| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/01361/И |
| Дугаар | 155/ШШ2025/00006 |
| Огноо | 2024-12-23 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 155/ШШ2025/00006
| 2024 оны 12 сарын 23 өдөр | Дугаар 155/ШШ2025/00006 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн .......... сумын ...... дүгээр багт оршин суух, О Э-ийн М (............................ ),
Хариуцагч: Хөвсгөл аймгийн .................... сумын ...............дугаар багт оршин суух, З Б-ийн Г (......................... ),
Нэхэмжлэлийн шаардлага: 2,041,666 (хоёр сая дөчин нэгэн мянга зургаан зуун жаран зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/01361/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Э. М нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан юм. Намайг тус сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сумын тэтгэвэр тогтоогдоогүй нэр бүхий 38 иргэнд тэтгэвэр олгож, тэтгэвэр тогтоогдсон нэр бүхий 24 иргэнд илүү тэтгэврийг олгож, тэтгээрт давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс надад эрүүгийн хариуцлага оногдуулсан. Би тус эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийгмийн даатгалын санд учирсан 42,980,834 төгрөгийг төлсөн ба Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний одрийн 2023/ШЦТ/209 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаарт тэтгэвэр тогтоосон нэр бүхий 24 иргэнд илүү олгосон тэтгэврийн зөрүүг тэднээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байдаг.
Иймд 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Ховсгол аймгийн Чандмань-Өндор сумын 5 дугаар багийн иргэн Б. Г-т илүү олгосон тэтгэвэр болох 2,041,666 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг үндэслэн түүнээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Э.М-ын нэхэмжилсэн 2,041,666 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч Э.М шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Б.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,041,666 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч Б.Г-т холбогдуулан 2,041,666 (хоёр сая дөчин нэгэн мянга зургаан зуун жаран зургаа) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б.Г нь шүүхэд ...2,041,666 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг зөвшөөрч байна... гэх тайлбарыг ирүүлсэн ба хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,617 (дөчин долоон мянга зургаан зуун арван долоо) төгрөгийн тал хувь болох 23,808 (хорин гурван мянга найман зуун найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23,808 (хорин гурван мянга найман зуун найм) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Г ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23,808 (хорин гурван мянга найман зуун найм) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Э.М-д олгов.
Хариуцагч Б.Г энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.2-т зааснаар нэхэмжлэгч Э.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Г-т холбогдох, гэрээний бус үүргийн гүйцэтгэлд 2,041,666 (хоёр сая дөчин нэгэн мянга зургаан зуун жаран зургаа) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,041,666 (хоёр сая дөчин нэгэн мянга зургаан зуун жаран зургаа) төгрөгийг нэхэмжлэгч Э.М-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Э.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,617 (дөчин долоон мянга зургаан зуун арван долоо) төгрөгийн тал хувь болох 23,808 (хорин гурван мянга найман зуун найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 23,808 (хорин гурван мянга найман зуун найм) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Г ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23,808 (хорин гурван мянга найман зуун найм) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Э.М-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Г нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ