| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/01297/И |
| Дугаар | 155/ШШ2025/00004 |
| Огноо | 2024-12-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 155/ШШ2025/00004
| 2024 оны 12 сарын 23 өдөр | Дугаар 155/ШШ2025/00004 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ............... дүүрэг, О-1, Х банк цамхагт байрлах, Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн .......... сумын ............. дугаар багийн ............. дугаар гудамжны ............... тоотод оршин суух, Х Б-ын Т ( )-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 12,454,154.36 (арван хоёр сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга нэг зуун тавин дөрвөн төгрөг гучин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХК-ийн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Т нь нэхэмжлэгч Х Банк ХК-тай 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ЗГ/52805665 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 2,000,000 төгрөгийг, жилийн 18,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Мөн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 4,000,000 төгрөгийг, жилийн 18,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 3,000,000 төгрөгийг, жилийн 18,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөгийг, жилийн 18,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1,700,000 төгрөгийг, жилийн 19,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай нийт 13,700,000 төгрөгийн онлайн цалингийн зээл авсан. Дээр дурдсан цалингийн зээлийн гэрээнд зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авсанаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцохоор харилцан тохиролцсон байна. Зээлийн барьцаанд өөрийн ирээдүйд орж ирэх цалингийн орлогоо барьцаалуулсан байна. Зээлдэгч 2024 оны 11 дугаар сарын 15-ны байдлаар үндсэн зээлд 2,848,359.56 төгрөг, зээлийн хүүд 1,122,109.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 603.96 төгрөг нийт 3,971,073.17 төгрөгийг төлсөн байна. Харин үлдэгдэл зээлийн төлбөрийн зээл олголтын эргэн төлөлтийн хуваарийг 236 хоног хугацаа хэтрүүлэн төлөлт хийгээгүй байх бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 10,851,640.44 төгрөг, зээлийн хүү 1,556,843.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,670.34 төгрөг нийт 12,454,154.36 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчиж, дээрх зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Тус үүргийн зөрчилөөс үүдэн талуудын хооронд байгуулагдсан Онлайн цалингийн зээлийн гэрээний 6.1.2-т зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд Банкны санаачлагаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардах урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэхээр байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: А.Б би Б.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон, нэхэмжлэлийн хувийг гардан авч танилцлаа. Б.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох 12,454,154.36 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг зөвшөөрч байгаа болохыг илэрхийлж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк хувьцаат компани нь хариуцагч Б.Т-д холбогдуулан ээлийн гэрээний үүрэгт 12,454,154.36 (арван хоёр сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга нэг зуун тавин дөрвөн төгрөг гучин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нь ... нэхэмжлэлийн шаардлага болох 12,454,154.36 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг зөвшөөрч байгаа болохыг илэрхийлж байна... гэх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба дээрх зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иймээс нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214,217 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Тогтохнямаас 107,108 (нэг зуун долоон мянга нэг зуун найм) төгрөгийг, улсын орлогоос 107,108 (нэг зуун долоон мянга нэг зуун найм) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Т-д холбогдох, ээлийн гэрээний үүрэгт 12,454,154.36 (арван хоёр сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга нэг зуун тавин дөрвөн төгрөг гучин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Т нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох ээлийн гэрээний үүрэгт 12,454,154.36 (арван хоёр сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга нэг зуун тавин дөрвөн төгрөг гучин зургаан мөнгө) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,217 (хоёр зуун арван дөрвөн мянга хоёр зуун арван долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т-аасс 107,108 (нэг зуун долоон мянга нэг зуун найм) төгрөгийг, улсын орлогоос 107,108 (нэг зуун долоон мянга нэг зуун найм) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ