| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00636/и |
| Дугаар | 152/ШШ2024/00556 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 152/ШШ2024/00556
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн ... сумын .... баг, Алтач хорооллын ....тоотод оршин суух, регистрийн дугаар ...., Б ургийн овогт Д-гийн А-гийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1991 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөөд 1991 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдлийн ерөнхий хорооны даргын 38 дугаар тушаалаар тус нэгдэлд нэгдлийн хянан шалгах комиссын даргаар томилогдон ажиллаж эхэлсэн. Улмаар 1992 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс Социализмын зам нэгдэл хувьчлагдаж, сумын захиргаа, хөдөө аж ахуйн брокерийн пүүс, Дэлгэрмөрөн ХК болж тус тус хуваагдсан. Миний бие нэгдэл хувьчлагдсаны дараа үргэлжлүүлэн тус сумын Хөдөө аж ахуйн брокерийн пүүсэд нягтлан бодогчоор ажилд орсон бөгөөд 1993 оны 1 дүгээр сарыг дуустал тус пүүсэд ажиллаж байгаад 1993 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн сумын Засаг даргын тамгын газрын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн. Улмаар одоог хүртэл тус байгууллагадаа төсөв, төрийн сангийн мэргэжилтнээр тасралтгүй ажиллаж байна. 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр өндөр насны тэтгэвэрт гарах болж, холбогдох баримт бичгийг бүрдүүлэхэд миний 1991 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ажилд томилогдсон тушаал байгаа боловч нэгдэл хувьчлагдах үед ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй, хөдөө аж ахуйн брокерийн пүүсэд ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүйн улмаас тэтгэврээ тогтоолгох боломжгүй болоод байна. Иймд миний 1991 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд хянан шалгах комиссын даргаар, 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус сумын Хөдөө аж ахуйн брокерийн пүүсэд нягтлан бодогчоор, 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Түргэн сумын Засаг даргын тамгын газарт ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үүгэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтэр, төрөлтийн түүх, Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 373 дугаар тодорхойлолт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 388 дугаар, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 459 дүгээр архивын лавлагаа, Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 113 дугаар Дадлага удирдах тухай тушаал, 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 38 дугаар Нэгдлийн ХШК-ын дарга сонгох тухай тушаал, Увс аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 26 дугаар Хувьчлах төсөл батлах тухай тогтоол, Увс аймгийн Түргэн сумын Засаг даргын 1993 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаар Ажилд томилох тухай захирамж, гэрч Б.Д, Л.Ц нарын иргэний үнэмлэхийн болон ажилд томилох тухай тушаалын хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс Б.Д, Л.Ц нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, гэрлэснийг бүртгэх анкет зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Агийн 1991 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд хянан шалгах комиссын даргаар, 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус сумын Хөдөө аж ахуйн брокерийн пүүсэд нягтлан бодогчоор, 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Түргэн сумын Засаг даргын тамгын газарт ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Д.Агийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 373 дугаар тодорхойлолтод: Увс аймгийн Түргэн сумын брокерийн пүүсийн баримт тус архивд шилжиж ирээгүй тул Дгийн Ад холбогдох баримтыг гаргах боломжгүй болно гэжээ.
3.2. 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ХААИС-аас Д.Ад олгосон хөдөлмөрийн дэвтэрт 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ХААИС-ийн эдийн засгийн ангид оюутнаар элсүүлэв, 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ХААИС-ийн эдийн засагч мэргэжлээр төгсгөв, 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдөр НХДЗ-ийн 8-р их хурлын шийдвэрийг үндэслэн тус нэгдэлд нэгдлийн дотоод ардчилал, гишүүдийн эрх ашиг хамгаалсан хяналтын алба байх шаардлагатайг үндэслэн нэгдлийн хянан байцаах комиссын даргаар сонгов, 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Социализмын зам нэгдэл компани болж задарсантай холбогдуулан нэгдлийн хянан шалгах комиссын даргаас чөлөөлж, брокерийн пүүсийн ня-богоор томилов, 1993 оны 2 дугаар сарын 01-ний өдөр өөр ажилд шилжих болсон тул брокерийн пүүсийн ня-богоос чөлөөлөв, 1993 оны 2 дугаар сарын 01-ний өдөр тамгын газарт ня-богийн орон тоо гарсан тул тамгын газрын ня-богоор томилов, 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр 3 жил 6 сар ня-богоор ажилласан гэсэн бичилтүүд хийгджээ.
3.3. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 388 дугаар, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 459 дүгээр архивын лавлагаанд: Д.Агийн ажиллаж байсан Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэл 1991 онд, Брокерийн пүүс нь 1992-1993 онд шимтгэл төлөлтийн тайлан /НД-16/-аар тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно гэжээ.
3.4. Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 38 дугаар Нэгдлийн ХШК-ын дарга сонгох тухай тушаалаар Д.Аг нэгдлийн хянан шалгах комиссын даргаар 1991 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс томилсон, Увс аймгийн Түргэн сумын Засаг даргын 1993 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаар Ажилд томилох тухай захирамжаар Д.Аг тус тамгын газрын санхүүгийн ерөнхий нягтлан бодогчоор 1993 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс томилсон байх ба эдгээр тушаалууд нь нэхэмжлэгчийн 1991-1994 онд ажиллаж байсан байдалтай хамааралтай байх тул тушаалуудыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.
Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 113 дугаар Дадлага удирдах тухай тушаалаар ХААДС-ийн эдийн засгийн ангийн оюутан Д.Агийн дадлагын ажлыг удирдах ажилтныг томилсон, Увс аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 26 дугаар Хувьчлах төсөл батлах тухай тогтоолоор тус нэгдлийн хувьчлах төслийг зөвшөөрч хувьчлах хөрөнгийг 18479,4 мянган төгрөгөөр тогтоосон байх ба эдгээр тушаалууд нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй байна.
3.5. Д.Агийн гэрлэснийг бүртгэх анкетыг 1991 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бүртгэхэд Ажилладаг байгууллага, эрхэлдэг ажил хэсэгт - Түргэн сум, хянан байцаагч гэж, Д.Агийн 1992 оны 7 дугаар сарын 22-ны өдөр нээсэн төрөлтийн түүхэд мэргэжил ня-бо гэж бүртгэгджээ.
3.6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б.Д, Л.Ц нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Б.Д Миний бие 1985 оноос 1992 он хүртэл Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд нягтлан бодогчоор, 1992 оноос Ургац ХХК-д нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан ба тус нэгдэл 1992 онд тарсан. Д.А нь 1991-1992 онд Социализмын зам нэгдэлд хянан шалгах хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд 1992 онд тус нэгдэл тарахад Хөдөө аж ахуйн брокерийн пүүсэд нягтлан бодогчоор ажилласан гэж, гэрч Л.Ц Миний бие 1992 оноос 2023 он хүртэл Увс аймгийн Түргэн сумын захиргаанд бичээч, архив, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан. Хэдэн оноос Засаг даргын тамгын газар гэх нэршилтэй болсныг сайн мэдэхгүй байна. Д.А нь 1991 оноос 1992 онд Социализмын зам нэгдэлд хянан шалгах хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд 1992 онд тус нэгдэл тарахад Хөдөө аж ахуйн брокерийн пүүсэд нягтлан бодогчоор ажиллаж байгаад 1993 оноос Түргэн сумын Засаг даргын тамгын газарт нягтлан бодогчоор ажиллах болсон ба 1994 оныг дуустал ажилласан гэж тус тус мэдүүлсэн ба тэдний Д.А 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус сумын Хөдөө аж ахуйн брокерийн пүүсэд нягтлан бодогчоор ажиллаж байсан гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
4. Д.Ад олгосон хөдөлмөрийн дэвтэрт түүний брокерийн пүүсэд ажиллаж байсан байдалтай холбоотой 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Социализмын зам нэгдэл компани болж задарсантай холбогдуулан нэгдлийн хянан шалгах комиссын даргаас чөлөөлж, брокерийн пүүсийн ня-богоор томилов, 1993 оны 2 дугаар сарын 01-ний өдөр өөр ажилд шилжих болсон тул брокерийн пүүсийн ня-богоос чөлөөлөв гэх бичилтүүд хийгдсэн байх боловч брокерийн пүүсийн тамга дарж баталгаажуулаагүй байна. Мөн Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 388 дугаар архивын лавлагаанд Д.Агийн ажиллаж байсан Брокерийн пүүс нь 1992-1993 онд шимтгэл төлөлтийн тайлан /НД-16/-аар тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно гэсэн байх боловч тухайн баримт нь Брокерийн пүүс 1992-1993 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх баримт байна. Ийнхүү нэхэмжлэгч нь 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус сумын Хөдөө аж ахуйн брокерийн пүүсэд нягтлан бодогчоор ажилалж байсан болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Харин нэхэмжлэгч Д.А 1991 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд хянан шалгах комиссын даргаар, 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Түргэн сумын Засаг даргын тамгын газарт ерөнхий нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтрийн 1991-1992, 1993-1995 оны бичилттэй хэсэг, төрөлтийн түүх, 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 38 дугаар Нэгдлийн ХШК-ын дарга сонгох тухай тушаал, Увс аймгийн Түргэн сумын Засаг даргын 1993 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаар Ажилд томилох тухай захирамж, гэрлэснийг бүртгэх анкет зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
6. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Бархайнхан ургийн овогт Дгийн Агийн 1991 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд хянан шалгах комиссын даргаар, 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Түргэн сумын Засаг даргын тамгын газарт ерөнхий нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус сумын Хөдөө аж ахуйн брокерийн пүүсэд нягтлан бодогчоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Бархайнхан ургийн овогт Дгийн Агийн 1991 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд хянан шалгах комиссын даргаар, 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Түргэн сумын Засаг даргын тамгын газарт ерөнхий нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус сумын Хөдөө аж ахуйн брокерийн пүүсэд нягтлан бодогчоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ