Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/01231

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/01231

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

        Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн .................. сумын ...... дүгээр багт оршин суух, О  Э-ийн М (................... ),

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ............ сумын ............ дүгээр багт оршин суух, Ш Ц-ийн Х (.................... ),

Нэхэмжлэлийн шаардлага:  гэрээний бус үүргийн гүйцэтгэлд 2,251,666 (хоёр сая хоёр зуун тавин нэгэн мянга зургаан зуун жаран зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/01172/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Э.М нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан юм. Намайг тус сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сумын тэтгэвэр тогтоогдоогүй нэр бүхий 38 иргэнд тэтгэвэр олгож, тэтгэвэр тогтоогдсон нэр бүхий 24 иргэнд илүү тэтгэврийг олгож, тэдгээрт давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс надад эрүүгийн хариуцлага оногдуулсан. Би тус эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийгмийн даатгалын санд учирсан 42,980,834 төгрөгийг төлсөн ба Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/209 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаарт тэтгэвэр тогтоогдсон нэр бүхий 24 иргэнд илүү олгосон тэтгэврийн зөрүүг тэднээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байдаг.

Иймд 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 1 дүгээр багийн иргэн Ц.Х-д  илүү олгосон тэтгэвэр болох 2,251,666 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг үндэслэн түүнээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Н.У би Ц.Хгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Э.М-ын нэхэмжилсэн 2,251,666 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгч Э.М шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ц.Х нь бид нэхэмжлэлийн шаардлага болох 2,251,666 төгрөгийг 2025.05.01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч Э.Х-д  холбогдуулан 2,251,666 (хоёр сая хоёр зуун тавин нэгэн мянга зургаан зуун жаран зургаа) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У шүүхэд ...2,251,666 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрч байна... гэх тайлбарыг ирүүлсэн ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,977 (тавин мянга есөн зуун далан долоо) төгрөгийн тал хувь болох 25,488 (хорин таван мянга дөрвөн зуун наян найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 25,488 (хорин таван мянга дөрвөн зуун наян найм) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.Х-аас  улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 25,488 (хорин таван мянга дөрвөн зуун наян найм) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Э.М-д  олгохоор тогтов.

Хариуцагч Ц.Х нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч  Э.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Х-д  холбогдох, 2,251,666 (хоёр сая хоёр зуун тавин нэгэн мянга зургаан зуун жаран зургаа) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,251,666 (хоёр сая хоёр зуун тавин нэгэн мянга зургаан зуун жаран зургаа) төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Э.М-д  төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн  зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Э.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,977 (тавин мянга есөн зуун далан долоотөгрөгийн тал хувь болох 25,488 (хорин таван мянга дөрвөн зуун наян найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 25,488 (хорин таван мянга дөрвөн зуун наян найм) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.Хгаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 25,488 (хорин таван мянга дөрвөн зуун наян найм) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Э.М-д   олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц.Х нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

  

 

 

ШҮҮГЧ                                 Г.ДАВААХҮҮ