогоод ална гээд дайраад байсан. ...” /хх 9, 52/,

шинжээч эмч О.Болороогийн “...М.Агийн биед учирсан эрүүний зүүн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” /хх 17/,

шүүгдэгч Л.Сын “...Би хамтран амьдрагч М.Атай утсанд ирсэн мессежнээс болж ... хэрүүл маргаан болсон. Би бүх хохирлыг төлж барагдуулсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” /хх 78/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 11292 дугаар “...М.Агийн биед эрүүний зүүн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, хоёр бугалга, шуу, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 19/ гэсэн дүгнэлт зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт “...хохирогчийн бугалга, духанд учирсан зулгаралт, хөхрөлтийг шүүгдэгчийн зүгээс нэг удаагийн үйлдлээр учруулсан байх боломжгүй, эргэлзээтэй нөхцөл байдал болох нь тодорхой байна. Иймд давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж миний үйлчлүүлэгч Л.Ст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хохирогч М.А мөрдөн шалгах ажиллагааны үед “...Л.С намайг урьд хуурч, араар тавьж байсан талаар хэлээд миний хоолойг гараараа багалзуурдаад миний гар утсыг шалгая гээд гар утсыг булаацалдаж байх хооронд миний зүүн талын шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохьсон. ...” /хх 9, 52/ гэж мэдүүлсэн боловч анхан шатны шүүх хуралдаанд “... Хоёр удаа мэдүүлэг өгөхдөө Л.Ст их гомдсон байсан. Сэтгэл хөдлөлөөрөө мэдүүлэг өгсөн учир цохисон гэж мэдүүлэг өгсөн. Эргээд бодоход намайг зодно гэж бодож цохисон гэж бодохгүй байна. ... Өмнөх өдөр нь сагс тоглосон эсхүл дараа өдөр нь Л.С гар утас булаацалдаж байгаад цохиж тийм болгосон эсэхийг мэдэхгүй байна. ... Надад санамсаргүйгээр гэмтэл учруулсан. ...” гэсэн мэдүүлэг өгчээ.

Хохирогч М.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг хооронд нь болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулж, шалгасны эцэст түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгийг хэрэгт илүү ач холбогдолтой, хамааралтай гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хохирогч М.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгээ шүүх хуралдаанд өөрчилсөн боловч тухайн мэдүүлэг нь хэд хэдэн утга санааг илэрхийлсэн, бусад нотлох баримттай харьцуулахад хэргийн үйл баримтыг эргэлзээгүй тогтоож чадах хэмжээнд үнэлэх боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй нь хуульд нийцсэн байна.   

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Ст холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэсний эцэст хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгч Л.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Л.Сын хохирогч М.Атай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар гар утас булаацалдах явцад Л.С нь М.Агийн хоолойг боох, зүүн талын шанаа хэсэг рүү гараараа цохих зэргээр хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Сын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/100 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР