Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар  2023/ДШМ/375

 

           

 

 

  2023              4             06                                      2023/ДШМ/375

Б.Бэд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ганчимэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мын өмгөөлөгч Л.Батжаргал,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Батмөнх, С.Батжаргал, Ж.Гантулга,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/188 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Батмөнх, Ж.Гантулга нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Бэд холбогдох 2106000000291 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

********* овгийн Б.Б, 19** оны * дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, банк, санхүүч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ** дугаар хороо, * дүгээр хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, ** дугаар байрны ** тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч тус байрны ** тоотыг түрээслэн амьдарч байсан гэх, ял шийтгэлгүй, /РД: **0000000/;

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хот айл” хотхоны 16 дугаар байрны 31 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас нөхөр Б.Мы хэвлийн ар хэсэгт нэг удаа хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бэд 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Бэд шүүхээс оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Бийн цагдан хоригдсон 194 /нэг зуун ерэн дөрөв/ хоногийг эдлэх ялаас хасаж тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцсон хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 9.100.000 /есөн сая нэг зуун мянга/ төгрөг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Маас цаашид гэм хорын хохирол нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн зэргээр бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар 2006 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төрсөн 16 настай ****** овгийн Б.Дн /РД:**00000000/, 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төрсөн 9 настай ***** овгийн М.А /РД:**000000000/ нарт асран хамгаалагч тогтоохыг Баянгол дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Батмөнх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч миний бие хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх байр суурь илэрхийлж оролцсон боловч анхан шатны шүүх хүлээж авахгүй, хэт нэг талыг барьж, өмгөөлөгчийн зүгээс хүчирхийлэлд өртөж байсныг нотлох баримт болох Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /3хх 62-69/, мөн Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн лавлагааг нотлох баримтаар /3хх 60-61/ үнэлэхгүйгээр зөвхөн гэрч Г.Сийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэн шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болгон гаргасан нь Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан заалтыг зөрчин анхан шатны шүүх шийдвэрээ гаргасан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Хавтас хэрэгт авагдсан гэрч Б.А, О.С, П.С нарын мэдүүлэг болон өөрийнх нь өгсөн мэдүүлгээр хөлөө хугалуулж байсныг нотлох баримт хавтаст хэргийн 137 дугаар хуудсанд байгаа болно. Мөн эрх бүхий байгууллагын гаргаж өгсөн Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн лавлагаа, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт зэрэг нотлох баримтуудаар гэр бүлийн хүчирхийлэлд Б.Б болон 2 хүүхэд /дагавар/ нь байнга өртдөг байсан, мөн хэрэг гардаг өдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр түүний охин /дагавар/ 19 настай Б.Аг хойд эцэг Б.М нь өгзөгнөөс нь базах, оролдох байдал үзүүлж байсан тухайгаа нууж яваад хэлсний улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хутгалж амь насыг нь хөнөөсөн нь нотлогдож байна.

Мөн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн лавлагаагаар 2016, 2019, 2020 онуудад хүчирхийлэлд өртөн, цагдаагийн ажилтан Жагварал, Түвшинжаргал, Баттөгс нар шалгаж байсан нь нотлогдож байгаа бөгөөд хүчирхийлэл нь цаг хугацааны хувьд удаан хугацаагаар үргэлжилсээр тэсэрч гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Улсын Дээд шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 360 дугаар тогтоолоор тайлбарлахдаа “...Түүнчлэн хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлүүд нь тухайн цаг хугацаанд илэрсэн байхаас гадна удаан хугацааны туршид үргэлжилсэн байж болох бөгөөд аль ч нөхцөлд гэмт этгээдийг сэтгэл зүйн эмгэгт байдалд оруулж, тийм нөхцөл байдалд орсон гэмт этгээдийн сэтгэл зүй тодорхой цаг хугацаанд тэсэрч, сэтгэл санааны хүчтэй цочролд орж, улмаар хүнийг алах, хүнд гэмтэл учруулахад хүргэдгээрээ “хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргээс ялгагддаг болно. ...” гэжээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Б.Бийн нөхөр Б.Мы нуруун тус газарт буюу хэвлийн ар хэсэгт хутгалсан үйлдэл нь Б.Мыг үхэлд хүргэсэн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан амь нас хохирсон хохирол, хор уршигтай шууд шалтгаант холбоотой байна. Талийгаач Б.М, шүүгдэгч Б.Б нар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай боловч талийгаач Б.Мы зүй бус үйлдэл гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн, Б.Бийн зүгээс гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийгдээгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинж үгүйсгэгдэж байна. Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. ...” гэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн заавал байх шинж нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн шууд санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байх гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх хууль зүйн ойлголт юм.

Гэм буруугийн шинжийн хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүй хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлаар илэрнэ. Шүүгдэгч Б.Б талийгаач Б.Мы байнгын гэр бүлийн хүчирхийлэл дор 10 орчим жил амьдарч, сэтгэл санаа сэтгэцийн хувьд тогтворгүй байдалтай байсан үйл баримтыг тогтоосон эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргасан байна.

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б удаан хугацаанд нөхөр Б.Мы гэр бүлийн хүчирхийлэл, дарамт шахалтанд байж ирсэн, хэрэг гардаг 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхлэх үед нь хэсэг хугацаанд юу хийж байснаа санахгүйгээр нөхрөө хутгалсан гэж мэлүүлсэн байдаг. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогчийн зүй бус үйлдэл нь шүүгдэгчийн сэтгэцийн байдал алдагдах, гэнэтийн цочролд түргэн зуур автах, санаа сэтгэл хүчтэй цочрон давчдахад хүргэх шууд шалтгааныг үүсгээгүй бий болгоогүй, тус гэмт хэргийн хүлээгдээгүй нөхцөл байдалд түргэн зуур, гэнэт бий болдог шинжийг хангаагүй байна гэж дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Амь хохирогч Б.Мы 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэртээ эд зүйлээ эвдэж танхайрч эхнэр Б.Бийн эрх чөлөөнд халдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдлийг ахуйн хүрээний маргаан, энэ маргааны явцад Б.Б нөхөр Б.Мыг хутгалж алсан гэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэг үйл явдал болох үед шүүгдэгч Б.Бэд амь хохирогчийн зүгээс түүний ойр тойрны гэр бүлийн хамаараал бүхий этгээд болох хүүхдүүдийн эсрэг чиглэсэн бие махбодийн хийгээд сэтгэл санааны хүчирхийллийг удаан хугацаанд үйлдэж, тэдгээрийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон идэвхитэй үйлдлээр илэрч, сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж Б.Мы амь насыг хохироосон үйл баримт тогтоогдож байна.

Мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б өөрийн үйлдлийн улмаас Б.М амь хохирсон, гагцхүү хэрэг үйлдэгдэх үеийн сэтгэл санааны байдал гэм буруугийн хэлбэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тогтоолгох байр суурьтай гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө төлсөн байдаг. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шүүгдэгч Б.Бэд шүүхээс оногдуулсан хорих ялын зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлээр гомдол гаргаж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Юуны өмнө гэм буруугаа хүлээж, маш их гэмшиж байна. Миний бие нь хоёр дагавар хүүхэдтэй байхдаа нөхөр Мөнхсайхантай танилцаж амьдраад 2013 онд бидний дундаас нэг хүү төрсөн. Арван жил амьдрахад нөхөр хоёр дагавар хүүхдийг минь хүнийх гэж ад шоо үзэж, зодох, зүй бусаар харьцах, мөн намайг дарамталж хүчирхийлдэг байсан. Нөхөр маань 24 цаг ажиллаад гурван өдөр амардаг ажилтай байсан. Ажилтай тэр өдөр нь бид нар амар амгалан өөрсдийн дураар хонодог, ажлаас ирээд гэртээ байх үед нь хэзээ агсам согтуу тавьж, зодох бол гэж айдас түгшүүртэй амьдарч байсан. Энэ дарамтнаас болж дунд хүү Дөлгөөн амиа хорлохыг оролдсон. Мөн охиныг 2015 оноос бэлгийн дарамтанд байлгасан, миний хөлийг хугалж зодож байсан хүчирхийлэл дарамтыг хэрэгт авч хэлэлцээгүй. Уг хэрэг гардаг өдөр охин Аг бэлгийн дарамтанд байлгаж байсныг мэдсэн нь надад асар их хүнд хэцүү туссан бөгөөд ээлжит хүчирхийлэл эхэлж зодоход Цагдаагийн 102-т хоёр удаа залгаж дуудлага өгсөн. Мөн байцаалтанд өгсөн эхний хоёр мэдүүлэгтээ охиныхоо бэлгийн дарамтны тухай болон нөхөр дахин охинд дарамт учруулахаас айж сандарсандаа хэлж чадаагүй. Харин цагдан хоригдож байх хугацаанд прокурор ирэхэд охиныхоо бэлгийн дарамтанд байсан тухай ярьсан. Урт удаан үргэлжилсэн хүнд хүчир амьдралыг дуусгавар болгох гэж Цагдаагийн байгууллагад удаа дараа дуудлага өгч байсан боловч үр дүн, арга хэмжээ авахгүй байсаар эцэст нь аюултай эндэгдэлд хүргэлээ. Нөхрийгөө засрах байх, цаашид амьдралаа аваад явчих ухамсар байгаа гэдэгт итгэсэн итгэл найдвар, хүлээсэн сэтгэл минь, мөн энэ олон удаа дараагийн хүчирхийлэл намайг гэмт хэрэгтэн болгосонд туйлын их харамсаж байна. Хүүхэд, Гэр бүл хөгжлийн төвөөс хүчирхийлэлд автаж байсан гэх үнэлгээний маягт, цагдаагийн 102 төвийн дуудлага, Гэмтлийн эмнэлгийн карт болон Гэр бүл хүчирхийллийн төвөөс удаа дараа өгсөн гомдлын дагуу үнэ төлбөргүй өмгөөлөгч томилсон зэрэг нь нотлох баримт болно.

Байнгын сэтгэл санааны дарамтын улмаас өрхийн эмчийн зөвлөснөөр сэтгэцийн эмнэлэгт хандах зөвлөмж авч байсан. Одоо ч айдсаас үүдэлтэй хий юм харах, харанхуйд цочирдох, зүрхний нэг ховдлын үйл ажиллагаа зогсох, амьсгал тасалдах, нойр булчирхайн архаг үрэвсэл, умайн хүзүүний хавдар зэрэг эрүүл мэндийн хувьд хүнд байна. Би ганцаараа үр хүүхдээ тэжээж, бүх амьдралыг авч явсан эх хүн. Одоо ар гэрийн маань амьдрал хүнд, гурван хүүхэд болон далан настай хөгшин ээжийн хамт түрээсийн байранд өөрийн гэх орон гэргүй амьдарч байна. Д 15 настай, А 9 настай, энэ хоёр хүүдээ маш их санаа зовж байна. Амьдралд хөл тавьж буй охиныхоо дэргэд, өсвөр насны хүү буруу замаар явах, бага хүү ид ухаарч хүмүүжих насан дээр ээж нь хамт байхгүй байгаад сэтгэл өвдөж шаналж байна. Өөрийн гэм буруутай үйлдлээс болж бүрэн бүтэн нэг айлын амьдрал үгүй болж, эцэг эхгүй гурван хүүхэд өнчирч үлдэж байгаад харамсаж, бодон сууна.

Хэдийгээр байнгын архидалт, согтуугаар агсам тавьж зоддог, хүний өөрийн гэж ялгаварлан үздэг тийм хүний хажууд амьдралаа өнгөрүүлсэн ч ханиа уучилж чадахаар тийм их хайртай минь үнэн. Иймд шүүгч та бүхэн миний гэм буруугаа хүлээсэн, хохирлоо барагдуулсан, анх удаа ял шийтгэл хүлээж байгаа, насанд хүрээгүй хоёр хүүхэд, хөгшин настай ээжтэй гэх хувийн байдлыг минь харгалзан үзэж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэмт хэрэг гарахад амь хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэдгийг анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо дурдсан байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл маш урт хугацаанд үргэлжилсэн учраас энэ гэмт хэрэг гарсан болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагддаг. Цагдаагийн мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс авсан лавлагаанууд, нөхцөл байдлын үнэлгээ, гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байсан гэх гэрчүүдийн мэдүүлэг зэргээр гэмт хэрэг үйлдэгдэх хүртэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байсан болох нь нотлогддог. Тухайн үед шүүгдэгч Б.Бийн сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсаны улмаас энэ гэмт хэргийг үйлдсэн байхыг үгүйсгэхээргүй харагддаг. Энэ байдлыг харгалзаад хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. Шинжээчийн дүгнэлт гараагүй боловч тухайн үед шүүгдэгч Б.Бийн биед тодорхой хэмжээний гэмтлүүд учирсан байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байсан нь нотлогддог” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хэрэг гарах үед амь хохирогчийг шүүгдэгч Б.Б “архи барьж орж ирлээ, шалтгаангүй архи уулаа” гэж хэлээд маргалдсан байдаг. Сэржмядаг хэргийн газарт байсан ганц гэрч байдаг. Сэржмядаг мэдүүлэгтээ хэргийн талаар тодорхой дурдсан байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан” гэж ярьж байна. Анхан шатны шүүх энэ талаар хангалттай хууль зүйн дүгнэлтийг хийсэн. Амь хохирогчийн хувьд зүй бус үйлдэл гаргасан байх боловч шүүгдэгчийн сэтгэл санаа хүчтэй цочрон давчидах, хоромхон зуур уг гэмт хэргийг үйлдэх болсон нөхцөл байдалд хүргээгүй гэх хууль зүйн дүгнэлтийг хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон ар гэрийнх нь зүгээс “хамт амьдарч байсан. Дундаас нь хүүхэд гарсан. Амь хохирогчийн хувийн байдал зэргийг харгалзаад шүүгдэгч Н.Б.Бэд хуульд заасан хорих ялын хамгийн доод хэмжээгээр хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү” гэж илэрхийлсний дагуу анхан шатны шүүх хуульд заасан хамгийн бага ялыг буюу 6 жилийн хорих ял оногдуулсан. Энэ нь үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял гэж үзэж байна” гэв.

Прокурор Н.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Бийн охинд амь хохирогч нь бэлгийн шинжтэй үйлдэл үзүүлсэн гэх асуудал дээр маргаж, энэ асуудалтай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч болон яллагдагч нараас өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй байдаг. Энэ талаарх баримтууд анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан. Мэдүүлэг тус бүрийг шинжлэн судалсан. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо зөрүүтэй байгаа байдлыг хэрхэн үнэлсэн талаараа тодорхой дүгнэлт хийсэн. Энэ нь үндэслэлтэй. Хэдийгээр тухайн асуудлын хувьд, эхдээ хэлсэн цаг хугацаанд засвар орсон гэх асуудал яригдсан боловч цаг хугацаанд засвар орсон эсэхээс үл хамааралтайгаар Анударийн биед нь хүрдэг байсан, бэлгийн шинжтэй үйлдэл үзүүлдэг байсан асуудлыг мэдсэнээс хойш үйлдэл хийгдэж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд заасан эрхшээлд оруулсан, хүндээр доромжлогдсон гэсэн хуулийн зохицуулалтад хамаарахгүй байна гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч Б.Бээс “ар гэрийн байдлыг харгалзаад зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэж байна. Анхан шатны шүүх ар гэрийн байдал, хувийн байдлыг харгалзаад 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хот айл” хотхоны 16 дугаар байрны 31 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас нөхөр Б.Мы хэвлийн ар хэсэгт нэг удаа хутгалж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мын “...2021 оны 2 дугаар сарын 23-ны шөнө 00 цаг болж байхад манай дүү Сэргэлэн надруу залгаад Мөнхсайхан ах хутгалуулчихлаа, эмнэлэгт байна гэж хэлэхээр нь яваад очтол манай төрсөн дүү Мөнхсайхан ухаангүй эмчлүүлж байна, бөөрний артерын судас тасарчихсан, найдваргүй болсон гэж хэлсэн. Тэгээд эмчлүүлж байгаад 2021 оны 2 дугаар сарын 24-ний 01 цаг 55 минутанд нас барсан. Дүү Сэргэлэнгээс юу болсон талаар асуухад эхнэр Б.Б нь хутгалчихсан гэсэн гэж хэлсэн. ...” /1хх 16-17/,

гэрч Г.Сийн “...том өрөөний урд талын гал тогоо хэсгийн ширээ хөмөрч унаган, ус буцалгагч, усны шилэн сав зэрэг зүйлсийг газар шидэж орилж байгаад ариун цэврийн өрөө рүү орох үед Б.Б гал тогоо хэсгийн шүүгээнээс хутга аваад “миний хүүхдүүдийг хичнээн их зовоодог юм, миний гэрийг их нураалаа, одоо болно” гэж хэлэх үед нь би болиулах гэсэн боловч намайг түлхэж унагаад ариун цэврийн өрөөнд орсон тул би босоод араас нь орох гэтэл Мөнхсайхан нойлын өрөөнөөс “намайг хутгалчихлаа” гэж гарч ирсэн тул би нойлын хаалгыг гаднаас нь дараад чи зугт гэхэд Мөнхсайхан гэрийнхээ хаалгаар гадагш гараад коридорт хэвтсэн. ...” /1хх 27/,

шүүгдэгч Б.Бийн яллагдагчаар өгсөн “Би өчигдөр ажил дээрээ очоод найз Солонготой юм ярьж сууж байгаад пиво уухаар болж, би дэлгүүр гараад 2 ширхэг шилтэй 0.5 литрийн Сэнгүр, 1 ширхэг 0.33 литрийн “Ерөөл” архи оруулж ирээд юм ярьж суугаад би архины бараг 200 грамм орчмыг уусан. Тэгээд манай ажил тараад би охин Анударийн хамт ажлаас гараад такси бариад гэртээ иртэл манай 2 бага хүүхэд 2-уулахнаа байсан. Тэгээд би хоол хийх гээд байж байтал манай найз Сэржмядаг над руу залгаад “Зээлэх мөнгө байна уу” гэж асуухаар надад мөнгө байхгүй байна, чи манай гэрт хүрээд ирээч гэж хэлтэл Сэржмядаг “За” гэж хэлсэн. Тэгэхээр нь би дэлгүүр гараад 1 шил 0.5 литрийн “Икс” нэртэй архи аваад ороод иртэл удалгүй найз Сэржмядаг ороод ирсэн. Тэгээд бид 2 юм яриад, архиа уугаагүй сууж байтал гаднаас манай нөхөр Мөнхсайхан 1 шил 0.75 литрийн Чингис, 2 ширхэг лаазтай “Сэнгүр” пиво барьчихсан орж ирэхээр нь би “Чи охин бид 2-ыг ажил хийлгэчихээд, өөрөө гадуур архи уугаад яваад байх юм” гээд ууралтал манай нөхөр “Чамд ямар хамаатай юм дуугүй бай” гээд орилж чарлаад агсам тавиад, ширээн дээр байсан аяга таваг хагалж шидээд, шүүгээнээс хамаг юм гаргаж шидээд байхаар нь би болиоч гээд яваад очтол намайг 2, 3 удаа газар түлхэж унагаасан. Тэгж байгаад архины шилээр өөрийнхөө толгойг цохитол толгойноос нь цус гарсан. Тэгээд манай нөхөр бие засах өрөө рүү орохоор нь би тараасан зүйлсийг нь цэгцлээд байж байтал дахиад орилоод байхаар нь би хурааж байсан шар өнгийн хутгыг барьсан чигтээ шууд бие засах өрөөнд очоод хаалгыг хаагаад “битгий орилж чарлаад юм хум цохиод бай” гэж хэлтэл намайг толгой руу цохиж аваад бие засах өрөөний хаалга түгжих гээд байхаар нь би хувцаснаас нь хойш нь татаад “намайг зодох юм бол амиа хорлолоо, надад хутга байгаа шүү, эсвэл өөрийгөө хутгалчихана шүү гэж айлгаад хутгаар далайтал нуруу хэсэг рүү зоогдчихоор нь би буцаагаад сугалаад автал манай нөхөр “чи намайг хутгалчихлаа ш дээ” гэж хэлээд орц руу гараад явчихсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. ...” /1хх 55-56/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 415 дугаартай “...Талийгаач Б.Мы цогцост үзлэг хийсэн шинжилгээгээр хэвлийн ардаас нэвтэрч баруун бөөрний тараагуур судас, чацархай гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд, амьддаа үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. ...Талийгаач нь хэвлийн хөндийд нэвтэрч баруун бөөрний тараагуур судас, чацархай гэмтээсэн шархны улмаас цочмог цус алдаж, цус алдалтын шокд орж нас баржээ. ...” /1хх 45/ гэсэн дүгнэлт,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 4-10/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 10-13/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Б “... хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү ...” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Батмөнх “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү ...” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга “...зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлээр гомдол гаргаж байна ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэгт хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас хүний сэтгэл зүйн хэвийн байдал алдагдаж, оюун ухааны ухамсарт үйл ажиллагаа саармагжин, өөрийн үйлдэлд зөв дүгнэлт өгөх, үйлдлээ сонгох болон өөрийгөө хянах чадвар тодорхой түвшинд буурах, өөрийн үйлдлийн үр дагаврыг тал бүрээс нь нягт нямбай тунгаан цэгнэх боломжгүй болсон байдлыг ойлгодог.

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах үед тухайн хүн өөрийн үйлдлийн аюулын бодит шинжийг ухамсарлах болон түүнийг удирдах чадвар нь ихэд буурсан байдаг боловч сэтгэхүйн байдал бүрэн алдагдаагүй байдаг (уур хилэн, гоморхол, айдас зэрэг нь сэтгэцэд хүчтэй нөлөөлдөг боловч хүн өөрийн зан үйлийг ухамсарлах ба түүнд хяналт тавих, түүнийгээ хариуцах боломж нь алдагдаагүй) тул хэрэг хариуцах чадваргүй байдалд тооцогдохгүй, харин санаатай үйлдсэн гэмт хэргээс эрүүгийн хариуцлагын хувьд хөнгөрүүлсэн шинжтэйгээр хуульчлагдсан байдаг.

“Хүнийг санаатай алах” гэмт хэрэг нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр байж, бусдын амь насыг хохирооход шууд чиглэсэн, хохирогчийн үхлийг хүссэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний алах” гэмт хэргийн хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутааж, гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас тэрээр хоромхон зуур өөрийн үйлдлийг жолоодох чадваргүй байдалд орж, түргэн зуур хариу үйлдэл хийж хохирол учруулсан байдгаараа ялгагдана.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Б.Б, амь хохирогч Б.М нарын хэн аль нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй маргаан үүсгэсэн, амь хохирогч Б.М нь ширээн дээр байсан аяга таваг хагалах, шүүгээнээс эд зүйл гаргаж шидэх, шүүгдэгч Б.Бийг түлхэж унагаах зэргээр хүч хэрэглэсний дараа хэрүүл маргаанаа үргэлжлүүлэн амь хохирогч Б.Мыг угаалгын өрөөнд байхад нь шүүгдэгч Б.Б нь хутгатай очиж хэрүүл маргаанаа үргэлжлүүлж байх явцдаа араас нь хутгалсан үйл баримт тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Бийн дээрх үйлдэлд “өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Бийн хувийн таарамжгүй харьцааны улмаас нөхөр Б.Мы хэвлийн ар хэсэгт нэг удаа хутгалж алсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд түүнийг анхан шатны шүүхээс “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм хорын хохирлын мөнгөөр илэрхийлэгдэж болох төлбөрийг төлсөн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн эрх зүйн шударга ёсны зарчимд нийцсэн гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Бийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 59 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/188 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 59 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.ОЧ

                                 ШҮҮГЧ                                                     Л.ДАРЬСҮРЭН

         ШҮҮГЧ                                                     Т.ӨСӨХБАЯР