| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00572/и |
| Дугаар | 152/ШШ2024/00542 |
| Огноо | 2024-11-25 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 152/ШШ2024/00542
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: У аймгийн ... сумын . дугаар баг, . дугаар байрны ... тоотод оршин суух, регистрийн дугаар ...., Ш ургийн овогт Б-ын Ч-ийн
Хариуцагч: У а-гийн З д-ын Т-гын газарт холбогдох,
Тус тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/71 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/71 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Уг тушаалыг эс зөвшөөрч Улаангом сумын хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан. Ажлаас чөлөөлөхдөө байхгүй орон тооноос чөлөөлсөн, хуулийн дагуу мэдэгдэл өгөөгүй, нэг удаагийн тэтгэмж олгоогүй зөрчилтэй тушаал гаргасан байна. Иймд У аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/71 дүгээр ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Чийн нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Б.Чийг ажилд эргүүлэн томилох тухай 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/6 дугаар тушаал гаргахдаа Засаг даргын Тамгын газрын бутэц орон тоонд байхгүй ажил албан тушаал дээр томилсон байна. Мөн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/71 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 буюу аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр чөлөөлсөн бөгөөд энэ тухай урьдчилан мэдэгдсэн албан мэдэгдэл хүргүүлээгүй болно. Улмаар Б.Чийг эргүүлэн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/94 тушаалаар нийтлэг үйлчилгээний албаны дарга орон тоон дээр томилсон бөгөөд уг тушаал нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байх бөгөөд аймгийн ЗДТГ-ын бүтэц орон тоо шинэчлэн батлах тухай аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/701 дугаар захирамжаар нийтлэг үйлчилгээний албаны даргын орон тоог бий болгосон болно. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. Хавсралтаар бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай Аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/701 дугаар захирамжыг хүргүүлэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Чийн хариуцагч У аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдох, тус тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/71 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Чийн тус тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/71 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч У аймгийн У аймгийн Засаг даргын тамгын газрын дарга биелүүлсэн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, болон тус тамгын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/94 дүгээр “Ажилд эгүүлэн тогтоох тухай” тушаалаар нотлогдож байна. Иймд хариуцагч У аймгийн Засаг даргын тамгын газар нь нэхэмжлэгч Б.Чийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй ба нэхэмжлэгч Б.Чийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлд ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийн тал хувь буюу 35,100 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Ч-ийн У аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/71 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч У аймгийн Засаг даргын тамгын газар биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Чийн шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгэр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч У аймгийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 35,100 төгрөг гаргуулан Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ