| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00607/и |
| Дугаар | 152/ШШ2024/00535 |
| Огноо | 2024-11-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 152/ШШ2024/00535
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн ... сумын ... дугаар багт оршин суух, регистрийн дугаар ..., Б ургийн овогт Б-ын Б-ын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1970 онд Түргэн суманд төрсөн. Би бага сургууль төгсөөд эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 1985 оноос эхлэн өөрийнхөө нэр дээр бог мал авч Түргэн сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдөр цэргийн албанд татагдаад 1989 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ар гэрийн гачигдлаар халагдаж ирсэн. Би бага наснаасаа Түргэн сумын Социализмын зам нэгдэлд мал маллаж байсан боловч одоо тэтгэвэрт гарах гэхээр хөдөлмөрийн дэвтэр, бичиг баримт олдохгүйгээс маш их хохирч байна. Тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхээр Увс аймгийн Архивын тасгаас цалингийн тодорхойлолт гаргуулан авсан. Иймд Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд 1985 оны 3 дугаар сараас 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл малчнаар ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 143 дугаар зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Архивын тасгийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 239 дүгээр, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 432 дугаар тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, гэрч Д.Б, Д.Б нарын иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс Д.Б, Д.Б нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, Б.Бын ХААТР-1 баримт, хаягийн хуудас, гэрлэснийг бүртгэх анкет зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Бын 1985 оны 3 дугаар сараас 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Б.Бын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 143 дугаар зөвлөмжийн хуудсанд: Хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, гарсан тушаал байхгүй тул 1986-1989 оны хооронд ажиллаж байсан хугацааг шүүхээр баталгаажуулах шаардлагатай гэжээ.
3.2. Увс аймгийн Архивын тасгийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 239 дүгээр, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 432 дугаар тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэрт Бын Бын 1985 оны 3 дугаар сараас 1988 оны 9 дүгээр сарыг дуустал Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлсэн байх тул цалингийн тодорхойлолтыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.
3.3. Б.Бын ХААТР-1 маягтад: “Овог, нэр – Бын Б, ажилладаг байгууллага – Социализмын зам нэгдэл, ажилд орсон он – 1982, эрхэлдэг ажил – хоньчин, маягтыг бүртгэсэн он, сар, өдөр – 1988.06.22” гэж бүртгэсэн, мөн хаягийн хуудсыг 1987 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр бүртгэхэд “Түргэн сумын Бургастай бригадад малчин” гэж тус тус бүртгэгдсэн байх тул ХААТР-1 маягт, хаягийн хуудсыг хэрэгт ач холбогдолтой гэж үзлээ. Нэхэмжлэгчийн гэрлэснийг бүртгэх анкетыг 1991 оны 10 дугаар сарын 24-ний өдөр бүртгэсэн, тухайн цаг үетэй холбоотой мэдээлэл тусгагдсан байх тул 1985-1988 онд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хамааралгүй гэж үзэв.
3.4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Д.Б, Д.Б нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Д.Б “Миний бие 1970 оноос 1992 он хүртэл Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан ба 1992 онд тус нэгдэл тарсан. Б.Б нь 1985 оноос 1990 он хүртэл Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Б.Бын аав бага байхад нь нас барсан тул ээжийн хамтаар бага наснаасаа эхлэн мал малласан. Б.Б цэргийн алба хаасан эсэхийг мэдэхгүй байна” гэж, гэрч Д.Б “Миний бие 1966 оноос 1992 он хүртэл Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан ба 1992 онд тус нэгдэл тарсан. Б.Б нь 1985 оноос 1990 он хүртэл Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг нь Увс аймгийн Архивын тасгийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 239 дүгээр, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 432 дугаар тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, ХААТР-1 баримт, хаягийн хуудас зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байх тул шийдвэрийн үндэслэл болгох боломжтой.
4. Нэхэмжлэгч Б.Б нь 1985 оны 3 дугаар сараас 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуустал Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 239 дүгээр, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 432 дугаар тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, ХААТР-1 баримт, хаягийн хуудас, гэрч Д.Б, Д.Б нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
5. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б ургийн овогт Бын Бын 1985 оны 3 дугаар сараас 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б ургийн овогт Бын Бын 1985 оны 3 дугаар сараас 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ