Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 126/ШШ2016/0034

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, Д.Бүрнээ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: И************* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Я.Т************* д холбогдох,

Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийнНийгмийн даатгалын шимтгэл, алданги нөхөн ногдуулах тухай 68 дугаар актыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Ж.Ц************* , нэхэмжлэгч И************* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б************* , хариуцагч нийгмийн даатгалын улсын байцаагч Я.Т************* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И************* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын улсын байцаагч Я.Т*************  манай компанийн 2011, 2012 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн байдалд шалгалт хийж, 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаартай улсын байцаагчийн актаар 45 313 026 /дөчин таван сая гурван зуун арван гурван мянга хорин зургаан/ төгрөгийн төлбөр ногдуулсан юм. Уг актыг И************* ХХК-ийн захирлын хувьд дараахь үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Нэгдүгээрт. Хөвсгөл аймгийн И************* ХХК нь 2011, 2012 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлөхдөө үндсэн ажилчдын бодит цалингаас тооцож шимтгэл бодсон.

Хоёрдугаарт. Хөвсгөл аймгийн И************* ХХК нь 2011, 2012 онуудад гэрээт ажилчдад цалин олгоогүй ба Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын улсын байцаагч Я.Т*************  манай компанийн 2011, 2012 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн байдалд шалгалт хийхдээ улсын төсвөөр хийгдсэн ажлын төсөвт цалингаас нийгмийн даатгалын шимтгэл тооцон төлбөр ногдуулсан байна.

Иймд Хөвсгөл аймгийн И************* ХХК-д 45 313 026 /дөчин таван сая гурван зуун арван гурван мянга хорин зургаан/ төгрөгийн төлбөр ногдуулсан Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаартай актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч И************* ХХК-ний захирал Ч.Ц************* 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манай компани 2011, 2012 онуудад ажилчдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулахаар тушаал гаргаж ажиллуулдаг байсан учраас тухайн ажилтанд тавигдсан цалингийн фондоор бодогдсон гэж үзээд би тухайн актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн. Үндсэн ажилтны цалингийн хувьд тухайн үед нийгэм хямралтай байсан учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулж байсан. Гэрээт ажилчдын цалингаас суутгал хийлгүүлэхээр акт тавигдсаныг зөвшөөрөхгүй. Барилга, худгийн ажилчид тогтворгүй, гэрээ хийх боломжгүй байдаг. Доод тал нь 7 хоног, дээд тал нь 2-3 сар ажилладаг байсан. Ажилчид гэрээ хийе гэхэд хийдэггүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлнө гэхэд дургүйцдэг. Өөрсдөө сайн дурын даатгал төлнө гэдэг. Одоо ч гэсэн барилгын компанид нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг манай компани өгнө гэхэд суутгуулах хүн олддоггүй. Ердөө цалингаа авч байвал боллоо гэсэн хандлагатай байдаг. Тухайн үед манайд шалгалт хийж байна гэсэн, дараа нь шалгалтын дүнгийн тухай танилцуулсан. Шалгалт хийж байхад би байгаагүй, надтай уулзаагүй. Сүүлд акт гарсны дараа шалгалтын дүнтэй танилцаж актанд гарын үсэг зур гэхэд нь очиж үзээд зурахгүй гэсэн гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*************  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Улсын байцаагчийн актыг хүчингүй болгож өгнө үү. И************* ХХК нь барилгын ажилд түр ажиллуулсан хүмүүстэй гэрээ байгуулах боломжгүй байдаг учраас бичгээр гэрээ байгуулаагүй. Барилгын болон худгийн ажилд 2011, 2012 онд ажиллуулсан хүмүүст цалин хөлс олгосон тухай баримт яагаад байхгүй байгаа талаар би мэдэхгүй байна гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нийгмийн даатгалын байгууллага нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, 25 дугаар зүйлийн 25.7 нийгмийн даатгалын хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, судалгаа, бусад холбогдох баримт бичгийг ажил олгогч болон даатгуулагчаас үнэ төлбөргүй гаргуулах, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2010 оны 107 дугаар тушаалаар батлагдсан Нийгмийн даатгалын хяналт шалгалтын ажлын нэгдсэн журам-ыг тус тус баримтлан аж ахуйн нэгж байгууллагуудад нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилтийг хянах, шалгах ажиллагааг зохион байгуулж ажилладаг.

Хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Мөрөн суманд үйл ажиллагаа эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл төлдөг аж ахуйн нэгж байгууллага болох И*************  ХХК-ийн 2011-2012 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн үндэслэлийг тухайн аж ахуйн нэгжийн санхүүгийн баримттай тулган шалгалт хийж урьдчилсан дүнг зөвлөмж бичиж захирал Ч.Цэрэнбат, нягтлан бодогч Т.Т************* нарт хэлтсийн даргын өрөөнд танилцуулсан.

Гэтэл тухайн байгууллагын баримт Цагдаагийн газарт татагдаж хянагдахаар боллоо гэсний дагуу дахин тооцоо нийлэхийг хүлээж 2014 оны 10 дугаар сар хүргэсэн. Гэвч урьдчилсан дүн гаргахдаа нягтлан бодогч Ч.Тунгалагтай тооцоо нийлж гарын үсэг зуруулсан баримтаа үндэслэж 2014 оны 10 дугаар сарын 15-нд 68 дугаарын акт бичиж хүргүүлсэн. Уг актыг тогтоосон үндэслэлийн хувьд:

Нэгдүгээрт. И*************  ХХК-ийн 2011 оны кассын баримт нэртэй үдсэн 1 хавтас, 2011, 2012 оны татварын ТТ-11 цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татварын тайлан хянуулахаар ирүүлсэн. Ирүүлсэн 1 үдээс баримтанд 2011, 2012 оны үндсэн ажилтнуудад олгосон цалингийн жагсаалт /үндсэн ажилтны цалингийн зөрүүг үүнийг үндэслэсэн/, нийгмийн даатгалын тайлан, 2011 оны ХААН банкны дансны хуулга болон ганц нэг баримт бүрдүүлсэн дутуу бүрдэлтэй баримт байсан тухай зөвлөмжид тэмдэглэсэн байна.

Хоёрдугаарт. Нийгмийн даатгалын мэдээллийн сангийн ажил олгогчид бүртгэгдсэн даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын мэдээлэл буюу НДГ000010911 тайлантай тухайн байгууллагын үндсэн ажилтнууддаа сар бүр олгосон цалинг тулгаж зөрүүг тооцсон.

Гуравдугаарт. ТТ-11 татварын тайлангийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дүнтэй Нийгмийн даатгалын мэдээллийн сангийн ажил олгогчид бүртгэгдсэн даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын мэдээлэл буюу НДГ000010911 тайлангийн дүнг тулгаж зөрүү цалингийн санг гаргах замаар гэрээт ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй цалин түүнтэй адилтгах орлогыг тооцсон. Тухайн байгууллагын шалгуулсан баримтыг нийгмийн даатгалын хэлтэст өгсөн НД№7, НД№8 маягтаар ирүүлсэн тайлантай тулгахад И************* ХХК нь татвар нийгмийн даатгалын тайлангийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоо зөрүүтэй тайлагнасан нь нотлогдоно.

Нийгмийн даатгалын улсын байцаагч нь аж ахуйн нэгж, байгууллагын Нийгмийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг хянахдаа тухайн байгууллагын тайлант хугацаа өнгөрсөн оны санхүүгийн тайлан түүнтэй холбоотой бүрдүүлсэн санхүүгийн баримтыг үдэж архивын нэгж үүсгэсний дараа хянадаг тул аж ахуйн нэгжийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой баримтын эх хувь нийгмийн даатгалын байцаагч хэлтсээс гарах боломжгүй. Зөвхөн хяналт шалгалтын удирдамж, улсын байцаагчийн зөвлөмж, шалгасан тухай тэмдэглэл, улсын байцаагчийн актын эх хувь байна.

... Идэр чандмань ХХК ажилтнуудаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулдаг гэж Нийгмийн даатгалын байгууллагад 2011, 2012 онд тайлан гаргаж өгсөн.Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлд бодит олгосон цалингаас тооцож шимтгэл төлнө гэсэн заалт бий. Бид аж ахуйн нэгжүүд бодит цалингаасаа нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа эсэхийг шалгаж, ажилчдын эрх, ашгийг хохироож байгаа эсэхэд хяналт тавьдаг. И************* ХХК-ийг шалгахад бодит олгосон цалин, ажилчдын нийгмийн даатгалд төлсөн шимтгэл зөрсөн. Нэхэмжлэгч талд ийм зөрүүтэй байна гэж хэлэхэд актыг хүлээн зөвшөөрөхгүй бид ам тохироогоор гэрээ хийсэн гэж хэлдэг. Энд хоёр өөр тоо гарч ирж байгаа. Үндсэн ажилчдад олгосон бодит цалин болон нийгмийн даатгалын шимтгэл тооцсон цалин хоёр зөрүүтэй байгаа, мөн гэрээт ажилчдад олгосон цалингаас нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэсэн хоёр асуудал байгаа юм. Үндсэн ажилтнууддаа 140 400 төгрөгөөр нийгмийн даатгалын шимтгэлийг төлчихсөн байдаг. Тус компанийн нягтлан бодогч Т.Т************* бол Нийгмийн даатгалын тухай хуулиар манай нийгмийн даатгалын орон тооны бус төлөөлөгч учраас энэ шалгалтын ажлыг түүнтэй харьцаж хийсэн.Т.Т************* өөрөө үндсэн ажилчдынхаа нийгмийн даатгалын зөрүүг гаргаж ирсэн. Гэрээт ажилчид тус компанид ажилладаг болох нь татварын тайлангаар нотлогдож байгаа. Хяналт шалгалтын явцад И************* ХХК 2011-2012 онуудад ямар ямар барилгын ажил гүйцэтгэсэн тухай судалгааг холбогдох байгууллагаас гаргуулан авч ажилласан. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн албан бичгээс харахад И************* ХХК 2011-2012 онд 9 барилгын ажил гүйцэтгэж, улсын төсвөөс санхүүжсэн болох нь нотлогдож байна. 2012 онд 38.990.000 төгрөгийн цалин хөлс олгож байсан тухай татварын тайлан гаргаж өгсөн байдаг. 2011 онд үндсэн цалин хөлс21.390.000 төгрөг гэсэн дүн гарч байсан. Би яагаад татварын тайланг ингэж баримтлаад байна вэ гэхээр Нийгмийн даатгалын тухай хууль, Татварын ерөнхий хуульд аж ахуйн нэгж байгууллагууд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилчдад олгосон цалин хөлснөөсэхлээд нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж үлдэх дүнгээс татвар ногдуулах ёстой. Татвар ногдуулсан дүнгээсээ суутган татварын хөнгөлөлт үзүүлнэ гэсэн байдаг учраас татварын тайланг үндэслэсэн. 2011 оны татварын тайланд 21.390.000 төгрөгийн цалин хөлс олгосон гэж гаргасан бол манай нийгмийн даатгалд өгсөн тайланд 9.201.000 төгрөгийн цалин хөлс олгосон гэж тайлагнасан байдаг. Татварт өгсөн тайлан, нийгмийн даатгалд өгсөн тайлангаас 12.180.000 төгрөгийн зөрүү гарч байгаа юм. Түүнээс гадна татвар болон нийгмийн даатгалын тайланд тусгаагүй баримтаар 15.658.000 төгрөг байна гэж 2011 онд гаргасан байдаг. Үүнийг гүйцэтгэлийн тайланд үндэслэсэн. Гэрээт бус ажилчдын хувьд Нийгмийн даатгалын тухай хуульд адилтгаж нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам байдаг. Байцаагч ямар журам баримталж байгаагаас эзэнгүй нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх арга хэмжээ авдаг. Амаар тохирч цалин хөлс олгодог гэж байгаа боловч ажил олгогч нь иргэн бүртэй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах үүрэгтэй байдаг.И************* ХХК-ийн хувьд ажилчидтай гэрээ хийгээгүй ажиллуулж байгаа нь хууль зөрчиж байгаа юм. Нийгмийн даатгалын тухай хуульд даатгуулагчтай хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллуулах гэрээ байгууланажиллуулж байгаа бол нийгмийн даатгалын шимтгэл төлж албан журмын даатгалд заавал хамруулна гэсэн байдаг. Үүнийг тухайн байгууллага зөрчсөн байна гэж үзээд шимтгэл төлөхийг шаардсан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр ам тохироо хийсэн гэж байгаа боловч Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийг зөрчиж байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т тодорхой боловсрол, тусгай мэргэжил, ур чадвар шаардагдах ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах ажилтны нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоохыг хориглоно гэсэн байдаг тул тодорхой мэргэжил, тусгай мэргэжил, ур чадвар шаардаж байгаа мэргэжлийн байгууллагын ажилтныг заавал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулах ёсгүй, цалингаа нууж байна гэж үздэг. Шалгалт хийж эхлэхдээ захиралд нь хэлээгүй ч нягтлан бодогч Т.Т*************-т  хэлээд түүнтэй харьцсан. Сүүлд нь дүнгийн талаар танилцуулгын хуралд захирал Ч.Ц************* захирал өөрөө ирж оролцсон. Иймд Идэр чандмань ХХК-ний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Хяналт шалгалт дуусаж байх тэр үед И************* ХХК-ийн захирлыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байна гэсэн үндэслэлээр Цагдаагийн байгууллагаас санхүүгийн бүх баримтыг битүүмжилсэн учраас бид хяналт шалгалт хийсэн холбогдох нотлох баримтуудаа хуулбарлан авч чадаагүй. 2011 оны үндсэн ажилтнуудад олгосон жинхэнэ цалин хөлсний талаарх нотлох баримт хяналт шалгалт хийх үед байсан боловч одоо байхгүй болчихсон байна. Харин гэрээт ажилтан хэн хэн гэдэг хүмүүст ямар цалин хөлс олгосон тухай цалин хөлсний баримт анхнаасаа байгаагүй, энэ талаар ямар ч санхүүгийн баримт байхгүй гэдгээ компанийн захирал, нягтлан бодогч хоёр хоёулаа хүлээн зөвшөөрдөг. Харин И************* ХХК 2011, 2012 онуудад гэрээт ажилтнуудад цалин хөлс олгосон болох нь татварын тайлангаар нотлогддог юм. Улсын төсвийн хөрөнгөөр худгийн болон барилгын ажил гүйцэтгэчихээд, тэнд ажилласан ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байх эрх И************* ХХК-д байхгүй. ... И************* ХХК-д гэрээгээр ажиллаж байсан иргэн хэн ч гэсэн хэдийд ч гэсэн тус компаниар нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлэх талаар манай байгууллагад хандах боломжтой. Тэгвэл бид тухайн иргэний өргөдөл, гомдлыг үндэслээд И************* ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байдлыг хянан шалгаад акт тогтоож, иргэний эрх ашгийг хамгаалах боломжтой. И************* ХХК-д гэрээт ажилтнаар ажилласан хүмүүсийн нэр тодорхойгүй ба зөвхөн татварын тайланд тусгагдсанаас харахад 2011 онд 14, 2012 онд 15 хүнийг ажиллуулсан болох нь тогтоогдож байгаа. Тус компани өөрөө гэрээгээр ажиллуулсан хүмүүсийнхээ нэрийг гаргаж өгөх үүрэгтэй гэв.

Иргэдийн төлөөлөгч Ж.Ц*************  шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагчийг зөв ярьж байна гэж бодлоо. Улсын байцаагчийн актыг үндэслэлтэй зөв байна гэж үзлээ гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

И************* ХХК нь Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Я.Т************* д холбогдуулан Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл, алданги нөхөн ногдуулах тухай 68 дугаар актыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гаргажээ.

Нэхэмжлэгч И************* ХХК нийгмийн даатгалын улсын байцаагч Я.Т************* ын 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар актыг урьдчилан шийдвэрлүүлэхээр Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад хандаж, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 323 тоот албан бичгээр ... улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар актаар ногдуулсан 45 313 026 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, алдангийн төлбөрийг нийгмийн даатгалын хууль зөрчиж хүчингүй болгох эрх байхгүй болохыг мэдэгдье[1] гэсэн хариу өгчээ.

Нэхэмжлэгч нь уг хариуг хүлээн аваад хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул маргаан бүхий захиргааны актын талаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзлээ.

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Я.Т*************  ньхэлтсийн даргын баталсан удирдамжийн[2] дагуу 2013 оны 12 дугаар сард И************* ХХК-ийн 2011, 2012 онуудын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1,17.1.2, 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэн улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл, алданги нөхөн ногдуулах тухай 68 дугаар актаар[3] ...2011 онд үндсэн ажилтанд олгосон 15658.4 мянган төгрөг, гэрээт ажилтанд 10158.1 мянган төгрөг, 2012 онд үндсэн ажилтанд 39323.6 мянган төгрөг, гэрээт ажилтанд 79503.2 мянган төгрөг, нийт 144643.3 мянган төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг дутуу тайлагнасан зөрчилд 31821526 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлүүлэхээр, хугацаандаа төлөгдөөгүй үндсэн ажилтны 12096000 төгрөгийн шимтгэлийн дүнгээс 3629000 төгрөг буюу 30 хувиар, гэрээт ажилтны 19725000 төгрөгийн шимтгэлийн дүнгээс 9862500 төгрөг буюу 50 хувиар алданги ногдуулж, нөхөн ногдуулсан шимтгэл, алданги бүгд 45313026 төгрөгийн төлбөрийг Нийгмийн даатгалын хэлтсийн төвлөрсөн орлогын дансанд төлөхийг И************* ХХК-ийн захирал, нягтлан бодогч нарт хариуцуулан акт тавьжээ.

Нэг. Нэхэмжлэгчээс 2011, 2012 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлөхдөө үндсэн ажилчдын бодит цалингийн сангаас тооцоолж шимтгэл төлсөн гэж, хариуцагчаас И************* ХХК нь 2011, 2012 онуудад үндсэн ажилтнуудад жинхэнэ олгосон бодит цалингаас нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёстой байтал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь буруу гэж маргаж байгаа.

И************* ХХК-ний захирлын 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Цалин батлах тухай 05 дугаар тушаалаар[4] тус компанийн үндсэн ажилчдын цалинг хөдөлмөр хөлсний доод хэмжээгээр олгож, ажилчдын цалингийн сангаас тооцох нийгмийн даатгалын шимтгэлийн 10 хувийг байгууллагаас бүрэн төлөхөөр тогтоосны дагуу 2011 онд 7, 2012 онд 10 үндсэн ажилтанд тухайн үеийн хөдөлмөр хөлсний доод хэмжээгээр тооцож нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болох нь И************* ХХК-ийн кассын тайлан 2011 оны 1-12 сар гэсэн хавтас бүхий санхүүгийн баримтын 7-32, 45, 47, 49, 51, 52, 54, 56, 58, 60, 62, 64, 66, 68-87 хуудсанд авагдсан цалин олгох хүснэгтүүд болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн НД№7 тайлангууд, гэрч Т.Т*************-ын Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхдөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлдөг гэх мэдүүлэг[5] зэргээр нотлогдож байна.

Гэвч И************* ХХК-ийн 2012 онд үндсэн ажилтнуудад жинхэнэ олгосон цалингийн хэмжээтэй харьцуулахад нийгмийн даатгалтын шимтгэл тооцон төлсөн цалингийн хэмжээ зөрүүтэй, ажилтнуудад жинхэнэ олгосон цалин хөлс нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн цалингаас өндөр байсан болох нь И************* ХХК-ийн кассын тайлан 2011 оны 1-12 сар гэсэн хавтас бүхий санхүүгийн баримтын 46, 48, 50, 53, 55, 57, 59, 61, 63, 65, 67 дугаар хуудсанд авагдсан цалин олгох хүснэгт болон гэрч Т.Т*************-ын Бүх ажилтнуудад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин олгосон тухай баримт нь Нийгмийн даатгалын шимтгэлийн тайланд зориулж гаргасан, нийгмийн даатгал төлсөн тухай цалингийн баримт юм. Харин хоёр дахь цалин олгох хүснэгт нь татварын байгууллагад хүн амын орлогын албан татвар төлсөн цалингийн баримт юм. Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхдөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлсөн боловч жинхэнэ олгосон цалин нь түүнээс өндөр. Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхдөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлдөг. Харин жинхэнэ олгосон цалингийн хэмжээгээр татварын тайлан гаргаж өгсөн гэх мэдүүлэг[6], шинжээч Л.О*************-ийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн И************* ХХК-ийн 2012 онд үндсэн ажилтнууддаа жинхэнэ олгосон цалин нь 38060000 /гучин найман сая жаран мянга/ төгрөг байна гэх дүгнэлт[7] зэргээр тогтоогдож байна.

Иймд И************* ХХК-ийн захирал Ч.Ц*************-ын Үндсэн ажилтны цалингийн хувьд тухайн үед нийгэм хямралтай байсан учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулж байсан гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

Харин хариуцагчийн Хяналт шалгалт дуусаж байх тэр үед И************* ХХК-ийн захирлыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байна гэсэн үндэслэлээр Цагдаагийн байгууллагаас бүх санхүүгийн баримтыг битүүмжилсэн учраас бид хяналт шалгалт хийсэн холбогдох нотлох баримтуудаа хуулбарлан авч чадаагүй. 2011 оны үндсэн ажилтнуудад олгосон жинхэнэ цалин хөлсний талаарх нотлох баримт хяналт шалгалт хийх үед байсан боловч одоо байхгүй болчихсон байна гэх тайлбар, гэрч Т.Т*************-ын 2011 онд бүх хүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр жинхэнэ цалинг нь олгосон. Яагаад гэвэл өвлийн улиралд огт ажилгүй зогсчихдог учраас бүтэн жилийн турш бүх үндсэн ажилтнуудад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинг нь жигдхэн олгоод явчихдаг байсан. Харин 2012 оноос л цалинг нь арай нэмэгдүүлсэн юм гэх мэдүүлэг[8], шинжээч Л.О*************-ийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн И************* ХХК нь 2011 онд ажилтнуудад олгосон жинхэнэ цалин нь жилд 9201600 /есэн сая хоёр зуун нэг мянга зургаан зуун/ төгрөг байна гэх дүгнэлт[9] зэргээс үзэхэд И************* ХХК-ийн 2011 онд үндсэн ажилтнуудад жинхэнэ олгосон бодит цалин хөлс болон нийгмийн даатгалын шимтгэл тооцон төлсөн цалингийн хэмжээ зөрүүтэй эсэхийг шүүх тогтоох боломжгүй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх нь ажил олгогчийн үүрэг болох талаар заасан бөгөөд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч И************* ХХК 2012 онд үндсэн ажилтнуудынхаа хөдөлмөрийн хөлс, түүнд ногдох шимтгэлийн үнэн зөв тодорхойлж төлөөгүй, хууль зөрчсөн байна гэж үзлээ.

Харин И************* ХХК нь 2011 онд үндсэн ажилтнуудынхаа хөдөлмөрийн хөлс, түүнд ногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж төлөөгүй гэдэг нь баримтаар нотлогдохгүй байна.

Хоёр. Нэхэмжлэгчээс тус компани 2011, 2012 онд гэрээт ажилчдад цалин олгоогүй ба улсын төсвөөр хийгдсэн ажлын төсөвт цалингаас нийгмийн даатгалын шимтгэл тооцон төлбөр ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагчаас И************* ХХК нь гэрээт ажилтнуудад 2011 онд 10158,1 мянган төгрөгийн, 2012 онд 79503,2 мянган төгрөгийн цалин хөлс олгосон боловч үүнээс нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй зөрчилд нь хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж маргаж байгаа.

Гэвч И************* ХХК нь 2011 онд 14 гэрээт ажилтан ажиллуулж 12188,6 мянган төгрөгийн, 2012 онд 15 гэрээт ажилтан ажиллуулж 28167,8 мянган төгрөгийн цалин хөлс олгосон болох нь Хөвсгөл аймгийн Татварын хэлтсээс нотлох баримтаар ирүүлсэн И************* ХХК-ийн цалин хөлсний орлогын судалгаа 2011-2012 оноор гэх баримт[10], И************* ХХК-ийн 2011 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан[11], 2011, 2012 оны Цалин хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлангууд[12] зэргээр нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс Гэрээт ажилчдын цалингаас суутгал хийлгүүлэхээр акт тавигдсаныг зөвшөөрөхгүй. Барилга, худгийн ажилчид тогтворгүй, гэрээ хийх боломжгүй байдаг. Доод тал нь 7 хоног, дээд тал нь 2-3 сар ажилладаг байсан. Ажилчид гэрээ хийе гэхэд хийдэггүй. Өөрсдөө сайн дураар нийгмийн даатгалын шимтгэл төлнө гэдэг гэж тайлбарласан байдаг.

И************* ХХК нь худаг болон барилгын ажилд ажилтныг Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээ, 359 дүгээр зүйлд заасан Хөлсөөр ажиллах гэрээ-ний алинаар ажиллуулсан нь тодорхойгүй, хэдэн хүнийг, ямар хугацаагаар ажиллуулсан болон байнгын шинжтэй ажлын байранд ажиллуулсан эсэх нь баримтаар тогтоогдохгүй байна.

Гэхдээ И************* ХХК-ийн цалин хөлсний орлогын судалгаа 2011-2012 оноор гэх баримт[13], И************* ХХК-ийн 2011 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан[14], 2011, 2012 оны Цалин хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлангууд[15] болон нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, гэрч Т.Тунгалаг, Л.Баярмагнай нарын мэдүүлгээс үзэхэд ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээг ажилтнуудтай бичгээр байгуулаагүй боловч тэдэнтэй амаар тохирч 2011 онд 14, 2012 онд 15 хүнийг ажиллуулжээ гэж дүгнэж болохоор байна.

Гэрч Л.Б*************-ийн Манай И************* ХХК худаг ус гаргах ажилдаа гаднаас 2 хүн авч ажиллуулдаг. Тэр хүмүүс нь солигдоод л байдаг. Тогтмол ажилладаггүй. Хөлсөөр ажиллуулж байгаа хүнийг 6 сарын 1-нээс эхлээд 10 сарын 1 хүртэл ажиллуулдаг. ... өдөр болгон ажиллана гэж байхгүй. Зөвхөн олдсон ажлаа хийдэг гэх мэдүүлэг, гэрч Т.Т*************-ын Ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллах гэрээг бичгээр байгуулдаггүй. ...Цалин олгосон кассын баримт байхгүй гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б************* ын барилгын ажилд түр ажиллаж байгаа хүмүүстэй гэрээ байгуулдаггүй. Барилгын болон худгийн ажилд 2011, 2012 онд ажиллуулсан хүмүүст цалин хөлс олгосон тухай баримт яагаад байхгүй байгаа талаар би мэдэхгүй байна гэх тайлбар, хариуцагчийн ... гэрээт ажилтан хэн хэн гэдэг хүмүүст ямар цалин хөлс олгосон тухай цалин хөлсний баримт анхнаасаа байгаагүй гэх тайлбар зэргээс үзэхэд И************* ХХК гэрээт ажилтан гэх хүмүүсийг ямар хугацаагаар ажиллуулж тус бүр хэдий хэмжээний хөлс олгосон болох нь тодорхойгүй байна.

Түүнчлэн И************* ХХК нь 2011 онд 14 хүнтэй амаар тохирч ажиллуулан 12188,6 мянган төгрөгийн, 2012 онд 15 хүнтэй амаар тохирч ажиллуулан 28167,8 мянган төгрөгийн цалин хөлс олгосон болох нь тус компанийн 2011, 2012 оны Цалин хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлангаар[16] тогтоогдож байх боловч энэ нь нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого мөн эсэх нь эргэлзээтэй байна.

Учир нь нэхэмжлэгч И************* ХХК-ийн захирал Ч.Цэрэнбат, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б************* , гэрч Л.Баярмагнай нарын мэдүүлгээс үзэхэд худгийн болон барилгын ажилд ажиллаж байсан үндсэн бус ажилтнууд байнга тогтмол ажиллаж байсан эсэх, тэдэнд олгосон ажлын хөлс нь нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого мөн болох нь баримтаар нотлогдоогүй, эргэлзээтэй байна.

Хариуцагчийн зүгээс И************* ХХК 2011, 2012 онуудад гэрээт ажилтнуудад цалин хөлс олгосон болох нь татварын тайлангаар нотлогддог гэх боловч татварын тайланд тусгагдсан цалин хөлс нь нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого мөн эсэхийг нотолж чадахгүй юм.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Нийгмийн даатгал нь албан журмаар даатгуулах, сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй байна гэж, 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1/-т ... Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд албан журмаар даатгуулахаар, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 2/-т Иргэний хуулийн 343, 359 зүйлд заасан гэрээгээр тохирсон хөлс-нд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахаар тус тус заасан байна.

Улсын дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 47 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.8-д хөдөлмөрийн хөлстэй адилтгах орлого гэж цалин хөлснөөс гадна Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд тодорхойлсноор ажил олгогчоос олгож байгаа байнгын шинжтэй орлогыг хэлнэ гэж тайлбарлажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д байнгын ажлын байр гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг ойлгохоор хуульчилсан байна.

Байнгын шинжтэй орлого гэсэн ойлголтыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан дээрх байнгын ажлын байр гэсэн ойлголттой төсөөтэй байдлаар ойлгож, хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Дээрх үндэслэлүүдээс үзэхэд байнгын шинжтэй орлого гэж ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг гүйцэтгэсний үр дүнд тодорхой хугацаанд, байнгын давтамжтайгаар орлого олох буюу харьцангуй удаан хугацаагаар орлого олж байхыг ойлгохоор байна.

Гэтэл И************* ХХК-ийн барилгын болон худгийн ажилд 2011 онд ажиллаж байсан 14, 2012 онд ажиллаж байсан 15 үндсэн бус ажилтны байнгын шинжтэй орлого олж ажилласан гэдэг нь тодорхойгүй байх тул тэдэнд олгосон цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргийг И************* ХХК хүлээнэ гэж үзэх боломжгүй байна.

Учир нь хэрэв И************* ХХК-д 2011 онд ажиллаж байсан 14, 2012 онд ажиллаж байсан 15 үндсэн бус ажилтнууд нь байнга бус түр зуур ажиллаж байсан гэж үзвэл тэд өөрсдөө сайн дурын даатгалд даатгуулах боломжтой байхаар хуульд заасныг харгалзан үзэх нь зүйтэй.

Мөн И************* ХХК нь 2011 онд 14 хүнтэй амаар тохирч ажиллуулан 12188,6 мянган төгрөгийн, 2012 онд 15 хүнтэй амаар тохирч ажиллуулан 28167,8 мянган төгрөгийн цалин хөлс олгохдоо хэнд хэдэн төгрөгийн цалин хөлс олгосон тухай баримт байхгүй болох нь гэрч Т.Т*************-ын мэдүүлэг, хэргийн оролцогч нарын тайлбараар тогтоогдож байгаа ба нийгмийн даатгалын улсын байцаагч Я.Т*************  хэн нь мэдэгдэхгүй 2011 оны 14, 2012 оны 15 хүний нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр хариуцлага ногдуулсан нь ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэсэн байна.

Учир нь хариуцагч Я.Т************* ын шүүх хуралдаанд гаргасан ... И************* ХХК-д гэрээгээр ажиллаж байсан иргэн хэн ч гэсэн хэдийд ч гэсэн тус компаниар нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлэх талаар манай байгууллагад хандах боломжтой. Тэгвэл бид тухайн иргэний өргөдөл, гомдлыг үндэслээд И************* ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байдлыг хянан шалгаад акт тогтоож, иргэний эрх ашгийг хамгаалах боломжтой гэх тайлбараас үзэхэд И************* ХХК-д 2011 онд ажиллаж байсан үндсэн бус 14, 2012 онд ажиллаж байсан үндсэн бус 15 ажилтан тус бүр өргөдөл, гомдол гарган нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлэх боломжтой байна.

Харин И************* ХХК-д 2011 онд ажиллаж байсан хэн гэдэг нь тодорхойгүй үндсэн бус 14, 2012 онд ажиллаж байсан хэн гэдэг нь тодорхойгүй үндсэн бус 15 ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлснээр нэхэмжлэгч компанид давхардуулан захиргааны хариуцлага хүлээлгэх эрсдэл үүсгэх бөгөөд захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа нь үр нөлөөтэй, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх зарчим хангагдахааргүй байна.

Нэхэмжлэгч И************* ХХК-ийн захирал хяналт шалгалт хийх тухай танилцуулаагүй гэж маргаж байгаа боловч гэрч Т.Т*************-ын Я.Т*************  байцаагч шалгалт хийхээсээ өмнө урьдчилан хяналт шалгалт хийх талаар мэдэгдэж, танилцуулсан. ...Нийгмийн даатгалын байгууллагаас хяналт шалгалт хийх гэж байгаа талаар би компанийн захирал Ч.Ц*************-д хэлж байсан. ... хяналт шалгалт хийсэн талаар компанийн захирал бид хоёрт танилцуулсан. Улсын байцаагчийн зөвлөмж өгсөн. Акт нь түүний дараа гараад манай байгууллагад ирсэн ... гэх мэдүүлэг, И************* ХХК-ийн захирал Ч.Ц*************-ын тухайн үед манайд шалгалт хийж байна гэсэн, дараа нь шалгалтын дүнгийн тухай танилцуулсан гэх тайлбар зэргээс үзэхэд хариуцагч нь хяналт шалгалт хийх талаар урьдчилан мэдэгдэж, хяналт шалгалтын дүнгийн талаар танилцуулсан байна гэж үзлээ.

Түүнчлэн хариуцагч дээрх маргаан бүхий захиргааны актыг үйлдэхдээ Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2, 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.2 дахь заалт гэж тухайн хуульд байхгүй заалт бичсэн байх боловч хариуцагчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч И************* ХХК-ийг хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, төлөөгүй, Хөдөлмөрийн хуульд заасан цалин хөлс, Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээгээр тохирсон хөлсөнд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй учраас акт тогтоосон маргаж байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх нь ажил олгогчийн үүрэг болох талаар, 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цалин хөлс ..., 2/-т Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээгээр тохирсон хөлс-нд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахаар заажээ.

Иймд Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Я.Т************* ын 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар актанд Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2, 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.2 дахь заалт гэж бичсэнийг техникийн шинжтэй алдаа байна гэж үзлээ. Техникийн шинжтэй алдааны улмаас акт үйлдсэн албан тушаалтны хүсэл зоригийн илэрхийлэл өөрчлөгдөхөөргүй байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д хяналт шалгалтыг зөвхөн ... хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх-ээр, Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1/-д шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон данс бүртгэл, тайлан тэнцэл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулж авах эрхийг нийгмийн даатгалын улсын байцаагч эдлэхээр тус тус заасан байдаг.

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Я.Т*************  нь хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд нийгмийн даатгалын хууль тогтоомжийн биелэлтэд хяналт шалгалт хийж, акт тогтоох эрхтэй боловч түүний И************* ХХК-ийн 2011, 2012 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн байдалд хийсэн хяналт шалгалтын хувьд хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна гэж үзлээ.

Тухайлбал И************* ХХК нь 2011, 2012 онуудад үндсэн ажилтнууддаа жинхэнэ олгосон бодит цалин хөлс, түүнд ногдох шимтгэлийн хэмжээ ямар байх, мөн тус компанийн 2011, 2012 онуудад аман гэрээ байгуулж ажиллуулсан үндсэн бус ажилтан хэн хэн гэдэг хэдэн хүнд хэдэн төгрөгийн цалин хөлс олгосон, тэр нь нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах цалин хөлс, түүнтэй адилтгах орлого мөн эсэх талаар нэмж тодруулах шаардлагатай байх тул захиргааны байгууллагад дахин шинэ акт гаргах хугацаа тогтоох нь зүйтэй байна.

Хэргийн 52 дугаар хуудсанд авагдсан Татвар тооцооллын жагсаалт гэх баримт нь Хөвсгөл Ус Чандмань гэх татвар төлөгчид холбогдох баримт байх тул шүүх хэрэгт хамааралгүй гэж үзэн үнэлээгүй болно.

Шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болсонд тооцохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн улсын орлогод үлдээхээр шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/, 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1/, 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар бүхий Нийгмийн даатгалын шимтгэл, алданги нөхөн ногдуулах тухай актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар бүхий Нийгмийн даатгалын шимтгэл, алданги нөхөн ногдуулах тухай акт хүчингүй болсныг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтланнэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ

ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ Д.БҮРНЭЭ