Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 126/ШШ2016/0032

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймгийн Рашаант сумын 3 дугаар багийн иргэн Хиад боржигон Д.О**************** /регистрийн дугаарАН**************** /-ын нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдох,

"Рашаант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б****************-ийн  2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөр нөхөж ногдуулсан торгуулийн 0007027 дугаар шийтгэврийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б**************** , гэрч Б.А**************** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О**************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 0007025 тоот шийтгэвэр ногдуулсан захиргааны акт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй илт хууль бус акт, мөн хуулийн 9.1.9-д заасныг зөрчсөн захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн илт хууль бус акт болохыг тогтоолгож, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 0007025 тоот шийтгэврийг хүчин төгөлдөр бусад тооцуулах-ыг хүссэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар өөрчилсөн байна. Үүнд:

Д.О**************** миний бие тус шүүхэд Хөвсгөл аймгийн Рашаант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б****************-ийн  гаргасан 0007025 дугаар шийтгэврийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан болно.

Гэтэл миний өмгөөлөгч Д.О**************** нь шүүхэд хэргийн материалтай 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр танилцахад хариуцагчийн гаргасан 0007025 дугаар шийтгэврийг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу дээд шатны албан тушаалтан буюу Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дугаар 23/05/006/05 шийдвэрээр хүчингүй болгосон байна.

Маргаан бүхий актыг нэгэнт дээд шатны байгууллага албан тушаалтан хүчингүй болгосон бөгөөд тухайн акт эрх зүйн үр дагавар бий болгохгүй нөхцөл байдал тогтоогдлоо.

Гэтэл хэргийн материалтай танилцах явцад шинээр 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс хойш дахин захиргааны акт дугаар 0007027 шийтгэврийг хариуцагч гаргасан бөгөөд уг акт нь иргэн Д.О**************** миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг санаатайгаар удаа дараа ноцтой зөрчсөөр байна.

Хариуцагч дараахь зөрчлүүдийг гаргасан хууль тогтоомжийг ноцтой зөрчлөө. Үүнд:

1.Рашаант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б****************  нь надад 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гаргасан Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч С.Туяагийн дугаар 23/05/006/05 шийдвэрийг танилцуулаагүй, энэхүү шийдвэрийг шүүхээс хэргийн материалаас олж үзэв.

2.2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс хойш хариуцагч М.Б****************  нь манайд нэг ч удаа ирээгүй, надтай нэг ч удаа уулзаагүй, захиргааны зөрчил гаргасан талаар зөрчлийн тэмдэглэл үйлдэж, хариуцлага тооцох талаар мэдэгдэл багийн Засаг дарга болон бусад этгээдээр мэдэгдээгүй, ирүүлээгүй.

3.М.Б****************-ийн  нөхөж хариуцлага тооцсон дугаар 0007027 шийтгэврийг иргэн Д.О**************** надад нэг ч удаа мэдэгдээгүй, миний болон манай гэр бүлд энэхүү шийтгэвэр ирээгүй, мөн шүүхийн материалаас олж үзлээ.

4.Гэтэл аймгийн Захиргааны хэргийн шүүхийн материалтай танилцаж байтал Д.О**************** надад үндэслэлгүйгээр 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөр нөхөж 0007027 дугаар шийтгэвэр бичиж 1 920 000 төгрөгийн торгууль ногдуулсан байна. Шийтгэврийг нөхөж бичиж болохгүй байх.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу зөрчил гаргагч этгээдийн эрх байдаг. Үүнд: иргэн зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбар өгөх, нотлох баримт гаргаж өгөх, зөрчлийг хянан шалгахад биеэр оролцох, нотлох баримттай танилцах, шийтгэврийн хуудсыг гардан авах, хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд давж заалдах гомдол гаргах зэрэг эрх, үүргийг зохицуулсан байдаг. Гэтэл надад дээрх эрхийн нэгийг ч эдлүүлсэнгүй. Харамсалтай нь 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс хойш нэг ч удаа энэхүү маргаан дээр зөрчил тогтоогоогүй газар дээр нь очоогүй, тэмдэглэл үйлдэж баталгаажуулаагүй, шийтгэвэр ногдуулсан хуудсаа надад гардуулаагүй, гардуулах нь байтугай нуусан гэж иргэн би үзэж байна.

Газар хууль бусаар ашигласан гэж надад шийтгэл ногдуулсан байгаа юм. Гэтэл Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д газар ашиглах гэдэг нь тухайн газрын ашигтай чанарыг гаргаж хэрэглэхийг ойлгоно гэсэн байдаг. Би хаваржааны хашаа барьсан, гэхдээ барьсан өдрөөсөө 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл тухайн газартаа буугаагүй, тухайн бэлчээрийг ашиглаагүй байхад газар ашигласан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд өвөлжөө хаваржаа барих зөвшөөрлийг газар ашиглах эрхийн гэрчилгээгээр малчдад өнгөрсөн хугацаанд олгож байсан удаа байхгүй юм.

Монгол орны уламжлалт малчны өнгөрсөн 2016 жил иргэн хаваржааны газар ашиглах зөвшөөрөл авч түүнийхээ гэрчилгээг сум баг хорооны Засаг даргаар гэрчилгээ бичүүлж, кадастрын зураг хийлгэх, төлбөр төлж ирсэн түүхийг би мэдэхгүй байна.

Монгол ёс заншил, малчдын ёс зүйн хэм хэмжээнд ч энэхүү зүйл харшлах бөгөөд уламжлалт мал аж ахуйд хэдэн мянган жил ашиглаж эзэмшиж бэлчээрийг зүй зохистой хамгаалж мал маллаж ирсэн түүхтэй ард түмэн юм.

Өнөөдрийг хүртэл миний мэдэхийн Хөвсгөл аймгийн Рашаант сум байтугай Монгол орны аль ч аймаг, нийслэлд хаваржаа барих зөвшөөрөл газрын гэрчилгээ авч байгаагүй байх би мэдэхгүй, дуулаагүй юм байна.

М.Б****************  жирийн нэгэн малчин надад хуульгүй мэт аашилж, надад захиргааны хариуцлага тооцсон атлаа энэ талаар мэдэгдээгүй хэрнээ бүр шүүхийн журмаар албадан биелүүлэх захирамж хүртэл гаргуулсан хэтэрхий дураар аашилж иргэн Үндсэн хуулиар олгосон эрхэд дур зоргоор халдах боллоо.

Дэлхийн улс орон даяаршиж хоёр улс хоорондоо хил хязгааргүй болж байхад монгол жирийн малчин ахан дүүс хоёр сумын хил залгаа газраар үе дамжин амьдарсаар болоод ирж байхад яагаад Рашаант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Үндсэн хуулиар олгосон оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхийг зөрчиж байгаад гайхаж байна.

Би уг газарт шууд хаа хамаагүй нутаг ус өөр сум дамжин нүүдэллэж ирсэн хүн биш юм. Үүнийг ч хариу тайлбартаа хариуцагч зөвшөөрч ирсэн байдаг.

Миний өвөлжөө хашаа шинээр барьж маргаан үүсгэж байгаа хашаанаас 3.5 километрийн зайтай байдаг би одоо барьсан маргаж байгаа хаваржааныхаа зүүн урд 1.5 километр зайд зусдаг энэ газраа бүтэн 12 жил амьдарч байна.

Миний төрсөн ах өвөлжиж байсан өвөлжөө би хожим гэр бүл болоод өвөлжиж байгаа өвөлжөө сүүлийн 6 жил гаруй ингээд бодоход би энэ нутгийн хүн яах аргагүй мөн юм.

Нөгөө талаар надад багийн Засаг дарга Б.А**************** аас энэ газар өвөлжөө, хаваржаа барьж болохгүй гэсэн мэдэгдэл өмнө нь ирж байгаагүй, ийм суртал ухуулга ч ирж байгаагүй. Нөгөө талаар энэ газар Рашаант сум, Архангай аймгийн Цэцэрлэг сумын хил залгаа нутаг бөгөөд зөвхөн Рашаант сумаас зундаа энд айл ирж зусдаг, жилийн бусад улирал энд ямар нэгэн айл байдаггүй онцлогтой газар юм.

2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хавтаст хэргийн 38 дугаар талд авагдсан Дугаар 4 гэх багийн иргэдийн Нийтийн хурлын тогтоолыг Б.А****************  надад танилцуулж байгаагүй бөгөөд энэхүү тогтоолд мөн Суран гэх газарт өвөлжөө, хаваржаа барихыг хориглоогүй болно.

Хариуцагч нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.8 дахь заалт, Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.11 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, зөрчлийг тогтоосон үйл баримт байхгүй, Захиргааны байгууллага албан тушаалтны зөрчлийг хэрхэн тогтоож, ямар баримт бүрдүүлж, яаж шийтгэвэр бичих зэргийг процессийн зохицуулалтыг зөрчиж хамгийн бүдүүлэг мөртлөө дахин нөхөж зөрчилд торгууль ногдуулдаг, миний гомдол гаргах эрхийг олгохгүй хууль зөрчиж илт үндэслэлгүй гаргасан Рашаант сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б****************-ийн  2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөр нөхөж ногдуулсан торгуулийн 0007027 дугаар шийтгэврийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О**************** 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Рашаант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б****************  2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 0007025 дугаартай захиргааны шийтгэвэр үйлдсэн. Уг шийтгэврээр Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, мөн хуулийн 63.1.11-т заасан заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр захиргааны шийтгэл ногдуулсан. Газрын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээр миний үйлчлүүлэгчийн эрх ашгийн зөрчсөн. Акт ямар учраас хууль зүйн үндэслэлгүй байна гэдгийг хоёр үндэслэлээр тайлбарлая. 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан актаар зөвшөөрөлгүй хаваржааны хашаа барьсан иймд уг хашааг буулга гэсэн албан мэдэгдэл 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр өгсөн. Мэдэгдэл өгснөөс хойш 14 хоногийн дотор сайн дураараа хашааг нүүлгээгүй учраас захиргааны зөрчилд шийтгэвэр ногдуулахад Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.11-т заасан заалтыг барьсан байдаг. Энэ нь уг заалтыг хэрэглэх ямар ч нөхцөл байгаагүй. Газар ашиглах гэдэг зүйл нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар газрын аль нэг ашигтай чанарыг гаргаж хэрэглэхийг ойлгоно. 10 дугаар сард хаваржааны хашаа, газрыг ашиглах боломжгүй байдаг. Үүнийг малчин монгол хүн бүр мэддэг. Хаваржааны хашааг 3 дугаар сараас 5 дугаар сарын хооронд хэрэглэдэг. Тус хашааг зөвхөн барьсан болохоос ашигтай чанарыг нь гаргаж ашиглаагүй байдаг. Тэгэхээр Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан заалт хангагдаагүй. Мөн хуулийн 63.1.11-т заасан байгаа учраас энэ шийтгэвэрийг ногдуулах үндэслэлгүй юм. Иргэн газрыг эзэмших, ашиглах зөвшөөрлийг авахдаа эхлээд тухайн газрын кадастрын зургийг хийлгээд хашаагаа барьж дараа нь сум, дүүргийн Засаг даргад хүсэлтээ гаргаж газраа авдаг. Энэ зарчмын дагуу миний үйлчлүүлэгч хашаа барьсан байсан. Үүнийг 3 дугаар багийн Засаг дарга Б.А****************  гэдэг хүн зөвшөөрөлгүй газар хашаа барьсан гэж газар чөлөөл гэсэн мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Б.А****************  гэх хүнд ийм эрх нь байхгүй. Энэ эрхийг сумын Засаг дарга мэдэгдэх үүрэгтэй. Газрын тухайн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасан байгаа. Тэгэхээр багийн Засаг дарга эрх хэмжээгээ хэтрүүлэн хэрэглэсэн. Дараа нь миний үйлчлүүлэгч ямар учраас энэ нэхэмжлэлийг шүүхэд гаргасан гэхээр энэ газарт 13 жил амьдарч байгаа. Хаваржаа нь Чамруут гэдэг газар, зуслан нь Тохойн хөндий гэх газар байдаг. Одоо байгаа хаваржаа нь Суран гэх газарт байдаг. Эдгээр газар нь 3 километрийн зайд эргэлддэг. Ямар учраас Архангай аймгийн Цэцэрлэг сумаас Хөвсгөл аймаг руу орж ирээд хашаа байрлуулдаг юм бэ гэдэг асуудал гардаг. Д.О****************-ын эхнэр Хөвсгөл аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн иргэн юм. Д.О**************** шилжүүлэг хийлгээд Хөвсгөл аймгийн Рашаант суманд шилжиж ирсэн. Бид ямар учраас хууль бус акт гэж тогтоолгох гэж байна гэхээр хавтаст хэргийн 38 дугаар хуудсанд байгаа тогтоолыг Д.О**************** зөрчсөн гэж хариуцагч тайлбарладаг. Энэ нь одоо хаваржаа барьсан байгаа газрыг өвөлжөө, хаваржаа барихыг хориглосон зохицуулалтад хамаарахгүй. Тус тогтоолын 2-т зааснаар Суран гэж газар байдаггүй. Хэцийн жалга, Хонгорж гэх газар байдаг боловч Д.О**************** тус газарт нь хаваржаа бариагүй. Тэгэхээр багийн иргэдийн Нийтийн хурлын гаргасан тогтоол шаардлага хангаагүй. Газрын тухай хуулийн заалтыг хангаагүй зөрчсөн байгаа. Газрын тухай хуульд зааснаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоох болохоос багийн иргэдийн Нийтийн Хуралд хамаарахгүй. Бид нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Үүнд Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газарт дээд шатны албан байгууллагад нь энэ илт хууль бус актыг хүчингүй болгож өгөөч гэсэн хүсэлт гаргасан. 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр, 18-ны өдөр гэж ахлах байцаагчийн хоёр шийтгэвэр гаргасан. Улсын байцаагчийн шийтгэвэрийг зөвтгүүлэх тухай шийдвэр гарсан. Өмнө гаргасан 0007025 дугаартай шийтгэвэрийг хүчингүй болгож дахин шинээр шийтгэвэр гарга гэдэг асуудлыг улсын байцаагч М.Б**************** д даалгавар болгосон. Гэтэл 2 дугаар сарын 12-ны өдөр, 18-ны өдөр гэж хоёр өөр он, сартай шийтгэвэр ирсэн. Тэгэхээр 0007025 дугаартай шийтгэвэр эрх зүйн үр дагавар үүсэхгүй хүчингүй болсон акт байгаа. Ингээд 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш дахин 0007027 дугаартай акт гаргасан. Энэ акт нь 0007025 дугаартай актаа хуулаад бичсэн байсан. Захиргааны хуулийн дагуу гаргасан алдаатай актаа залруулж дахин акт гаргах ёстой байхад процессын алдаа гаргасан. Мөн зөрчил тогтоогдсон этгээдэд эрх, үүрэг тайлбарлаж өгөөгүй. Тус 0007027 дугаартай акт нь Д.О****************-т хүрээгүй байдаг. 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр миний бие Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ирээд уулзахад сүүлд ийм шийтгэвэр гарсан та нар танилцсан байх гэж хэлсэн. Тэгэхээр нь би газар дээр нь эцэслэн шийдвэрлүүлэх гомдол гаргахад хүлээж аваад хууль зүйн үндэстэй байна гэсэн хариу өгсөн. Захиргааны зөрчлийг мэдсэнээс хойш 3 сарын хугацаанд захиргааны шийтгэвэр тогтоох хууль зүйн үндэслэлтэй байхад хариуцагч нь өмнөх актаа хуулж бичээд Захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгөөд миний үйлчлүүлэгчийг хуулж бичсэн шийтгэвэртэй танилцах гомдол гаргах эрхээр нь хангаж өгөөгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан илт хууль бус захиргааны акт болсон. Ийм үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б****************  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 1/... миний бие тус сумын 3 дугаар багийн иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу 3 дугаар багийн нутаг Тохойн талын урд Суран гэдэг газар тус багийн Засаг дарга Б.А**************** тай хамтран 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийхэд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж багийн иргэн Дорж овогтой Отгонбаяр нь 2015 оны 10 дугаар сард зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн зуслангийн газар дээр малын хашаа барьсан байсан. Энэ зөрчил нь Хөвсгөл аймгийн Рашаант сум, Архангай аймгийн Цэцэрлэг сумын хооронд байгуулсан мал харилцан оторлох талаар гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь заалтыг зөрчсөн байснаас гадна Монгол Улсын Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.11 дахь заалтыг зөрчин дур мэдэн хашаа барьж, газар ашигласан байсан. Энэ байдлыг нь иргэн Д.О****************-т ойлгуулж тайлбарлан Газрын тухай хуульд заасны дагуу зохих зөвшөөрөлгүй барьсан хашаагаа буулгаж 3 хоногийн дотор газар чөлөөлөх талаар мэдэгдлийг бичгээр 3 дугаар багийн Засаг дарга гарт нь хүлээлгэн өгсөн. Мэдэгдэл хүлээж авахдаа манайх танай суманд шилжиж ирэх гэж байгаа гэсэн тайлбар өгч байсан.

Мэдэгдэл өгснөөс хойш 14 хоногийн дараа очиж шалгахад зохих зөвшөөрөлгүй барьсан хашаагаа буулгаж аваагүй байсан тул иргэн Д.Отгонбаярыг Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.11 дэх заалтын дагуу байгаль орчны хяналтын улсын байцаагчийн зүгээс 0007027 тоот шийтгэврээр 1920,0 мянган төгрөгийн торгууль ногдуулсан. 3 дугаар багийн Тохойн талын урд Суран гэдэг газар нь тус багийн иргэдийн Нийтийн хурлаар тогтоосон зуслангийн газар юм. Монгол Улсын Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн гэж заасан байхад зохих зөвшөөрөлгүй дур мэдэн төрийн өмчийг ашигласан, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохиуцуулалттайгаар нийтээр ашиглана, үүнд 6.2.1-д бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газар гэж орсон байна. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 21.4.3-т энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах гэсэн байхад иргэн Д.О**************** нь тухайн газрыг эзэмших, ашиглах талаар сумын Засаг даргаас ямар нэгэн зөвшөөрөл аваагүй байсан.

Монгол Улсын Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол байгаль орчны хяналтын улсын байцаагч дор дурдсан захиргааны шийтгэл оногдуулна гэж заасан эрх хэмжээний хүрээнд захиргааны шийтгэл оногдуулсан болно.

2/ Иргэн Д.О**************** нь 2006 оноос хойш Чамруут гэдэг газар нутаглаж байгаа нь үнэн боловч хашаа барьсан Суран гэдэг газар нь ойролцоогоор 4-5 км хоорондоо зайтай газар юм. Чамруут гэдэг газарт өвөлжихийг гэрээгээр тохирсон юм.

3/ Суурьших газраа сонгох нь Д.О****************-ын эрх мөн боловч суурьшихаар албан ёсоор бүртгэлийн газарт шилжиж ирсэн тухайгаа бүртгүүлж, холбогдох албан тушаалтнуудад газар ашиглах, эзэмших хүсэлтээ гаргаж, шийдвэр гарсны дараа ашиглах эрх нь нээлттэй байгаа. Гэтэл дур зоргоороо авирласан үйлдлээ эрхэнд халдлаа гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Мөн нийтийн эзэмшлийн газар дээр дур мэдэн хашаа барих нь хууль бус үйлдэл болохыг Д.О**************** сайн мэдэж байгаа.

4/ Иргэн Д.Отгонбаярыг зөрчлөө сайн дураараа арилгах хугацаа өгч, 14 хоног хүлээсэн бөгөөд заавал цагдаа, хуулийн байгууллага болж албадан нүүлгэх талаар арга хэмжээ аваагүй бөгөөд нэгэнт зөрчил гаргасан нь тодорхой учир захиргааны арга хэмжээ авсан юм.

5/ Захиргааны арга хэмжээ тооцоход хөндлөнгийн хоёр гэрч байлцуулах хуулийн заалттай бөгөөд хөдөө орон нутагт хамт ажиллаж байсан байгаль хамгаалагч Н.Отгончимэг, багийн Засаг дарга Б.А****************  нар байснаар гэрчлүүлсэн болно. Арга хэмжээ тооцохдоо сумын Засаг даргын Тамгын газар дээр Д.Отгонбаярыг байлцуулан арга хэмжээ авсан бөгөөд 0007025 тоот шийтгэвэр дээр гарын үсэг зурсан, харин зөрчлийн тэмдэглэл дээр Д.О**************** нь гадаа гарч утсаар ярьж байгаад гарын үсэг зурахаас татгалзсан. Би хамт ажиллаж байгаа байгаль хамгаалагч, багийн Засаг дарга нартай хамт ашиг сонирхлын ямар нэгэн зөрчил байхгүй бөгөөд дээрх хүмүүс нь миний нэгэн адил сумын нутаг дэвсгэрт байгаль орчны хууль тогтоомжийг хэрэгжүүлэн, хяналт тавьж ажиллах эрх бүхий албан тушаалтнууд юм.

Байгаль орчны хяналтын улсын байцаагч миний 0007027 тоот шийтгэврийг Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 849 тоот захирамжаар баталгаажуулсан бөгөөд торгуулийн арга хэмжээг зөвшөөрөхгүй талаар Д.О**************** нь ямар нэгэн тайлбар хийж байгаагүй болно.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Д.О****************-ын гаргасан гомдлыг улсын ахлах байцаагч С.Т**************** хянаад аймгийн Прокурорт шилжүүлснийг прокурор зөвхөн мөнгөн дүнг л засах талаар тогтоол ирүүлснийг би засаж дахин шийтгэврийн хуудас бичиж зассан болно.

Иймд байгаль орчны хяналтын улсын байцаагчийн бүрэн эрхийнхээ хүрээнд илэрсэн зөрчилд хуулийн дагуу арга хэмжээ авсан үйлдлээ зөв гэж үзэж байгаа тул Н.О****************-т  тавьсан торгуулийг хүчингүй болгуулах талаар гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчаас нэхэмжлэгч Д.О**************** нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй нь холбогдуулж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 1/Байгаль орчны хяналтын улсын байцаагч миний 0007027 тоот шийтгэврийг Хөвсгөл аймаг дахь сумын дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 849 тоот захирамжаар баталгаажуулсан бөгөөд торгуулийн арга хэмжээг зөвшөөрөхгүй талаар Д.О**************** нь ямар нэгэн тайлбар хийж байгаагүй болно.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Д.О****************-ын гаргасан гомдлыг улсын ахлах байцаагч С.Т**************** хянаад аймгийн прокурорт шилжүүлснийг прокурор захиргааны зөрчил дээр оногдуулсан байгаль орчны байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгоогүй зөвхөн мөнгөн дүнг л засах талаар 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 тоот тогтоол ирүүлснийг би дахин шийтгэврийн хуудас бичиж зассан болно.

2/Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн иргэн Д.О****************-ын гаргасан захиргааны зөрчилд оногдуулсан 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шийдвэр хэвээр байгаа гэж үзсэн учраас зөрчил гаргагчтай дахин мэдэгдэж уулзаагүй бөгөөд оногдуулсан торгуулийн мөнгөн дүн буурсан учраас түүний эрх ашгийг зөрчөөгүй гэж үзэж байна.

3/Захиргааны зөрчил дээр явуулсан үйл ажиллагааны талаар тайлбарыг өмнөх 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн тайлбар дээр бичсэн.

4/Малчдын өвөлжөө, хаваржааны газарт манай суманд 1997 оноос эхлэн газрын гэрчилгээ олгогдож эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 525 өвөлжөө, хаваржааны газар гэрчилгээтэй байна.

Иймд байгаль орчны хяналтын улсын байцаагчийн бүрэн эрхийнхээ хүрээнд илэрсэн зөрчилд хуулийн дагуу арга хэмжээ авсан үйлдлээ зөв гэж үзэж байгаа тул    тавьсан торгуулийг хүчингүй болгуулах талаар гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Гэрч Хөвсгөл аймгийн Рашаант сумын 3 дугаар багийн Засаг дарга Б.А****************  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Архангай аймгийн Цэцэрлэг сум, Хөвсгөл аймгийн Рашаант сум хоёрын хооронд малын бэлчээрийн тал дээр газар нутгийн маргаантай асуудал байдаг болохоор энэ асуудлыг зохицуулахаар хоёр сумын удирдлагууд, бүх багийн Засаг дарга нар биечлэн уулзаж 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай Хөвсгөл аймгийн Рашаант сум, Архангай аймгийн Цэцэрлэг сумдын нутаг дэвсгэрт мал харилцан оторлох талаар гэрээ байгуулсан. Уг гэрээг өнгөрсөн жил байгуулж энэ жил мөн шинэчилсэн байгаа. Гэрээ хийхдээ манай багийн нутаг дэвсгэр дээр шинээр хашаа барихгүй, сунгахгүй талаар тусгаж өгсөн. Үүнийг бид нар өөрийн сумын ард иргэд болон Архангай аймгийн Цэцэрлэг сумаас нутаглаж байгаа айл өрхүүдээр орж, гарч явахдаа танилцуулж, ойлгуулсан гэж үздэг. Д.О**************** нь гэрээ байгуулсны дараа Рашаант сумын Хэц гэдэг газар шинээр хашаа барихаар нь миний бие багийнЗасаг даргын хувьд за хоёр сум хоорондоо ийм гэрээ хийсэн. Та хашаагаа буулгаж аваа гэсэн мэдэгдлийг өгсөн боловч хашаагаа буулгаж аваагүй. Тэгээд дараа нь буюу 2015 оны 08 дугаар сард Рашаант сумын Хясааны ар гэх газар багийн иргэдийн Нийтийн Хурал 58 хувийн ирцтэйгээр хуралдаж Архангай аймгийн Цэцэрлэг, Хөвсгөл аймгийн Рашаант хоёр сумын байгуулсан гэрээг зөрчиж гадны сумаас буюу Архангай аймгийн Цэцэрлэг сумын иргэд хашаа бариад байна. Энэхашаануудын талаар зохих ёсны хүмүүст нь мэдэгдэж, эрх үүргийнхээ дагуу арга хэмжээ авч өгөөчээ гэсэн ард иргэдээс санал хүсэлт гарсны дагуу миний бие сумын Засаг дарга болон байгаль орчны хяналтын улсын байцаагчид иргэдийнхээ хүсэлтийг уламжилж өгсөн юм. Тэгтэлсумын Засаг даргаас дахин газраа чөлөөлөх мэдэгдэл өг гэсний дагуу миний бие дахин хашаагаа буулгаж авах талаар мэдэгдэл өгсөн боловч биелүүлээгүй. Дараа нь манай сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч бид хоёр очиж, хоёр сум хооронд байгуулсан гэрээ болон тухайн Рашаант сумын 3 дугаар багийн иргэд Нийтийн Хурлын 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 4 дүгээр тогтоолыг зөрчөөд байна гэсэн үндэслэлээр арга хэмжээ авсан. Д.О****************-ын хаваржааны хашаа барьсан газрын нэрийг манай нутгийн хүмүүсийн яриагаар бол Хэц ч гэдэг, Суран ч гэдэг. Д.О**************** нь гадна сум буюу Архангай аймгийн Цэцэрлэг сумын харьяат айл байж байгаад сая 2016 оны УИХ-ын сонгуулиар манай сумын харьяат болсон. Д.О**************** ньзөвшөөрөлгүй хаваржааны хашаагаа 2015 оны намар бариад, барьсан намраа намаржиж, энэ жилийн хавар хаваржиж байсан. Энэ талаар фото зураг байгаа. 2015 оны 08 дугаар сард багийн иргэд Нийтийн Хурал болсны дараа байгаль орчны хяналтын улсын байцаагчид Д.О**************** зөвшөөрөлгүй хашаа барьсан талаар арга хэмжээ авахуулахаар мэдэгдсэн. Энэ маргаан бүхий газар дээр яагаад хаваржаа бариулахгүй гээд байгаа юм бэ гэхээр энэ газар нь зуслангийн газар бөгөөд багийн иргэдийн мал бэлчих бэлчээрийг хаасан. Хоёр сумын мал оторлох гэрээнд хуучин хашаа барьсан иргэдийн эрх ашгийг хөндөхгүй, харин шинээр хашаа нэмж бариулахгүй гэж тодорхой зааж өгсөн байгаа. Хэц, Суран, Чамруут гэдэг газрууд нь нэг л нутгийн нэр юм. Хөндийнхөө баруун талын амыг нь Хэц, зүүн талын амыг нь Чамруут, харин эдгээрийг ерөнхийд нь Суран гэж нэрлэж байгаа. Хүмүүс янз янзаар л ярьдаг гэв.

Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаандгаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь;

Хөвсгөл аймгийн Рашаант сумын 3 дугаар багийн иргэн Д.О****************-ын Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б**************** д холбогдуулан гаргасан "Рашаант сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б****************-ийн  2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөр нөхөж ногдуулсан торгуулийн 0007027 дугаар шийтгэврийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах"тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр бүхэлд нь хангахаар шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс тухайн газар дээр хашаа барьсан нь үнэн боловч газрын ашигтай чанарыг гаргаж хэрэглээгүй, хаваржааны газар дээр газар ашиглах зөвшөөрөл, гэрчилгээ авахыг мэдэхгүй, гаргасан захиргааны актаа танилцуулаагүй, оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхийг зөрчсөн гэж, хариуцагчаас Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж багийн иргэн Д.О**************** нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Суран гэх газар зохих зөвшөөрөлгүй хаваржааны хашаа барьсан тул Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.11-д зааснаар хариуцлага тооцох үндэслэлтэй гэж маргасан байна.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг гаргаж хэрэглэхийг ойлгоно, 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 52 дугаар зүйлийн 52.7-д Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч Д.О**************** нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Суран гэх газар зохих зөвшөөрөл авалгүй хаваржааны хашаа барьсан болох нь нэхэмжлэгчийн ... би хаваржааны хашаа барьсан, гэхдээ барьсан өдрөөсөө 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл тухайн газартаа буугаагүй, тухайн бэлчээрийг ашиглаагүй байхад газар ашигласан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй, ... аль ч аймаг, нийслэлд хаваржаа барих зөвшөөрөл газрын гэрчилгээ авч байгаагүй байх, би мэдэхгүй дуулаагүй юм ... гэх тайлбар,

Хариуцагчийн Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж багийн иргэн Дорж овогтой Отгонбаяр нь 2015 оны 10 сард зохих зөвшөөрөл авалгүйгээр зуслангийн газар дээр малын хашаа барьсан байсан гэх тайлбар,

Гэрч Рашаант сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамал ажилтай Д.Норжмаагийн Д.О**************** нь тус суманд өвөлжөө, хаваржаа эзэмшдэггүй. Учир нь манай сумын 3 дугаар багийн нутагт өвөлжөө, хаваржааны хашаатай боловч эрх зүйн баталгаажилт хийгдээгүй гэх мэдүүлэг,

Гэрч Б.А**************** ийн Д.О**************** нь зөвшөөрөлгүй хаваржааны хашаагаа 2015 оны намар бариад, барьсан намраа намаржиж, энэ жилийн хавар хаваржиж байсан. Энэ талаар фото зураг байгаа гэх мэдүүлэг,

Хөвсгөл аймгийн Рашаант сумын 3 дугаар багийн нутаг, Суран гэх газар баригдсан Д.О****************-ын хаваржааны хашаанд хийсэн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг зэргээр[1] нотлогдож байна.

Нэхэмжлэгч уг газарт хаваржааны хашаа барьсан боловч ашиглаагүй гэж маргаж байгаа боловч дээрх хаваржааг ашиглаж байсан болох нь гэрч Б.А**************** ийн Д.О**************** ньзөвшөөрөлгүй хаваржааны хашаагаа 2015 оны намар бариад, барьсан намраа намаржиж, энэ жилийн хавар хаваржиж байсан. Энэ талаар фото зураг байгаа гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Д.О**************** нь Суран гэх газар хаваржааны хашаа барьсан боловч түүнийгээ ашиглаагүй учраас газрыг ашигласан гэж үзэхгүй, улмаар Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.11-д заасан үндэслэлээр хариуцлага хүлээх үндэслэлгүй хэмээн маргаж байгаа боловч газар эзэмших эрхийн зохих зөвшөөрөл авалгүйгээр хаваржааны хашаа барьсан байгаа үйл баримт нь газрыг хууль бусаар эзэмшсэн, ашигласан гэх үндэслэлд хамаарч байна. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 52 дугаар зүйлийн 52.7-д заасныг зөрчиж, газрыг зөвшөөрөлгүйгээр ашигласан гэж үзэхээр байна.

Иймд Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.11-д Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорь дахин ... нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хохирлыг нөхөн төлүүлэх заалтыг үндэслэн хариуцлага тооцох үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Рашаант сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолоор Суран гэх газар өвөлжөө, хаваржаа барихыг хориглоогүй гэж маргаж байгаа боловч Хөвсгөл аймгийн Рашаант сум, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга нар 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сум, Архангай аймгийн Цэцэрлэг сумдын нутаг дэвсгэрт мал харилцан оторлох талаар хамтран ажиллах гэрээ байгуулж[2], тухайн сумын нутагт өвөлжөө, хаваржаа нэмж барихгүй байх, оторлож буй малчин өрх нь тухайн оторлож буй багийн нутаг дэвсгэрт сум, багийн Хурлаас гаргасан тогтоол, шийдвэрийг дагаж мөрдөх зэрэг асуудлыг харилцан тохиролцож, уг гэрээ хүчин төгөлдөр болжээ.

Мөн Хөвсгөл аймгийн Рашаант сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор[3] Чамруут, Хэц, Хонгорж зэрэг газруудад шинээр өвөлжөө, хаваржаа нэмж бариулахгүй байх талаар иргэдэд сурталчилж ажиллахыг багийн Засаг даргад үүрэг болгожээ.

Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.8-д Байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюулын улмаас өөр аймаг, сумын нутаг дэвсгэрт нүүдэллэх шаардлага гарвал тухайн шатны Засаг дарга нар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. ..., 52.10-т Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ гэж тус тус заасан байх тул хоёр аймгийн хоёр сумдын малчид мал харилцан оторлох талаар сумын Засаг дарга нар харилцан тохиролцож гэрээ байгуулсныг болон багийн иргэдийн Нийтийн Хурлаар нэр бүхий газруудад өвөлжөө, хаваржаа нэмж бариулахгүй байх талаар иргэдэд сурталчилж ажиллахыг багийн Засаг даргад үүрэг болгосныг буруутгах боломжгүй байна.

Рашаант сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан дээр тус сумын иргэдээс Хөвсгөл аймгийн Рашаант сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 4 дүгээр тогтоол болон Хөвсгөл аймгийн Рашаант сум, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга нар 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан гэрээний хэрэгжилтийн талаар хэлэлцэж, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж багийн иргэн Д.О**************** Рашаант сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хаваржааны хашаа барьсан талаар гомдол гаргасан болох нь гэрч Б.А**************** ийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Рашаант сумын 3 дугаар багийн Засаг дарга Б.А****************  багийнхаа иргэдийн Нийтийн Хурал дээр иргэдээс гаргасан санал, гомдлыг тус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчид уламжилсан болох нь гэрч Б.А**************** ийн мэдүүлгээр тогтоогдож байгаа ба улмаар Рашаант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б****************  2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 23-04-377/05 дугаартай Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар хяналт шалгалт хийх тухай удирдамж[4] батлуулж, төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулсан байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9-д Мэргэжлийн хяналтын улсын байцаагч дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 10.9.1-д хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих, 10.9.8-д хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг таслан зогсоох ..., 10.9.12-д хуульд заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулах, Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол байгаль орчны хяналтын улсын байцаагч дор дурдсан захиргааны шийтгэл оногдуулна, 63.1.11-д Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорь дахин ... нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хохирлыг нөхөн төлүүлэх гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч Рашаант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч нь газрын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хариуцлага оногдуулах эрх хэмжээтэй байна.

Хариуцагч М.Б****************  удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж багийн иргэн Д.О****************-ын зохих зөвшөөрөлгүйгээр хаваржааны хашаа барьсан зөрчилд Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.11-д заасныг баримтлан 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 0007025 дугаар шийтгэврээр 1 924 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Ийнхүү оногдуулсан торгуулийн хэмжээг хуульд нийцүүлэн зөвтгүүлэх тухай Хөвсгөл аймгийн Прокурорын газраас 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 01 дугаартай прокурорын тогтоол[5] ирүүлснийг үндэслэн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 23/05/006/05 дугаар шийдвэрээр[6] Рашаант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б****************-ийн  гаргасан 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 0007025 дугаар шийтгэврийг хүчингүй болгожээ.

Улмаар хариуцагч Рашаант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б****************  2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 0007025 дугаар шийтгэврийг хүчингүй болгосныг үндэслэн дахин шинээр захиргааны акт гаргахдаа 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн огноотой, Д.О****************-т 1 920 000 төгрөгийн торгууль оногдуулсан 0007027 дугаар шийтгэвэр[7] гаргажээ.

Гэвч дахин шинээр гаргасан захиргааны акт болох 0007027 дугаар шийтгэврийн талаар зөрчилд холбогдогч Д.О****************-т мэдэгдээгүй болох нь нэхэмжлэгчийн М.Б****************-ийн  нөхөж хариуцлага тооцсон дугаар 0007027 шийтгэврийг иргэн Д.О**************** надад нэг ч удаа мэдэгдээгүй гэх тайлбар, хариуцагч М.Б****************-ийн  байгаль орчны хяналтын улсын байцаагчийн иргэн Д.О****************-ын гаргасан захиргааны зөрчилд оногдуулсан 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шийдвэр хэвээр байгаа гэж үзсэн учраас зөрчил гаргагчтай дахин мэдэгдэж, уулзаагүй бөгөөд оногдуулсан торгуулийн мөнгөн дүн буурсан учраас түүний эрх ашгийг зөрчөөгүй гэж үзэж байна гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.

Захиргааны байгууллага, албан тушаалтан иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж болох аливаа захиргааны актыг гаргасан тохиолдолд эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд заавал мэдэгдэх, сонсгох үүрэгтэй.

Гэтэл дахин шинээр гаргасан захиргааны акт болох 0007027 дугаар шийтгэврийг нэхэмжлэгч Д.О****************-т мэдэгдээгүй, танилцуулаагүй байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар зөрчил гаргасан этгээд нь зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд биеэр оролцох, нотлох баримттай танилцах, зөрчлийн талаар тайлбар өгөх, нотлох баримт, хүсэлт гаргах, шийтгэл ногдуулсан шийдвэрийг давж заалдах, хууль зүйн туслалцаа авах, эрхээ зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд гомдол гаргах эрхийг эдлэх ёстой бөгөөд зөрчилд холбогдогч Д.О****************-т энэхүү эрхийг нь тайлбарлан өгч зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд биеэр оролцуулсан болох нь2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 05 дугаартай захиргааны зөрчлийн тухай тэмдэглэл[8], эрх үүрэг тайлбарлаж өгсөн баримт[9] болон 0007025 дугаартай шийтгэврийн хуудас[10] зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч талаас 0007027 дугаартай шийтгэврийг гаргахдаа Захиргааны хариуцлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд биеэр оролцох, нотлох баримттай танилцах, зөрчлийн талаар тайлбар өгөх, нотлох баримт, хүсэлт гаргах зэрэг эрхийг эдлүүлээгүй талаар маргаж байгаа боловч дахин шинээр гаргасан захиргааны акт болох 0007027 дугаар шийтгэврийг гаргахдаа улсын байцаагч эхнээс нь төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг дахин хийх бус харин шинээр зөвтгөж гаргасан захиргааны актаа зөрчилд холбогдогч Д.О****************-т танилцуулах, улмаар түүний гомдол гаргах эрхээ эдлэх боломжоор хангах үүрэгтэй байна.

Түүнчлэн Рашаант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 0007027 дугаар шийтгэврийн гүйцэтгэлийг Хөвсгөл аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 849 дүгээр захирамжаар[11]баталгаажуулсан байх боловч тус шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2245 дугаар захирамжаар[12] шийтгэврийн гүйцэтгэлийг баталгаажуулсан 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 849 дүгээр өмнөх захирамжаа хүчингүй болгосон байгааг дурдъя.

Мөн нэхэмжлэгч Д.О**************** оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхийг зөрчсөн гэж маргаж байгаа боловч Хөвсгөл аймгийн Рашаант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 0007027 дугаар шийтгэврээр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж багийн иргэн Д.О****************-ын оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхийг хориглоогүй, түүний оршин суугаа газраа чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан үр дагаварт хүргээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.О**************** нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын 3 дугаар багт шилжин суурьшсан байгаа[13] зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл нь үгүйсгэгдэж байна.

Шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарт мэдэгдсэн боловч нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзэн хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.О****************-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Рашаант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б**************** ээс 70 200 гаргуулан нэхэмжлэгчид олгов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.12-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.11-д заасныг баримтлан нэхэмжлэгчД.О****************-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Рашаант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б****************-ийн  2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөр нөхөж ногдуулсан торгуулийн 0007027 дугаар шийтгэврийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Рашаант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б**************** ээс 70 200 гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ