Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 454

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг, улсын яллагч Д.Нямсүрэн, шүүгдэгч П.О, А.Э, тэдгээрийн өмгөөлөгч Д.Пүрэвбаатар нарыг оролцуулан тус шүүхийн “В“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуут овогт Пүрэвбаатарын Оюунболд, Бадрах овогт Алтанцогтын Энхцог нарт холбогдох эрүүгийн 201725031135 дугаартай, 186/2017/0477/э индекстэй хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 26-ны  өдөр хүлээн  авч шүүн хэлэлцэв.                     

Шүүгдэгчийнбиеийнбайцаалт:

1. Монгол Улсын иргэн,1988 оны 02 дугаар сарын 04-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнес удирдлагын мэргэжилтэй, ”Астра фарм” ХХК-нд ерөнхий менежер ажилтай, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 25/4-36 тоотод оршин суух бүртгэлтэй, Алаг адуут  овогт Пүрэвбаатарын Оюунболд /РД:ХЕ88020476/.

2. Монгол Улсын иргэн 1984 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хувцасны дизайнер мэргэжилтэй, ”Ти Экс Эл” ХХК-нд менежер ажилтай, ам бүл 4, эх, дүү, эгч нарын хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тойруу 34-9 тоотод оршин суух бүртгэлтэй,  Бадрах овогт Алтанцогын Энхцог /РД:ХМ84100215/.

Холбогдсон хэргийн талаар:

П.О, А.Э нар бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө 00 цагийн орчим  Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо “Центр пойнт” төвийн зүүн талд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж З.Цолмон, О.Төгөлдөр нарыг хүч хэрэглэн зодож З.Цолмонгийн биед тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор хананы зөрүүтэй хугарал, этмойд хөндийн шингэн хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун хөмсөгт шарх, баруун хацар, дух, хүзүү, нуруунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, О.Төгөлдөрийн биед баруун гарын шуу, ясны битүү хугарал, гарын хуруунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас  мэдүүлсэн  мэдүүлэг:

     1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт П.Оюунболд мэдүүлэхдээ:..2017 оны 05 дугаар сарын 21-ний орой Энхцог бид хоёр уулзаж пабад сууж байгаад 00 цагийн үед пабнаас гарсан. Тэгээд байрлуугаа орох гээд явж байтал хоёр залуу хоорондоо чанга дуугаар ярилцаад инээлдээд байсан. Энхцог тэр хоёртой үг сольж байгаад дараа нь гар зөрүүлсэн. Энхцог Цолмонгийн цээжрүү нь хэд цохисон. Би Төгөлдөртэй хамт хараад зогсож байсан. Төгөлдөрийг ухасхийхэд нь би зүүн гараас нь татаж хойшлуулсан. Тэгээд Төгөлдөр цагдаа дуудсан. Энхцог бид хоёр зугтсан. Маргааш нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст очиж мэдүүлэг өгсөн гэв.

     1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт А.Энхцог мэдүүлэхдээ:..Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

Хоёр: Шүүгдэгч нар мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч З.Цолмонгийн:....тэр өдөр буюу 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 22 цаг 30 минутын үед би найз Төгөлдөрийн хамт гэрийнхээ хажуу талын Рояал Плаш нэртэй пабад орж суусан. Тэнд бид хоёр 0,5 граммын шилтэй архи авч хоорондоо юм ярьж суунгаа архи ууж дуусгаад 00 цаг 30 минутын орчим уг пабаас гарсан юм. Пабаас гараад бид хоёр тамхи авах гээд Центр Пойнт төвийн зүүн урд байдаг улаан өнгөтэй түцнээс тамхи авах гээд очсон юм. Бид хоёрыг ирэх үед тэр түц хаалттай байсан болохоор ард талд нь зогсож байтал одоо нэрийг мэдэх болсон Энхцог, Оюунболд нар түцний урдуур явж байснаа Төгөлдөр бид хоёрыг харангуутаа буцаад хүрээд ирсэн. Бид хоёр дээр ирсэнээ та хоёр яахаараа ингээд байгаа юм бэ, 40 мянгатад бид хоёрлуу хүн инээдэггүй юм, та хоёр өдөөд байна уу гэхээр нь Төгөлдөр бид хоёрыг зодох гэж байна гэж бодоод, та хоёртой ярих юм байхгүй гээд түцний урд талын явган хүний зам дээр гэрэлтэй газар гарсан. Тэгсэн чинь А.Энхцог нь шууд над дээр ирсэнээ яасан овоо бацаан бэ алнаа чамайг гээд миний нүүрлүү баруун гараараа шууд цохих үед би аргашаа саваад унасан. Тухайн үед би гар утсаа гартаа барьчихсан байсан, цохиулаад газар уначихаад босоод ирэхэд миний гар утас байхгүй болчихсон байсан, би цохиулах үедээ гартаа байсан утсаа унагаачихсан юм шиг байсан, намайг цохиод би газар унах үедээ Энхцог миний гар утсыг аваад кармандаа хийж байхыг нь харсан юм. Босож ирээд яаж байнаа гэсэн чинь одоо нэрийг нь мэдэх болсон Оюунболд нь миний хоолойноос шууд багалзуурдсан. Тэгсэн чинь хажуу талаас Энхцог хөдөлвөл ална шүү гээд дахиад миний нүүрлүү гараараа цохьсон чинь би дахиад арагшаа саваад унасан, газар уначихаад дахиад босож ирээд болиоч яаж байгаа юм бэ гэхэд Оюунболд нүүрлүү гараараа цохьсон, тэгсэн чинь цаанаас нь манай найз Төгөлдөр ирээд болиочээ та нар яаж байнаа гэсэн чинь Энхцог Оюунболд хоёрын нэг нь гарыг нь мушигаад газар унагааж байгаа харагдсан, яг хэн нь тэгэж гарыг нь мушгиж унагаасан гэдгийг хараагүй. Төгөлдөрийг газар уначихаад босоод ирэх үед дахиад тэр хоёр ээлжлээд цохиод байгаа харагдсан. Хэн нь яг Төгөлдөрийн хаана нь юугаар яаж байгаа нь харагдаагүй. Тэгээд бужигнаж байгаад би Энхцогоос чи миний утсыг авчихлаа утсаа авъя, би чамайг авсныг харсан гээд Төгөлдөрийн утаснаас өөрийнхөө дугаарлуу залгасан чинь Энхцогын карманд миний утас дуугарсан. Тэгсэн чинь Энхцог өгөхгүй хөдөлвөл ална шүү гээд дахиад миний нүүрлүү гараараа цохиод унагаасан юм. Тэгсэнээ Энхцог Оюунболд хоёр такси барих гээд төв замруу гарахаар нь би араас нь очоод дахиад гар утсаа авъя гэсэн чинь хуцаад бай зайл гээд Энхцог нь дахиад миний нүүрлүү гараараа цохьчихоод такси барих гэж байснаа болиод буцаад ТҮЦ-ны урд очоод зогссон. Тэгэхээр нь би утсаа авч байж явуулах гээд дахиж араас нь очоод утсаа авъя гэсэн чинь Оюунболд нь намайг заамдаад авсан чинь хажуу талаас нь Энхцог ирсэнээ дахиад миний баруун нүдний дээд хэсэгт цохьсон чинь миний хөмсөг сэтрээд цус гараад эхэлсэн. Тэгэхээр би Төгөлдөрийг цагдаа дуудаарай ахыг дуудаарай гэсэн чинь Оюунболд нь цагдаа дуудуулахгүй гэж байгаа юм шиг Төгөлдөрийг бариад авсан. Тэгэхээр нь Төгөлдөр, Оюунболдын гарнаас зугтаагаад Цэнтр пойнтын тийшээ явж байгаад цагдаа дуудсан байсан. Би тэр хооронд Энхцогыг явуулахгүй утсаа авъя гээд зогсоод байсан юм. Удалгүй Төгөлдөр цагдаа ирж байна гээд гүйгээд ирсэн чинь Энхцог Оюунболд хоёр салаад зугтаасан. Оюунболд нь баруун дөрвөн зам чиглээд явсан харин Энхцог нь урагшаа зам гараад Улаанбаатар их дэлгүүрийг чиглээд явсан Миний гар утас Энхцогт байсан болохоор Төгөлдөр бид хоёр түүгийг дагаад Улаанбаатар их дэлгүүрийн хажууд гүйцэж очоод би гар утсаа авъя гэсэн чинь Энхцог дахиад миний нүүрлүү цохиод би газар унасан. Намайг цохьчихоод цаашаа байран дундуур ороод цугтаахаар нь араас хөөж байгаад дахиад бариад авахад намайг хавсараад газар унагаачихаад дахиж зугатаах үед урдаас нь Төгөлдөр ирж таараад бид хоёр Энхцогыг дараад газар унагаасан. Цагдаа иртэл босгохгүй байж байя гээд дараад байж байтал удалгүй цагдаа болон манай ах зэрэг хүрээд ирсэн. Ингээд цагдаагийн газар авч ирсэн. Цагдаа ирээд юу болсон талаар асуухаар нь энэ миний утсыг дээрэмдчихлээ гээд цагдаагаар өөрийнхөө утасруу залгуулсан чинь Энхцогын карманд дуугарсан. Тэгсэн чинь Энхцогоос цагдаа нар миний гар утсыг авч өгсөн гэсэн мэдүүлэг. /хх 50-51/,

2.2. Мөрдөн шалгах ажилгааны явцад хохирогч О.Төгөлдөрийн....2017 оны 05 сарын 20-ны өдрийн 21 цагийн үед би найз Цолмонгийн хамт Центр Пойнт төвийн ард байрлах Рояал Плаш нэртэй пабад орж суусан. Тэр пабаас бид хоёр 00 цагийн орчим хаахаар нь гарсан. Гадаа гараад түцнээс тамхи авах гээд Голомт банкны зүүн урд байдаг түцэнд очиход хаалттай байсан юм. Тэгэхээр нь бид хоёр түцний ард талд гэртээ харих уу яах вэ гээд яриад зогсож байтал тухайн үед үл таних одоо нэрийг нь мэдэх болсон Энхцог Оюунболд нар түцний урд талаар баруунаас зүүн зүгт явж байсан юм, түцний урдуур явж байснаа буцаад бид хоёр дээр ирээд яасан чанга чанга инээгээд байнаа гэхээр нь бид хоёр юун инээх вэ гэсэн чинь Энхцог нь би 40 мянгатын атаман байна миний өмнө хүн ингэж чанга инээдэггүй юм гэсэн. Тэгэхээр нь Цолмон бид хоёр байрлалаа өөрчлөөд улаан өнгөтэй түцний урд талд гэрэлд гараад зогссон. Тэгсэн чинь араас нь Энхцог ирсэнээ Цолмонгийн баруун шанаа хэсэгрүү цохиод авсан чинь Цолмон газар уначихсан. Тухайн үед Цолмон гартаа гар утсаа барьчихсан байсан болохоор утас нь унасан би тэрийг нь харсан. Цолмон газар уначихаар нь би хажуугаас нь очих гэхэд Цолмон босож ирж таараад Энхцог дахиад хажуу талаас нь Цолмонгийн нүүрлүү цохиод авсан чинь дахиад л арагшаа унаж байсан. Тэгэхээр нь би хажуу талаас нь очоод болиочээ яагаад байгаа юм бэ гэхэд Энхцог нь баруун гарнаас гараараа барьж авсанаа мушгиж байгаад дарсан чинь миний баруун гар бугуй хэсгээрээ эвгүй болоод яс нь хугарч байгаа чимээ гарсан. Тэгсэн чинь Энхцог толгойны ар хэсэгт нөгөө гараараа цохиод газар унагаасан. Би газар уначихаад босоод ирсэн чинь Оюунболд нь над дээр хүрч ирсэнээ миний нүүрлүү гараараа нэг удаа цохиод авсан. Тэр үед Энхцог нь манай найз Цолмон дээр очоод дахиад толгой хэсэгрүү нь цохиж байгаа харагдсан. Тэгээд хоорондоо сунжирсан байдалтай зууралцаж байтал Цолмон Энхцогоос утсаа авъя гээд байсан. Тэгсэн чинь Энхцог нь та хоёр одоо зайлаарай ална шүү гээд дайраад байсан. Тэгсэнээ Оюунболд Энхцог хоёр такси барих гээд төв замруу ойртохоор нь наанаас нь бид хоёр очоод Цолмон утсаа авъя чи бид хоёрыг зөндөө зодлоо шүү дээ утсаа авчихаад явлаа гэсэн чинь тэр хоёр буцаад түцний хажууд ирсэн. Би тэр үед Цолмонгийн гар утасруу залгасан чинь Энхцогийн өмдний карманд Цолмонгийн гар утас дуугарсан.Тэгсэн Цолмон утсаа авъя дуугараад байна шүү дээ гэсэн чинь юу гээд байгаа юм бэ гээд Цоомоог заамдаж авсанаа дахиад цохиод авах шиг болсон. Тэгтэл Цолмон Төгөлдөрөө цагдаа дуудаарай ахыг дуудаарай гэхээр нь би Оюунболдын гарнаас мултарч зугтаж байгаад цагдаад дуудлага өгчхөөд Цолмонгийн ахруу бас яриад буцаж ирээд цагдаа дуудчихлаа гэсэн чинь тэр хоёр зугтаачихсан. Оюунболдыг хаашаа зугтсан гэдгийг хараагүй Энхцог нь урагшаа зам гараад Улаанбаатар их дэлгүүрийн тийшээ явсан. Би араас нь зам гарахад Энхцог Улаанбаатар их дэлгүүрийн урд хэсэгт Цолмон ард хэсэгт нь явж байгаа харагдсан би тухайн үед тэр хоёрын ард нь явж байсан. Тэгээд Улаанбаатар дэлгүүрийн яг урд хэсэгт байхад Энхцог Цолмонг дахиж цохиж унагаачихаад цаашаа яваад өгсөн. Тэгээд Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талын арктай байран дунд тэр залууг Цолмон бид хоёр аваад газар унагааж байгаад цагдаа ирэхийг хүлээсэн. Удалгүй цагдаа болон Цолмонгийн ах ирж таарсан гэсэн мэдүүлэг  /хх 53-54/,

 2.3. Мөрдөн шалгах ажилгааны явцад гэрч Д.Пүрэвбаатарын:....Оюунболд нь манай бага хүүхэд бөгөөд бага насандаа сургууль цэцэрлэгээр хүмүүжээд Хятад болон Сингапур улсад суралцаад ирсэн. Одоо ээжийнхээ компанид менежер хийж байгаа бөгөөд найзуудтайгаа хамтран Жи Си Ай ХХК-нд залуучуудын компанид зөвөлгөө өгч ажилладаг, гэмт хэрэгт хамтран оролцсон гээд байгаа Энхцогтойгоо багийн найзууд бөгөөд байнга хамт явдаг юм. Ер нь бол их сахилга бат сайтай хүүхэд байгаа юм. Гэхдээ хүн зодсон асуудал нь их муу л байна,  гэр бүлийн хүмүүжлийн хувьд маш сайн. Зан байдлынхаа хувьд их хөгжилтэй тусархуу биеэ даасан өөрийгөө хариуцаад явдаг хүүхэд байгаа юм. Тусдаа амьдардаг учраас бид дээр архи уугаад ирж байгаагүй. Ийм хэрэгт холбогдсонд харамсаж байна. Тиймээс учруулсан хохирлыг барагдуулахын тулд эцэг эхийн зүгээс нөхөн төлөхөд туслалцаа үзүүлж байгаа. Тиймээс учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулна гэсэн мэдүүлэг  /хх-55/,

2.4. Мөрдөн шалгах ажилгааны явцад гэрч Б.Сэргэлэнгийн:..Энхцог нь манай хадам ах , би 2014 онд эхнэр Болорчимэгтэй гэр бүл болсноос хойш Энхцог ахыг таньдаг болсон. Энхцог ах  хувь хүний хувьд маш шудрага, хүнд их тусархаг, ямар нэгэн муу зуршилгүй, хүнтэй харьцах харьцаа сайтай, төлөв томоотой хүн байгаа юм. Миний мэдэхээр намайг хүргэн болж ирсэнээс хойш хүнд уурлаад хүнтэй маргаж удаа байхгүй,  ер нь бол хажуугаас нь хараад байхад ямар ч асуудлыг эв зүйгээр шийдвэрлэчихдэг хүн шиг санагдсан. Мөн хүүхдэд их хайртай хүн байгаа юм гэсэн мэдүүлэг. /хх-56/,

2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Алтанцогийн:..Энхцог нь эцэг, эхээс дөрвүүлээ, Энхцог ах айлын хоёр дахь хүүхэд, 1984 оны 10 дугаар сарын     03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, бага насаа нийслэлийн 184 дүгээр цэцэрлэгт хүмүүжээд Нийслэлийн 72 дугаар дунд сургуулийг 1990 онд төгссөн. дүрслэх урлагийн коллежид сураад 1993 онд уран зураачаар төгссөн. Суралцах хугацаандаа 2-3 удаа бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн гаргаад олон удаа шагнуулж байсан. Тэгээд 2009-2013 онд Сити их сургуульд дизайнерийн ангид суралцаад төгссөн. Дээд боловсролтой хүн байгаа юм. Зан байдлын хувьд хүүхдэд их хайртай, их ээлтэй, цайлган цагаан сэтгэлтэй, төлөв томоотой хүн байгаа юм. гар урлалын зүйл их хийдэг байсан. Сити их сургуульд сурч байхдаа Чингисийн хоёр баатарын хувцсыг өөрөө бие даан хийж байсан гарын ур дүй ихтэй хүн байгаа юм. Хүний ая эвийг олоод явдаг, их зөөлөн хүн байгаа юм. Би ахыгаа анх удаа л хүнтэй маргалдсан гэдгийг сонслоо. Тэрнээс өмнө хүнтэй зодолдлоо, маргалдлаа гэж байгаагүй. Ер нь бол нэг их архи, дарс уугаад байдаггүй, их зөөлөн, цагаан цайлган илүү дутуу зангүй хүн байгаа юм. Миний хувьд архи уусан согтуу явж байгааг нь харж байгаагүй гэсэн мэдүүлэг. /хх-н 57/,

2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Батбаярын:...Би 2009 оноос хойш Оюунболдтой гэр бүлийн найзууд болоод найман жил болж байна. Оюунболд нь эцэг эхээс хоёулаа бөгөөд айлын бага хүүхэд нь байгаа юм. Найман жилийн хугацаанд найзалж нөхөрлөхөд янз бүрийн ааш зан гараад хэрэгт холбогдоод явж байсан удаа байхгүй. Ер нь ямар нэгэн асуудал болоход намбайгаад сууж байгаад асуудлыг шийдчихдэг юм. Хамтран ажиллахад түшигтэй, гадаад, дотоодод сурч байсан болохоор маш их соёлтой залуу байгаа юм. Найз нөхөд дундаа нэр хүндтэй, ажилч, төлөв даруу залуу байгаа юм. Ер нь бол маш тайван хүн учраас хүнтэй зодоон хийгээд явах хүн бол биш байгаа юм. Хүнтэй яриа нийлээд явдаг, их нөхөрсөг, мэдлэг боловсролтой л залуу байгаа юм. Энэ хэрэг нь нөгөө хүмүүсээс болж гарсан гэж бодож байна гэсэн мэдүүлэг. /хх-58/.

2.7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 6721 дугаар актын: 

1. О.Төгөлдөрийн биед баруун гарын шуу ясны битүү хугарал, гарын хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шинжээч эмч  Ч.Эрдэмболор гэсэн дүгнэлт /хх-60/,

2.8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 6720 дугаар актын:

1. З.Цолмонгийн биед тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор хананы зөрүүтэй хугарал, этмойд хөндийн шингэн хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт,  баруун хөмсөгт шарх, баруун хацар, дух, хүзүү, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шинжээч эмч Ө.Сарангэрэл гэсэн дүгнэлт  /хх-62/,

2.9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн 6836 дугаар актын:

1. А.Энхцогийн биед баруун нүдний дээд зовхи, зүүн гарын 4-5 дугаар хуруу, баруун ташаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, баруун тохой, сарвуу, зүүн бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Г.Энхбаатар гэсэн дүгнэлт  /хх-64/,

2.10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн 6804 дугаар актын:

1. П.Оюунболдын биед гэмтэл тогтоогдсонгүй. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэсэн дүгнэлт  /хх-66/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Хэргийн газарт  үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /хх 13-14/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 16-24/, П.О, А.Э нарын сэжигтнээр тооцсон тогтоол, яллагдагчаар татсан тогтоол тэмдэглэлүүд /хх 74-83/, иргэний үнэмлэхний лавлагаанууд, оршин суугаа  хорооны  засаг  даргын тодорхойлолтууд, П.О, А.Э нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас              /хх 89-131/ зэрэг  хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.                   

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны  явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын  шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтуудыг тогтоов.

Шүүгдэгч П.О, А.Э нар бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө 00 цагийн орчим  Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо “Центр пойнт” төвийн зүүн талд З.Цолмон, О.Төгөлдөр нарыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож З.Цолмонгийн биед тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор хананы зөрүүтэй хугарал, этмойд хөндийн шингэн хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун хөмсөгт шарх, баруун хацар, дух, хүзүү, нуруунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, О.Төгөлдөрийн биед баруун гарын шуу, ясны битүү хугарал, гарын хуруунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч З.Цолмон, О.Төгөлдөрийн нарын мэдүүлэг, шүүхийн  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн 6720, 6721 дугаартай дүгнэлтүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл  фото  зургууд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, фото  зургууд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны  явцад цуглуулж , бэхжүүлсэн бичгийн  бусад  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч  П.О, А.Э нарт холбогдуулан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, нийтийн  хэв  журмын  бүлэглэн зөрчсөн гэж  яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  шүүх  үндэслэлгүй байна гэж  үзлээ.

Учир нь: Шүүгдэгч П.О, А.Э нар нь бүлэглэн З.Цолмон, О.Төгөлдөр нарыг  зодож  З.Цолмонгийн  эрүүл мэндэд хөнгөн хохирол, О.Төгөлдөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан үйлдэл  тогтоогдож байгаа боловч тэд ямар нэг шалтгаангүйгээр уг үйлдлийг хйисэн болох хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Өөр өөр хэлбэл шүүгдэгч нар ямар санаа зорилго, сэдэлттэйгээр бусдыг зодсон болох нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч П.О, А.Э нарын  дээрх  үйлдэл нь олон нийтийн амгалан  тайван байдлыг  алдагдуулахад чиглэсэн бус  харин хохирогч З.Цолмон, О.Төгөлдөр нарлуу чиглэж  тэдгээрийн хувийн  таарамжгүй харьцаанаас  дээрх гэмт хэрэг гарчээ.

            Иймд прокуророос П.О, А.Э нарт холбогдуулан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн  20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлснийг Эрүүгийн  хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан “гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,  харин прокуророос шүүгдэгч П.О, А.Э  нарт холбогдуулан Эрүүгийн  хуулийн  тусгай ангийн  11.4 дүгээр зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн нь хэргийн  зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүгдэгч нарыг  хүний эрүүл мэндэд бүлэглэн хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй  байна гэж  шүүх  дүгнэлээ.

Хохирогч З.Цолмон, О.Төгөлдөр нар шүүгдэгч нарт ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад  хавтаст хэргийн материалтай танилцахдаа бичиж өгсөн байх тул  шүүгдэгч нарыг  бусдад учруулсан хохирлыг  нөхөн төлсөн хор уршгийг  арилгасан  байна гэж шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг  болон  шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан  хохирлыг төлсөнийг  ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон тэдгээрт оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй  байна.

Монгол УлсынЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                                          

                                                                                                            ТОГТООХ нь:

1. Прокуророос шүүгдэгч Алаг адуут  овогт Пүрэвбаатарын Оюунболд, Бадрах овогт Алтанцогын Энхцог нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг  гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч П.О, А.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  санаатай  учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч П.О, А.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу тус бүр 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч П.О, А.Э  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар тус бүр  1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.8 дугаар  зүйлийн 2 дугаар хэсгийн 2.1-д зааснаар П.О, А.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд буюу хөнгөн ялыг хүндэд нь багтааж  нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О, А.Э нарт оногдуулсан 1  /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч П.О, А.Э нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай, гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.

8. Шүүгдэгч П.О, А.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

 

            9.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О, А.Э нарыг тэнсэн хугацаанд хяналт тавихыг  түүний оршн суугаа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

            10. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.О, А.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

11.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.БАТЖАРГАЛ