Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/373

 

 

 

 

 

2023                 4            06                                      2023/ДШМ/373                        

 

П.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Сайнхүү,

хохирогч Н.Д-гийн өмгөөлөгч Н.Лхагвадулам,

хохирогч Х.А-ы өмгөөлөгч Б.Цэнгүүн,

яллагдагч П.Г-ийн өмгөөлөгч Ж.Гантулга,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЗ/484 дүгээр захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Сайнхүүгийн бичсэн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр эсэргүүцлээр П.Г-т холбогдох эрүүгийн 2106030820030 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Г-,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 570 дугаар магадлалаар уг хорих ялыг 20.000.000 төгрөгийн торгох ял болгон өөрчилсөн;

 

П.Г- нь:

1. 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвд хохирогч М.Г-ын эзэмшлийн ****улсын дугаартай “Nissan patrol Y-62” загварын тээврийн хэрэгслийг зарна гэсэн зарын дагуу холбогдож, улмаар өөрийгөө “Сант фасад” ХХК-ийн захирал гэж танилцуулан “Ай Ди Си Проперти” ХХК-иас бартераар авах байрыг оролцуулна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, ****улсын дугаартай “Nissan patrol Y-62” загварын тээврийн хэрэгслийг худалдан авах гэрээ байгуулан шилжүүлэн авч, хохирогчид 149.490.858 төгрөгийн хохирол учруулж залилсан,

2. 2020 оны 7 дугаар сард Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 91/4 дүгээр байранд 54 м2 талбай бүхий 2 өрөө байрыг В.П-д өгнө гэж түүний ****улсын дугаартай “Toyota land cruiser 200” загварын тээврийн хэрэгслийг 120.000.000 төгрөгт бодож, бартер хийхээр тохиролцон В.П-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 114.966.919 төгрөгийн хохирол учруулж залилсан,

3. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Кози” апартмент орон сууцанд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан, бодит байдал дээр биелэгдэх боломжгүй зүйлийг биелэх боломжтой мэтээр итгэл төрүүлж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Ч.Д-гээс 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 08-ны хооронд нийт 66.520.000 төгрөг авч залилсан,

4. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Кози” апартмент орон сууцанд орон сууц худалдах, худалдан авах гэрээг 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр байгуулан бодит байдал дээр биелэгдэх боломжгүй зүйлийг биелэх боломжтой мэтээр итгэл төрүүлж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Д.М-аас 2 ширхэг том ачааны автомашиныг шилжүүлэн авч, 76.218.467 төгрөгийн хохирол учруулж залилсан,

5. 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1000 ширхэг барилгын хар паниар зээлээр худалдан авахаар Д.Б-тэй тохиролцож, “14 хоногийн дотор шилжүүлнэ, хэрэв шилжүүлэхгүй бол 130.000.000 төгрөг болгож өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 130.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 1000 ширхэг барилгын хар паниар авч, 60.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

6. Х.А-д шүүхийн шийдвэрийн дагуу өгөх ёстой байсан байрны оронд “Дондогдулам” хотхонд 3 өрөө байр өгөхөөр харилцан тохиролцож, улмаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Голден хотхонд 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байрны зөрүү мөнгө болох 30.000.000 төгрөгийг авахдаа урьдын харилцааны явцад үүссэн итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар хохирогч Х.А-ыг төөрөгдөлд оруулж, барьцаанд өөр хүний нэр дээрх автомашиныг өгч залилсан,

7. П.О-т автомашиныг чинь бартераар худалдан авч, барилгын материал нийлүүлнэ гэж хуурч, бодит байдал дээр биелэгдэх боломжгүй зүйлийг биелэх боломжтой мэтээр итгэл төрүүлж төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын найз нөхдийн харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгэр хорооны нутаг дэвсгэрт **** УБИ дугаартай “Toyota land cruiser 200” загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч, 80.786.522 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: П.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

1. “Nissan patrol Y-62” загварын тээврийн хэрэгсэл болон “Toyota land cruiser 200” загварын тээврийн хэрэгслүүдийн төлбөрийг хэрхэн яаж гүйцэтгэснийг шалгах шаардлагатай. Тухайн тээврийн хэрэгслүүдийг П.Г-ээс ямар хэлбэрээр худалдаж авч байгаа, бэлэн мөнгөөр худалдаж авч байгаа бол хаанаас, ямар эх үүсвэрээс өгч байгаа, эсхүл эд зүйлээр сольж байгаа юу гэдгийг шалгах нь хэрэгт ач холбогдолтой.

2. 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрөл хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.1 дүгээр зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, үйлдэж олсон байж болох эсхүл хэрэгт ач холбогдолтой хөрөнгийг нуух, устгах, эрх шилжүүлэх үндэслэл бүхий сэжиг байвал хөрөнгийг хязгаарлаж болох талаар заасан байна. Гэтэл уг хэрэгт тээврийн хэрэгсэл нь яаж иргэний нэхэмжлэгч Б.Б-ын эзэмшилд очсоныг шалгаагүй мөртлөө уг эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан арга хэмжээ авсан байгаа нь эзэмшигчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуульд нийцээгүй үйлдэл байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр явуулдаг. Харин уг зөвшөөрөл нь хууль зүйн үндэслэлгүй бол дээд шатны прокурор уг зөвшөөрлийг хүчингүй болгох хууль зүйн зохицуулалттай учир бүрэн хийгдэх ажиллагаа болно.

3. М.Г-, В.Нарантуяа нар нь гэр бүлийн хүмүүс байх хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох тухай шийдвэрийг шүүх, прокурор, мөрдөгч нар гаргана гэж заасан байдаг. В.Нарантуяа нь уг хэрэгт гэрчээр, М.Г- нь хохирогчоор тогтоогджээ. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаанд гэрч хүсэлт гаргадаг, уг хүсэлтийг эрх бүхий албан тушаалтнууд хүлээн авч ажиллагаа явуулсан нь хуульд нийцэхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтас хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хэргийн материалтай дээрх оролцогч нар л танилцах эрхтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн оролцогч нар л хэргийн материал, шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэгтэй танилцах ёстой. Гэтэл хавтас хэрэгт авагдсан материалаар гэрчид хэргийн материал танилцуулжээ. Энэ мэт байдлаар гэрч В.Нарантуяаг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Хууль ёсны байх” зарчмыг зөрчсөн үйлдэл болжээ. Иймд уг ажиллагааг тодруулах нь зүйтэй.

4. Яллагдагч П.Г- нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолоор хохирогч Х.А-д төлөх төлбөртэй байсан ба тэр төлбөрөө төлнө гэж дахин залилсан байгаа нь хохирлын хэмжээг зөв тогтоосон эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Иймд хохирлын хэмжээг зөв тогтоох нь зүйтэй. Өмнөх шийтгэх тогтоолын хувьд шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцогдох уу гэдгийг шалгах ёстой. Хэрэв шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцогдохгүй бол хохирлын хэмжээ нь ямар байх вэ гэдэгт хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт гаргах шаардлагатай.

5. Хохирогч М.Г-ын хохирлын хэмжээг зөв тогтоох ёстой. “Daewoo” загварын ачааны машиныг хохирлын хэмжээнд оруулан тооцох уу, тухайн машин ямар үнэлгээтэй гэдгийг зайлшгүй тогтоох, хөрөнгийн үнэлгээ хийлгэх, оролцогч нараас мэдүүлэг, тайлбар авах шаардлагатай.

6. Хэрэгт хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан “Дамно” ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайлан гаргах тусгай зөвшөөрөлтэй эсэхийг тодруулж, хэрэгт хавсаргах, мөн шинжээчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2, Шүүх Шинжилгээний тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлаж, шинжээч хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд гарын үсэг зуруулах ёстой. Энэ ажиллагааг зөвтгөн хуульд нийцүүлэн хийх.

7. Шинжээч болон хөрөнгийн үнэлгээний тайлан гаргаж байгаа үнэлгээчид дүгнэлт гаргахдаа үнэлж байгаа хөрөнгийг /тээврийн хэрэгслийг/ бодит байдлаар харахгүйгээр шууд дүгнэлт гаргаж байгаа нь учир дутагдалтай. Ашигласан хугацааны элэгдлээс гадна эвдрэл гэмтэлтэй байсан эсэх, ямар сэлбэг нь солигдсон эсэх, үнэлгээг яаж хийсэн аргачлалын талаар шинжээч нараас нарийвчлан тодруулах шаардлагатай.

8. Яллагдагч П.Г- нь өөрөөр ямар орлого олдог, амьдралын хэрэгцээгээ ямар орлогын эх үүсвэрээр хангадаг вэ гэдгийг тодруулах шаардлагатай.

9. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болох аль үйлдэл нь хаана, хэзээ үйлдэгдсэн бэ гэдгийг бодитой тогтоох ёстой. Үйлдэл тус бүр дээр хаана, яаж үйлдэгдсэн гэдгийг нарийвчлан тогтоох нь хэргийн болон шүүхийн харьяаллыг тогтооход ач холбогдолтой. 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1448 дугаар яллах дүгнэлтээс харахад сүүлийн гэмт хэрэг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр үйлдэгджээ. Сүүлд хаана байхдаа үлдэгдэл төлбөрөө шилжүүлсэн болох нь хэрэгт авагдаагүй байна. Иймд дээрх ажиллагаануудыг хийлгүүлэхээр яллагдагч П.Г-т холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагч П.Г-т урьд хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Сайнхүү бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...яллагдагч П.Г- нь хохирогч М.Г-, П.О- нараас автомашинуудыг нь авахдаа залилж буюу хохирогч нарт өгөх эд зүйл нь боломжгүйг мэдсэн мөртлөө байр өгнө, барилгын материал нийлүүлнэ гэж хуурч авснаар уг гэмт хэрэг төгссөн. Гэтэл шүүх П.Г-ээс уг автомашинууд хэрхэн өөр бусдад шилжүүлсэн төлбөрийн эх сурвалжийг шалгах гэж байгаа нь ойлгомжгүй байна.

Хяналтын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 148 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хязгаарлах тухай” прокурорын тогтоолд оролцогч гомдол гаргаснаар удаа дараа дээд шатны прокурорын байгууллагаас хэргийг хянаж, хамгийн сүүлд Улсын ерөнхий прокурорын газраас уг тогтоолын хууль зүйн үндэслэлийг хянаж, хэвээр үлдээсэн байдаг. Гэтэл уг тогтоолыг дахин хянуулах гэж байгаа нь ойлгомжгүй.

Хохирогч Х.А-ы залилсан гэх хэрэгт П.Г- нь өмнө нь Х.А-аас 136.000.000 төгрөгийн бараа материал залилж аваад улмаар шүүхээр орж шийдвэрлэгдсэн. Өмнөх хэрэгт П.Г- нь Х.А-д Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Кози” апартмент хотхонд 85.51 м2 байрыг өгөхөөр тохиролцсон байсан боловч уг байр нь ашиглалтад ороогүй учир оронд нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Дондогдулам” хотхонд 249.400.000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө байр өгөхөөр тохиролцож, байраа өгөөгүй мөртлөө зөрүү мөнгө Х.А-аас авсан байдаг. Уг зөрүү мөнгө нь 30.000.000 төгрөг бөгөөд 30.000.000 төгрөг залилсан гэж үзэж яллагдагчаар татсан. Гэтэл өмнөх шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн хохирлыг энэ хэрэгт хамтад нь шийдвэрлэнэ гэдэг нь ойлгомжгүй бөгөөд уг асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар гаргуулах ёстой. Өмнөх шийтгэх тогтоолын хувьд шинэ нөхцөл байдал мөн эсэхийг шалгаж, хохирлыг хамт нь шийдвэрлэх гэдэг байдлаар шүүхээс буцааж байгаа нь үндэслэлгүй.

Хэрэгт автомашины үнэлгээг хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн шинжээчээр дүгнэлт гаргуулсан. Уг компани нь Сангийн яамны 130 дугаар тушаалын дагуу олгогдсон №14060033 дугаар тусгай зөвшөөрлийн дагуу үнэлгээ гаргадаг, уг тусгай зөвшөөрлийг хэрэг бүрт хийж явах боломжгүй, шаардлагатай гэж үзвэл гэм буруугийн хурал дээр зөвшөөрлийг нь авч болно. Уг үнэлгээг гаргахдаа үнэлж буй хөрөнгөтэй ижил төсөөтэй болон түүнийг орлож чадах хөрөнгийн борлуулалт ба холбогдох зах зээлд тэдгээртэй холбоотой өгөгдлүүдэд үндэслэн гаргадаг, ингэхдээ шууд харьцуулалтын арга буюу томьёонд оруулж гаргадаг талаар дүгнэлтэд тусгасан. Гэтэл уг зөвшөөрлийг хэрэгт хавсаргах гэж байгаа нь ойлгомжгүй, шинжээчид эрх үүрэгт танилцуулж, хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гарын үсэг зурах ёстой гэж үзэж байгаа нь ойлгомжгүй, шинжээчийн дүгнэлтийг хэрхэн ямар аргаар, яаж гаргадаг талаар мэдүүлэг авах замаар тодруулах боломжтой.

8. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэргийн зүйлчлэлийн асуудал ярих боломжгүй бөгөөд гэм буруугийн шүүх хуралдаанаар нотлох баримтыг шинжлэн судалж, улсын яллагч, өмгөөлөгчийн харилцан мэтгэлцээний үндсэн дээр байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон эсэхийг шүүх дотоод итгэлээр, нотлох баримтад тулгуурлаж шийдвэрлэх ёстой атал урьдчилсан хэлэлцүүлгээр уг асуудлыг шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна. Хэрэгт П.Г-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд авагдсан. Яллагдагч П.Г- нь нийт 7 удаагийн үйлдлээр бусдыг залилсан бөгөөд уг үйлдлүүдээс хамгийн сүүлийн үйлдэл нь 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт **** УБИ дугаартай “Тoyоtа land cruiser 200” загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг П.О-аас шилжүүлэн авсан болох нь нотлогддог. Харин шүүгчийн захирамжид дурдсан 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хамгийн сүүлийн үйлдэл гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Кози” апартмент орон сууцанд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан, бодит байдал дээр биелэгдэх боломжгүй зүйлийг биелэх боломжтой мэтээр итгэл төрүүлж Н.Д-гээс 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хооронд нийт 66.520.000 төгрөгийг авч залилсан гэх хэрэгт хамгийн анх гэрээ байгуулсан өдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт авагдаагүй нотлох баримтыг үндэслэж хэргийг прокурорт буцаасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Хохирогч Н.Д-гийн өмгөөлөгч Н.Лхагвадулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Яллагдагч П.Г- нь шалгагдаж байх явцдаа дахин гэмт хэрэг үйлдээд яваад байгаа тул хэргийг хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...” гэв.

 

Хохирогч Х.А-ы өмгөөлөгч Б.Цэнгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгчийн захирамжийн 4 дэх заалтыг дэмжиж байна. Эсэргүүцэл дээр хохирогч Х.А-тай холбоотой тайлбарыг дурдсан. Тэр тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийтгэх тогтоолд хохиролд 136.000.000 төгрөгийг төл гэсэн. Тэр хохирол төлбөртөө тооцуулахаар яллагдагч П.Г- дуусаагүй барилга өгсөн байдаг. Тэгээд хохирол төлбөр төлөгдсөн гэдгээр давж заалдах шатны шүүхээс хорих ялыг нь өөрчлөөд торгох ял болгосон. Ял хэрэгжих ажиллагааны явцад дуусаагүй барилгаа дуусгаж өгнө гэж ярьж байснаа гэнэт “... энэ барилга удаашраад байна, арай ашиглалтад орох болоогүй байна гээд Дондогдулам хотхонд байр өгье, тэр байр гэхдээ чамд өгөх 136.000.000 төгрөгнөөс илүү үнэтэй учраас чи зөрүүнд нь 30.000.000 төгрөг өгчих” гэсэн. Өмнөх хохиролд тооцуулж өгсөн баригдаж дуусаагүй байраа өөр хүнд шилжүүлсэн байдаг. Хохирогч Х.А- нь баригдаж дуусаагүй байр ч үгүй, нэмээд огт байхгүй байрыг авна гээд 30.000.000 төгрөг өгсөн. ...” гэв.

 

Яллагдагч П.Г-ийн өмгөөлөгч Ж.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайланд шинжилгээний объект болох машинуудын үнэлгээг гаргахдаа ямар аргачлалаар үнэлсэн болохоо тусгаагүй, мөн шинжээчид эрх, үүрэг тайлбарлаагүй, шинжээч тайландаа гарын үсэг зурж баталгаажуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтын шаардлага хангаагүй. Хохирогч М.Г-ын эхнэр Нарантуяа энэ хэрэгт гэрчээр оролцсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нарантуяа нь хохирогчийн эрхээр шат шатанд гомдол гаргасан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдоогүй байхад хууль ёсны төлөөлөгчийн эрхийг эдэлж оролцсон. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар П.Г-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй байна.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн боловч нотлох баримтын зөрүүтэй байдал үүссэн тохиолдолд шүүх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлт хийх боломжтой, түүнчлэн прокурор, өмгөөлөгч нар тодорхой бус, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох зорилгоор хуульд зааснаар эрхээ хэрэгжүүлэн шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг хуралдаанд оролцуулан ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох боломжтой бөгөөд уг байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар заасан агуулгад, мөн хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн П.Г-ийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд тус тус нийцнэ.

Прокурор шүүгчийн захирамжид заасан “...хохирогч М.Г-ын хохирлын хэмжээг зөв тогтоох, “Daewoo” загварын ачааны машиныг хохирлын хэмжээнд оруулан тооцох эсэх, тухайн машины хөрөнгийн үнэлгээ хийлгэх, оролцогч нараас мэдүүлэг тайлбар авах шаардлагатай, мөн гэрч В.Нарантуяаг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Хууль ёсны байх” зарчмыг зөрчсөн. ...” гэх хоёр үндэслэлд эсэргүүцэл бичээгүй байгаа хэдий ч “Nissan patrol Y-62” болон “Toyota land cruiser 200” загварын тээврийн хэрэгслүүдийг П.Г- нь хэнээс, хэрхэн, яаж авсан, хэдэн төгрөгийн хохирол учруулсан талаар хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд хэрэгт тухайн тээврийн хэрэгслүүд болон “Daewoo” загварын ачааны машиныг 51.354.156 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх 95-99/ авагджээ.

Мөн М.Г-, В.Нарантуяа нар нь гэр бүлийн хүмүүс байх бөгөөд хэрэгт В.Нарантуяа гэрчээр мэдүүлэг өгч, М.Г- хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгчээ. Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж байгаа эсэхийг харгалзан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх боломжтой.

Давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцсэн шүүхийн гаргах шийдвэрийн талаар заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт буюу “энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах” гэснийг Улсын Их Хурлаас баталсан 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүчингүй болгосон ба энэ хууль мөн оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүчин төгөлдөр болсон байна.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй болно.

 

Иймд прокурорын эсэргүүцлийн үндэслэлийг хүлээн авч, харин шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах талаар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.

 

Яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтыг логик, найруулгын хувьд илүү ойлгомжтой, тодорхой болгох шаардлагатай байгааг дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЗ/484 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Сайнхүүгийн бичсэн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэрэг прокурорт очтол П.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                                      Ц.ОЧ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН