Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/372

 

 

 

 

 

 

2023                 4            06                                      2023/ДШМ/372                        

 

Ц.Л-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Р.Очирсүрэн,

шүүгдэгч Ц.Л-гийн өмгөөлөгч Т.Балжинням,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Л-гийн өмгөөлөгч Т.Балжиннямын гаргасан давж заалдах гомдлоор Ц.Л-д холбогдох эрүүгийн 2208021971485 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Л-,

 

Шүүгдэгч Ц.Л- нь 2022 оны 06 дугаар сарын 12-ны өглөө 07 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 18 дугаар байрны орчим Н.А-ыг явж байхад нь "утсаар чинь фейсбүүк орчихоод өгье, утасгүй болчихлоо” гэж хуурч, түүний эзэмшлийн “I phone 12 pго mах” загварын гар утсыг өөртөө авч, Н.А-д дэлгүүрээс пиво авч өгөн хамтдаа сандал дээр суух зэргээр төөрөгдөлд оруулан гар утсыг залилан авч 2.550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

мөн өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 18 дугаар байрны гаднах цэцэрлэгт Н.А-ы хамт сууж байгаад, Н.А- нь цэцэрлэгийн хашаанд байсан хүмүүстэй маргалдан цааш явахдаа Ц.Л-д өөрийн савхин куртик, тортой углааш зэргийг түр харж байхыг захиж үлдээгээд явсан хойгуур эд зүйлийг авч яван, бусдын итгэмжлэн хариуцуулсан савхин куртик, тортой углааш зэрэг 499,800 төгрөгийн эд хөрөнгийг бусдад зарж борлуулан завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Л-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Л-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, Л-г “хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л-оос 3.049.800 төгрөгийг гаргуулан хохирогч Н.А-д олгож, шүүгдэгч Ц.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Л-гийн өмгөөлөгч Т.Балжинням гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Ц.Л-гийн хувьд анхнаасаа гэм буруугийн талаар маргадаггүй, хэргийн зүйлчлэлтэй маргах зүйлгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа болно. Мөн тэрээр бусдад учруулсан хохирол болох 3.049.800 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, хохирогч Н.А- нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шатны шүүхэд “...Л-гийн надад учруулсан хохирол болох 3.049.800 төгрөгийг хүлээн авлаа. Би цаашид энэ хүнд гомдолгүй болсон тул оногдуулсан ялыг өөр төрлийн ялаар сольж өгнө үү.” гэсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгснийг гомдолд хавсаргаж өгсөн байгаа. Ц.Л нь 6 настай хүүхэд, төрсөн эх, дөрвөн дүүгийн хамт ам бүл долуулаа амьдардаг бөгөөд ээж, хүүхэд, дүү нартаа түшиг тулгуур болж явдаг айлын том хүүхэд юм. Түүний дээрх хувийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан байна. Иймд түүнд оногдуулсан хорих ялыг өөр төрлийн ялаар солиход татгалзах зүйл байхгүй. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Ц.Л-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Ц.Л- нь 2022 оны 06 дугаар сарын 12-ны өглөө 07 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 18 дугаар байрны орчим хохирогч Н.А-аас “утсаар чинь ганц фейсбүүк орчихоод өгье" гэж гуйн хохирогчийн зөвшөөрлөөр утсыг нь авч ашиглан, түүнд дэлгүүрээс пиво авч өгөн хамтдаа ууж байх үед хохирогч Н.А- нь ойролцоох цэцэрлэгийн хашаанд байсан хүмүүстэй маргалдан цааш явахдаа өөрийн савхин куртик, тортой углааш зэргийг мөн захиж үлдээгээд түр явсан хойгуур бусдын итгэж үлдээсэн эд зүйлс болох гар утас, савхин куртик, тортой углааш зэргийг хууль бусаар авч явж, захиран зарцуулж завшсаны улмаас 3.049.800 төгрөгийн хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Н.А-ы “...үл таних 24-25 орчим насны залуу над дээр ирээд “уучлаарай, утсаар чинь ганц фейсбүүк орчихоод өгье. Би  утасгүй болчихлоо...” гэж хэлсэн. ...Би өөрийн “I phone 12 pro max” загварын гар утсаа тухайн залууд өгч фейсбүүк оруулсан. СU дэлгүүр лүү би түрүүлээд орсон, тэр залуу ард үлдсэн. Би миний гар утсыг аваад явчихсан юм болов уу гэж бодоод буцаад гараад харахад үүдэнд зогсож байсан. ...Тэгээд бид хоёр СU сүлжээ дэлгүүр орсон. Би дэлгүүрээс ундаа авах гэсэн тэр залуу “ундаагаар яахын бэ, тэрний оронд пиво авъя” гэж хэлээд бид хоёр 2 ширхэг Саss пиво авсан. Тухайн пивоны тооцоог тэр залуу бэлэн мөнгөөр хийсэн. Тэгээд бид хоёр байрны ард талын сааданд сууж пивоо ууцгаасан. Тэр залуу миний гар утсаар фейсбүүк орж байсан. ...Пивоо ууж дуусаад дахиж дэлгүүр орох гээд 21 дүгээр байрны ойролцоо явж байхад тэр хавийн 5-6 архичид намайг “нааш ир” гэж дуудсан. ...архичид над руу томроод байхаар нь би гадуураа өмссөн савхин куртик, тортой углаашаа хамт явж байсан залууд өгөөд, надтай маргалдаж байсан архичдыг цааш нь түлхээд явуулсан. Тэгээд буцаад ирэхэд нөгөө залуу явчихсан байсан. ...” /хх 25-26, 109-110/,

Ц.Л-гийн яллагдагчаар өгсөн “...тэр залуу надад савхин куртик, цэнхэр тортой углааш, гар утсаа үлдээгээд, барьж бай гэж хэлээд цаашаа архи уудаг хүмүүстэй маргалдаад, хэрэлдээд байсан. ...Тэр залууг ирэхгүй удаад байхаар нь эд зүйлийг нь аваад явсан. ...Савхин куртик, углаашийг цаашаа явж байгаад Москва хорооллын сааданд сандал дээр тавиад цааш явсан. Харин гар утсыг Хархорин зах дээр 100.000 төгрөгөөр үл таних хүнд зарсан. ...” /хх 47-48, 104-105/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...үл таних залуу хохирогч Н.А-ы урт хар савхийг өмсөж, цэнхэр торонд хийсэн 2 углаашийг сандал дээр тавиад зүүн гартаа хохирогчийн гар утсыг бариад сууж байгааг харуулав. ...сандал дээрээс үл таних залуу хохирогч Н.А-ы эд зүйлсийг аваад явж байгааг харуулав. ...” гэсэн камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 14-17/, алдсан эд зүйлийн үнэлгээ /хх 33/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Ц.Л- ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Л-гийн хохирогч Н.А-ы гар утсыг залилж авсан гэх үйлдлийг залилах гэмт хэргийн шинжийг хангахгүй, харин бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох гар утас, савхин куртик, углааш зэргийг завшсан нэг гэмт хэрэг гэж үзэн үйл баримтыг нэгтгэн тодорхойлж, прокуророос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Ц.Л-гийн өмгөөлөгч Т.Балжинням нь “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.

 

Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, Ц.Л-гийн өмгөөлөгч Т.Балжиннямын “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Ц.Л- нь 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Н.А-ы Хаан банкны 5057709208 тоот дансанд 3.049.000 төгрөг шилжүүлсэн талаарх баримтыг давж заалдах шатны шүүхэд ирүүлснийг, мөн тэрээр 65 хоног цагдан хоригдсоныг тус тус дурдаж, Ц.Л-г нэн даруй суллахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолын тогтох хэсгийн 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...шүүгдэгч Ц.Л-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй. ...” гэсэн,

          “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Ц.Л-д мэдэгдсүгэй. ...” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

 

            4. Шүүгдэгч Ц.Л- нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 65 /жаран тав/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

 

5. Шүүгдэгч Ц.Л- нь хохирогч Н.А-д 3.049.000 /гурван сая дөчин есөн мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                                       Ц.ОЧ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН