| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00529/и |
| Дугаар | 152/ШШ2024/00546 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 152/ШШ2024/00546
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн ... сумын ... дүгээр баг, Сургуулийн хороо ... тоотод байрлах, .... регистрийн дугаартай, Д ХХК-ийн,
Хариуцагч: Увс аймгийн ... сумын ... дугаар багт байрлах, У аймгийн Б сумын ЕБС-д холбогдох,
Дулааны эрчим хүчний төлбөр 46,538,784 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, хариуцагч Б.В, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Увс аймгийн Бөхмөрөн сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан дулааны төлбөр 46,538,784 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Д ХХК нь Бөхмөрөн сумын нэгдсэн халаалтыг 2013 оноос хойш хариуцан ажиллуулж байгаа бөгөөд Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс батлан хэрэгжүүлдэг халаалтын үнэ тарифыг мөрдөн ажилладаг. 2017 онд батлан гаргасан үнэ тариф нь 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл мөрдөгдсөн. Аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор үнэ тарифыг шинэчлэн баталж хэм хэмжээний актын бүртгэлд бүртгүүлж 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон. Уг тогтоол нь бүх нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт учраас Хууль зүйн яаманд бүртгүүлдэг. 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Хууль зүйн яаманд бүртгэгдэж Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдсэн. 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш тогтоолын дагуу үнэ тариф нэмэгдээд явахаар байсан. Д компанийн хувьд үнэ тариф нэмэгдсэн талаар хэрэглэгч байгууллагадаа албан бичиг өгсөн. Гэрээг шинэчилж хийсэн боловч өнгөрсөн оны төсөвт үнэ тарианд нэмэгдүүлээгүй багаар суулгачихсан гэдэг үндэслэл яриад одоог хүртэл энэ хэмжээний зөрүүг өгөхгүй байгаа. Эрчим хүчний тухай хуульд хэрэглэгчийн үүргийг дурдсан байдаг. Уг хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасны дагуу хэрэглэгчид мэдэгдсэнээс хойш хангагчтай байгуулсан гэрээндээ зохих зүйл, өөрчлөлт оруулаагүй нь энэхүү өөрчлөлтийг мөрдөхөөс татгалзах үндэслэл болохгүй гэж заасан. Гэрээнд өөрчлөлт оруулаагүй байсан ч гэсэн хэрэгжүүлэх үүрэгтэй. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дэх хэсэгт хэрэглэгчийн үүргийг эрчим хүчний өрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөхөөр заасан. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу бүх нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээний акт үүнийг мөрдөх ёстой. Гэтэл Бөхмөрөн сумын Ерөнхий боловсролын сургууль дагаж мөрдөөгүйгээс болж 46,538,784 төгрөгийн дулааны өр төлбөр үүссэн. Иймд Бөхмөрөн сумын Ерөнхий боловсролын сургуулиас 46,538,784 төгрөг гаргуулж Д ХХК-д олгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.В шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллага дээр 2023 оны хувьд түлш халаалтын зардал нэмэгдсэнтэй холбоотой 46,5 сая төгрөгийн өр үүссэн. Манай сургуулийн хувьд төлбөр их гарсан учир шалтгаан нь 2 дотуур байр, 1 сургууль, сургуулийн өргөтгөл зэрэг барилгуудтай холбоотой. 2023 оны төсвийн төсөл өгөх үед үнэ тарифын нэмэгдэлтэй холбоотой ямар нэгэн бичиг ирээгүй тул хуучин тарифаар төлбөрөө төлсөн. Тухайн нэмэгдсэн үнэ тарифтай холбоотой мөнгө төрөөс шийдэгдэж ирээгүй учраас дулааны төлбөрийг төлөх боломжгүй. Дулааны төлбөрийг манай сургуулийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч төсөв хүрэлцэхгүй байгаа учраас төлөх боломжгүй байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар Тариф батлах тухай тогтоол, хавсралт, Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаар гэрээ, хавсралт, Д ХХК-ийн дүрэм, нэхэмжлэх, тооцооны үлдэгдлийн баталгаа, дансны хуулга, Д ХХК-ийн Увс аймгийн Засаг дарга, Увс аймгийн Санхүү, Төрийн сангийн хэлтэст хандаж гаргаж байсан хүсэлтүүд зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д ХХК-ийн хариуцагч Увс аймгийн Бөхмөрөн сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан гаргасан дулааны эрчим хүчний төлбөр 46,538,784 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2.1. Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор үнэ тарифыг шинэчлэн баталж хэм хэмжээний актын бүртгэлд бүртгүүлж 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон.
2.2. Д ХХК-ийн хувьд үнэ тариф нэмэгдсэн талаар хэрэглэгч байгууллагадаа албан бичиг өгсөн. Гэрээг шинэчилж хийсэн боловч өнгөрсөн оны төсөвт үнэ тарианд нэмэгдүүлээгүй багаар суулгачихсан гэдэг үндэслэл яриад одоог хүртэл энэ хэмжээний зөрүүг өгөхгүй байгаа.
2.3. Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасны дагуу хэрэглэгчид мэдэгдсэнээс хойш хангагчтай байгуулсан гэрээндээ зохих зүйл, өөрчлөлт оруулаагүй нь энэхүү өөрчлөлтийг мөрдөхөөс татгалзах үндэслэл болохгүй гэж заасан. Мөн Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дэх хэсэгт хэрэглэгчийн үүргийг эрчим хүчний өрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөхөөр заасан.
2.4. Иймд Бөхмөрөн сумын Ерөнхий боловсролын сургуулиас 46,538,784 төгрөг гаргуулж Д ХХК-д олгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
3.1. Манай байгууллага дээр 2023 оны хувьд түлш халаалтын зардал нэмэгдсэнтэй холбоотой 46,5 сая төгрөгийн өр үүссэн. Манай сургуулийн хувьд төлбөр их гарсан учир шалтгаан нь 2 дотуур байр, 1 сургууль, сургуулийн өргөтгөл зэрэг барилгуудтай холбоотой.
3.2. Тухайн нэмэгдсэн үнэ тарифтай холбоотой мөнгө төрөөс шийдэгдэж ирээгүй учраас дулааны төлбөрийг төлөх боломжгүй. Дулааны төлбөрийг манай сургуулийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч төсөв хүрэлцэхгүй байгаа учраас төлөх боломжгүй байна гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Д ХХК болон Увс аймгийн Бөхмөрөн сумын Ерөнхий боловсролын сургуулийн хооронд 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 05 дугаартай дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээг байгуулагдсан байх ба уг гэрээгээр хангагч хэрэглэгчийн хоорондох дулааны төлбөр тооцоог Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар тогтоолоор баталсан үнэ тарифыг мөрдлөг болгохоор, дулааны төлбөр 1м3 тутамд 1842 төгрөг /НӨАТ-гүй/ бөгөөд НӨАТ-ын хамт сар бүрийн 25-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцжээ.
4.2. Дээрх үйл баримтаас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
4.3. Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор Д ХХК-ийн Бөхмөрөн сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг тогтоосон байх ба хариуцагч тухайн тогтоол болон дулааны эрчим хүчний төлбөр 46,538,784 төгрөгийн үнийн дүнгийн хувьд маргадаггүй, харин тухайн нэмэгдсэн үнэ тарифтай холбоотой мөнгө төрөөс шийдэгдэж ирээгүй учраас дулааны төлбөрийг төлөх боломжгүй гэж маргасан.
5. Д ХХК болон Увс аймгийн Бөхмөрөн сумын Ерөнхий боловсролын сургууль нь эрчим хүч худалдах-худалдан авах гэрээг байгуулахдаа гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, бие даан байгуулж харилцан үүрэг хүлээсэн байх тул нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Увс аймгийн Бөхмөрөн сумын Ерөнхий боловсролын сургуулиас гэрээний үүргийн биелэлтийг шаардах, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.
6. Түүнчлэн Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна гэж, 30 дугаар зүйлийн 30.1-д Хэрэглэгч нь дараахь эрх, үүрэгтэй гэж, мөн зүйлийн 30.1.2-т эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх гэж, 31 дүгээр зүйлийн 31.1-д Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд хийх эрчим хүчний хэрэглээний тооцоог эрх бүхий байгууллагын баталгаажуулсан тоолуурын заалтыг үндэслэн мөрдөгдөж байгаа тариф, гэрээний үнийн дагуу тооцно гэж заасан.
7. Иймд дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Увс аймгийн Бөхмөрөн сумын Ерөнхий боловсролын сургуулиас дулааны эрчим хүчний төлбөр 46,538,784 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
8. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390,644 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Увс аймгийн Бөхмөрөн сумын Ерөнхий боловсролын сургуулиас 390,644 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар хариуцагч У аймгийн Б сумын Е боловсролын сургуулиас дулааны эрчим хүчний төлбөр 46,538,784 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390,644 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч У аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулиас 390,644 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д ХХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ