| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00298/и |
| Дугаар | 152/ШШ2024/00555 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 152/ШШ2024/00555
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн ... сумын .... дугаар багт байрлах, .... улсын бүртгэлийн дугартай, .... регистрийн дугаартай, У ХХК-ийн,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын .. дугаар багт байрлах, У ХХК-д холбогдох,
Дулааны төлбөр 110,731,236 төгрөг, алданги 55,365,618 төгрөг, нийт 166,096,854 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Увс дулааны станц ХХК нь Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт Дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагаа явуулдаг онцгой объект бөгөөд Увс аймгийн Улаангом сумын ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагад дулаан үйлдвэрлэж, дамжуулах, түгээх, дамжуулах үйл ажиллагааг хэвийн явуулж, дулаанаар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн. Хариуцагч С нь 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дулааны, эрчим хүч хэрэглэсэн 110,731,236 төгрөгийг төлөхгүй байгаагаас шалтгаалж Увс дулааны станц ХХК нь цахилгаан эрчим хүч, татвар, нийгмийн даатгалын шимтгэл, нүүрс, дизель түлшний их хэмжээний өрөнд орж цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдал үүсч байна. Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж, 6 дугаар зүйлийн 6.1.11-д халаалтын улирал эхлэх, дуусах огноог тогтоон гэж тус тус хуульчилсан. Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 170 дугаартай Халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоох тухай тушаалаар Увс аймгийн халаалтын улирал эхлэх хугацааг тухайн оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр, дуусах хугацааг дараа оны 5 дугаар сарын 15-ны өдрөөр тогтоосон. Нэхэмжлэгч Увс дулааны станц ХХК нь дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх хангах үйл ажиллагааг хуулийн дагуу тасралтгүй хугацаандаа явуулж ирсэн болно. Увс дулааны станц ХХК нь Увс аймгийн Улаангом сумын Сарнай буудлын эзэн Н.Эт 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 1/47 дугаартай Албан мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хүргүүлж, 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор дулааны эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө төлөхийг хүсэж шаардсан боловч өнөөдрийг хүртэл дулааны төлбөр төлөөгүй байна. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувь хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна гэж хуульчилсан. Иймд хариуцагч Сарнай буудлаас 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх төлөгдөөгүй дулааны төлбөр 110,731,236 төгрөг, алданги 55,365,618 төгрөг, нийт 166,096,854 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай коллпаний Сарнай зочид буудал нь Увс аймгийн 1 дүгээр дулааны станцын шугамнаас халаалт авдаг бөгөөд 110 сая төгрөгийн төлбөр байснаас тодорхой хэмжээгээр төлж байгаа. Одоогийн байдлаар үлдэгдэл 89 сая төгрөгийн төлбөртэй байгаа билээ. Би өөрийн биеэр Д.С захиралтай уулзаж өр төлбөр дээр алданги тооцсон байсныг хасуулж, үндсэн төлбөр болох 110 сая төгрөгөөс 50 сая төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгийг график гарган төлж дуусгах талаар харилцан тохиролцсон юм. Тэгээд би энэ оны 6 дугаар сараас хойш тодорхой хэмжээгээр 21 сая гаруй төгрөгийн төлбөрийг төлж, 89 сая төгрөгийн үлдэгдэлтэй болгосон. Би огт төлөхгүй байгаа биш өөрийн боломжоор бүгдийг төлж барагдуулахаар зүтгэсээр л байгаа, надад энэ төлбөрийг барагдуулахаас зайлсхийсэн ямар ч санаа зорилго байхгүй. Энэ өр төлбөрийг аль эрт төлөх зорилготой байсан боловч миний эхнэр хүндээр өвдөж 2020 оноос хойш эмчилгээнд төлөвлөгдөөгүй маш их зардал гарч эдийн засаг, санхүүгийн алдагдалд орсон нь үнэн. Надад уг нь дээрх шалтаг тайлбар тавих чин хүсэл байгаагүй. Надад үнэн байдлаа хэлэхээс өөр арга алга. Яагаад гэвэл миний бүх гүйлгээний данс хаагдсан, надад болон гэр бүлд маань үнэхээрийн хүнд байна. Ямар нэгэн бизнесийн үйл ажиллагааг явуулж байж л би дээрх өр төлбөрийг барагдуулах ёстой гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Өлзийтогтох нар шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Увс дулааны станц ХХК-ийн захирал Д.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э би хариуцагч У ХХК-ийн захирал Н.Эт холбогдуулан 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх төлөгдөөгүй дулааны төлбөр 110,731,236 төгрөг, алданги 55,365,618 төгрөг, нийт 166,096,854 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Увс дулааны станц ХХК-ийн ерөнхий захирал Д.С, У ХХК-ийн захирал Н.Э нар харилцан тохиролцон Сарнай зочид буудлын халаалтын өр төлбөр төлж барагдуулах хуваарь гаргасан байна. Тус хуваарийн дагуу хариуцагч У ХХК нь дулааны төлбөр төлж барагдуулахаар талууд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцлоо. Нэхэмжлэгч Увс дулааны станц ХХК-ийн захирал Д.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э би хариуцагч У ХХК-аас алданги 55,365,618 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хэрэв дээрх төлбөр төлөх хуваарийн дагуу хариуцагч У ХХК нь хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн болно. 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хийсэн халаалтын төлбөр төлж барагдуулах хуваарийг талууд хэн нэгний дарамт шахалтгүй сайн дурын үндсэн дээр хийсэн болно. Зохигчдын хооронд хийсэн халаалтын төлбөр төлж барагдуулах хуваарь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй. Иймд нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх гэрээг дулааны төлбөр төлөх хуваарийн хамт ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Увс дулааны станц ХХК нь хариуцагч У ХХК-д холбогдуулан дулааны төлбөр 110,731,236 төгрөг, алданги 55,365,618 төгрөг, нийт 166,096,854 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Увс дулааны станц ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахадаа хариуцагчийг С гэж тодорхойлсон боловч эвлэрлийн гэрээг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Өлзийтогтох нар байгуулан ирүүлсэн байна. Сарнай буудлыг У ХХК хариуцан ажиллуулдаг болох нь хариуцагчийн хариу тайлбар, улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул хариуцагчийг У ХХК гэж тодорхойлов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э дулааны төлбөр 110,731,236 төгрөг, алданги 55,365,618 төгрөг, нийт 166,096,854 төгрөг гаргуулах тухай шаардлагаас алданги 55,365,618 төгрөгөөс татгалзаж, хариуцагч У ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас тодорхой хэсгийг төлж, үлдэх дулааны төлбөр 73,195,129 төгрөгийг 2024 оны 12 дугаар сараас 2025 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Өлзийтогтох нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Хариуцагч С нь 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дулааны, эрчим хүч хэрэглэсэн 110,731,236 төгрөгийг төлөхгүй байгаа... гэж тайлбарласан. Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны дулааны төлбөр 73,195,129 төгрөг дээр 2024 оны 12 дугаар сараас 2025 оны 5 дугаар сарыг дуустал хугацааны дулааны төлбөрийг нэмж гэрээ байгуулсныг батлаагүй болно. Учир нь нэхэмжлэгч тал тухайн төлбөртэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй, цаг хугацааны хувьд хариуцагчид 2024 оны 12 дугаар сараас 2025 оны 5 дугаар сарыг дуусталх хугацааны төлбөрийг төлөх үүрэг үүсээгүй байна.
Шүүх хуралдаан дээр зохигчид эвлэрсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг зохигчдод хувааж хариуцуулахаар заасан тул нэхэмжлэгч Увс дулааны станц ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 988,435 төгрөгөөс төгрөгөөс 494,217.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 494,217.5 төгрөгийг, хариуцагч У ХХК-аас зохигчдын эвлэрсэн хэмжээ болох 73,195,129 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 523,926 төгрөгийн тал хувь буюу 261,963 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Увс дулааны станц ХХК-д олгох нь зүйтэй.
Тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1696 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эын шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг хангаж, хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн буюу 166,096,854 төгрөгийн хэмжээгээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар зогсоож шийдвэрлэсэн. Зохигчид эвлэрсэн тул дээрх шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Өлзийтогтох нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дулааны төлбөр 110,731,236 төгрөг, алданги 55,365,618 төгрөг, нийт 166,096,854 төгрөг гаргуулах тухай шаардлагаас алданги 55,365,618 төгрөгөөс татгалзаж, хариуцагч У ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас тодорхой хэсгийг төлж, үлдэх дулааны төлбөр 73,195,129 төгрөгийг 2024 оны 12 дугаар сараас 2025 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Увс дулааны станц ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 988,435 төгрөгөөс 494,217.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 494,217.5 төгрөг, хариуцагч У ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 261,963 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Увс дулааны станц ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1696 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ