Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2025/00008

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2025/00008

Хөвсгөл аймаг

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн .............. сумын .............. дугаар багт оршин суух, Х  Д-ийн О нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ................ сумын ........ дугаар багт оршин суух, Б  Д-ын У холбогдох,

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт болон хүүхэддээ ногдох хэсэг буюу 199,026,666 (нэг зуун ерэн есөн сая хорин зургаан мянга зургаан зуун жаран зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Д.О  нь Д.У-тай  1997 онд танилцаж үерхэж байгаад 1999 онд тусдаа гарч, 2006 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Хамтын амьдралын явцад бидний дундаас хүү У.Б  1998 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр, хүү У.Л  нь 2007 оны 6 дугаар сарын 27-ны өдөр тус тус төрсөн. Бид хамтран амьдарч эхлээд зан байдлын хувьд таарч тохирохгүй болж, намайг ямар ч шалтгаангүй, гэрээр орж гарсан эрэгтэй хүн бүртэй хардах болж, үүнээс болж үргэлж хэрэлдэн маргалддаг байсан нь даамжирч Д.У  нь эрүүл согтуу ялгаагүй аль ч үед намайг зодож, бие мах бодид маань халддаг, бүр сүүлдээ өөрөө зодохоос гадна дүүгээрээ хүртэл намайг зодуулах болж, чамайг ална, нугасанд нь хутга шааж ална гэх мэтээр байнга сэтгэл санаагаар минь дарамталдаг болсон. Үүнээс болж би байнга сэтгэл зүйн хүнд дарамтад амьдарч ирсэн. Д.У-тай  амьдралаа холбосон хугацаанд хүний хань биш, айлын зарц шиг л амьдарч ирсэн. Би өдийг хүртэл хоёр хүүгээ бодож Д.У гийн ааш зан, байр байдлыг тэсэж, тэвчиж амьдарч ирсэн. Одоо том хүү маань насанд хүрч, бага хүү маань том болж байгаа учир гэрлэлтээ цуцлуулж, бага хүүтэйгээ амар амгалан амьдармаар байна. Бага хүү минь хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа сувилгаа шаардпагатай хүүхэд байдаг. Нөхөр Д.У  нь эцэг хүний хувьд хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа хүлээдэггүй, хааяа нэг хүүгээ хараад өгөөч гэхээр уурлаж уцаарладаг, хүүтэйгээ үлдсэн үедээ хүүхдээ энд тэндгүй нь цохиод, хүүхдээ айлгачихсан байж байдаг. Хүүхдээ эмчилгээ, сувилгаанд авч явъя гэхээр ...үзүүлж яадаг юм... гээд хорьж цагдаад, уурлаад байдаг учраас одоо эмнэлэгт ч үзүүлж чадахгүй байна. Одоо цаашид Д.У-тай  хамт амьдрахыг хүсэхгүй, түүнээс салмаар байгаа тул гэрлэлтээ цуцлуулж, хүүгээ өөрийн асрамжид авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж авах хүсэлттэй байна. Мөн бидний хамтын амьдралын явцад бий болсон дараах эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулж авна.

Үүнд: Үл хөдлөх эд хөрөнгийн тухайд

-20,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 5 дугаар багт байрлах 1 га газартай, 8x8 харьцаатай, дүнзэн байшин,

-25,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 5x6 харьцаатай, өвлийн дүнзэн байшинтай өвөлжөөний газар,

-25,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 8x6 харьцаатай дүнзэн байшинтай, хаваржааны газар,

-5,000,000 төгрөгийн үнэлгээтэй, 8x5 харьцаатай дүнзэн байшин,

-3,000,000 төгрөгийн үнэлгээтэй, 5x5 харьцаатай дүнзэн байшин,

-75,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Хөвсгөл аймгийн ........... сумын ...... баг, ..... гудамжны ........ тоотод байрлах 94 м.кв талбайтай блокон байшин,

Хөдлөх хөрөнгийн тухайд:

15,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий ...... улсын дугаартай Бонго маркийн машин 1 ширхэг, Мустанг 5 маркийн мотоцикль 1x2,000,000=2,000,000 төгрөг, Буу 1x3,000,000=3,000,000 төгрөг Адуу 9 толгой, Даага 1x700,000=700,000 төгрөг, соёолон 8x1,000,000=8,000,000 төгрөг, нийт 8,700,000 төгрөг,

Үхэр - 35 толгой, тугалтай үнээ 12x1,600,000=19,200,000 төгрөг, бяруу-4x600,000=2,400,000 төгрөг, шүдлэн-11x1,200,000=13,200,000 төгрөг, соёолон 4x1,600,000=6,400,000 төгрөг, шар үхэр 3x2,000,000=6,000,000 төгрөг, сувай үнээ 1x1,300,000 төгрөг, нийт 48,500,000 төгрөг,

Хонь 56 толгойхуц 1x200,000=200,000 төгрөг, хурга 10x70,000=700,000 төгрөг, төлөг 6x130,000=780,000 төгрөг, шүдпэн эр хонь 7x200,000=1,400,000 төгрөг, шүдпэн эм хонь 7x150,000=1,050,000 төгрөг, соёолон эр хонь 5x250,000=1,250,000 төгрөг, соёолон эм хонь 30x180,000=5,400,000 төгрөг, нийт 10,780,000 төгрөг, ямаа - 402 толгойишиг 30x60,000=1,800,000 төгрөг, борлон 58x80,000=4,640,000 төгрөг, эр ямаа 164x180,000=29,520,000 төгрөг, эм ямаа 180x120,000=21,600,000 төгрөг, нийт 57,560,000 төгрөг, малын нийт үнэлгээ 125,540,000 төгрөг, бусад хөрөнгийн нийт үнэлгээ 173,000,000 төгрөг, нийт 298,540,000 төгрөгөөс өөрт болон хүүдээ ногдох хэсэг болох (298,540,000 төгрөгөөс өөрт болон хүүдээ ногдох хэсэг болох (298,940,000/3=99,513,333), 99,513,333 (99,513,333*2=199,026,666) төгрөгийг нөхөр Д.У гаас гаргуулж авна.

Иймд бидний 2006 оны 66 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий гэрлэлтийг цуцлаж, хүү У.Л ыг эх Д.О  миний асрамжид үлдээж, эцэг Д.У гаас хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс Д.О  надад болон хүү У.Л  нарт ногдох хэсэг болох 199,026,666 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.О  шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Миний нөхөр Д.У  нь надаас уучлалт гуйж, үр хүүхдээ бодоод эргээд хамт амьдрах хүсэлт тавьсан. Би нэг удаа түүнд боломж олгож, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.О  нь хариуцагч Д.У д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт болон хүүхэддээ ногдох хэсэг буюу 199,026,666 (нэг зуун ерэн есөн сая хорин зургаан мянга зургаан зуун жаран зургаа) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагчтай эвлэрээд, хамтран амьдарч байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүй татан авч болно гэж заасан.

Хуулийн дээрх заалтаас дүгнэвэл шүүхэд нэхэмжлэл гаргах эсэх, түүнийг дэмжих эсэх, мөн түүнээсээ татгалзах эсэх нь нэхэмжлэгчид хуулиар олгогдсон эрх байна.

Иймд нэхэмжлэгч Д.О ын дээрх хүсэлт нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч Д.О ын нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Д.О ын хариуцагч Д.У д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт болон хүүхэддээ ногдох хэсэг буюу 199,026,666 (нэг зуун ерэн есөн сая хорин зургаан мянга зургаан зуун жаран зургаа) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Г.ДАВААХҮҮ