Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/374

 

           

 

 

   2023              4             06                                     2023/ДШМ/374

Б.Тт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Төгсжаргал,

шүүгдэгч Б.Т,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Тийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2210000001198 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

***************** овгийн Б.Т, 19** оны * дугаар сарын **-ны өдөр Архангай аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*****************” ХХК-д цахилгаан халаалтын системийн угсралтын туслах ажилтай, ам бүл 4, эцэг, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн ** дүгээр хороо, * дүгээр хороолол, ** дугаар байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:**0000000/;

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 380 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан;

Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний шөнө 0200 цагийн үед Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****************” караокед “Найз чинь манай найзыг оролдсон байна” гэх шалтгаанаар Л.Лгийн нүүрэн тус газар 3-4 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шүүгдэгч Б.Тийг шийтгэсэн 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т шийтгэсэн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг түүнд анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Төөс 2.124.900 төгрөг гаргуулан хохирогч Л.Лд олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Т энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, хохирол төлбөрөө барагдуулах болно. Миний аав Ё.Б нь элэгний хүнд өвчний улмаас элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болсон. 2022 оны 9 дүгээр сарын 21-нд УНТЭ-ийн Элэг шилжүүлэх төвийн багийн хурлаар элэг шилжүүлэн суулгах мэс засал, эмчилгээний хүлээлгийн жагсаалтанд бүртгэгдэн хүлээж байна. Б.Т миний бие аав Ё.Батбямбын донор болон элэгээ өгөхөөр болж 2022 оны 9 дүгээр сарын 21-нд УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах төвийн багийн хурлаар мэс заслын хүлээлгийн жагсаалтад бүртгэгдсэн. Миний аав Ё.Б болон Б.Т би 3 сар тутамд клиник лаборторийн шинжилгээ хийлгэж, тогтмол эмчийн хяналтанд байж эмчилгээ хийлгэдэг. Хэрэв дээрх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлбэл миний эрүүл мэндэд нөлөөлж аавынхаа донор болж чадахгүй болох нөхцөл байдал үүсч болзошгүй тул аавынхаа амь насыг аварч чадахгүйд хүрээд байна. Миний амьдралын хүнд байдлыг харгалзан үзэж хөнгөн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор Л.Төгсжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Тийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан. Эцгийнхээ элэгний донор болохоор хүлээлгэнд байгаа гэсэн баримтыг гаргаж өгсөн байна. Гэвч уг баримт нь хуулийн шаардлагыг хангахгүй буюу хуулбар үнэн гэх дардасгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний шөнө 0200 цагийн үед Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ворлд сити” караокед “Найз чинь манай найзыг оролдсон байна” гэх шалтгаанаар Л.Лгийн нүүрэн тус газар 3-4 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ч.Л.Лгийн “...нүдний шилтэй том, биерхүү залуу миний нүүр хэсэг рүү гэнэт л хэд хэдэн удаа цохиод авсан бөгөөд би манараад хамарнаас цус гараад нэг мэдэхэд салсан байсан. Миний зүүн талын нүдний доор язарч цус гарсан, мөн хамар хавдаж мурийсан, нүд хавдсан байсан тул цагдаад дуудлага өгсөн. ...” /хх 11/,

шүүгдэгч Б.Тийн яллагдагчаар өгсөн “...костюм пиджактай хүн шууд дайрах гэхээр нь би багалзуурыг нь шахаад болиулах гэхэд үргэлжлүүлээд зүтгэхээр нь нүүр рүү нь 3 удаа баруун гараараа цохьсон юм. ... Би гэм буруу дээр маргахгүй, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. ...” /хх 24/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 13546 дугаар “...Л.Лгийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, хамрын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” дүгнэлт /хх 19-20/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Тийг хохирогч Л.Лд хүч хэрэглэсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Тт холбогдох хэргийн үйл баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Б.Т “...400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлбэл миний эрүүл мэндэд нөлөөлж аавынхаа донор болж чадахгүй болох нөхцөл байдал үүсч болзошгүй тул аавынхаа амь насыг аварч чадахгүйд хүрээд байгааг харгалзан үзэж, хөнгөн ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргаж, эцгийнхээ элэг шилжүүлэн суулгуулах мэс заслын донор болох гэж буй талаарх баримт, эрүүл мэндийн байдлыг давж заалдах гомдолдоо хавсаргажээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэгэж заажээ.  

Тэрээр, гэм буруугаа ойлгон шүүхээс хохирогчид төлөхөөр заасан хохирлыг бүрэн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ... учруулсан хохирлыг төлсөн гэж заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал үүссэнийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлэн торгох ял болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, энэхүү үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн 2023/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг “Шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин Б.Т болсноос хойш 90 хоногийн дотор төлөхийг мэдэгдсүгэй” гэсэн,

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Т нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч Б.Т нь бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР