| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0681/Э |
| Дугаар | 34 |
| Огноо | 2018-01-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга А.Болор,
Улсын яллагч Д.Нямсүрэн,
Шүүгдэгч Ж.М /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ж.Мд холбогдох эрүүгийн 1711011840302 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Боржигон овогт Ж.М, Монгол Улсын иргэн, 1998 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 62-1181В тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 260 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил хорих ялыг 1 жилээр хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, ..............................
Шүүгдэгч Ж.М нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо нутаг дэвсгэрт байрлах “ӨНӨ” төвийн баар, караокед Б.Энхзоригтыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Мэс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..тэгээд орж ирчихээд тооцооны асуудлаар дахин маргаад эхэлсэн. Тэгээд би эхэндээ тэр эрэгтэйг явчих гэж олон удаа хэлсэн боловч маргалдаад байгаад байсан. Тэгээд би дэргэд нь очоод маргалдаж байх үед тэр эрэгтэй миний нүүр рүү мангасдаад түлхсэн. Тэгээд би тэр эрэгтэйг барьж аваад хавирч унагасан. Тэгээд газар унагачихаад орхиод холдоод байж байхад тэр эрэгтэй миний өөдөөс ирээд над руу дайрсан. Тэгээд ноцолдож байгаад миний куртикийг урчихсан. Тэгээд миний уур хүрээд куртикээ тайлчихаад нөгөө эрэгтэйг барьж аваад нүүр рүү нь хэд хэдэн удаа цохьсон юм. Тэгээд би тэр эрэгтэйг заамдаад барьчихсан байхад тэр эрэгтэй миний гарыг хазахаар нь би заамдаж байгаад унагасан. Тэгээд тэр эрэгтэйг газар унагачихаад нүүр рүү нь хэд хэд цохиод, хэдэн удаа өшиглөсөн ..” гэсэн мэдүүлэг /хх 28/,
Шүүгдэгч Ж.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б.Энхзоригтоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр найз Баяраа, Баяраагийн эхнэр Эрдэнээ, Эрдэнээгийн дүү охин нарын хамтаар 22:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд байдаг “Өнө” бар нэртэй караокед орсон юм. Тэгээд тус караокед үйлчлүүлж байх хугацаандаа 0.75 литрийн Улаанбаатар нэртэй, хүн бүр нэг шил пиво уусан. Тэгээд тус караокед сууж байхад Баяраа эхнэр, дүүгийн хамтаар 02:00 цагийн орчимд явсан. Тэгээд би тус караокед ганцаараа үлдсэн. Тухайн үед би үйлчлүүлж байхдаа авсан зүйлийнхээ тооцоог хийж байсан. Тэгээд би тус караокегаас гарах гэхэд үлдэгдэл тооцоогоо хий гэсэн. Тухайн өдөр би 100.000 төгрөгтэй караокед орсон. Дараа нь үзэхэд 4500 төгрөгтэй үлдсэн. Тэгээд караокед ганцаараа үлдээд хэсэг зуур суусан байсан. Тухайн үед би их согтсон байсан юм шиг байна лээ. Тэгээд би тэр эмэгтэйд тооцоогоо хийчихсээн гэж хэлэхэд хажууд текний дэргэд сууж байсан эрэгтэй надад хандаад чи тооцоогоо хийгээч гэж хэлсэн. Тэгээд би тэр эрэгтэйд хандаад чамд ямар хамаатай юм гэж хэлэхэд тэр эрэгтэй өөдөөс маргалдаад байсан шиг санагдаж байна. Тэгээд тэр эрэгтэй над руу тулаад дайраад байхаар нь би түлхээд холдуулахад тэр эрэгтэй миний нүүр рүү цохисон. Тэгээд намайг газар унагаж байгаад нэг удаа цохьсон. Тэгээд намайг газар унагачихаад холдохоор нь би босоод нөгөө эрэгтэй рүү очоод чи яагаад намайг цохиж байгаа юм гээд тэр эрэгтэйг нь нэг удаа цохьсон. Тэгсэн чинь тэр эрэгтэй намайг барьж аваад газар унагаж байгаад миний нүүр рүү олон удаа цохисон, нүүр лүү олон удаа өшиглөсөн. Тэгээд би хэсэг зуур ухаан балартаад шалан дээр хэвтэж байхад нөгөө эрэгтэй намайг нэг эрэгтэйн хамт чирээд байх шиг байсан. Тэгээд шалан дээр хэвтэж байгаад сэргэхэд нүүрнээс цус гоожчихсон, нилэнхүйдээ цус болчихсон байсан ...тухайн өдөр миний биед гэмтэл шарх байгаагүй. Тэр караокед зодуулсны улмаас гэмтэл учирсан. ” гэсэн мэдүүлэг /хх-9х/,
Гэрч Р.Оюу-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2017 оны 10 сарын 31-ний өдөр “Өнө” бар төвийн караокег ажиллуулж байхад 01:00 цагийн үед 4-5 хүн орж ирж үйлчлүүлсэн. 02:00 цаг өнгөрч гарч явахдаа 23000 төгрөгийн тооцоогоо хийхгүй гараад явсан. Тэгээд манай зөөгч Отгонтөгс араас нь яваад тооцоогоо хий гээд нэг цэнхэр куртиктэй эрэгтэйг нь дагуулаад орж ирсэн. Тэгээд тэр эрэгтэйд 23000 төгрөгөө төл гэхэд “би төлөхгүй, байхгүй, би тооцоогоо хийхгүй” гээд байсан. Тэгээд текний дэргэд зогсчихоод хэрүүл хийх гээд байсан. Энэ үед буюу 03 цагийн үед манай найз залуу Мөнх-Эрдэнэ намайг авах гэж ирсэн байсан юм. Мөнх-Эрдэнэ тэр эрэгтэйг яв гэхэд тэр эрэгтэй Мөнх-Эрдэнэтэй маргалдаад байсан. Тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад нөгөө ах Мөнх-Эрдэнийг мангасдаад түлхсэн. Мөнх-Эрдэнэ уурлаад тэр эрэгтэйг хөргөгч рүү түлхэж унагаагаад газар унагаж байгаад нүүр рүү нь цохиод өшиглөсөн. Би зөөгч Отгонтөгсийг “Мөнх-Эрдэнийг салга” гээд Отгонтөгс очоод салгасан. Тэгээд нөгөө ах босож ирчихээд буцаж ирээд Мөнх-Эрдэнэ рүү дайраад дахин зодолдоод байсан. Тэгээд тэр хоёр салахгүй болохоор нь би гадаа гараад Мөнх-Эрдэнийн найзыг дуудаад Мөнх-Эрдэнийг салгаад аваач гэж хэлсэн. Тэгээд буцаад орж ирэхэд тэр эрэгтэйн нүүрнээс цус гарчихсан газар сууж байсан. Тухайн үед Мөнх-Эрдэнэ согтолтгүй, эрүүл юм шиг байсан. Манай караокед байхдаа 2 ширхэг шилтэй пиво уусан. Нөгөө эрэгтэй нь гаднаас орж ирэхдээ архи уучихсан орж ирсэн. Согтолтыг харахад дунд зэргийн согтолттой байх шиг байсан. Тухайн үед маргалдаж байгаад Мөнх-Эрдэнэтэй зодолдсон, өөр хэн нэгэнтэй зодолдоогүй. Мөнх-Эрдэнэтэй зодолдсоны улмаас тэр эрэгтэйн биед гэмтэл учирсан” гэсэн мэдүүлэг /хх-18х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 13747 тоот шинжээчийн дүгнэлтэд:
“1. Б.Энхзоригтын биед 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхины гадна булан хэсэгт шарх, баруун хацрын төвгөр, эрүүний баруун булан, баруун чамархай, зүүн чихний дэлбэн, баруун хацар, дээд, доод уруул, баруун сарвуунд зулгаралт, дээд доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор талд цус хуралт, язарсан шарх, зүүн дээд үүдэн 1-р шүдний булгарал, дээд үүдэн зүүн 2-р шүд, дээд үүдэн баруун 1-р шүдний сулрал, эрүүний зүүн булан, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 5% нөлөөлнө” гэжээ /хх-21х/,
Шүүгдэгч Ж.Мөнх-Эрдэнийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 32/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 33/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэгээр Ж.М нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо нутаг дэвсгэрт байрлах “ӨНӨ” төвийн баар, караокед Б.Энхзоригтыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ж.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин хохирогч Б.Энхзоригтод учирсан гэм хорын хохирлын талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй байх тул хохирогч нь холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэгийн хуулбар 1 ширхэг СиДи-г хэрэгт хадгалж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.