Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 48

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга А.Болор,

Улсын яллагч Н.Булганчимэг,

Шүүгдэгч Э.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гончигийнхон овогт Энэбишийн Даланбаярт холбогдох эрүүгийн 1711010080263 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч Гончигийнхон овогт Э.Д, Монгол Улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Их тамир суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Төгс мебель тавилгын үйлдвэрт мужаан ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-96б тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 175 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, .......................

 

Шүүгдэгч Э.Д нь 2017 оны 10 дугаар сарын 10-наас 11-ний шилжих шөнө 01 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Хувьсгалчдын 11 дүгээр гудамжинд Б.Төмөрбаатарыг монгол гэрийн униар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “.Тэгээд бид 3 архи уугаад юм яриад сууж байсан чинь би Ганбаатартай жаахан зүйлээс болж маргалдаж барьцалдаж аваад ноцолдоод байж байсан чинь Төмөрбаатар дундуур орж ирээд салгаж Ганбаатарыг аваад гараад явчихсан. Тэгээд би гэртээ байж байснаа гэнэт араас нь гармаар санагдаад газар руу харахад манай гэрийн унь уначихсан байхаар нь түүнийг авч гараад Төмөрбаатар, Ганбаатар нарын араас нь автобусны буудал руу явж байсан чинь манай хашааны баруун талд байрлах Баялаг гэх нэртэй хүнсний дэлгүүрийн хажууд зогсож байхаар нь би гүйж очоод Төмөрбаатар сууж байсан ба түүний толгой хэсэг рүү нь барьж явсан монгол гэрийн униараа 1 удаа цохичихоод хажуугийн хашааны мухарт сууж байсан чинь манай эхнэр Дэлгэрсайхан ирээд юу болов гэр рүүгээ явъя гэхээр нь дагаж очоод гэртээ амарсан ..” гэсэн мэдүүлэг /хх 34-35х/,

Шүүгдэгч Э.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Төмөрбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2017 оны 10 дугаар сарын 11-ний 17 цагийн орчим Чингэлтэй дүүрэг дэх Баянхошууны Хөтөл рүү өгсөх замд найз Ганбаатар, Даланбаяр нарын ажил дээр очиж сууж байгаад Даланбаяр, Ганбаатар нар ганц шил архи ууя гэсэн чинь нөгөө 2 зөвшөөрч би дэлгүүр явж 0.75 литрийн Сархад архи авч бид нар ажил дээр нь хувааж уучихаад гарч урдхан талд байрлах Даланбаярын гэрт нь хувааж уугаад яриад сууж байсан чинь Даланбаяр Ганбаатар нар нь хоорондоо муудалцсан шинжтэй болоод байхаар нь би боль гээд болиулчихаад сууж байтал гаднаас нэг залуу орж ирээд Даланбаяртай юм ярьж сууж байгаад удалгүй гараад явсан. Тэгээд бид гурав үргэлжлүүлээд уугаад сууж байтал Даланбаяр дахин Ганбаатартай хэрэлдэж маргалдаж барьцалдаж авч дээр доороо ороод ноцолдоод байхаар нь би очиж салгаж гэрээс гараад зогсож байтал дахин муудалцаж газар унаад шороотой хутгалдаад байхаар нь нилээн юм болгож салгаж байгаад салгаад Ганбаатарыг аваад хашаанаас гарах үед Даланбаярын эхнэр түүнийг аваад гэртээ орж байсан. Тэгээд Ганбаатарыг дагуулаад гэр лүүгээ явахаар төв замын хажууд Баялаг нэртэй дэлгүүрийн урд талд зогсож байсан чинь Даланбаяр гартаа мод мэт зүйл барьчихсан гүйж ирж байх шиг байсан би санаанд ч ороогүй дэлгүүрийн хажууд зогсож байтал монгол гэрийн унь барьж ирээд миний толгой руу 1 удаа цохих шиг болсон тэрхэн зуур нилээн ухаан балартаад нэг мэдсэн чинь толгой хагарчихсан нилээн их хэмжээний цус гарч байсан ..надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ..” гэсэн мэдүүлэг /хх-11-12х/,

Гэрч Э.Ганбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Төмөрбаатарын хамт гарч гэртээ харих санаатай зам руу гарах гээд явж байсан чинь агсам тавиад байсан Даланбаяр нь бид хоёрын араас монгол гэрийн унь барьчихсан хөөж гүйж ирээд Төмөрбаатарыг зодчихсон ..” гэсэн мэдүүлэг /хх-15-16х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12889 тоот шинжээчийн дүгнэлтэд:

“1. Б.Төмөрбаатарын биед тархи доргилт, духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-27х/,

Шүүгдэгч Э.Дын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 36/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 40/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-39/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Э.Д нь 2017 оны 10 дугаар сарын 10-наас 11-ний шилжих шөнө 01 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Хувьсгалчдын 11 дүгээр гудамжинд Б.Төмөрбаатарыг монгол гэрийн униар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Э.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Д нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн ба түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгохоор шүүх шийдвэрлэлээ.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцсон ба шүүгдэгч Э.Дын торгох ялыг 2018 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хохирогч Б.Төмөрбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед 134.000 төгрөгийн баримт хэрэгт хавсаргасныг шүүгдэгч Э.Даас гаргуулан олгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.